Яаник Кэгинэ: Монголчууд гар утас хэрэглэж эхэлсний 20 жилийн ой тохиож байна

2017-02-21 Ярилцлага 0

Монголын мэдээлэл технологийн салбарт түүхэн өөрчлөлт хийхэд асар их туслалцаа үзүүлж ажилласан Яаник Кэгинэ  гэх энэ эрхмийг таниж мэдэхгүй хүн магадгүй цөөхөн байх. Тэрээр бараг 20 жил манай улсад амьдрахдаа Монгол хүнээс өөрцгүй болсон юм. Эрхэм уншигч та магадгүй “Le Triskell” гэх франц ресторанаар үйлчлүүлсэн бол энэ хүний Монголчуудыг гэсэн найрсаг сэтгэлийг мэдэрсэн байх

Яаник Монголд анх ямар ажлаар ирж байсан бэ?

-Анх 1992 оны арваннэгдүгээр сард Монгол Улсад хөл тавьж байлаа. Франц улсаас “Алкател-Лусент” ХХК-ий худалдааны төлөөлөгчөөр ирж Монголын цахилгаан холбоотой хамтран цахилгаан холбооны хувьд түүхэн шинэчлэл гэж болохоор ажил хийсэн юм. Тэр үед Франц руу утсаар ярих гэж цахилгаан холбоон дээр очино тэгээд жаахан ярьж байтал холбоо тасарч 4-5 цагийн дараа дахин холбогдох хэрэг гардаг байсан. Тэгээд л цахилгаан холбооны салбарт дижитал системийг нэвтрүүлэх их ажлыг эхлүүлсэн дээ. Энэ жил буюу 2016 он бол Монголчууд гар утас хэрэглэж эхэлсний 20 жилийн ой тохиож байгаа юм. 1996 онд “Алкател-Лусент” ХХК Японы компанид санал тависнаар монгол хүмүүс гар утас хэрэглэж эхэлсэн юм.

-Франц улсын Засгийн газраас хичнээн төгрөг зарцуулж харилцаа холбооны салбарт шинэчлэлт хийсэн юм вэ?

-1992-2010 он хүртэл Монгол Улсын Харилцаа холбооны салбарт зарцуулсан тооцоо бол 400 орчим сая доллар болсон. Гар утсыг Монголын зах зээлд нэвтрүүлснээр мэдээлэл технологийн салбар асар хурдацтай хөгжсөн. Одоо бол Монгол Улс дэлхийн бусад орнуудтай гар утасны хөгжлөөрөө яг адилхан болсон гэж харж байна.

– 400 сая доллар нь эргэн нөхцөлтэйгээр орж ирсэн үү?

-1990-ээд онд Францын ерөнхий сайд Монголд айлчлалаар ирэх үедээ 50 сая еврогийн тусламж үзүүлж байсан. Ер нь Франц улс Монголд их элэгтэй ханддаг. Харилцаа холбооны салбарт оруулсан 400 сая долларын тал хувь нь буцалтгүй тусламжаар тал нь эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хөрөнгө оруулсан байдаг. Гэхдээ эргэн төлөгдөх мөнгөний хувьд маш уян хатан нөхцөлтэй байсан.

-Та Монголчуудтай 20 жил ажилласан хүний хувьд Монгол хүний ажиллах чадварыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Монгол хүн өөрөө сэтгэх чадвар нь маш өндөр хөгжсөн хүмүүс байдаг. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан Монгол инженерүүд бол их чадварлаг боловсон хүчин байсан. Өөрийгөө хөгжүүлэх тал дээр их анхаарч юмыг амархан ойлгож ажил хэрэг болгодог хүмүүс учраас би Монголчуудтай ажиллах даа сэтгэл хангалуун байдаг. Би одоо ч хамт ажиллаж байсан инженерүүдтэйгээ найзалж нөхөрлөн тэднээрээ бахархаж суудаг.

-Танд Монголд үлдэн ажиллаж амьдрах ямар шалтгаан байсан бэ?

-Би ажлын онцлогоос хамаарч дэлхийн олон орноор ажиллаж амьдарч ирсэн. Тухайлбал Өмнөд Африкаас эхлээд Конго, Катар, Морокко, Колумб, Малдив, Мексик, Тайланд, Хятад гээд зуу гаруй орноор явсан. Гэхдээ миний сэтгэлд дотно уур амьсгалыг төрүүлдэг улс бол Монгол орон. Энд миний маш олон найз нөхөд байдаг. 2010 онд миний ажил дуусч нутаг буцахдаа их эргэлзэж байсан. Тэгээд найз нөхөдтэйгээ ярилцаад “Le Triskell” гэх ресторанаа 2010 онд байгуулж үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

-Яагаад заавал рестораны бизнесийг сонгох болсон юм бол. Таны мэргэжлээс тэс өөр зүйл шүү дээ?

