Ж.БАТЖАРГАЛ: БИД БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭГЧЭЭС ҮЙЛДВЭРЛЭГЧ АЙМАГ БОЛОХ ЗАМАА ТАВЬЖ ЧАДЛАА

2020-02-13 Онцлох 0

2016 оны сонгуулиар томилогдсон аймгийн Засаг дарга нарын бүрэн эрхийн хугацаа дуусах дөхөж байна. Хэрэгжүүлсэн ажлаа нэгтгэн дүгнэж, том зургаар харах боломжтой энэ цаг үед Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргалтай тус аймагт өнгөрсөн дөрвөн жилд хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийгээд ирээдүйн хөгжлийн талаар ярилцлаа.


2019 оны эцэст Төв аймгийн хүн ам 100 мянгад хүрчээ. Хүн нэмбэл хүнс нэмнэ гэж ярьдаг. Харин Засаг даргын хувьд энэ тоо хийх ажил, шийдвэрлэх асуудал улам бүр нэмэгдэж байгааг сануулдаг болов уу. Та өмнө нь аймгийн ИТХ-аар олон жил ажилласан. Одоо Засаг даргаар ажиллахад ямар ялгаа зааг мэдрэгдэж байна?

Би аймгийн бодлогыг тодорхойлох төвшинд ИТХ-д арван жил ажилласан байна. Аймаг, орон нутгийнхаа хөгжил, иргэдийн хүсэл сонирхол, төрийн бодлогын үйл явц, чиг хандлага зэргийг бүгдийг харгалзан үзэж байж орон нутагт юу хийх, ямар бодлого барих вэ гэдгээ тодорхойлдог. Энэ тал дээр манай Төв аймгийн ИТХ сайн ажиллаж ирсэн гэж боддог.

Аймгийн Засаг даргаар ажиллахад ажлын ачаалал эрс нэмэгддэг юм байна. Бид Монгол Улсын Их хурал, Засгийн газраас улс орны хөгжлийг хангах чиглэлээр баримталж буй бодлого, хөгжлийн зорилтуудыг орон нутагтаа бүрэн хангаж, хэрэгжүүлэн ажиллах, нөгөө талаар аймгийн ИТХ-ын шийдвэрийг бүрэн хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг пункт шүү дээ. Энэ утгаараа УИХ, Засгийн газар, шат шатны хурлын байгууллагаас гаргасан шийдвэрийг ажил хэрэг болгох, орон нутгийн хөгжлийг түргэтгэж, иргэдийнхээ ая тухтай ажиллаж амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө өөрийн ажлын туршлага, арга барилдаа тулгуурлан амжилттай ажиллахыг эрмэлзэж ирлээ.

Ингэхдээ ажил дээр гүйцэтгэлийн сахилгыг чанад баримталж ирсэн. Бодлого шийдвэр гарч болно. Гагцхүү ямар үр дүнд хүрэх ёстой вэ, ирээдүйд ямар болох ёстой вэ гэдэгт онцгой анхаарч, дүн шинжилгээ хийж, үр дүнг нарийн тооцож ажиллаж байна.

Мэдээж хэрэг манай Төв аймаг өгөгдөл сайтай. Улсынхаа төв хэсэгт өөрийн газар нутагтаа нийслэлээ багтааж байршсан аймаг учраас аймгийн чадамж, бололцоо ихтэй. Үүнийг зөв ашиглаж чадвал хөгжлийн цаг хугацааг нааш татах бүрэн бололцоотой. Яг бидний хажууд Монгол Улсын нийслэл, хамгийн том зах зээл байна. Энэ зах зээлд хэдий хэмжээний ахиу бүтээгдэхүүн гаргаж нийлүүлж чадна тэр хэмжээгээрээ эдийн засгаа тэлэх боломжтой. Тиймээс бид бүх төвшиндээ ажлын бүтээмжээ сайжруулж, хийж чадах бүхнээ хамгийн сайнаараа хийж боломжоо өөрийн болгож чадна.

Энэ жилийн тухайд 2016 онд дэвшүүлж байсан зорилтоо дүгнэх, жил жилийн аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлүүд, хийсэн ажлынхаа гүйцэтгэл үр дүнг нэгтгэн харах боломжийг олгож байна. 2016 онд дэвшүүлсэн зорилт өнөөдөр биелсэн үү?

