Зах зээл хөөсөн нүүдэлд өв соёлоо гээхгүй юм шүү

2020-03-05 Нийтлэл 0

Аргалын гарам гэх газрыг зорьсон бид хагас суурьшмал маягийн хот айлд хүрэв. “Нүүдлийн малчдын ахуй ч арай биш дээ” гэлцэн байцгаах зуурт маань нохойгоо хорьж өгсөн айлд орцгоолоо. Баруун хатавчных нь дээхэнэтэйх ширэн хөхүүрт намрын айраг шуугих шиг. Тэрхүү хөхүүрийн ур хийц нүднээ ил. Сүүлийн жилүүдэд малчин айлууд гүүний айргаа хуванцар саванд эсгэснээр амт чанарт муугаар нөлөөлөх болсон юм. Тиймээс хөхүүрийн айраг үнэд орж буй. Гэрийн эзэнд нь хэрэг зоригоо танилцуулан яриа өрнүүлцгээлээ. Тэдний  хөхүүрийг хэн хэрхэн урласан талаар нэг маань тодруулахад “Аав урласан” гэв.Эл малчин залуугийнх бол Завхан нутгаас Дарханыг зорьж, зах зээлдээ ойртон нүүж ирээд 20 гаруй жил болж байгаа Батмягмарын Отгонтөрийнх аж. “Ширэн хөхүүрийг хийхдээ 8-аас дээш насны шар болон үнээний ширийг нойтон дээр нь эсгэж оёдог. Эсгэхдээ ширний хүзүү хэсгийг нь хэц модны дээд талаас уяхаар, дөрвөн шилбэний год хэсгийг хөндлөнгөөр хавсарч тааруулан хөхүүрийн хэлбэрт оруулан эсгэж, нарийн сураар оёдог. Оёхдоо хавсарч буй ширний завсар нийтгэсэн утас даавуугаар хавчуулдаг. Энэ нь оёдлын завсраар айраг асгаруулахгүй гэсэн арга” гэлээ. 100 гаруй адуугаа адгуулан малладаг залуухан гэр бүлийн хувьд хөхүүр хийх аргыг ааваасаа сурч байгаа нь бахархалтай санагдав.

Малчдын жирийн өдрийн ажлын нэг хэсэг нь цагаан идээгээ боловсруулах юм. Түүний нэг нь тогоо нэрэхтэй таарав.

Б.Отгонтөрийн гэргий Д.Лхам үнээний сүүгээр исгэсэн цагаагаа зуухан дээрх тогоонд хийж, төмрөөр хийсэн бүрхээрээ тавин, дүүжингийн хувингаа зүүж дээр нь жалавчаа тавив. Мөн уур гарахаас хамгаалж бүрхээр жалавчаа ороолтоор ороон галаа өрдлөө. Жалавчаа нэлээн сайн халсны дараа усаа хийдэг гэж тайлбарласан юм. Ийнхүү гурван усны нэрмэл авсан билээ.  Дүүжингийн хувинтай охь архиа ширээнээ тавиад саамандаа гарав. Саамаас орж ирээд нэрмэл архинаасаа галдаа өргөн хадам аавдаа аягалан барив. Дараа нь ирсэн гийчиндээ аягалан барихад “Идээний дээж эрхэм чанартай, архи нэртэй ариун чанартай,сархад нэртэй сайхан чанартай охь шимээ дээжилсэн энэ өрхийнхөн элбэг жаргалаар дүүрэн байхыг ерөөе” хэмээн бэлгэ дэмбэрэлийн үгээ хэлсэн юм. Тогооноос буулгасан бүрхээрт тогтсон цагааны ээрмийг гэрийн эзэгтэй халбагаар хусан авав. Энэ нь хоолны хачир буюу амтлагч болдог аж. Мөн цагаагаа уутанд юүлж шар сүүг нь шүүн авна билээ. Тэрбээр хоёр дахь саамны дараа цагааг дөрвөлжин хэлбэрт оруулан зориулалтын модны завсар тавиад чулуугаар дарав. Гурав дахь саамны дараа шахаж зэхсэн цагаагаа зүсэж хурууд болгон хатаахаар дэлгэц дээр тавьсан юм.

Цагаанаас шүүж авсан шар сүүг монголчууд бага хүүхдээ өлчир болгоход ашиглана. Шар сүүнд хүүхдээ оруулж, үдийн наранд биеийг нь энэ. Ингэснээр Отгонтөрийн гурван настай хүү шиг монгол хүүхэд эрүүл саруул өсч торнидог.

