Р.Эмүжин: Хүүе, үрчлээ тэглээд, өөх шатаагаад өг…

2020-03-10 Нийтлэл 0

Хавар ч янзтай эхэлж байна даа. Хайрт Ардын нам маань тэглэдэг өвчин тусчихсан. Тэр тэглэдэг өвчин чинь хачин түргэн халддаг юм байна, хөөе. Тэгээд бас эдгээх вакцингүй, эмчлэх эмгүй гэвэл яах уу? Тоо л харагдвал тэглээд, торго л үзэгдвэл бэлэглээд байна гэсэн.

Нөгөө энхрий хайрт Ерөнхийлөгчийн маань эрвэлзэнхэн жороолж, эргэлдэнхэн жолоодож байгаад тэглэсэн тэтгэврийн зээл яалаа, нөхөөсөнд нь орд газрын овоо том наймаа яригдаад өнгөрсөн. Одоо болохоор овоорсон өр зээл, ондойсон өөх тарга, за бүр нас ч тэглэж намба алдаж магадгүй болчихлоо. Тэглэх сургаар эрүүгийн хэрэгтний ялын хугацаа, элдвийн зээлтний өр шир, бүр цаашлаад бүдүүн эрчүүд, бэлхүүсгүй эмэгтэйчүүд асууж сураад, алд дэлэм санаа алдаад эхэллээ. Илүү жин, идэшний гэдэс тэглэх үү л гэлцэж байна.

Бүгдийг тэглэчих ээ, яршиг. Төрд шургалсан түшмэдүүд, засагт завилсан завшигчдын өөрсдийнх нь болон хүүхдүүдийнх нь өр зээл, өмд гутал…юу байна бүгдийг тэглэ. Дээр нь орон сууцны зээл, олзоо барьцаалсан зээл..машины зээл, маний гар утасны зээл…тэглэх юу л байна, тэнхээтэй үедээ тэглээд өг, амар зүгээр. Үрчлээ тэглээд, үнэ тэглээд, за яадгийн тэгж яривал нас тэглээд, намба тэглээд, энэ муудаад байгаа харааг тэглээд, муужраад байгаа эдийн засгаа тэглээд…Тэг Улс болцгооё л доо.

Тэр олон тоо, овлигогүй өссөн өр зээлийг яршиг зүгээр, дараа үеийн залуус хүүхдүүдийн нуруун дээр нумартал нь ачаалчих. Чиний өвөөгийн тэтгэврийн зээлийг тэглэсний ачаа, аавын чинь их сургуулийн зээлийг тэглэсний чиргүүл гээд овоолоод бай. Чи үр хүүхэд нь юм чинь үүрэхгүй яадаг юм, үргэлж сайн сайхныг өвлөнө гэж юу байсан юм, үйлээ үүрч, нүглээ хариуц гээд сульдаад уначихсан улс орноо суганд нь хавчуулаад үлдээчих. Тэддүгээр онд төр барьсан тийм түшмэдийн сургалтын зээл гээд эхнээс нь хуваарьлаад, ирээдүй үеийнхэнд өрний дэвтэр албан ёсоор нээчихвэл яасан юм. Хөөе, ингэхэд нүгэл тэглэж байгаа юу?

Андуураад буян тэглэчихэв ээ! Гадаад улс орнуудад тавьсан галзуу их долларын өрөө тэглэж чадахгүй л юм бол энд үзэг бал, үүрдэг цүнх, үзсэн хүүхнүүд эрчүүдийнхээ тоо, үүрч яваа өр зээлээ мянган удаа тэглээд, түмэн удаа шатаагаад нэмэргүй. Аав ээжийнхээ арай ядан хураасан хэдэн цаас, харьд халуун залуу нас, хамаг эрүүл мэндээ золиосолж олсон мөнгөөр суралцсан ардын хүүхдүүд яах вэ, адлуулаад, алагчлуулаад сурчихсан юм. Харин нөгөө бөөн бөөнөөр нь тавьсан, бөөр бөөрөөрөө ижилдсэн гадаад өр яах билээ?