Миний Засаг даргаар ажиллаж буй энэ жилүүдэд улс орны хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдэд хийгдэх хөрөнгө оруулалт хийгдэж, тэр нь Төв аймагт өрнөсөн явдал. Олон Улсын нисэх буудал шинээр баригдлаа. Монголын анхны 32.2 км хурдны зам ашиглалтад орлоо. Зөвхөн энэ бүтээн байгуулалт дээр л гэхэд 1.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн. Аймгийн төсөвт 4.3 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлсэн байна. Энэ ажлыг дагасан туслах үйлдвэрлэл, үйлчилгээ, бүтээгдэхүүн нийлүүлэлтийн ажлууд ихээр гарч ирсэн. Туслах ажилчдаа орон нутгаас авах, мах сүү, хүнсний ногоо, зөөлөн эдлэлийг орон нутгийнхаа үйлдвэрлэгчдээс авах зэрэг тохиролцоо, гэрээг нийгмийн хариуцлагын хүрээнд амжилттай хийж чадсан. Энэ манай баялаг бүтээгчдэд өгөөжөө өгсөн.

Эндээс хэлэх гэсэн нэг чухал зүйл бол дан ганц төрийн хөрөнгөөр хөгжлөө бид тодорхойлж хараагүй. Төр хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, гадаад, дотоодын шууд хөрөнгө оруулалтыг татах ажилд анхаарлаа хандууллаа. 2018 онд “Хөгжлийн түүчээ Төв аймаг” хөрөнгө оруулалтын чуулганыг амжилттай зохион байгуулж, хөдөө аж ахуй, эрчим хүч, аялал жуулчлал, боловсруулах үйлдвэрлэлийн салбаруудад нийтдээ 170 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны гэрээг хийж чадсан.

Сум орон нутгийн хэрэгжүүлэгч агентлаг, төрийн байгууллагуудын дэргэд орон тооны бус төслийн нэгжүүдийг байгуулсан. Ингэснээрээ гадаад, дотоодын хөрөнгө оруулагч донор байгууллагуудаас том, бага гэлгүйгээр хөрөнгө оруулалтыг татаж авчрахад анхаарсан.

2016-2019 оны эхний гурван жилийн ажлын үр дүнгээр төр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт 199 тэрбум төгрөгт хүрсэн. Энэ онд 68.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр бүх төвшиндээ шийдэгдээд төлөвлөгдсөн. Оны эцэст энэ тоо 100 орчим тэрбум төгрөгт хүрсэн байна. Нэгтгээд харвал бүрэн эрхийн хугацаанд 300 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг аймагтаа татаж ажилласан байна. Энэ бүхэн Төв аймгийн ирээдүйд оруулж буй бодитой хувь нэмэр, хөгжилд хүрэх том алхам . Мэдээж хэрэг эдгээр ажлыг хэн нэгэн дарга хийгээгүй. Бид багаараа ажиллаж УИХ, Засгийн газар аймаг орон нутгийнхаа давуу тал, хөгжлийн бодлого, нөгөө талаар сул талаа ч зөвөөр ойлгуулж, анхаарлын төвд оруулж чадсаны үр дүн. Нөгөө талаар Төв аймгаас сонгогдсон УИХ, аймгийн ИТХ, Засаг дарга, ЗДТГ, бүх шатны Засаг дарга, төрийн байгууллагуудын албан хаагчид, иргэд олон нийт, хувийн хэвшлийнхэн нэг баг болж, нэгдмэл үйл ажиллагаа явуулсны үр дүн.

Бид сумын Эрүүл мэндийн байгууллагуудад сүүлийн үеийн оношлогоо, эмчилгээний тоног төхөөрөмжөөр хангаж, хөдөө орон нутгийн иргэдийг эрүүл мэндийн урьдчилсан үзлэг, оношлогдоод хамруулах ажлыг хийж чадлаа. Зүгээр нэг оношлоод өнгөрөх биш тухайн газартаа үзүүлсэн иргэнд тавьсан эмчийн оношийг нотолж байна. Эмч хүн өвчтөнөө чагнуураар чагнаад хатгаатай байна гэж хэлэх биш тэр оношийг газар дээр нь нотолдог төхөөрөмжтэй болсон. Одоо бид хөдөөгийн 26 суманд жилдээ нэг удаа Нүүдлийн амбулатори ажиллуулах замаар иргэдээ бүрэн үзэж, оношлож, шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг газар дээр нь үзүүлдэг боллоо.


