fbpx

П.ТӨМӨРЦЭЦЭГ: Хүүхэд шиг алмайрч, гайхаж, биширч бүхнийг шинээр хүлээж авч сур

2020-02-10 316

“Тэнгэрлэг ертөнц далд ухамсар” ТББ-ын тэргүүн П.Төмөрцэцэгтэй талархал ба түүнд орших хүч, бусдад хүрэх тусгалын талаар ярилцлаа.

-Талархал гэж яг юуг хэлэх вэ?

-Амьдралд сайн муу олон зүйл тохиолддог. Тэр болгон талархдаггүй байна л даа. Талархал хүнийг маш их өөрчилдөг. Талархснаар хүн амжилтад хүрдэг, ухаажиж байдаг. Талархаж сурсан хүн гэгээрч байдаг. Сайн бүхний үндэс гэж болно. Бурханд талархдаг хүн гэгээн амьдрардаг.

Миний хувьд ухамсар судлаад есөн жил болж байна. Намайг өөрчлөгдөхөд хамгийн их тусалсан зүйл бол талархал. Хүнд сайн санаж, өдөр тутмамдаа талархаж сурснаар дараагийн сайн сайхан зүйлүүд урин дуудагдаж байдаг. Ингэхээр талархал бол хүнийг аз жаргалтай болгох, өөрийгөө өөрчлөхөд хамгийн ойрын туслах болно гэсэн үг.

-Яаж талархаж сурах вэ? Хүн бүр мэдээд байгаа юм шиг мөртлөө тэр болгон хэвшил болгож чаддаггүй?

-Маш энгийн, гарын доорх материал гэдэг шиг амархан зүйл. Өнөөдөр бид сайн сайхан эерэг үг хэллэгийг хэт их харамлаад байх шиг санагддаг. Харин эсрэгээрээ хүнийг гомдоох, эвгүй, бүдүүлэг үгсийг ухамсартай, ухамсаргүйгээр урсгаж чаддаг. Үнэн сэтгэлээсээ, гэрэл гэгээтэй үгсийг хэлж чаддаггүй.

Талархлын нэг хэлбэр маань инээмсэглэл. Гэхдээ чин сэтгэлийн инээмсэглэл байх ёстой. Сөрөг үг хэллэг бол уур бухимдлыг л төрүүлдэг. Өдөр тутмын амьдралд тань тохиолдох сайхан үйлдэл болгонд өөртөө талархаж байх хэрэгтэй. Өөрийн дотоод сэтгэл рүүгээ шагайж, надад ийм азтай зүйл тохиолоо баярлалаа, мундаг байна шүү би гэх мэтээр өөртөө талархаж сур. Хүмүүс тэнгэр лүү хараад талархдаг. Энэ нь дотоод сэтгэлдээ л хандаж байгаа үйлдэл. Яагаад гэхээр тэнгэрт нисдэг шувууд газарт аврал байдаг гэж боддог бол, газрын амьтад бид тэнгэрт аврал байдаг гэж залбирдаг. Бурхан тэнгэр гэж бодоод хайгаад, төсөөлөөд байдаг зүйлс бүгд таны дотор байж байдаг. Та бурхан минь гэж бодоод бурхнаас аврал эрээд бурхан танд туслаад байгаа мэтээр төсөөлдөг үү. Ихэнх хүн ингэж л боддог. Энд тэндгүй танд туслах гээд байж байдаг бурхад байдаг гэж үү. Ийм үйл байдаг гэвэл үлгэр. Хэзээ ч тийм зүйл байдаггүй юм. Тэр олон бурхан тэнгэр, аврал энэрэл өгөгчид таны л дотор байдаг. Та талархаж, залбирснаараа энэрэнгүй сэтгэлийг олж, бусдад энэрэнгүй хандаж байгаа тэр зүйл л талархлын ид шид. Өөрөөр хэлбэл та өөрөө бурхан тэнгэр юм.

-Та өөрөө хэрхэн талархдаг вэ? Уншигчдад ойлгомжтойгоор тайлбарлаж өгөөч?