Тиймээс дэлхийг тэглэж байгаад тэр их гадаад өрөө байхгүй болгоод ир. Чадахгүй юм бол эх орны чадал шавхаж, эдийн засгийн чадамж унагаж, энэ ард түмнийг цуцааж шоудаад юүхэв. Энд зээл тэглээд байдаг, тэндэх өр өсөөд байдаг. Том бондууд, своп хэлцэл, дэлхийг тойрч тавьсан хэдэн арван их наядаар хэмжигдэх өрөө тэглэж хүчрэхгүй байж эх орон тэглээд, элэг зүрх ураад байх юм.

Хэлээд байгаа шүү, гадаад өрөндөө Хүк, Зандка, Женко, Зика, Оюука нар өөр өөрийнхөө төрсөн довыг өгөөрэй. Баатарбилэг бас унасан бууриа өгнө гэсэн! Эмүжин аймаг аймгаар нь талцуулж байна гээд л элдвийн төлбөртэй пэйжүүдээрээ нүдээд байдаг юм билээ. Төрсөн нутгаа өрөнд өгөх гээд л төөрч үхмээр их өр тавьж, түлэгдэж үхмээр их зээл тэглэдэг юм байлгүй. Энүүхнийг хэллээ гээд энэ муу хүүхэн улс талцуулж чадаж байвал уучлаарай зүгээр л урд чинь хонь болоод майлчихъя, холбоод урагшаа ачуулчихгүй юу.

Тэгээд Нямкагийн хүүгийн Шинэ Зеландад сурсан 33.0 мянга, Энхтүвшингийн хүүгийн Америкт сурсан 16.0 мянга, Бадамжунайн охины Канадад сурсан 32.0 мянган доллар…ёо энэ ёрын жагсаалт дуусахгүй нь ээ…бүгдийг нь бүлт бүлт тэглээд хая. Энэ чинь сургуульд явахдаа сургалтын төлбөрөө төрийн сангаас эрх мэдлийн эрэмбээр зээлээд, ирээд аав ээжээрээ арын хаалгадуулж ажилд орсон болоод, өр зээлээ үнэгүй болгодог цувраа луйвар. Өв дамжуулан өвөрлөдөг сүүл урттай сүлжээний хожоо. Энгийн ардын хүүхдэд олон мянган долларын зээл байтугай олигтойхон тодорхойлолт ч олдохгүй.

Тэгдэггүй юм, тэг төгрөгөөр юу ч худалдан авч чадахгүй нь цорын ганц, цочмоор аймшигтай үнэн. Үндэсний хэдэн компаниа, үргэлж муу хэлээд байдаг банкуудаа ч тэглэ. Тэглэнэ гэдэг чинь байхгүй болгоно, устгана гэсэн үг. Хоосон хүн, хоосон улс оронд алдах айдас байхгүй. Алдах юмгүй хүнээс айж амьдар гэж үг байдгийг мэдэх үү. Юу гээч, 2016 оны сонгогчдоос 2020 оны санал өгөгчид өөр шүү, он жилээр хоцрогдсон аргаа сайтар үрж зөөллөж байгаад онжигоо арч л гэж хэлье. Эх орон тэглэхээс чинь өмнө эхлээд та нарыг тэглэчих вий дээ. Өр зээлээ тэглэх гэж өндөлзөж байж өөрсдөө тэглүүлэв ээ!

Р.Эмүжин

Холбоотой мэдээ

Ялзарсан алим нь бутаа сүйтгэж, Эцээсэн ажилтан нь байгууллагаа доройтуулах нь

Насанд хүрсэн улсууд гэхэд ажлын байр дээр нэгэндээ үзүүлэх муу нөлөөлөл нь арван жилийн сургуулийн

2021-01-26

Хуулж хийсэн сурталчилгаа чинь хүүхэд нохойн доог болоод байна

Алим барьсан могой Эва-д худалдаа хийдэг байсан үе 2000-аад жилийн өмнө дууссан байлтай. Дэлхийн хөг

2021-01-25

Үндэсний боловсролыг хөгжүүлэх хүнээ сайдаар томилоорой, Ерөнхий сайд аа

Манай улс боловсролын тогтолцоогоо эргэн харж, ирээдүйд ямар мэргэжилтэй, ёс зүйтэй иргэнтэй болох в

2021-01-25

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...