Ер нь манай аймгийн хөгжлийн бодлогыг нэгтгээд харвал гурван үндсэн зорилт гарч ирдэг. Нэгдүгээрт, иргэд ажилтай орлоготой байх ёстой. Хоёрдугаарт, өрх гэрийн амьдрал тухтай, чанартай байх ёстой. Гуравдугаарт, аймгийн эдийн засаг өсөлттэй, хүртээмжтэй байх ёстой. Энэ гурвыг хангахын тулд хүний хөгжлийг ахиад онцгой анхаарах шаардлага бий болно. 


Хүний хөгжлийг ярихын тулд иргэдийн эрүүл мэнд, боловсролын чанарыг уртасгах хэрэгтэй. Тэгвэл манай аймаг энэ чиглэлд дэвшил гаргаж чадсан. Дэвшилд гаргахын тулд үр дүнд чиглэсэн төлөвлөлтийг маш сайн хийж чадлаа гэж харж байна. Тухайлбал бид 2017 оныг “Ажилтай орлоготой иргэн”, 2018 оны “Үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих жил”, 2019 оныг “Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын жил”, энэ оныг “Хүртээмжтэй, чанартай төрийн үйлчилгээний жил” болгон зарласан. Тухайн жилийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангахдаа тухайлсан салбар руу бодлого үйл ажиллагаа чиглүүлэх замаар бүх нийтийн анхаарлын төвд аваачиж, нийтээрээ ажилладаг юм.

Тухайлбал, эрүүл мэнд, тэр дундаа эх, хүүхдийн эрүүл мэндэд бүх нийтээрээ анхаарлаа хандууллаа. Бид эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих тусгай хөтөлбөрийг гаргаж нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг найман төрлийн үзлэг оношлогоонд, 0-5 насны хүүхдээ бүрэн шинжилгээнд жил бүр нэг удаа хамруулж байна. Энэ ажлын үр дүнд Төв аймагт сүүлийн гурван жил эхийн эндэгдэл гараагүй. Нялхсын эндэгдэл буурлаа. Гэхдээ биднээс хамаарахгүй байгаа осол эндэл бас гардаг гэдгийг хэлмээр байна. Учир нь нийслэлээс гарч байгаа бүх зам, урсгал манай нутгаар өнгөрч байгаа учраас манай нутагт гарсан зам тээврийн осол, түүний уршгаар гарсан эндэгдэл манай аймгийн статистикт бүртгэгддэг.

Дараагийн нэг чухал бодлого бол боловсрол. Хүн ямар ч байсан хөдөлмөрлөх, түүнийхээ үр шимээр амьдрахад онцгой анхаарах ёстой. Тийм учраас иргэдээ хөдөлмөрт бэлтгэх, мэргэжлийн чиг баримжаа олгох чиглэлээр хийж байгаа ажлаа эрчимжүүлж, насан туршийн боловсролд анхаарлаа хандуулсан.

Төв аймаг хамгийн олон сумтай аймгийн нэг. Төрийн үйлчилгээг орон зайнаас үл хамаарч хурдан шуурхай хүргэх явдал чухал. Үйлчилгээний чанар, хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлж байна вэ?

Энэ оныг бид өмнө хэлсэнчлэн Хүртээмжтэй, чанартай төрийн үйлчилгээний жил болгон зарласан. Төрийн албан хаагчдаас үл хамааралтайгаар иргэд мэдээллээ авдаг болох ёстой. Энд мэдээллийн технологид суурилсан үйлчилгээг бий болгож, иргэдэд хэрэглээг бий болгох хэрэгтэй. Наад зах нь хаана амьдарч байгаагаас үл хамаарч төрөөс авах үйлчилгээг автомат машинаас авдаг болох хэрэгтэй. Мөн иргэдийн саналыг авахдаа заавал хурал цуглаан хийдгээ болих болсон. Хүн бүрийн утсанд энгийн ойлгомжтой ашиглах апплекейшнийг хийж түүгээр дамжуулж шийдвэрлэх асуудлаа танилцуулж саналыг авдаг болбол цаг хугацаа, зардал мөнгөө хэмнэж чадна. Харин тухайн асуудлыг эцсийн байдлаар батлахын өмнө иргэдээ цуглуулж хурлаа хийгээд саналыг нь авдаг болвол хаа хаанаа хэрэгтэй. Мэдээж хэрэг боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, чанарыг нэмэгдүүлэх, алс хязгаартаа төв сууринд авч болох бүх үйлчилгээг жигд авдаг болох нь бидний том зорилт. Үүндээ хүрэх ажлууд эхэлсэн, амжилттай хэрэгжиж байна.