-Би байгаа бүхэндээ талархдаг. Найз нөхөд, ах дүү, аав ээж, хань, үр хүүхэд, хүмүүс, ажил гээд л байгаа бүхэндээ талархана. Гэхдээ хамгийн чухал нь чин сэтгэлээсээ талархаж байх хэрэгтэй. Хэрэгтэй ч гэж заавал тэг ингэ гэсэн дүрэм байхгүй л дээ. Мэдээж би чамд талархаж байна гээд хашгираад байхгүй.

Жишээлбэл би өглөө эрт сэрээд бясалгалаа хийдэг. Энэ үеэрээ талархаж байгаагаа дотроо нэг бүрчлэн бодож залбирдаг. Гэрэл гэгээтэй өглөөг мэдэрч байгаа өөртөө, энэ сайхан өглөөг ямар ч үнэ төлбөргүйгээр, ямар ч шалтаг шалтгаангүйгээр надад өгч байгаа бурханд, намайг хүрээлж байгаа бүх зүйлдээ, идэж ууж, өмсөж зүүж байгаадаа талархдаг.

Амьд явна гэдэг үгээр илэрхийлэмгүй сайхан зүйл. Энэ өглөөг, нарны гэрлийг, үзэсгэлэнт байгаль дэлхийг бид ямар ч үнэ төлбөргүйгээр эдэлж, харж, баясаж байна. Үүнийг мөнгөөр худалдаж авдаг байсан бол яах вэ. Нарны гэрэлд дулаацахыг, шувуудын жиргээг сонсохыг мөнгөөр үнэлдэг байсан бол хүн л юм хойно мэдрэхийг, сонсохыг л хүснэ. Бидэнд бүх юм бий, ямар ч үнэгүй гээд боддоо. Амьдрах ийм сайхан. Үүнийг хүн бүр мэддэг мөртлөө, чин сэтгэлээсээ талархдаггүй юм байна л даа. Юунд ч талархаж болно. Байгаадаа ханадаггүй хүмүүс сөрөг зүйлд автах нь их байдаг. Өнөөдөр нэг хүнтэй маргалдсан ч учраа олоод салсандаа ч хүртэл таларх. Би ямар азтай юм бэ, бид маргалдсан ч эвлэрч чадлаа, дараа ийм зүйл тохиолдоход би эвээр шийдэж чадах нь байна гээд өөртөө таларх. Хэн нэгэнд дуулдахаар биш өөртөө, дотогшоогоо л хандаж, өөрийгөө урамшуулж бас чимээгүй талархаж сур. Хуурамч залбирал гадагшаа, үнэнч залбирал дотогшоо гэдэг.

-Талархлын хариуд юу ирдэг вэ? Үр дүн нь юу вэ?

-Талархлын хариуд би их тайвшралыг, өгөөмөр занг, уужим сэтгэлийг, аз жаргалыг мэдэрдэг. Маш том гайхамшиг ирнэ. Ид шид ирнэ. Ид шид хаана байдаг вэ гэж хүмүүс надаас асуудаг. Ид шид ердөө л хүний дотор байдаг. Өвчтэй байж байгаад эдгэрэхэд, өлсөж яваад хоол идэхэд, ядарч яваад амрахад ямар сайхан байдаг билээ. Талархаж, баярлаж, аз жаргалыг мэдэрч яваа энэ бүх зүйл маань бүх хүнд бий. Энэ таатай болгоныг мэдэрч байх хэрэгтэй.

