“Эмэгтэй хүн хэн нэгнээс хараат биш өөрийн замаар мөрөөрөө явахад хэцүү ч байж мэднэ”

2020-01-23 Ярилцлага 0

МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Жадамбын Батцэцэгтэй яруу найраг болоод бүсгүй хүний мөн чанарын талаарх өрнүүлсэн ярилцлагаа хүргэж байна.

Батцэцэг гэдэг нэртэй хүмүүс ихэнхдээ урлагийн хүмүүс байх юм. Суварган цэнхэр уулсаас эхлээд дэлхийн миссд хүртэл өрсөлдөж байсан бүсгүйчүүд Батцэцэг. Та амидай нартаа хандаад үг хэлээч гэвэл юу гэх вэ?

Батцэцэг гэдэг мисс ч бий, босс ч бий. Жүжигчин, дуучин, загвар өмсөгч ч бий. Эгэл жирийн мянга мянган Батцэцэгүүд бий. Тэд нас зүс, өндөр нам, эрхэлж буй ажил хөдөлмөр, хүсэл зорилго, мэргэжил боловсрол өмссөн хувцас гээд бие биенээсээ ялгарах юу байдгийн тэр бүгдээрээ ялгаатай. Харин энэ олон Батцэцэгүүд нэг л зүйлээр адилхан. Тэр юу гээч. Батцэцэгээ гэж дуудахад бүгд эргэж харна. Намайг хэн дуудав аа гэж хайна Тэд энэ хорвоо дэлхий дээр ганцхан зүйлээрээ ижилхэн. Дуудах нэр нь нэг учраас тэр. Нэр нэгтийн чих нэг гэгчээр Батцэцэг ээ гэхэд сайн муу, сайхан муухай, магтаал сайшаал, зэмлэл бурууд адилхан дэлдийж явдаг АМЬДАЙНУУД… Гэхдээ ээж аавынхаа оноож өгсөн нэрийг хаана ч тэр хайрлах хэрэгтэй.

Таны хувьд нэлээн удаж байж өөрийн номоо гаргасан гэдэг. Яагаад ийм хугацааны дараа номоо гаргасан бэ. Зарим найрагчид маш хурдан бичдэг, тэгээд л ном нь ар араасаа хэвлэгдэж байдаг шиг санагдаад байгаа?

Шүлэг яруу найраг нь үйлдвэрлэлийн дамжлага, конвер дээр урсдаг талх биш байх аа. Үйлдвэрлэдэг юм биш. Хурдан, олон, их, урт, үргэлж гэх мэт үгнүүд яавч зохихгүй. Хэзээ ямар шүлэг бичихийгээ яруу найрагч хүн мэддэг юм уу. За би өнөөдөр хүний хувь заяаны талаар нэгэн том бүтээл бичнэ ээ гээд сууж байдаг хүн байдаг юм уу. Тийм учраас тэр шүлэг өөрөө ирэхийг хүлээдэг гэх үү дээ. Тэгээд ч утга зохиолын амьдралаас харж байхад яруу найрагч хүнээс цөөхөн шүлэг үлддэг юм байна. Ганц болов сайн шүлэг, сайхан мөр бичиж чадсан уу гэдэг нь чухал. Би өөрийгөө албадаж бичих дургүй. Хар аандаа ирж байгаа шүлгээ өнгөрөөчихгүй буулгавал тэр аз юм. Төлөвлөгөөт эдийн засаг гэдэг шиг энэ жил тэдэн ном гаргана гэдэг төлөлвлөгөө яавч яруу найрагт байхгүй байх аа. Бүгд л өөрийн цаг хугацаа тэр уран зохиол яруу найргийн дотоод хууль , шаардлагад хатуугаар захирагдана.

Яруу найргийн тухай өөрөө та юу гэж боддог юм бэ? Та өөрийгөө яруу найрагч гэж нэрлэж чадах уу?

Тийм ч зоригтой нэрлэж чадахгүй. Үгээр бүтээдэг урлагийн хамгийн орой, оргил, топ хэсэг нь яруу найраг. Хүссэн хүн бүхэн бичиж чаддаггүй байх аа. Сэтгэлийнхээ долгионыг барьж авч чаддаг уу, авъяастай юу гээд одоо болтол өөртөө итгэлээ бүрэн өгч чадахгүй энэ шуугисан их амьдралын дунд өөрт заяасан “хурд”-аар бичиж явна. “Амирлан” номдоо яг энэ талаар бичсэн байгаа. Нээрээ яруу найраг гэдэг юу юм бэ. Яагаад хүний сэтгэл зүрхийг татдаг чанарыг агуулдаг юм бэ гээд…

Амьдралын тухай дүрсэлж хэлээч гэвэл та юу гэж хэлэх вэ?