Боловсролтой, эрүүл иргэнтэй болохын үндэс амьдралын чанартай салшгүй холбоотой. Төв аймаг эдийн засаг, нийгмийн өсөлтийг хангах, хүртээмжтэй болгохын тулд ямар бодлого хэрэгжүүлж байна бэ?

Бид бэлтгэн нийлүүлэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг болох асуудлыг онцгой анхаарч баялаг бүтээгчдээ дэмжье, мөнгөний гадагшаа чиглэсэн урсгалыг зогсооё, дотоодын хэрэгцээгээ өөрийн үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүнээр хангая гэсэн зорилтыг тавьж ажилласан. Маш том үр дүн гарч байна. Дэлгэрүүлж ярихаасаа өмнө би тоон үзүүлэлтийг хэлье.


 Төв аймгийн аж үйлдвэрлэлийн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ 2010 оны зэрэгцүүлэх үнэлгээгээр 83.4 тэрбум төгрөгт хүрсэн. Миний бүрэн эрхийн суурь он буюу 2016 онтой харьцуулахад 96 хувиар өссөн. Боловсруулах салбарын 2010 онтой зэрэгцүүлсэн үнэлгээгээр 8.2 тэрбум хүрч, 2016 оноос 87 орчим хувиар өссөн байна.


Аймаг өөрийн төсвийн орлогоо тогтмол нэмэгдүүлж, нэмэгдэхийн хэрээр Баялгийн санг бүрдүүлсэн. Үр дүнд бид аймаг хөгжүүлэх сангийн хөрөнгийг жил бүр 600 орчим сая төгрөгөөр нэмэгдүүлэх замаар бүрэн эрхийн хугацаанд 2,4 тэрбум төгрөгийг энэ санд төвлөрүүллээ. Сум хөгжүүлэх санд есөн тэрбум төгрөг байна. Бусад сангуудын хөрөнгийг нийлүүлж баялаг бүтээгчдээ дэмжих зорилгоор зээлийн багцуудыг гаргасан. Хүссэн болгонд нь мөнгө өгөөд тэр ажил болдоггүйг бид өнгөрсөн хугацаанд харлаа шүү дээ. Тиймээс тухайн салбартаа өөрийн байр сууриа олсон, хөрөнгө мөнгөө оруулаад юм босгочихсон, тэр чиглэлээрээ бусад хүмүүстэй нийлж үйл ажиллагааныхаа үр шимийг хүртээд эхэлсэн, цаашид өргөжүүлэх, тогтворжуулах, ингэснээрээ ажлын байр нэмэгдүүлэх боломжтой гэсэн ААН-үүдийг түлхүү дэмжсэн.

Эргээд харахад бид өнгөрсөн хугацаанд 101 үйлдвэр, ААН-ийг шинээр байгуулж чадсан.

Хөдөөгийн 26 сумтай аймгийн хувьд эдийн засгийн гол үүсвэр болсон МАА-н салбар гэж ойлгож байна. МАА-н бүтээгдэхүүнийг үнэ цэнэтэй болгоход таныг чамгүй ажил хийсэн гэж сонссон. Энэ талаар яриач?

Манай аймгийн хүн бүрт өгөөжөө өгөх үндэсний хэмжээнд ажиллаж байгаа хэд хэдэн үйлдвэрийг бий болгосныг онцолмоор байна.

“Могол ноос” ХХК хонины ноосны кластрийг Монгол Улсад анх удаагаа бий болгож чадсан. Ноосоо авч, угааж, самнаж, утас ээрч байна. Бөс даавуу үйлдвэрлэж, дэлхийд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүнийг гаргаж чадлаа.

“Говь”, “Гоёо” компаниудтай хамтраад тэдний хөрөнгө оруулалтаар ноолуурын анхан шатны боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлсэн. Барилгын ажил дуусч, тоног төхөөрөмжөө суурилуулах шатандаа явж байна.

Өмнө хэлсэнчлэн манай аймаг Улаанбаатарыг дотроо багтаачихсан. Энд орчин үеийн технологитой сүүний үйлдвэрүүд байгаа учраас жижиг сүүний үйлдвэр орон нутгийн төвшинд байгуулах нь зохимжтой биш. Тийм учраас сүүг их хэмжээгээр бэлтгэж, энэ сүүгээ үндэсний үйлдвэрүүдэд тогтвортой нийлүүлэх нь зөв гэж үзсэн. Намайг ажлаа авч байх үеийн сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ одоо хоёр дахин нэмэгдэж, сүү 900-1100 төгрөгийн хооронд байна. Орон нутгийн хэмжээндээ ч сүүний хэрэглээгээ нэмэгдүүлж, сургууль, дотуур байр, цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдүүддээ нэг өдөрт нь шинэ сүү, нөгөө өдөр нь шинэ таргийг 9-11 сар, 4-6 сар хүртэл хэрэглүүлж байна.