-Ресторан нээх нь надад их сонирхолтой санагдсан. Мэдээж би, Франц хүн учраас өөрийн орны хоолны болон дарсны соёлыг нэвтрүүлэхийг зорьсон. Би өөрөө янз бүрийн хүмүүстэй ярилцаж тэдний бодол санааг сонсох дуртай. Тиймээс ресторандаа байж манайхаар үйлчлүүлэх гэж буй ирсэн хүмүүсийг өөрийн биеэр угтаж тэдэнтэй ярилцаж суудаг. Энэ нь надад их сонирхолтой байдаг юм.

-Монгол орноор аялаж байхад танд ямар газар нь илүү таалагдсан бэ?

-Өмнө зүг буюу говийн аймгуудаар их аялаж байсан. Хойд зүгийн нутгаар аялаж байхад Хөвсгөл аймаг надад их таалагдсан. Учир нь миний төрөлх хот далайтай байсан болохоор Хөвсгөл далайг харахад надад сайхан байдаг. Тэнд завиар зугаалж байгальд нь алхахад сэтгэл их хөдөлдөг.

-Монголын үндэсний баяр наадмыг тэмдэглэдэг үү, аль нь таалагддаг вэ?

-Би өөрөө зуны улиралд дуртай болохоор жил бүрийн наадмыг их үздэг. Үндэсний бөхийн барилдаан, Сур харваа, Хурдан морь уралдах зэрэг нь спортын төрөл учраас бас их сонирхолтой.

-1992 оноос хойш Монгол Улс хэр хурдацтай хөгжсөн гэж харж байна вэ?

-Монгол Улс асар хурдацтай хөгжсөн. Намайг анх ирж байхад Улаанбаатар хотод хоёрхон зочид буудал байлаа. Ороод хоол идэх, бүжиглэх, дуулах газар ч байсангүй. Тухайн үед нийслэлийн оршин суугчид нь 600 мянга байсан бол одоо нэг сая 300 мянга болсон гэж ярьж байна. Цөөхөн хэдэн тооны машинтай замын ачаалал гэж байхгүй зорьсон газартаа 3-5 минутын дотор очдог тийм л амар амгалан хот байлаа. Хорооллын өргөө кино театрын тэнд нэг ресторанд орж Улаанбаатар зочид буудлын дор байдаг жижигхэн барнд бүжиглэдэг байлаа. Одоогийнх шиг олон ресторан, бар, караоке, супермаркет байгаагүй. Гэхдээ би тэр үед их дуртай. Тухайн үед цөөхөн хэдэн гадаад хүмүүс байдаг байлаа. 1995 оноос хойш Монголд хөрөнгө оруулах хүсэлтэй гадаад хүмүүс их ирдэг болсон.

-Францын алдартай брендийн дэлгүүрийг Монголд нээх хүсэл байдаг уу? Одоо бүх зүйл нээлттэй болсон шүү дээ?

-Энэ боломжгүй зүйл биш. Өнөөдөр Монголд дэлхийн брэндүүд үүд хаалгаа нээж өөрсдийн гэсэн үйлчлүүлэгчидтэй болж байна. Гэхдээ одоогоор эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ цаг үед бол энэ талаар бодоод хэрэггүй байх. Өнөөдрийн байдлаар би ресторанаа ажиллуулахаас гадна Мобиком компанид зөвлөхөөр ажиллаж байгаа тул өөр зүйл рүү сатаарах боломж хомс байна. Ресторан ажиллуулах нь өөрөөс маш их энерги шаарддаг. Бүх үйлчлүүлэгчээ үүднээс тосч авч тэднийг суудалд нь хүргэж өгөх, захиалга хийхэд нь туслах, тэдэнтэй ярилцах гээд цаг их ордог л доо. Би ресторан даа орж ирсэн бүх хүмүүсийг сэтгэл хангалуун байлгахыг зорьдог.

-Ярилцлагын туршид найзууд гэж ярилаа. Та Монголд их олон найзтай бололтой. Монгол хүнтэй найзлахын давуу тал нь юу байдаг вэ?

-Монголчууд их цөөхөн найзтай байдаг. Өөрийнхөө найз нөхдийн хүрээнд ярихад Монгол хүнтэй найзууд болоход цаг хугацаа их ордог. Эхлээд бие биенээ танина хоорондоо итгэлцэл бий болгоно. Тэгээд нэгнийхээ итгэлийг олсон үед бол жинхэнэ найзууд байж чаддаг. Би хамт ажиллаж байсан инженерүүдтэйгээ одоо ч найзууд. Тухайлбал Скайтел компаний Болор захирал байна. Бид хоёр их олон жил найзалсан.

-Монгол хүмүүсийг ажиглаж байхад сул тал нь юу байсан бэ?