Амьдрал гэдэг хав халуун ус. Хүн дүрдэг цай. .Хүссэн, эс хүссэн ч бүгд түүнд дүрэгддэг.

Номноос гадна шүлгийн клип буюу дүрсжүүлсэн байсан? Тэр тухайгаа жаахан дэлгэрүүлж яривал.

“Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяртай рок хөгжим яруу найргийн клип хийлгэсэн. YOUTUBE дээр Ж.Батцэцэг “АРВАЙ БУУДАЙ МЭТ” гээд тавьсан байгаа. Д.Отгонбаярын “Чамайг санана” гэдэг рок хөгжийн аязаар чимэглэсэн. Клипний зураг авалт, эвлүүлэг гээд юм юм нь хоорондоо авцалдсан аятайхан уран бүтээл болчихсон. Аялгуу, шүлэг хоёулаа хувь хүний сэтгэлээс гарсан өөр өөрийн бүтээл гэдгээрээ үнэтэй онцлог бүтээл болсон.

Рок хөгжим яруу найргийн анхны клип гээд онцолсон байсан.

Бараг тийм байх шүү. Шүлгээрээ сайхан уран бүтээл хийе гэсэн сэтгэлийн илэрхийлэл гэх үү дээ. Их сайхан хөгжим байсан. Сошиалоор олон хүн үздэг юм байна. Сэтгэгдлээ харамгүй илэрхийлсэн байдаг шүү.

Яг энэ агшинд хэн нэгэнд талархал илэрхийл гэвэл та хэнийг онцлох вэ?

Талархалаа илэрхийлэх олон хүн байна. Хурд хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр, “Андерсен” студийн захирал Д.Баттулга, Булган аймаг нутгийн дүү Ж.Батдэлгэр, “Хөх Монгол”принтинг компаний захирал Ганхуяг, ангийн анд Д.Ганчимэг, “Ньюанс” хамтлагийн дуучин Боргилсайхан, найз Г.Оюунцэцэг, Г.Цэцэгмаа, дүү найз Б.Бархас гээд надад өгөөмөр гараа дэлгэсэн бүх найз нартаа баярлалаа гэж хэлмээр байна. Бүтээснийг дэмжигч хэн бүхэнд талархалаа илэрхийлье.

Нэг үе Монголын уран зохиолд тоотой хэдхэн эмэгтэй зохиолчид байсан. Одоо харин нэлээд болжээ. Ер нь эмэгтэй хүн энэ замаар явах хэцүү юу?

Уран зохиолд эмэгтэй хүн орж ирээд амжилт гаргаад явна гэдэг баяртай сайхан зам мөр биш байж болно. Хэн нэгнээс хараат биш өөрийн замаар мөрөөрөө явахад хэцүү ч байж мэднэ. Үгүй дээ тавлуулж, баалуулсан үг яриа сонсоно, Бас дорд үзэгдэх нь бий. Үүнийгээ өөрөө л мэдэхээс бичиж болохгүй, ярьж бүр ч болохгүй нэгэн сонирхолтой амьдралын сэжим байгаа байх шүү. Энүүхэн цаг үедээ үлгэр домог шиг амьдарч байгаа ч хүмүүс бий. Ямар байлаа ч бид сайн бичих л нэг зорилготой. Тэрийгээ өөр өөрийнхөөрөө хийж явна. Бор зүрхээрээ уран зохиолд орж ирж байгаа бүхэн сэтгэлийнхээ дуудлагаар ирдэг. Алдсан оносон тэр олон зам тэднийх.