Малчдын тогтвортой том орлого бол мах. Тиймээс бид гурван том махны үйлдвэрийг байгуулж чадлаа. Эрдэнийн мах, консеревний үйлдвэрийг өргөжүүлж, үйлдвэр технологийн паркийн төвшинд хүргэсэн. Орос руу лаазалсан бүтээгдэхүүн, урагшаа дулааны аргаар боловсруулсан мах гаргаж байна. Аргалантад Араб технологиор мал нядалгааны ажлыг хийдэг үйлдвэр байгуулсан. Ажиллаж байна. Мөн Баяндэлгэрт нэг үйлдвэр ашиглалтад оруулсан. Мал нядалгаа буюу малыг нядлаад ангилж ялгаж боловсруулдаг арваад жижиг үйлдвэр байгуулагдсан. Одоо бидэнд эдгээр томоохон үйлдвэрүүдийг дагуулж технологийн хоршил бүхий кластер үйлдвэрүүдийг байгуулах шаардлага үүсч байна. Малаас гарч байгаа өөх, дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийг байгуулж байна. Өмнө бид үйлдвэрлэлийн аргаар гурван тонн орчим махыг боловсруулж байсан бол энэ ажлын үр дүнгээр одоо 3260 орчим тонн махыг боловсруулж, 1200 орчим тонн мах экспортод гаргадаг боллоо. Цаашдаа энэ тоо тогтмол өснө.

Нийслэлчүүд Жаргалантын шар төмс гэж ярьж, хэрэглээд хэвшчихсэн нь Төв аймгийн газар тариалангийн салбарын хөгжлийг илтгэдэг. Тариалан эрхлэгчдэдээ хэрхэн анхаарч , энэ салбарт ямар шинэчлэл хийж байна?

Бид газар тариалангийн бүтээгдэхүүний боловсруулалтыг сайжруулах ёстой гэж үзсэн. Манай тариаланчид жилдээ 105 орчим мянган тонн төмс хураадаг. Дотоодын төмсний хэрэгцээний 55 хувийг эзэлдэг. Үр тарианы талбайн сэлгээнд төмсний тариалалтыг сүүлийн хоёр жил хийсэн. Энэ нь төмсний тариалалтын хэмжээг нэмэгдүүлэх боломж байгааг харуулж байна. Гэхдээ бид төмсийг зөвхөн хүнсэнд хэрэглээд бусад зориулалтаар боловсруулж чадахгүй байгаа учраас тариалалтын хэмжээг нэмэгдүүлбэл үнээ арай ядан барьж байгаа төмсний үнэ унах, үүнийг дагаад тариаланчид эрсдэлд орох аюултай.

Тиймээс бид төмс боловсруулж цардуул хийх үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулж, үйлдвэрийг Польш улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр барьж байгуулахаар болж, Олон улсын нээлттэй тендер зарлачихсан. Энэ үйлдвэрт жилдээ 30-40 мянган тонн төмсийг боловсруулна гэж үзвэл манайд орж ирдэг 4000 гаруй тонн цардуулыг өөрсдөө хийх бололцоотой. Өөрөөр хэлбэл бид импортыг орлох бүтээгдэхүүнийг аймагтаа хийгээд цаашид экспортод гарах сууриа тавьж байгаа хэрэг.

Газар тариалангийн салбарт жимс, жимсгэнийг тээвэрлэлт, хадгалалтын ая даадаг сайн технологи нэвтрүүлэх замаар хөгжүүлэх боломж байна. Азийн орнуудад жимсийг хатааж эдийн засгийн эргэлтэд урт хугацаанд үр ашигтай оруулдаг. Энэ технологийг оруулж ирэхээр Ветнамийн зарим мужтай хэлэлцээр хийж, оруулж ирэхээр ажиллаж байна.

