Монгол хүний заавал унших 10 ном

2020-03-12 Нийтлэл 0

Номын их гүүш Б.Ренчин гуай “Номын утга тэнгэр мэт аугаа, дэлхий мэт өргөн, далай мэт гүн юм. Номыг унших нь тэнгэрт нисэж, дэлхийг тойрч, далайд шумбах мэт” хэмээн нэгэнтээ дуу алдсан байдаг.

“Залуу наснаасаа мэргэн ухааныг л нөөцөлж ав. Түүнээс илүү найдвартай хөрөнгө гэж хаа ч үгүй” гэдэгчлэн хүн төрөлхтөний даруухан гайхамшиг болсон номтой нөхөрлөсөнөөр мэдлэг, мэдээллийн цоож цуургагүй алтан авдар таны өмнө дэлгэгдэх болно. Түүнийг онгойлгохыг хүссэн хүн бүрт гэрэл цацруулан хавхагаа дэлгэж, хавтсаа нээн, үнэт эрдэнэсээ үнэ төлбөргүйгээр нүдний чинь өмнө мишээн толилуулах болно. Дураараа уудлан, чадлаараа хүртэцгээ. Залуу хүн бүрийн уншвал зохих шилдэг номуудыг танд санал болгоё.

Ментор- Амжилт контент

Эрхэм уншигчид нэн тэргүүн санал болгох ном бол Амжилт паблишингаас хэвлэн гаргасан Ментор ном юм. Уг номонд Монголын нийгэм, эдийн засгийн голлох салбарт өөрийн мөрөө тод үлдээж, амжилт ололтоороо тэргүүлж буй шилдэг 30 хүний арга барил, туршлага, зөвлөгөөг багтаажээ. Хүмүүс алдартай хүний намтар түүхийг уншихаас төвөгшөөх нь бий. Учир нь хэт зузаан, нуршуу байдал нь уншигчийг уйдааж мэдэх юм. Нөгөө талаар намтарчилсан, амьдралын туршлагаа хуваалцсан номнууд гаднын хүмүүс байх нь элбэг.  Тэгвэл энэ номноос та өөрийнхөө ментор болгох боломжтой 30 хүний намтар түүх, ажлын туршлага, арга барил, хүсэл зорилгыг бүрэн гүйцэт таньж мэднэ.  Тэдний туулсан түүх, олж авсан туршлага нэг бүр Монгол Улсын өнгөрсөн, одоо, ирээдүйн өнгө төрхийн бүрнээ илтгэнэ.

Заан Залуудай – Б.Ринчен

Уншигч та Улаанбаатар хот, Зайсан орчим дахь Туулын хар шугуйд тэртээ арав гаруй мянган жилийн өмнө ямар хүмүүс, хэрхэн амьдарч байсан бол гэж бодож үзэж байв уу. Билгүүн номч Б.Ринчен энэхүү “Заан Залуудай” зохиолыг археологийн судалгаан дээр тулгуурлан бичиж, Монголын газар нутаг дээр оршиж байсан хирс, арслан бар, заан, баавгай зэрэг олон сонирхолтой араатан амьтны тухай өгүүлж, тэр цагт бидний эртний өвөг дээдэс хэрхэн галыг эзэмшиж, байгалийн хүнд хэцүү шалгуурт дасан зохицож байгааг үзүүлсэн байдаг. Хэрэв та Холливүүдын “Ice age”, “The Croods” зэрэг эртний амьдарлыг үзүүлсэн анимейшн бүтээлүүдэд дуртай бол “Заан Залуудай” зохиолыг уншсанаар яг л тийм хөгжилтэй, адал явдалтай сэтгэл догдлуулсан ертөнцөд умбах болно.

Улаанаа ухилах танхим – В.Инжиннаши

Алтай язгуурын Монгол хэлний арвин сан хөмрөгийг зөвхөн орчин үед түлхүү хэрэглэгдэж буй халх аялгуугаар тодорхойлох боломжгүй билээ. Жишээ нь та Ванчинбалын гэр бүлийн гишүүдийн бүтээлүүдээс нэг удаа уншиж үзвэл XIX зууны үед Өвөр Халхын язгууртнууд, бичгийн эрдэмтэд хэрэглэдэг байсан монгол хэлтэй танилцах боломжтой. Тухайлбал монголын анхны романч гэгддэг В.Инжаннаши үндэснийхээ бахархал, омогшилыг сэрээх гэж, харийн соёлыг хэт их шүтэж омтгойлж байгааг сэрэмжлүүлсэн “Нэгэн давхар асар” ба “Улаанаа ухилах танхим” хэмээх роман бүтээсэн байдаг. Түүний “Хөх судар” романыг уншсан хүмүүс В.Инжиннаши үүх түүхээ сэргээн таньж, мартагдсан монгол үг, хэллэгийг ойлгож өвлөхийн тулд залуу насандаа ямар их хүч хөдөлмөр гаргасан байдгийг мэдэх биз ээ. Тиймээс энэхүү номыг заавал унших бүтээлүүдийн жагсаалтдаа оруулж болно шүү.