Талархаж сурснаар бүх зүйл тань эерэг болоод ирнэ. Тантай ярьсан, зөрсөн хүн бүр эерэг сэтгэгдэл төрдөг. Та сайхан харьцахаар нөгөө хүн чинь сайхан харьцана, гэр бүлдээ тайван амгалан байхаар танай гэрийнхэн тайван амгалан болно гээд л олон гайхамшиг бий болно. Энийг хүн бүр чадна. Таны өвчин багасна, стресс арилна, сайхан зүйлс тохиолдох болно, ажил төрөл чинь бүтэж эхэлнэ. Ерөөсөө хүн өөрөө эерэг болохоор бүх зүйл эерэг болдог. Та өөрөө уурлаж бухимдаад байвал хариуд нь уур бухимдал л ирнэ. Хайр өгч байж хариуд нь хайрлуулна. Ингээд та өөрчлөгдөөд хүмүүст талархаад ирэхээр нөгөө хүмүүс чинь өөрчлөгдөнө, нэг нь эерэг болохоор нөгөө хүнд халдаж эерэг болгоод цаашлаад нийгмээрээ эерэг болно оо л гэсэн үг.

-Өнөөдрийн нийгэмд хүмүүс их бухимдуу, аливаа зүйлийн сөрөг талыг хардаг, дэвэргэдэг болчихсон юмуу даа. Үүний шалтгаан юу юм болоо?

-Сөрөг тал дээр нийгмээрээ анхаарч, өөртөө хамаатуулдаг. Үнэн худал нь ч мэдэгдэхгүй нэг зүйл боллоо гэхэд бүгдээрээ оролцож өөрсдөдөө стресс бухимдал үүсгэдэг. Үүнийгээ л больчих хэрэгтэй. Тэрний оронд эерэг мэдээлэл, сайхан зүйлс сонирхол доо. Аль нь танд ашигтай вэ. Сөрөг мэдээлэлд автаж уурлаж, хараал урсгаад, хачин сонин сэтгэгдэл бичлээ гээд таны ажил бүтсэн үү, та тайвшралыг олсон уу, үгүй. Тэрэнтэй зууралдахын хэрэг байна уу даа. Зууралдах тусмаа танд даахын аргагүй ачаа нэмэгдэнэ, таны амьдрал хүндрэнэ. Амьдрал өөрөө сайхан ш дээ. Юунд ч битгий санаа зов. Эрүүл мэнддээ л сайн анхаар. Эрүүл хүнд ямар ч зовлон байхгүй. Өнөөдрийн болсон зүйлийг өнөөдөрт нь дуусга. Шинэ өглөөг шинэ хэвээр нь угт, мэдэр. Та энэ орчлонд зочин шиг амьдарч байгаад л буц. Хүүхэд шиг алмайрч, гайхаж, биширч бүхнийг шинээр хүлээж авч сур. Хүүхэд шиг байхаасаа битгий эмээ.

-Эрүүл л байвал болоо гэж таны хэлж байгаагаас бодлоо л доо. Өвчин гэдэг л хүний амьдралын зовлон юм байна. Байгаа бүхэндээ хангалуун, бусдад энэрэнгүй, өчүүхэн зүйлд ч талархаж сурах хэрэгтэй юм байна гэж?

-Эрүүл хүн хэзээ ч өлсөхгүй, муу амьдрахгүй. Бүх зүйл цаг хугацаатай, урсан өнгөрдөг. Нэг л амьдрах орчлон шүү дээ. Талархаж сурснаар аяндаа бүх эмх цэгцэндээ орно. Ертөнцийн бүх хүнд ав адилхан боломж заяасан байдаг. Байгаль дэлхий хэнийг ч ялгадаггүй. Энэ баян хүн шүү гээд нарны гэрэл илүү тусдаггүй, ядуу юм даа гээд сүүдрээ тусгадаггүй, ав адилхан гэрлийг түгээдэг. Агаар амьсгалахдаа бид ямар ч мөнгө төлдөггүй. Энэ бүхэнд талархахгүй байхын аргагүй юм. Үүнийг хэрхэн хүлээж авах нь таны бодол санаа, мэдрэмж.

-Талархал чин сэтгэлийнх биш бол, би талархаж байна шүү гээд л зэрвэс бодчих ч юмуу, би талархаад байгаа шүү гээд хийсвэрээр сэтгэвэл өөрийгөө хуурч буй хэрэг болох нээ?