Хүн амын тэн хагас төвлөрсөн нийслэл бидэнд газрын өгөөжөөр орлогоо нэмэгдүүлэх боломжийг олгодог. Үүнийг олж хараад Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлж жилийн дөрвөн улиралд ургуулсан нарийн ногоогоо Улаанбаатарын өндөр зэрэглэлийн ресторан, үйлчилгээний газруудад нийлүүлэхээр ажиллаж байна.

Бид маш олон аж ахуйг хөгжүүлэх тухай ярьж байна. Тухайлбал махны чиглэлийн аж ахуй. Үхэр, тахиа, гахайн тэжээлийг аж ахуйн онцлогт нь тохируулж хийж нийлүүлэх боломж бий. Тэжээлийн ургамал тариалах бүс нутгаа тогтоож, Тэжээлийн үйлдвэрийн аймгийн дэд хөтөлбөрийг баталлаа. 2018 онд 65.6 мянган тонн ногоон тэжээл хурааж авсан. Тус онд гантай, хур бороо аажуу орсонтой холбоотойгоор үр тарианаас тэжээлийн ургамал руу шилжсэн талбай их байсан. Үүнтэй холбоотой ногоон тэжээлийн ургамлын хэрэглээ, ач холбогдлыг иргэд, ААН маш сайн ойлгож, эргээд энэ төрлийн тэжээлийн үнэ ханш өсч, тогтлоо. Нэг га-гаас 200 боодол ногоон тэжээл авдаг. Өнөөгийн зах зээлийн ханшаар бодож үзвэл хоёр сая төгрөг болдог. Гэтэл бид усалгаагүй улаан буудайн тариалалт хийгээд га-гаас 15 центнер ургац авдаг. Зах зээлийн ханшаар бодоод улсаас өгч буй татаасыг нэмэхэд нэг сая орчим төгрөг болж байна. Ингээд харахаар тэжээлийн ургамлын зах зээл өргөжнө, үнэ цэнэ нэмэгдэнэ гэдэг нь харагдаж байна. 2019 онд 46.3 мянган тонныг хурааж авлаа. Гагцхүү мах, сүүний гарцыг нэмэгдүүлэх, хурдны чиглэлийн адууны гэх зэргээр тэжээлийг төрөл тус бүрт нь боловсруулж худалдаалах ёстой.

Монгол Улс алдаанаасаа суралцаж хөгжлийн бодлого төлөвлөлтөд анхаарлаа хандуулж байна. Дөрвөн жилээр бус илүү урт хугацааны бодлого хэрэгтэйг ойлгодог боллоо. Төв аймгийн хөгжлийн дараагийн цэг хаана вэ?

Бид алсын хараагаа зургаан чиглэлд судалгаа шинжилгээ, ирээдүйд бий болох үр өгөөж, тогтвортой өсөх боломжийг тодорхойлж боловсрууллаа.

Манай аймгийн Зуун мод орчмын бүс нутаг өөрөө хөгжлийн төв болчихлоо. Бидэнд олдож буй энэ боломжийг ашиглаж эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулах ёстой.


Олон Улсын нисэх буудлыг дагасан Айра сити, аялал жуулчлалыг дагасан Майдар эко сити, Манзуширын түүхэн дурсгалт газрыг түшиглэсэн соёл, шашин, аялал жуулчлалын цогцолбор, Зуун модны шинэ дэд төвийг байгуулах зэрэг асуудал яригдаж байна. Энэ том төвлөрлийг дагасан эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулах ёстой. Богд хаан төмөр зам Сэргэлэн сумын нутгаар явахаар төлөвлөгдсөн. Ази, Европыг холбосон хатуу хучилттай авто зам тавигдаж байна. Дээрээс нь бидэнд агаарын зам бий. Нэг орон зайд байгаа энэ олон хотуудын төлөвлөлтийг бид уялдуулах ёстой.


Том зургаар нь харж дэд бүтцийг уялдуулах, хөгжилд саад болох хүчин зүйлүүдийг үгүй хийх ёстой. Ингэж байж хөрөнгө оруулалтыг татаж авчирна. Эдийн засгийн чөлөөт бүсийг бий болгохын тулд тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулалтыг тогтмол нэмэгдүүлэх, хууль, эрх зүй, татвар санхүүгийн таатай нөхцөлийг бүрдүүлэх зэрэг бодлогын зорилтууд бидэнд байна. Уг ажил сууриа тавьж Засгийн газрын төвшинд хэлэлцэгдээд УИХ-д өргөн барьчихсан.

Манай аймаг өөрөө эдийн засгийн утгаар нь таван бүсэд кластерын мужлалтуудаа тогтоолоо.