Тогоо нэрж, цагаагаа ашиглахын бүхий л аргыг мэдэж чадан идээ бүтээгдэхүүн гаргаж авч байгаа нь сайн хэрэг. Гэхдээ уламжлалт гэх үйлийн эргэн тойрон дахь бэлгэдлийн ёслолыг орхигдуулж яваа нь ажиглагдав.

Архи дарсыг идээний дээж гэж үздэг тул бэлгэдэл цээр нь ч нарийн тогтсон ёс дэгтэй байдаг. Архи зоргоороо шунан уух, ухаан санаагаа баларттал хэрэглэхийг нэн цээрлэнэ. “Дөч хүрээд дөнгөж амс, тавь хүрээд талбиж зоогло, жар хүрээд жаргаж хүрт” гэх буюу “Архи хэтэрвэл амьдын тамд унана” гэх мэтээр сургаж, найр хуримд гурван хундаганы хувь тогтоодог байжээ. Архи дарсыг амсаад “гашуун нясуун, хатуу догшин” гэж хэлэхийг цээрлэдэг. Ёс төрийг эрхэмлэн архи сархадыг заавал сууж амсах буюу уудаг ба лонх саваар нь уухыг цээрлэдэг. Өлөн элгэн дээр архи уухыг цээрлэнэ. Эцэг эх, ахмад настны дэргэд архи уухыг болчимгүй хөнгөн явдал гэж жигшдэг. Хэрэв ёс гүйцэтгэн уух бол тэдний зөвшөөрлөөр хүртэнэ. Хойлгын идээ болох уй гашуу тайлах зэрэгт архи дарс оруулах, уухыг нэн цээрлэдэг ба талийгаачийн сүнсэнд барцад учирна гэж үздэг. Үхээрийн бузар архиар дамжин үлдэж буй төрөл төрөгсдөд халдаж архи дарсны дон шүглэнэ хэмээн сэжиглэдэг байна. Нөгөөтэйгүүр архийг хүртэхдээ сэржим өргөдөг ёс бий. Сэржмийг ядам хуруугаар гурван удаа өргөдөг. Гурван удаа өргөдгийн учир нь “хөх тэнгэр амгалан байг” “хөрст дэлхий амгалан байг” “хүн зон амгалан байг” гэсэн утгатай. Сэржим гэдэг нь “алтан хундага” гэсэн түвд үгнээс гаралтай. Хэрвээ хүн шууд савнаас архи хундагалан өгсөн тохиолдолд гурван удаа сэржим өргөн духандаа түрхээд хортой эсэхийг шалган эзэнд нь эргүүлэн барьдаг ёсон бий. Энэ бүхнийг залуу малчид төдийгүй түүний аав ч сайн мэдэхгүйгээ бидэнд хэлж байв.

Энэ залуу гэр бүлийн хувьд өрхийн орлого болон зах зээл дэх арилжааны ашгийг л анхаарч байж болох. Тиймгүйсэн бол Монгол Улсын хоёр дахь том хот Дарханыг бараадаж, алс хол Завханы сайхан хангайгаас юунд нүүх билээ. Дархан-Уул аймаг дэд бүтэц сайн хөгжсөн, Улаанбаатар-Алтанбулагийн чиглэлийн олон улсын автозам, Улаанбаатар-Сүхбаатарын олон улсын төмөр замын зангилаан дээр оршдог, төвийн эрчим хүчний системд холбогдсон, өндөр хурдны шилэн кабель, тоон системийн радио релейны шугам, хөдөлгөөнт холбооны үйлчилгээтэй, бусад аймгийг бодвол нийтийн найдвартай, тогтмол хямд тээврийн хэрэгсэлтэй, хүмүүсийн амьдралын өртөг багатай зэрэг давуу талуудтай. Амьдрал хөөж, төв суурин бараадаж буй Отгонтөр шиг олон залуу гэр бүлүүдийг буруутгахад бас эргэлзээтэй. Хэрэглэгчид хүрэх цагаан идээний өрхийн үйлдвэрлэл нь сайн. Харин түүний зэрэгцээ нүүдэлчний ахуйтай уялдаатай соёлын биет бус өв /СББӨ/-ийг уламжилж явахыг зарим талаар орхигдуулж явна эд. СББӨ-ийг тасралтгүй өвлөн уламжлахад заналхийлэх нийгэм, эдийн засгийн нөлөөлөл алсдаа бий болох хөрс бас байна гэмээрээ.