-Хуурамчаар талархвал та стресст орно. Талархлаа гэсэн мөртлөө дотоод сэтгэлдээ баяргүй байвал тэр зүгээр л салхи шиг хоосон байна. Тэгэхлээр мэдрэх хэрэгтэй, таны сэтгэлд баяр хөөр төрөх ёстой.
-Уурлахгүй, муудалцахгүй хүн гэж байдаггүй. Уурласан үедээ хүн хэлэх гээгүй муу үгийг хэлдэг. Ялангуяа хосууд. Үг гэдэг зүйлийг хэзээ ч буцааж болдоггүй болохоор мартагдах нь ховор. Ийм үед яаж биеэ барих ёстой юм бол?

-Бухимдахгүй, гомдохгүй, стресстэхгүй хүн гэж байхгүй л дээ. Үүнийг удааж барьж л болохгүй, хүндрээгүй байгаа дээр нь л арга хэмжээ авах хэрэгтэй. Уучлах, эвлэрэх зай үлдээж бай гэдэг чинь л энэ. Жижигхэн зүйлийг томруулаад бөөн асуудал үүсгэчихнэ, маргааш нь боллоо, орхичих л доо. Яавал эвлэрэх вэ гэдгээ л сайн бод, тэрнээс биш яаж энэний дээр гарах вэ, яавал би дийлэх вэ гэдэгт ухаанаа бүү уралдуул. Амандаа орж ирсэн үгээ хамаагүй битгий бур. Чи намайг ингэлээ би зүрх сэтгэлтэй хүн шүү гэж өөрийгөө битгий өмөөр, нөгөөх чинь ч адилхан зүрх сэтгэлтэй. Адилхан л сэтгэл нь урагдана. Би ингэж шаналж байгаа юм чинь хань минь ч шанална гэдгийг сайн ойлго. Нэгэнт л болно бүтнэ гээд сонгосон амьдрал чинь байна, үр хүүхэд чинь байна, хэрэлдэж суух цаг хугацаа хүмүүнд ховор шүү.

Эхлээд хүн өөрийгөө өөрчлөхгүй л бол хэн нэгэн, лам, бөө таныг өөрчилж чадахгүй. Би ч өөрөө амьдралын эрээн барааныг туулж ирсэн. Гэхдээ би өөрчлөгдсөн, хүмүүс мэднэ.

Хосууд маань үг үйлдлээ л хянаж байх хэрэгтэй. Нэгнийхээ эмзэг сэдэв дээр нь болгоомжтой ханд. Битгий хөнд, хэзээ ч хэрүүлийн бай бүү болго. Зүрх сэтгэлээсээ ханийгаа магтаж, дээдэлж бай. Өөрийгөө хүндлүүлж, хайрлуулмаар байвал ханиа л хайрла. Та өөрөө бухимдахгүй байвал хань тань бухимдахгүй. Хүн урмын амьтан шүү дээ. Энийг нэг магтаад үзье гэж хэзээ ч битгий бод, үнэн сэтгэлээсээ магтах хэрэгтэй.

-Ер нь хосууд нэгнийгээ өөрчилнө гэж их боддог л доо? Насанд хүрсэн хүнийг өөрчилж, хүмүүжүүлж чадах уу?

-Үгүй. Та өөрийгөө л өөрчил, тэр цагт хань чинь өөрчлөгдөнө. Тэрнийг өөрчлөхийг хүлээж, өөрчлөгдөхгүй байна гэж чи уурлаж бухимдаад ямар ч нэмэргүй. Чи өөрөө л өөрчлөгд, аяндаа хань чинь өөрчлөгдөнө. Аль болох тайван, аз жаргалтай байх тэр орчныг л гэр орондоо бүрдүүлэх хэрэгтэй.

Өдөр бүр шинэлэг байхаар нэг нэгнээсээ хэзээ ч залхахгүй. Бодлогогүй хэлсэн үг хосуудын харилцаанд том сэв суулгадаг. Нэгнийхээ дээр гарчихлаа, би хэрүүл хийгээд ялчихлаа гэж хэзээ ч битгий баяс. Та ялж байгаа мэт боловч ялагдаж байгаа явдал юм. Таны хэлсэн муу үг ханийн чинь сэтгэлд үлдэж байгаа болохоор та ялагдаж байна гэсэн үг л дээ.

