fbpx

Н.Мөнхмарал: Олон дагагчтай болохын тулд бусдыг дуурайх хэрэггүй

2020-01-24 453

“Намайг сонгооч” нэвтрүүлэгт оролцож нүүрээ цасаар угаалгасан охиныг хүн бүр андахгүй болсон биз ээ. Гэхдээ тэрбээр үүнээс өөрөөр яригдах зүйл олонтой авьяаслаг охин шүү. Японд сурч байгаад эх орондоо ирсэн Мөнхмаралыг олон хүмүүс чадварлаг нүүр будагч гэдгээр нь мэддэг. Ингээд үеийнхээ болон өсвөр насны охидын үлгэр дуурайл болсон түүний “Эрч хүч, үзэсгэлэн гоо”-гоор дүүрсэн ертөнцөөр хамтдаа зочилцгооё.

Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе.

Намайг урьж ярилцаж байгаад баярлалаа.

Уншигчдадаа өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулъя…

Намайг Мөнхмарал гэдэг. Одоо 24 настай. Би Япон хэлний багш мэргэжилтэй.

Японд суралцаж, төгсөөд Монголд ирээд 3 жил болох гэж байна. Ирснээсээ хойш мэргэжлээрээ хагас жил ажиллаад, бизнесийн удирдлагаар хагас жил суралцаад одоо маркетингийн чиглэлээр ажиллаж байна. Мөн нүүр будах их дуртай. Ер нь миний хувьд нэг зүйлд баригдалгүйгээр олон төрлийн ажил хийхийг эрмэлздэг.

Нүүр будахыг нь хобби гэж тодорхойлж болох уу?

Тийм ээ. Би мэргэжлийн сургалтад сурч байгаагүй. Уг нь нүүр будалтыг тэгэж их сонирхдог байгаагүй л дээ. Гэхдээ салонуудад очиж нүүрээ будуулахаар нэг бол их тод будаад, үгүй бол надад зохихгүй будалтуудыг хийгээд байсан. Тэгээд л нүүрээ өөрөө будаж сурах ёстой юм байна гэж бодсон. Эхлээд өөрийнхөө нүүр дээр олон төрлийн будалтуудыг туршиж хийгээд Инстаграм дээрээ зургаа оруулдаг байсан. Дараа нь харин хүмүүс ирж нүүрээ будуулдаг болсон. /Инээв/

Тэгэж явж байгаад 6 сарын дараагаас гэхэд томоохон газруудаас зураг авалтын нүүр будалт хийлгэх саналууд ирэх болсон. Ерөнхийдөө одоо бол дандаа зураг авалтын нүүр будалтууд хийж байгаа.

Маркетингаараа хаана ажилладаг вэ?

Би олон ажил амжуулдаг болохоор цагт баригдсан, оффисын ажил хийж чаддаггүй. Одоо “Mild cosmetics”-т ажиллаж байгаа. Эхэндээ би “Mild cosmetics”-ийн нүүр царай болж, фото моделиор ажилладаг байсан. Тэгээд компанийн үйл ажиллагааа миний хүсэл сонирхолд нийцэж байсан болохоор тухайн жилдээ маркетингаар ажилд орж байсан юм. Одоогоор зайнаас буюу цахимаар маркетингийн ажлуудаа амжуулж байна.

Michel&Amazonka брэндийн нүүр будагчаар ажилладаг гэж сонссон…

Michel&Amazonka-д ажилладаг найз маань анх надад санал тавьж байсан юм. Тэгээд өмнө жилийн 8 сараас он гарах хүртэл сар бүр коллекциудынх нь нүүр будалт дээр ажилласан. Миний нүүр будалтын өнгө аяс Michel&Amazonka-тай маш сайн нийцдэг. Мөн надад Michel&Amazonka-гийн хамт олонтой хамтарч ажиллахад үнэхээр таатай санагдаг.

Марлааг нүүр будалт хийдгээр нь олон охид, залуус мэддэг. Гэхдээ энэ нь илүү ажлын шинж чанартай шүү дээ. Тэгвэл чөлөөт цагаараа өөр юу хийх дуртай вэ?

2019 онд надад их олон зүйл тохиолдсон. /Инээв/ Түүнээс дурдвал, би өөрийгөө шинээр нээж кинонд тоглож үзсэн. Би уг нь олон хүний өмнө гарч ярихаас их айдаг. Яагаад гэвэл заримдаа Монголоор ярихаар хэлээ хазах, ээрч түгдрэх тохиолдлууд гардаг. Тэгээд “Огтлолцол” кинон дээр дутагдлаа давуу тал болгон ашиглаж, туслах дүрд тоглосон. Мөн удахгүй дэлгэцнээ гарах “Mesmerism”-ийн шинэ олон ангит кинонд тоглосон. Яг чөлөөт цагаараа гэвэл би Япон улсын соёлын талаар бие даан судалж, Аниме үзэх дуртай.

Косплэе хэр их хийж байгаа вэ?