Нөгөө талаасаа эдийн засгийн эргэлтэнд мал аж ахуйгаа оруулахаар хагас суурин хэлбэр рүү шилжсэн ч удам дамжсан мал маллагааны аргыг бас хадгалж үлдсэн нь бахархууштай. Тэднийх Завханы Тэлмэн нутгийн малын удмын сангаа хадгалж явна. Холын нутагт нүүж ирээд 20 гаруй жил болсон ч өнөө хэр адууны хээр зүс нь хэвээр байгаа аж. Адуулан маллахаас гадна сүргийн бүтцээ сайтар анхаарч авч явах мэдлэг нь олон зүйлд эх сурвалж болдог. Цагаан идээний чанар болоод соёлд ч хамаатай.  Эднийх зунжингаа  айргаа зарж борлуулан гүүгээ барьж, унагаа уясан хэдий ч адуун сүрэг нь өнгө сайтай байна. Монгол даяараа гантай байхад бусдаас онцгойрч чадаж байгаа нь энэ юм. Үүнд учир байна. Б.Отгонтөр өвлийн гурван сарын турш  адуугаа алсын оторт ганцаар авч явдаг гэсэн юм. Отрын бүс нутагт нь чоно буюу тэдний хэлдгээр “Хангай” нь элбэг. Тиймээс өвлийн шөнө адуугаа манаж хонодог ажээ.  Чухам Отгонтөр шиг ажилсаг, малч хүмүүс л ийм оторт гарах аж. Адуугаа оторлуулдаг нутаг нь хусан ой. Тэнд амт чанар, тэжээллэг борог өвс элбэг байдаг гэж тэр хэллээ. Энэ нь хангай нутгийн хөвд юм.

Ийнхүү цагийн хатууд хөвдөнд идээшилж тарга тэвээргээ хадгалж үлдсэн  адуунаас нь гарах ашиг шим арвин, чанартай байдаг ажээ. Тэрхүү ашиг шимийн нэг гүүнээс гарах саам саах ажилд бид оролцов. Гүүг нэг удаа саахад ойролцоогоор 500 граммаас дээш саам гарна. Саам саах хоорондын хугацаа нь хоёр цаг байна. Гүүгээ саахдаа унагыг нь хөхүүлэн татаж зогсоод “гурий, гурий…, хоогос” хэмээн дуудан ивэлгэж байлаа. Зарим нутагт догшин гүүгээ богочиж саадаг бөгөөд ингэхдээ “боогос, боогос” гэж дууддаг ажээ. Эдний гүү номхон талдаа. Тийм болохоор хэн ч саахад үргэж дошгирохгүй. Харин зэл рүүгээ харь хамаагүй хүн ойртуулах ёсгүй гэх заншил л энэ малчныд бүрэн орхигджээ. Эзэн мал хоёр нь энэ тал дээр “үзэл онол” нэгтэй байж мэдэхээр байна билээ. Арвин саам авч, шимтэй айрагаар хөхүүрээ дүүргэхэд нь ийм төлөв төдийлөн нөлөөлөхгүй байх л даа. Гэхдээ СББӨ-ийг хадгалан өвлүүлэх чухал чанар гээгдэх вий гэсэн эмзэглэл төрнө.

Холбоотой мэдээ

Ялзарсан алим нь бутаа сүйтгэж, Эцээсэн ажилтан нь байгууллагаа доройтуулах нь

Насанд хүрсэн улсууд гэхэд ажлын байр дээр нэгэндээ үзүүлэх муу нөлөөлөл нь арван жилийн сургуулийн

2021-01-26

Хуулж хийсэн сурталчилгаа чинь хүүхэд нохойн доог болоод байна

Алим барьсан могой Эва-д худалдаа хийдэг байсан үе 2000-аад жилийн өмнө дууссан байлтай. Дэлхийн хөг

2021-01-25

Үндэсний боловсролыг хөгжүүлэх хүнээ сайдаар томилоорой, Ерөнхий сайд аа

Манай улс боловсролын тогтолцоогоо эргэн харж, ирээдүйд ямар мэргэжилтэй, ёс зүйтэй иргэнтэй болох в

2021-01-25

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...