Улаанбаатараас 50-80 км-ын радиус дотор мах, сүүний хосолмол ашиг шимтэй эрчимжсэн аж ахуйг байгуулна. Түүнийг дагасан боловсруулалтын жижиг, үйлдвэр, цехүүдийг байгуулая. Алтанбулаг, Аргалант, Баянцогт, Баянчандмань, Борнуур, Батсүмбэр зэрэг зургаан суманд 40 үхэртэй арвыг нэг цогцолбор гэж үзээд 400 үхэртэй таван аж ахуйг нэг дор байгуулж нийтдээ 2000 үхрийн эрчимжсэн аж ахуйг байгуулна. Ингэж байж эдийн засгийн үр өгөөж гарна. Уг аж ахуй эргээд газар тариалан, тэжээлийн аж ахуйгаа дэмжээд явна.

Уламжлалт мал аж ахуйд мөн шинэчлэл хэрэгтэй. Ингэхдээ бид “Өсвөр мал-өөхгүй мах” гэдэг төслийг хэрэгжүүлнэ. Ингэхдээ малын үүлдэр угсааг сайжруулж, амьдын жин, ноос ноолуурын гарцыг нэмэгдүүлнэ. Нөгөө талаар тухайн жилдээ тухайн төлийн борлуулалтыг хийдэг болно. Дөрөвдүгээр сард мал төллөлөө. Төлийг 1-2 сарын хугацаанд тэжээх шаардлагатай. Хөнгөлөхдөө уургийг авах биш өөрт нь шингээх цахилгаан соронзонгийн аргыг ашиглах юм. Бид Баяндэлгэр, Эрдэнэсантад энэ аргыг туршиж үзсэн. Хурга, бярууг хөнгөлөхдөө уургийг авах биш таслаад өөрт нь шингээхэд 20-30 хувийн жингийн өсөлт бий болдог юм билээ. Мөн найман сар гэхэд хургаа бүгдийг ялгаж, ногоон тэжээлээр тусад нь тэжээнэ. Амьдын жин 40 кг-аас дээш, гулуузны жин 18 кг-аас дээш байж тус хурга хангалттай ашиг өгнө.

Энэ ажлыг хийснээр бэлчээрийн доройтол, малчдын ажиллах хүчний дарамтаас сална. 2000 мянган малтай айлын 600 нь төллөдөг гэж үзвэл ихэнх мал сувай, эр мал. Зарим нь шүдгүй болтлоо хөгширчихсөн байна. 600 төл хүлээж авлаа гэж бодоход байгалийн жамаар 300 нь гарна. Үүний 90 хувь буюу 270-ыг өмнө хэлсэн хугацаанд бага дээр нь борлуулах ёстой. Ийм хэмжээгээр малчны хөдөлмөр хөнгөвчлөгдөж, бэлчээрийн даац буурна. Дараа жил нь 600 мал төллүүлж байсан айл 900 мал төллүүлж таарна. Ингэхээр эр, сувай малын борлуулалт нэмэгдэнэ. Хөшин эм малыг мөн зах зээлийн эргэлтэд оруулна. Энэ маягаар тооцож үзэхэд 2000 мянган малтай айл жилдээ 500 толгой малыг зах зээлд тогтмол нийлүүлдэг болно. Үүнийг бид хийнэ.

Дараагийн нэг чухал ажил бол Хэрлэн, Туул голын хөндийг ашигласан жимс, жимсгэнийн их цэцэрлэг, хүлэмжийн аж ахуй, амралт, зугаалгын бүс, тусгай сонирхлын аялал жуулчлалын бүсийг байгуулна. Гадагшаа урсгалтай энэ их цэвэр усыг зүй зохистой ашиглах замаар усалгаагаа шийдээд энэ ажлыг хийх бүрэн боломж байна.

Эдгээр ажлыг хийх шийдвэрийг аймгийн ИТХ-аас гаргасан. Үйлдвэр технологийн парктай яриад төсөл болгон дээр хөгжүүлэлтийг хийж байна. Тодорхой тооцоо гарч ирсэн. Тухайлбал өмнө хэлсэн зургаан суманд 12 мянган үхэр бий болох нь. Түүнийг дагаж хэдий хэмжээний мах, сүү зах зээлд гарах, хэдэн төрлийн ямар хэмжээний тэжээлийг үйлдвэрлэх вэ гэдэг тооцоо судалгаа хийгдээд явж байна.