Япон явахаасаа өмнө л косплэе сонирхдог байсан. Гэхдээ энийг хийхэд нэлээд мөнгө шаардагддаг л даа. Тухайн үед ажил хийдэггүй байсан болохоор тэр тал дээр бага зэрэг хүндрэлтэй байсан. Тэгээд Японд байхдаа косплэе хийх хоббигоо илүү хөгжүүлье гэж бодсон боловч сурахдаа л төвлөрөх шаардлагатай байсан болохоор ерөөсөө амжаагүй. Тийм болохоор 24 хүрчихсэн ч гэсэн сүүлийн 6 сарын хугацаанд энэ хобби дээрээ илүү их анхаарч байгаа. Миний хувьд одоо Японы аниме дүрүүдээс гадна гадаад кинонуудын дүрүүдээр косплэе хийе гэж бодож байгаа.

2020 оны төлөвлөгөөнүүдээс нь сонирхмоор байна…

Одоо хийж байгаа ажлуудаа хийхээс гадна нүүр будалт хийх чадвараа илүү хөгжүүлэх бодолтой байна. Мөн кинонд тоглох саналууд ирвэл ахиад жүжиглэмээр байна. Үүнээс гадна гудамжны амьтдад зориулсан, тэднийг хамгаалах сайн үйлсийг аянуудыг хийе гэж бодож байгаа. Бас чадвал найз залуутай болно оо. /Инээв/

Шинэ оны өмнөхөн олны анхааралд нэлээд өртөх шиг болсон. Ер нь цахим орчны хэрэглээн дээр бэрхшээлтэй зүйлүүд гарч байна уу?

Сүүлийн 3 сарын хугацаанд цахим хэрэглээ тал дээрээ нэлээн стресстэх болсон. Би өөрөө маш чөлөөтэй хүн учраас үйлдэл бүрээ цэгнээд байдаггүй. Гэхдээ зарим хүмүүс намайг өөрсдийнх нь хүслээр байх ёстой юм шиг аашилж, янз бүрийн юм бичдэг. Миний хувьд дандаа нэг хэвийн, гоё харагдахаас аль болох зайлсхийдэг л дээ. Тэгээд 40 гаруй мянган дагагчтай байсан хаяг маань сүүлд нэг нэвтрүүлэгт орсноос хойш 50 мянга гаруй дагагчтай болсон. Тэр хэмжээгээрээ надад маш их дарамт ирсэн.

Тийм болохоор одооноос энэ олон дагагчтай хаягаа ашиглахаа болихоор шийдээд, шинэ хаяг нээж, тэрийгээ хөгжүүлээд явж байгаа. Дагагчдын тооноос хамаарч ажлын санал их ирж, цалин нь үнэлэгддэг боловч надад тэр тийм ч чухал биш. Харин өөрийгөө тайван бөгөөд жаргалтай байлгах нь илүү чухал санагддаг. Анзаарч байхад шинэ хаягийг маань намайг мэддэг, яг дагахыг хүсэж байгаа хүмүүс нь дагаж байгаа харагдаж байна.

Зарим өсвөр насны охид олон дагагчтай болохын тулд их хичээж байгаа харагддаг. Гэхдээ тэр үйлдэл нь эргээд өөрт нь олон асуудлуудыг дагуулдаг. Адаглаад хүчирхийлэлд өртөх эрсдэлийг нь нэмэгдүүлээд байна. Тэдгээр охидуудад ямар зөвлөгөө өгөх вэ?

Тоо ерөөсөө чухал биш. Гол нь чиний хийж байгаа зүйл бусдад ямар үлгэр дуурайл үзүүлж байна вэ гэдэг л чухал. Цахим хэрэглээг өөртөө давуу байдлаар ашиглах нь зөв л дөө. Гэхдээ олон дагагчтай болохын тулд бусдыг дуурайж эсвэл хэм хэмжээнээс гажсан зүйл хийх хэрэггүй гэж хэлмээр байна. Тэр ч утгаараа би инстаграм хаягуудын дагагчдын болон зургуудын лайкын тоо харагдахаа больсныг их зөв гэж бодож байгаа.

Би бүхий л насны эмэгтэй зочдоосоо энэ асуултыг байнга асуудаг юм. Өөрт чинь жендерийн эрх тэгш бус байдал ямар нэг байдлаар мэдэгддэг үү?

Ер нь мэдрэгддэг шүү. Эрчүүд эмэгтэйчүүдийг дээрэлхээд байгаа юм шиг өнгө аяс их ажиглагддаг. Ялангуяа энэ нь ахимаг насны хүмүүсийн харилцаан дээр илүү мэдэгддэг. Мөн нийгэмд гэр бүлээ авч явдаг эмэгтэйчүүд маш их байдаг шүү дээ. Тийм болохоор эмэгтэйчүүд маань энэ тал дээр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, байр сууриа бататгаж, эрх тэгш бус бүхний өмнөөс тэмцэж байх хэрэгтэй. Гэхдээ аливаа юм бүхэн 2 талтай байдаг учраас эрчүүдийгээ хэт буруутгаж болохгүй. Тиймээс бие биедээ “Заавал ийм байх ёстой” гэсэн хандлагыг тулгалгүйгээр харилцан ойлголцдог байх хэрэгтэй юм шиг санагддаг. Ер нь эр, эм гэлтгүй бүх хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээллийг маш сайн авдаг байх нь зөв. Тэгвэл ямар ч харилцаан дээд асуудал үүсэхгүй байх.

