fbpx

Б.Болортунгалаг: Зургаан сар тутам хараагаа шалгуулж байх хэрэгтэй

2020-01-23 1994

Техник технологи хөгжихийн хэрээр компьютер, гар утас өдрөөс өдөрт өөрчлөгдөж залуусын өдөр тутмын хэрэглээ болж байна. Залуус, хүүхэд багачууд гар утас, компьютертэй их харьцахын хэрээр нүдэнд муугаар нөлөөлж, холын хараа муудах асуудал ихээр гарч байгаа. Тэгвэл хэрхэн урьдчилан сэргийлж болох зөвлөгөөний тухай “Сондра” нүдний эмнэлгийн эмч, АШУҮИС-ийн магистрант Б.Болортунгалагтай хийсэн ярилцлагыг хүргэе.

Сайн байна уу. Нүдний хараа муудах нь сүүлийн үед улам л залуужаад байх боллоо. Тэгвэл таны өвчтөнгүүдийн хувьд залуу хүмүүс хэр олон байна вэ?

Өвчтөнгүүдийн насны бүлэг болгонд давамгайлах өвчлөлүүд их байдаг. Холын хараа муудах, харалган болохыг Хугарлын гажиг гэдэг. Бага насны хүүхдүүд болон 18 наснаас доош насныхан ихэвчлэн хугарлын гажигийн асуудалтай ирдэг. Ер нь залуу өвчтөнгүүд зонхилно шүү.

Залуу эцэг, эхчүүд хүүхдээ саатуулахын тулд утас, таблет зэргийг их үзүүлдэг болсон. Энэ нь мэдээж хүүхдийн нүд, хараанд далдаар их нөлөөлдөг байх?

Хүний нүд гаднаас орж ирж байгаа гэрэл дүрсийг хүлээж авдаг хүлээн авуур гэж ойлгож болно. Гэрэл, дүрсийг торлог бүрхэвчээрээ авч, харааны мэдрэлээр цаашаа дамжиж тархинд очиж боловсрогддог. Энийг харах үйл явц гэж ойлгож болно. Гаднаас орж ирж байгаа гэрэл дүрс тунгалаг, бүдэгшилгүйгээр буухаас гадна торлог бүрхэвч нь эрүүл байх ёстой. Хэлбэр бүтцийн хувьд хэвийн байх ёстой. Зарим үед торлог бүрхэвч дээр гэрэл буухдаа өмнө юм уу хойно буудаг. Тэгэхээр бүдэг дүрс харагдаж байна гэсэн үг.

Хугарлын гажиг дотроо их олон янз бий. Хасах шил, нэмэх шил, градустай шил гэж хүмүүс ярьдаг. Холын хараанд нүдний торлогийн наана дүрс буудаг бол хасах шил, хойно нь дүрс буудаг бол нэмэх шил зүүх хэрэг гардаг.

Хүний хоёр нүд харилцан адилгүй харах тохиолдол байдаг. Энэ талаар тайлбарлавал?

Ер нь хугарлын гажиг удамшлынх байж болно. Аав, ээж хоёр нь харааны шил зүүдэг бол хүүхэд нь адилхан шил зүүдэг тохиолдол бий. Олдмолоор үүсч бас болно. Сүүлийн үед эцэг эх нь харааны шил зүүдэггүй байхад хүүхдийн хараа муудах тохиолдол их байна. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр гар утасны хэрэглээ, гадаа гарч тоглохгүй байхтай холбоотой.

Хажуугаараа хэвтэж утас үзэх нь аль нэг нүдэндээ илүү нөлөөлж болно. Хүүхдүүдийн өдөр тутмын амьдрал яаж байна гэхээр сургуульдаа эсвэл цэцэрлэгтээ явж ирчихээд гэртээ утас, таблет, телевизор их үздэг болсон. Бид багадаа гадаа шороон дээр л тоглож өссөн. Одоо бидний үеийн хүмүүсийг ажиглаад байхаар харьцангуй шил зүүдэг хүмүүс бага байдаг.

Ойрын зайны ачаалал их авахаар яагаад хараа мууддаг вэ гэдгийг тайлбарлая. Хүний харах үйл ажиллагааг гүйцэтгэхэд хэд хэдэн эрхтэнцэрүүд ажиллаж байдаг. Сормосовч булчин агшиж суларч, болор гэдэг эрхтэнцэр харааны үйл ажиллагаанд голлох үүрэг гүйцэтгэдэг. Гаднаас орж ирж байгаа хугарлын өнцгийг тааруулж өгөх үүрэгтэй.

Энэ үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх ёстой. Удаан хугацаагаар ойрын юм ширтэхээр булчин агшдаг. Удаан хугацаагаар агшихаар холын юм харахад сормосовч булчингийн сулрах шинж чанар алдагдаж ирдэг. Энэ байдал удаан хугацаагаар үргэлжлэхээр байнгын хараа муудалт үүсдэг. Бүрэн судлагдаагүй ч гэсэн гадаах нарны туяа, биеийн хөдөлгөөн, спортоор хичээллэх нүдний хөгжилд эерэгээр нөлөөлдөг. Тэгэхээр хүүхдүүдээ дэлгэц ширтүүлээд суулгаж байснаас гадаа гаргаж тоглуулж, спортоор хичээллүүлэх нь зөв.

Хэвийн хараатай хүүхдүүдийг хараа муудахаас нь өмнө хэрхэн урьдчилдан сэргийлэх вэ?