Зүрх сэтгэлдээ юу ойлгож байна вэ, юу санаж сэрж яваа нь өөрөө нэгэн сэдэв байж болох юм. Хүн бүхэнд Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт, Соёлын гавъяат яруу найрагч аав ээж байхгүй. Зоригжуулаад залаад тойруу замаар биш дөт замаар, донсолгоотой биш дардан замаар явуулах хүн хэд байгаа билээ. Хамгийн хүнд замаар, хамгийн тойруу замаар өөрийн зоригонд явдаг. Гээд гоморхож ялархах зан надад байдаггүй. Амьдрал арай илүү ухааруулж байгаад бас талархах хэрэгтэй юм байна гэж бодогдох болсон. 1990 оны “Болор цом ”-д залуучуудаас анх удаа Ж.Болд-Эрдэнэ бид хоёр шүлгээ уншсан байдаг. Шалгууртай, бахархал хүндэтгэл нь өндөр байх тэрхэн үед уншчихжээ. Дараа жил нь Улсын хэвлэх үйлдвэрээс миний “Хойд шугуйн жимс”, Ж.Болд-Эрдэний “Гоо марал”, С.Дамдиндорж “Жимсний бөөр” номуудыг хэвлэж байсан. Миний ном 3000 хувь хэвлэгдэж байсан нь одооныхоор бол их тоо эргээд бодоход түүх болжээ.

Та эмэгтэй хүний талаар номондоо олонтоо илэрхийлсэн байдаг. Таны сэдэв ч эмэгтэй хүн байдаг юм шиг санагдсан шүү.

Би эмэгтэй хүн учраас энэ ертөнц дотроо хутгалдаж явдаг хүний хувьд хүйсийнхээ мөн чанарыг олох гэж хэрдээ будилдаг.Хорвоо ертөнц дээр ийм гайхамшигт сайхан хүйсийг яаж бий болгосон юм бурхан минь. Тэр хэрээрээ адармаатай, сэтгэл татам, оньсого шиг гээд олон зүйлүүд хөвөрнө. Тэд өөр дотроо хүн бий болгож төрүүлж өсгөж байдаг ховор нандин үйлдвэрлэгчид. Алтан хэвлийдээ бий болгож төрүүлсэн хүн гэдэг амьтныг хиймэлээр дуулайлгаж хийх гэвэл яагаад ч чадахгүй. Өөр өөрийн гэсэн дүр төрх хамар ам, нүд чих, хацар, нуруу туруу, хөл гар гээд. Хоорондоо огт адилгүй олон хүнийг эмэгтэй хүн өөр дотроо урлаж бүтээж нэг ёсондоо “үйлдвэрлэж” байгаа биз дээ. Төрүүлэх нэг хэрэг. Дараа өсгөж хүмүүжүүлж хүн болгоно. Ээжээс төрөөгүй юм шиг загнадаг эр хүнтэй зөндөө л таарч байлаа. Тэд баатар зоригтон, баян тарган, нэр алдар нь түгсэн хэн байлаа ч, бас хулгайч, луйварчин, алуурчин хэн ч гэсэн эмэгтэй хүний дороос унадаг ганцхан үнэн бий. Эмэгтэй хүний тухай бодож тэдний тухай бичих нь миний гол сэдэв. Эцсийн эцэст би чинь эмэтгэй хүн шүү дээ.

“Солонгын найман өнгө” гээд өвөрмөц нэртэй ном байна. Номынхоо тухай танилцуулна уу?

Солонго долоог өнгө гэж би Улаантбаатар телевизд байхдаа 1995 онд хийж байсан нэг хөрөг нэвтрүүлгийн нэр юм. Энэ номондоо хэд хэдэн ховор хүмүүсийн ярилцлагыг оруулсан. Яруу найрагч Д.Нямсүрэн ахтай хийж байсан “БИ УЛААНБААТАРТ ИРЭХ БОЛГОНДОО ЗАЛУУЖИНА” гэдэг ярилцлагаа оруулсан. Одоо бодоход энэ хүнтэй хийсэн ярилцлага олон байхгүй юм билээ. Улаанбаатар телевизд ажиллаж байхдаа “ЭРЭЭНЦАВЫН ЭВРЭЭГҮЙ НАЙРАГЧ” нэвтрүүлэг хийсэн байдаг. Найрагчийн надад бичсэн захиа нь хүртэл орсон байгаа. Бичгийн хэв, бичих илэрхийлэх хэв маяг, зан ааш нь хүртэл тэр захианаас харагдана.