-Би өөрөө хүнийг маш их хүндэлж харьцдаг. Хүндлэл гэдэг бол хүмүүсийн харилцааны эрхэм дээд хэлбэр гэж ойлгодог. Тийм дээ ч хүмүүсийг хүндэлж хоорондоо итгэх итгэлийг олж авдаг. Гэтэл миний хүндэлж итгэж байсан хоёр ч хүн итгэлийг минь маш хурдан хугацаанд алдсанд их хамарсдаг. Тэгэхээр өөрийн хүрээнд харьцаж үзсэн хүмүүсээс дүгнэхэд нэгэндээ итгэх тал дээр жаахан асуудал байгаад байна.

-Нийслэл хотод шинэ хэв маягийн олон ресторан нээгдэж байна. Танайх эдгээр рестароноос ялгарах онцлог юу вэ?

– Манайд ирж буй хүмүүсийг өөрөө угтаж тэдэнтэй ярилцаж уух юмаар дайлах зэргээр цагийг өнгөрөөдөг. Ер нь байнгын үйлчлүүлдэг хүмүүс нь бол найзууд байдаг л даа. Би аль болох үйлчлүүлэгчид дээ өөрөө үйлчилж тэдэнтэй ярилцахыг хүсдэг. Энэ нь надад маш их таалагддаг. Намайг байгаа цагт хүмүүс ихээр ирдэг. Би эзэн шиг байхыг хүсдэггүй хүмүүстэй энгийн харилцаж тэднийг хүндлэх нь сайхан байдаг. Бидний найрсаг харилцаа соёлтой үйлчилгээ таалагддаг учраас манайд ирсэн хүмүүс заавал эргэж ирдэг. Мэдээж рестораны гал тогоо, хоолны амт чанар төгс байх ёстой.

-Та 10 жилийн дараах Монгол Улсыг хэрхэн харж байна?

-Хамгийн эхэнд ардчилсан орон гэдэг утгаараа надад их сайхан санагддаг. Мэдээж улс орон хөгжихөд улс төр тогтвортой байх хэрэгтэй. Одоогоор улс төр их замбараагүй байна. Арван жилийн дараах Монголын хөгжил одоо байгаагаасаа илүү хурдацтай хөгжинө гэж боддог. Гэхдээ миний харж буйгаар хоёр замаар явбал илүү зохистой байх. Нэгдүгээрт: Аялал жуулчлалыг одоо байгаагаас нь илүү сайн хөгжүүлбэл гадны хөрөнгө оруулалтууд их орж ирнэ. Хоёрдугаарт: Уул уурхайн салбараа дахин сэргээх хэрэгтэй. Магадгүй хоёр жилийн дараагаас уул уурхайн салбар эргээд сэргэж эхлэх байх. Энэ хоёр замыг илүү сайн хөгжүүлбэл 10 жилийн дараа нийслэл хотод метро болон дэлхийн хэмжээний бүтээн байгуулалтууд бий болох байх. Мөн хөдөө орон нутгийн иргэд ус, цахилгаан , орон сууцаар хангагдаж ирнэ.

-Аялал жуулчлал хийхэд манай улс хэр тохиромжтой вэ?

-Монгол бол аялал жуулчлал хийхэд бүх зүйл нь бүрдсэн төгс орон. Гадны жуулчдын харахыг хүсдэг гол зүйл нь тал нутаг байдаг. Монголд ирж буй жуулчдын ихэнх нь морь унаж тал дээгүүр давхихаар ирдэг. Монголын тал дээгүүр морь унаж давхина гэдэг тэдний хувьд бараг мөрөөдөл байдаг. Жуулчид морин аялал, дугуйн аялал, явган аялал их хийдэг. Гэхдээ хамгийн их анхаарлаа хандуулах зүйл нь хогны асуудал. Аялал хийгээд явж байхад маш их хог байдаг. Заримдаа жуулчид өөрсдөө явган аяллаар явахдаа хог түүж явдаг. Монголчуудын найрсаг зан гадны жуулчдыг их татдаг. Зам асуух гээд хөдөөний айлд ороход цай хоолоор дайлдаг. Аялагчид бүр үнэгүй хоол цай өгч байгаа юм уу гээд гайхдаг.

Холбоотой мэдээ

Ж.Одонцэцэг: Байгаль дэлхийгээсээ эрчмээ авч, биеэ эмчилдэг эртний монгол ухаан өнөөг хүртэл бидний дотор оршсоор байгаа

“Гүн төгс наран” ТББ -ын тэргүүн Ж.Одонцэцэгийн ээлжит нэгэн ярилцлага уншигч танд хүрэхэд бэлэн бол

2021-09-19

“Цонхон дээрээ хуулга наалгаад алергигаа мартлаа гэсэн хүмүүс олон байдаг”

"Johnson Window Films", "Nextfil", "3M" зэрэг салбартаа тэргүүлэгч брэндүүдийн хальсыг Монголдоо нэв

2021-09-16

Ж.Одонцэцэг: Бид өвөг дээдсийнхээ яснаас холдож, цуснаас тасарч чадахгүй

Анагаагч Ж.Одонцэцэгийн ээлжит нэгэн ярилцлага уншигч танд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн ярилцл

2021-09-15

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...