Утас удаан хугацаагаар ширтүүлэхгүй байх. Үнэхээр хүүхдүүд компьютер дээр хичээл хийх шаардлагатай байх юм бол 20 минут тутам нүдийг нь амраах хэрэгтэй. Олон улсын 20, 20-ийн дүрэм гэж байдаг. Энэ нь 20 минут компьютер дээр ажиллуулаад 20 секунд 20 фитээс цаашхи буюу 6 метрээс хол зайтай зүйл харуулж суулгахыг хэлж байгаа юм. Агаар салхинд хүүхдээ гаргах хэрэгтэй.

Хүмүүс “Ямар витамин өгөх вэ?” гэж их асуудаг. Витамин өгөөд байх шаардлага байхгүй. Зүгээр л өөрсдийн хэрэглэдэг шим тэжээлтэй хоол хүнсээ хэрэглэж байхад болно.

Харааны чадал шаардагдсан байт харваа, дартс, буудлага гэх мэт спортоор хичээллэвэл яах вэ?

Ийм спортуудаар хичээллэвэл нүдэнд дасгал болж өгдөг. Харааны чадал шалгасан спортоор хичээллэлээ гээд хараагаа улам муутгана гэсэн үг биш юм. Харин ч эсрэгээрээ ширээний теннис, дартс гэх мэт спортоор хичээллэхэд нүд ядрахгүй, нүдний дасгал болж өгнө гэсэн үг.

Настай хүмүүсийн нүдэнд болoрын цайлт их ажиглагддаг?

Болор нь уян, тунгалаг байх ёстой. Тийм байж үүргээ сайн гүйцэтгэдэг. Хүн хөгшрөөд ирэхээр үс цайхаас эхлүүлээд эд эрхтэн хөгширч, үхжиж, сулардаг. Түүнтэй адилхан болрын эд эсүүд үхжиж ирдэг. Уян хатан чанараа алдаад ирэхээр хатуу цайвар өнгөтэй болдог. Болор цайх нь бүх хүнд л тохиолддог зүйл. Зарим хүнд арай эрт тохиолдох явдал байдаг. Энэ нь гэмтэл юм уу бодисын солицооны өвчин байж болно.

Залуу хүмүүс линз их зүүдэг болсон байна. Линз удаан хугацаагаар зүүх нь нүдэнд муу юу?

Линз зүүж болно. Гэхдээ зохих зааврын дагуу зүүх ёстой. Хэдэн цагаар зүүх линз эсвэл хоногоор зүүдэг линз гэж тус тусдаа байгаа. 4-8 цагаар зүүх ёстой линз байвал яг хугацаандаа зүүгээд л авах ёстой. Үүнээс гадна манайханд зөв хэрэглэх гэдэг зүйл бас алдагдаж байна. Түүхий усаар угаах болон олон цагаар зүүнэ гэдэг бол буруу. Линз буруу зүүснээс болж нүдний өвчлөл үүсгэх тохиолдол олон байдаг. Гадны биетийг нүдэндээ давхар нааж байна гэдэг утгаараа нүдний эмч нар өвчтөнүүддээ линз зүүхийг төдийлөн зөвлөдөггүй. Хүний нүдний гадаргуу хэсэг нулимсан давхарга гэдэг зүйлээс тэжээлээ авч байдаг. Нүдний гадаргуу дээр линз зүүчихээр тэжээлээ тодорхой хувиар авч чаддаггүй. Халдвартай зүйл наалдсан байвал нүдний халдварт өвчин тусах магадлалтай. Нүдний ямар нэгэн өвчин тусвал хамгийн түрүүнд нүдний мэргэжлийн эмчид хандах нь зөв.

Харааны шил байнга зүүх нь хараагаа тогтоож байгаагийн нэг хэлбэр гэж хүмүүс ярьдаг. Зарим хүмүүс бага нөлөөтэй шил зүүх нь шаардлагагүй гэж үздэг. Харааны шилийг байнга зүүх ёстой юу үгүй юу?

Хүний харааны хөгжил насанд хүртэл явагддаг. Тэгэхээр бага насны хүүхэд хугарлын гажигтай байна гэж оношлогдох юм бол зайлшгүй шилээ зүүх ёстой. Шил зүүхгүй яваад байвал залхуу мохос хараа гэж үүсдэг. Энэ яадаг вэ гэхээр харааны хөгжил дутуу явсан чигээрээ үлддэг. Магадгүй насанд хүрснийхээ дараа шил зүүсэн ч гэсэн муу хэвээрээ үлдэнэ гэсэн үг. 6 сар тутам байнгын хараагаа шалгуулж байх нь зөв. Насанд хүрснээс хойш бол харин хараа их өөрчлөгдөөд байдаггүй.

3D зураг их удаан харахад нүдэнд ямар нэгэн хортой нөлөө үзүүлэх үү?

Нүдээ долийж байгаад хардаг гээд хүмүүс ярьдаг. Ийм зураг удаан хараад нүд нь муудсан юм уу эсвэл сайжирсан гэсэн тохиолдол одоогоор байхгүй.

Д.Мижидбат

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Нойрны хямрал илэрч байвал дараах НАЙМАН зөвлөмжийг хэрэгжүүлээрэй

Коронавируст халдварын үед тусгаарлагдсан иргэнд өгөх зөвлөмжийг хүргэж байна. Хэрэв та нэмэлт мэдээ

2020-04-06

Теле хичээлийн хуваарь шинэчлэгдлээ

БСШУСЯ-наас цэцэрлэг болон ЕБС-ийн теле хичээлийн хуваарийг шинэчилжээ. 2020.04.06-2020.04.10

2020-04-06

7 хоногийн зурхай: Охины ордын эмэгтэйчүүдэд хээнцэр байдал ноёлоно

Хонь Долоо хоногийн эхээр бичиг цаастай холбоотой бүхий л ажлууддаа болгоомжтой, анхааралтай ха

2020-04-06