Бас Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг ахын оюутан байхдаа надад бичиж байсан захиа бий. Дүүгээ гэсэн сэтгэл бас эмэгтэй хүн байгаад минь өрөвсөн хайрласан, юм юмыг арай эртхэн хэлээд ойлгуулж ухааруулчих юмсан гэсэн чин сэтгэлийн үгс тэр захианд бий. Хөгжмийн хүн гэхгүй үг хэлийн нандин мэдрэмжтэй хүн байсан нь харагдана. Мөн Д.Мандахсан багшийнхаа тухай “БАГШ” нэртэй хөрөг нийтлэл бичсэн. Багш минь сая цагаан сарын өмнөхөн Ерөнхийлэгч Ц.Элбэгдоржоос “Гавъяат багш” цол гардлаа. Олон мянган шавь нар нь баяртай байгаа. Миний багш хэтэрхий гэмээр даруухан хүн шүү. Би багшийгаа аав шигээ л хайрлах юм.

Сүүлийн үеийн яруу найрагчдын шүлгүүдийг та юу гэж үздэг вэ?

Бусад яруу найрагчийн хувьд би жирийн уншигч болдог. Сайн уншигчийнхаа хувьд тавьдаг шалгуур бий. Үнэн сэтгэлээсээ бичиж үү, шүдээ зуугаад өөрийгөө албадаад бичээд байна уу гэдгийг олоод мэдчихдэг. Сэтгэлээс гарсан өөрөө ч мэдэхгүй бичигдсэн бүхэн сэтгэлд хүрдэг. Нэр зүүхийн төдий мэрийж этгээд чамин үгээр тоглож болохгүй. Залуучуудын шүлгүүдийг харахаар авъяасаас илүү мэрийлт хичээлтээр бичээд байх шиг санагддаг.

Та өөрийгөө бусад найрагчдаас ялгаатай талаа юу гэж хэлэх вэ?

Ерээд оныхон Мөнгөн үеийхэн гэж Монголын уран зохиолд нэг давалгаа авчирсан. Тэр хэрээр дараагийн том давалгааг хүлээдэг байж болох юм. Би уншиж бас хүлээж байгаагаас ийм тийм байх ёстой гэж боддоггүй. Багшийн зааснаар биш өөрийн сэтгэл зүрхнээс төрөгдөж зурвал сайн гэж В.Инжинаши хэлсэн байдаг.Энэ үзлийг хүлээн зөвшөөрдөг. Миний хувьд үгийн хөгжмийг олж сонсдог, дотоод нарийн мэдрэмжтэй зэрэг давуу тал байж болох юм.

Та олон жил сэтгүүлчийн ажил хийж байна. Энэ ажил таны яруу найрагт ямар хамааралтай вэ?

Урвуу хамааралтай, муу талтай. Гэвч амьдарлыг минь авч яваа ажилдаа би хайртай. Цэнхэр дэлгэцээр ч тэр сонины хуудсаар ч олон хүний сайн сайхныг нь бичжээ. Сэтгүүлчийнхээ хувьд телевизийн сэтгүүлчээр өөрийгөө илүү боловсруулсан. Хэдхэн секунтээр хэмжигдэх сурталчилгаанаас эхлээд минут цагаар хэмжигдэх баримтат кино, нэвтрүүлэг, ярилцлага гээд цаг минутаар хэмжвэл их тоо гарахаар юм хийжээ. Харин өөрийнхөө тухай хийх гэхээр чадахгүй юм билээ. Загасчны морь усгүй гэдэг энэ байх даа …

Холбоотой мэдээ

Ж.Алдаржавхлан: Яармагийн эцсээс хойшоо “ТЭЦ-4” рүү гүүр барина

Орон нутгийн сонгууль 20 хоногийн дараа болно. Иргэд Улаанбаатар хотын захирагч болоод дүүргийн Заса

2020-09-25

З.Төмөртөмөө: Иргэд зөвлөлдөж санал гаргаад, түүнийг нь хотын удирдлага хэрэгжүүлдэг байх хэрэгтэй

УИХ-ын даргын зөвлөх З.Төмөртөөмөөтэй дүүргийн хөгжил, жижиг, дунд үйлдвэрлэл гээд олон талт сэдвийн

2020-09-25

О.Солонго: Томуугийн вакциныг хийлгэснээс хойш 14 хоногт дархлаа тогтдог

Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуудан энэ жил ханиадны вакциныг хэдийд хийж эхлэх, эцэг эхчүүд

2020-09-24

Санал асуулга

Есдүгээр сарын 15-наас хөл хорио цуцлах нь зөв үү, буруу юу?

Үр дүн

Loading ... Loading ...