Өөрөөс юунаас эсвэл юу хийх үедээ эмэгтэйлэг зан чанараа хамгийн ихээр мэдэрдэг вэ?

Би ер нь их эршүүд хүн л дээ. /Инээв/ Тиймдээ ч эрэгтэй найзууд ихтэй. Миний хувьд ямар нэг зураг авалтад орж байх үедээ эмэгтэйлэг зан чанараа илүү мэдэрдэг. Ерөнхийдөө аливаа зүйлийн гол цөм нь байхдаа болон аав, ээжээсээ магтаал сонсох үедээ өөрийгөө их эмэгтэйлгээр мэдэрдэг шүү.

Чи өөрийнхөө ямар зан чанараар хамгийн их бахархдаг вэ?

Би яаж ч сэтгэлээр унасан бай хамаагүй эргээд босоод ирэх хүчтэй, хаттай байдаг. Өнгөрсөн хугацаанд бие өвдөхөөс эхлээд л олон хүнд зүйлүүдтэй нүүр тулгарч байсан л даа. Гэхдээ ер нь яаж ч шантарсан бай хамаагүй бүхнийг давж гарч чаддаг. Түүнчлэн би маш гоё найзуудын хүрээлэлтэй гэдгээрээ бахархдаг. Бусад хүмүүс намайг харьцахад амархан, нээлттэй, чөлөөтэй гэж дүгнэдэг. Мөн хүмүүсээс “Эрч хүчтэй” гэдэг үгийг их сонсдог. Би өөрөөрөө байхдаа их дуртай. Бусдаас санаа зовж үг, үйлдлээ цэгнэж, өөрийгөө хорьж цагддаггүй бөгөөд цаг мөч бүрийг маш сайхнаар өнгөрүүлэхийг хичээдэг.

Ирээдүйд ээж болсноор өөрийгөө төсөөлдөг үү? Хэдэн хүүхэдтэй болно гэж боддог вэ?

Хамгийн багадаа 3 хүүхэдтэй болно гэж боддог. Би хүүхдэд их хайртай.

Ямар дуунууд сонсдог вэ?

Ерөнхийдөө Япон дуунууд их сонсдог. Японы дээр үеийн дуунууд болон сүүлд гарсан поп, рок гээд л бүхий л урсгалын дуунуудыг сонсдог. Гэхдээ би амьд хөгжмийн хамтлагуудад их дуртай. Нэг хэсэг бүр Японы рок хамтлагуудыг судлаад, дууных нь үгийг бичээд л маш үнэнчээр сонсдог байсан.

Чиний хувьд хайрлах нь илүү чухал уу аль эсвэл хайрлуулах нь илүү чухал уу?

Хайрлах нь илүү чухал. Би ойр дотны хүмүүсээ хайраар дутаахгүй байх юмсан гэж хүсдэг.

Өөрөөсөө дүү охидуудад хандаж юуг зөвлөх вэ?

Нэг нэгэнтэйгээ тэмцэлдэж, битгий муухай үгсийг хэлж байгаарай. Хэн нэгнийг ар хударгаар нь муулж, битгий бусдад муухай энерги түгээгээрэй. Адилхан эмэгтэй хүмүүс бие биесээ дэмжиж, ойлгодог байвал гоё шүү дээ.

Сэтгүүлч: Э.Анударь

Зөвшөөрөлгүй хуулбарлан нийтлэхийг хориглоно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ж.БАТЖАРГАЛ: БИД БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭГЧЭЭС ҮЙЛДВЭРЛЭГЧ АЙМАГ БОЛОХ ЗАМАА ТАВЬЖ ЧАДЛАА

2016 оны сонгуулиар томилогдсон аймгийн Засаг дарга нарын бүрэн эрхийн хугацаа дуусах дөхөж байна. Х

2020-02-13

П.ТӨМӨРЦЭЦЭГ: Хүүхэд шиг алмайрч, гайхаж, биширч бүхнийг шинээр хүлээж авч сур

“Тэнгэрлэг ертөнц далд ухамсар” ТББ-ын тэргүүн П.Төмөрцэцэгтэй талархал ба түүнд орших хүч, бусдад х

2020-02-10

Г.Очирбат: Миний хөдөлмөрийн гараа туслах ажилтан

Монголчуудын хэрэглээнд “Өд” ариун цэврийн цаас, “Тоди” хүүхдийн живхээрээ хэдийнэ танил болсон “ТНГ

2020-02-08