Бидэнд хөгжлийг тэтгэсэн дэд бүтэц байна. Энэ бүрэн эрхийн хугацаанд бүх сумдаа төвлөрсөн дулаан хангамжтай болголоо. Одоо төрөөс дэмжлэг үзүүлэх замаар цэвэр ус, ариун цэврийн байгууламжийг хийх ёстой. Хувийн хэвшил энэ ажлыг хийгээд ашиггүй учраас төр дэмжих ёстой.


Инженерийн цогц шийдэл бүрэн хийгдсэний дараа байгальдаа ээлтэй, оршин суугчиддаа аюулгүй хотууд бий болох бөгөөд нөгөө бидний олон жил ярьсан жижиг, дунд үйлдвэрлэл утгаараа бий болж чадна.

Бид зургаан сумаа саран хэлбэрээр холбосон хатуу хучилттай замыг барьж байгуулах хэрэгтэй байгаа юм. 102 км хатуу хучилттай авто замын ТЭЗҮ, зургийг бэлэн болгосон. Заамар, Цээл, Угтаалын эрчимжсэн мал аж ахуйн бүс нутгийг замтай болгосноор тэндээс гарч байгаа бүтээгдэхүүн цаг хугацаа алдахгүйгээр хэрэглэгчид хүргэх боломж нээгдэнэ.

Эндээс дараагийн ажил ундарч байгаа нь тээвэр, ложистикийн бирж байгуулах явдал. Хойд болон баруун аймаг, сумдаас орж ирж байгаа бүтээгдэхүүнийг Аргалантын цанын бааз буюу Галзуу харын худаг хавьд, зүүн болон урдаас орж ирж байгаа бүтээгдэхүүнийг дөрөвдүгээр зөрлөг дээр төвлөрүүлж тэндээ арилжаа хийгддэг байхаар шийдэж өгөх ёстой. Энэ хоёр биржээс дотогшоо амьд мал, бусад зүйл оруулахгүй байх зохицуулалт хийж, тэндээ арилжааг явуулна.

Мэдээж аялал жуулчлал бидний эдийн засагт өгөөжөө өгөх нэг чухал салбар. Манай аймгийн нутгаар маш олон хүн зорчиж байна. Тэгвэл тэдний мөнгийг бид авч үлдэх ёстой. Нэн тэргүүнд Майдар хотыг яаралтай ашиглалтад оруулах ёстой. Мөнгөнморьтоос Баянцагаан хүртэлх Хэрлэнг дагасан хүннүгийн хийгээд их эзэнт гүрний түүх соёлын өвийн дурсгалт газрууд байна. Түүхийн энэ дурсгалт газар, үнэт өвүүдийг аялал жуулчлалын эргэлтэд оруулах шаардлага бий. Аглаг бүтээлийн хийд, Хустайн байгалийн цогцолбор газар зэргийг бүрэн чадамжаар нь аялал жуулчлалын бүрэлдэхүүн хэсэг болгон хөгжүүлнэ. Уламжлалт мал аж ахуй бэлээхэн байгаа учраас нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг мөн хөгжүүлнэ. Бидний уламжлалт аж амьдрал, ахуй дагасан соёл өөрөө дэлхий нийтийн сонирхож буй бэлэн бүтээгдэхүүн шүү дээ.

Эдгээр чиглэлээр Төв аймгийн хөгжлийг тодорхойлж, үүндээ хүрэхийн тулд суурь ажлыг хийж байна.

Ярилцсанд баярлалаа.

Б.ЧИНБАТ

Холбоотой мэдээ

Өмнөговь аймгаас олдсон Beg tse үлэг гүрвэл

ШУА-иас 2020 онд хийж хэрэгжүүлсэн эрдэм шинжилгээ судалгааны ажлынхаа голлох үр дүнг цувралаар тани

2020-09-22

Нус, цэр, шүлс агаараар дамжиж өвчин болоод аманд буцаж ордог

Их хотын гудамжинд их л ганган залуу сурамгай гэгч нь нусаа нийж байгаа нь харагдана. Мэдээж энэ бол

2020-09-18

Соёлын яам хийгээд Монголын урлаг соёлын тухай

Жамбалжамц Шинээр байгуулагдсан Соёлын яам нь анхны нь соёлын салбарыг тэргүүлэн явсан агуу зохио

2020-09-14

Санал асуулга

Есдүгээр сарын 15-наас хөл хорио цуцлах нь зөв үү, буруу юу?

Үр дүн

Loading ... Loading ...