-Таны хийж буй лайв хүмүүст их хүрч байгаа харагдсан? Хүмүүс голчлон ямар асуудлаар танд хандаж байна вэ?

-Хүмүүс их талархаж хүлээж авч байгаад баяртай байгаа. Уураа барьж чадахгүй байна, таны хэлснээр давтаад ч үр дүнд хүрэхгүй юмаа гэх хүмүүс олон байна. Аливаа зүйлийг хийхэд хүний чин сэтгэлийн хүсэл, хичээл чармайлтаас шалтгаална. Түүнээс биш материалыг нь авчирч өгчихөөд байшин барьчихтай адил зүйл биш. Хүн өөрийгөө өөрчлөе, эерэг байя гэдгээ маш сайн ойлгосон, чин сэтгэлээсээ хүссэн байхад бүх зүйл биелэлээ олдог. Өөрийгөө л ойлгож мэдрэх нь маш чухал.

Энэ бүхнийг өөрийн биеэр туулж, өөрчлөгдсөн болохоор бусад маань ч гэсэн мэдрээсэй гэсэндээ хүмүүст туслахыг хичээдэг. Өнөөдрийн нийгмэд амар амгаланг, аз жаргалыг хүмүүс хайдаг болчихсон, үүнийхээ төлөө эрэл хайгуул хийдэг болчихсон байна. Намайг зориод ирсэн хүн болгон эерэг энергитэй буцдаг. Хорин нэгэн аймгаас хүмүүс холбогдож байна. Телевизээр, лайваар гээд таны ярилцлагыг үзлээ, танд баярлалаа гээд ярьдаг, зурвас бичдэг болжээ. “Гэгээн бодлоос гэрэлт ирээдүй рүү” нэртэй номоо гаргалаа. Улиралд гаргадаг “Тэнгэрлэг ертөнц далд ухамсрын сэтгүүл”-үүд маань олон хүмүүст хүрсэн байна. Энэ бүгдээрээ би зөвхөн хүмүүст гэрэл гэгээ дамжуулахыг хүсдэг. Хүсэл маань ч биелэлээ олж байгаад баяртай байна. Миний ажил, үйлс гэрэлтэн гялалзаж байна. Хүн бүр надад баярлаж талархсанаа илэрхийлдэг, үүнээс том бэлэг надад үгүй. Та ч гэсэн гэрэл гэгээ түгээсэн нэгэн болох боломж бий. Ганцхан хичээх хэрэгтэй. Энэ удаад бид талархах гэдэг ямар ач холбогдолтой вэ гэдэг сэдвээр ярилцлаа. Дараагийн ярилцах сэдвийг уншигч та санал болгож болох юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ж.БАТЖАРГАЛ: БИД БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭГЧЭЭС ҮЙЛДВЭРЛЭГЧ АЙМАГ БОЛОХ ЗАМАА ТАВЬЖ ЧАДЛАА

2016 оны сонгуулиар томилогдсон аймгийн Засаг дарга нарын бүрэн эрхийн хугацаа дуусах дөхөж байна. Х

2020-02-13

П.ТӨМӨРЦЭЦЭГ: Хүүхэд шиг алмайрч, гайхаж, биширч бүхнийг шинээр хүлээж авч сур

“Тэнгэрлэг ертөнц далд ухамсар” ТББ-ын тэргүүн П.Төмөрцэцэгтэй талархал ба түүнд орших хүч, бусдад х

2020-02-10

Г.Очирбат: Миний хөдөлмөрийн гараа туслах ажилтан

Монголчуудын хэрэглээнд “Өд” ариун цэврийн цаас, “Тоди” хүүхдийн живхээрээ хэдийнэ танил болсон “ТНГ

2020-02-08