fbpx

Коронавирусын голомт гэгдээд буй Ухань хотод байгаа оюутан Р.Болорцэцэг эх орондоо хандан захидал бичжээ

2020-01-26 1688

Өмнөд хөрш болох БНХАУ-д коронавирусын халдвар дэгдэн 1975 хүн өвчилж, 56 хүн нас баран одоогоор 15 улсад тархаад байгаа. Ухань хотын томоохонд тооцогдох зургаан сургуульд монгол оюутнууд сурдаг.

Зарим улс орнууд өөрсдийн иргэдийг нутагтаа авчирч байгаа талаар мэдээлэл тархаж байгаа энэ цаг үед халдварын голомт гэгдэж буй Ухань хотод амьдарч байгаа монгол оюутан Р.Болорцэцэг өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ.

Р.Болорцэцэг:

-Би их аймхай болж. Нойтон тугал барнаас айдаггүйгээс ч юм уу, хэтэрхий их хайранд өлгийдүүлж хорвоогийн эрээн бараанаас хол өсгөсөн эцэг эхийнхээ ачаар баргийн юмыг аймар гэж боддоггүй л байлаа. Асуудал л надаас айна уу гэхээс, би асуудлаас айдаггүй гэж боддог байсан тэр омголон үе минь эрүүл саруул сайхан орчинтой хамт ард үлдэж. Тойроод биш дайраад гарна гэсэн ган шиг хатуу үзлийг минь торомгор бяцхан ертөнц тэр чигт нь өөрчилчих юм гэж хэн санах билээ? Одоо болдогсон бол би хайртай үрээ энгэртээ нуугаад, нисээд ч хамаагүй эндээс холдохыг хүсэж байна.

Хамаг хүчээ шавхаад, байдгаа бариад ч хамаагүй нялх үрээ л энэ хэцүү зүйлийн сүүдрээс холуур өнгөрөөчих юмсан, эрүүл саруул эх нутагтаа оччих юмсан, санаа нь зовж зүсээр үхэж байгаа хоёр бууралдаа очоод магнайгаа нэг үнэрлүүлчих юмсан л гэж бодож сууна. Ээжийн нөмрөөр дутчихвий, эцгийн хайрыг үгүйлчихвий, элэг нь бэтгэрчихвий гээд энэ хүртэл аваад ирсэндээ одоо харамсаж байна. Одоо би цонхоор тусах нарыг сүүдэрлэж ниссэн шувуудаас халдвар тээгээд дээрээс минь дусчхаж ч магадгүй тэр зөөлхөн бороон дуслуудаас нүүрийг минь илбэх салхинаас хүртэл айж байна.

Би эмээ өвөөгөө алдахаас л хамгийн их айдаг, одоо би нялх үрийнхээ айдас нь болж хүүгээсээ явчихвий гэж айж байна. Айсандаа хоолойгоор минь хоол давахгүй байсан ч хүүгийнхээ төлөө хүчээр идэж байна. Энд эмийн сангуудаар амны хаалтын нөөц дууссан болохоор гэртээ байж болох хамгийн цэвэр даавуугаар өөрөө өөртөө оёж сууна. Би зөндөө их айж байна бас би айж байгаагаасаа огтхон ч ичихгүй байна.

Олон ч мэдээний доорх сэтгэгдлээс наанаа байгаа Монгол оюутнуудаа битгий авчир, тэнд нь үлдээ гэсэн олон сэтгэгдэл уншлаа. Одоо би хэрвээ та нарын үр хүүхэд чинь байсан бол энэ тэр гэсэн улиг болсон юм яримааргүй байна. Зүгээр л өөрсдийнхөө хүн чанарлуу өнгийгөөч, гуравхан сая хүний чинь 30 МОНГОЛ нь энд байна, ядаж битгий янз бүрээр хэлээч.

30 зүрх цохилж, 30 ээж, 30 аав өдрийн хоол, шөнийн нойргүй сэтгэл нь зовж байна. Наад хэтийдсэн их тоглоом тохуу, хүн чанаргүй амны билэггүй аймшигтай араншингаа зогсоогооч. Асуудалд бодитой хандаж, эрүүл мэндээ хамгаалах арга хэмжээ авцгаагаач. Би айж байна, энд хэр удаан ингэж байхаа мэдэхгүй болохоор. Би айж байна, эрүүл залуу үеийнхээ бичсэн сэтгэгдэл ийм байгаад. Би айж байна, Монгол хүний саруул ухаан маазарсан тоглоом, архи хоёрт живчихвий гэж айж байна.

ТИЙМ ЭЭ, БИ АЙМХАЙ.

Вухан хот, Хятад улс. Р.Болорцэцэг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

НӨАТ-ын сугалааны азтан өнөөдөр тодорно

НӨАТ-ын урамшууллын энэ сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг маргааш буюу Ням гаригт 19.15 цагт Болов

2020-02-16

Монголд “Валентин” нэртэй гурван хүн байна

Үндэсний статистикийн хорооны 2020 оны хоёрдугаар сарын 14-ний мэдээллээр Монгол Улсад гэрлэлтээ

2020-02-14

Нийтийн тээврийн нэг зорчигч 2 сая төгрөгийн азтан болов

"Улаанбаатар смарт карт" компаниас зарласан цахим картаар үйлчлүүлж буй азтай зорчигчийг тодруул

2020-02-14