Шилийн богд – Г.Мэнд-Оёо

Зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Оёо монголын утга зохиолын ертөнцөд олон сайхан шүлэг, калиграф, судалгааны ажил, ном бүтээлүүд бий болгосон байдаг. Тэгвэл түүний “Шилийн богд” бүтээлд монгол эр хүн бүрийн бахархан шүтдэг Тоорой банди, түүний гэр бүл, нөхөд ба дайснуудыг дүрслэн үзүүлжээ. Зохиолд Агшуу хэмээх жигүүртний ертөнц хүмүүстэй зэрэгцэн орших ба амьдралыг шувууны нүдээр харж өгүүлсэн нь тун сонирхолтой сэтгэгдэл төрүүлдэг.

Цагаан Хар Улаан – Г.Аюурзана

Зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын бүтээлүүдээс энэ удаад “Цагаан Хар Улаан” бүтээлийг онцлон хүргэж байна. Зохиолын үйл явдал орчин үеийн Улаанбаатар, Ховдод өрнөх бөгөөд гадаадад арал худалдан авах хэмжээний бэнчинтэй зураач Рэнцэнраа гэх эрийн тухай өгүүлнэ. Тэрээр Ховдыг зорьсон нислэгийн үеэрээ үүлэн дотор Бурхан инээмсэглэж буйг харж, Булган суманд туульч Намаржаан гэх хүнтэй танилцаж, Пенелопе хэмээх харийн бүсгүйд сэтгэл алдарна. Энэхүү зохиолын нэр нь ямар нэгэн өнгө заасан утгатай биш юм. Харин зохиолд тусгагдсан байгаа жинхэнэ урлаг гэж юу болох, хүний мөс чанар хаана, хэрхэн ялгарч тодордогийг, хумигдан мартагдаж буй үндэсний соёлын тухай өгүүлсэн сэдвүүд дундаас та уншиж мэдээрэй.

Тэнгэрийн хөвгүүний эцэслэл – С.Эрдэнэ

“Монгол хэлний тэр яруу сайхан нь хаана байна вэ?” гэж хэн нэгэн асуувал огт эргэлзэх зүйлгүйгээр С.Эрдэнийн зохиолуудыг нэрлэж болно. Түүний хамгийн сүүл үеийн бүтээлүүдийн нэг болох “Тэнгэрийн хөвгүүний эцэслэл” ном нь хоёр тусдаа туужаас бүрддэг. Эхний тууж нь Чингис хаан сүүлийн амьсгалаа хураахаас өмнөх хэд хоногийг өгүүлэх бөгөөд их хаантан өөртэйгээ хүүрнэсэн монолог байдлаар бичигдсэн. Зохиолч Чингис хааны түүхээс хамгийн анхаарал татсан, хүмүүс тэр бүр тайлж, тайлбарлаж чаддаггүй хэсгүүдийг тууждаа тусгасан байгаа. Харин тус номын хоёр дах тууж нь С.Эрдэнэ баавайн өөрийн намтар түүхээс бүрдэх ба 1990 оноос өмнөх нийгмийн үнэ цэнэтэй, сайхан дурдатгалуудтай хамт хөврөнө.

Үзэхийн хязгаар – Л.Өлзийтөгс

Яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн дотоод ертөнцөд охид, эмэгтэйчүүд маш дуртай байдаг учраас бид түүний “Үзэхийн хязгаар” номыг энэ жагсаалтад багтааж байна. Өөрийн дуртатгалдаа тулгуурлан бичсэн түүний энэ номонд хүний амьдрал, хүмүүсийн харилцаа, бодрол, бясалгал, олж авахуй болон алдан гээхүй, үхэл, гэгээрлийн тухай гээд маш олон сэдвүүд хөндөгдсөн байгаа.

Ийнгаа, миний хээр тал – Д.Батбаяр

Та хэзээ хамгийн сүүлд морь унасан бэ? Мөн морь унахаар танд ямар мэдрэмж төрдөг вэ? Технологи ба орчин үеийн амьдралын үрээр бид морьноос холдсоноор байгальтай харьцах, өөртэйгээ харилцах, дотоод сэтгэл болоод ирээдүйгээ харах хандлагад ямар өөрчлөлт орсныг энэ номоос мэдрэх боломжтой. Зохиолд Анар хэмээх нэгэн залуухан эрдэм шинжилгээний ажилтан эр хөдөө, айлд Ийнгаа гэх нэгэн бүсгүйд дурлаж, түүнтэй хамт мал дээр байгаа тухай гардаг. Анар бол өөрийн эрдэм шинжилгээний ажлаараа дэлхийд эх орныхоо нэрийг цуурайтуулж чадна гэж итгэдэг. Харин тэр итгэлийг нь хайр дурлал хийгээд морь унаж байгалийн хэлийг мэдэрдэг болсон чадвар нь төгөлдөржүүлнэ.

Онцгой эрх – Лха.Дарьсүрэн

“Онцгой эрх” роман бол монголын хамгийн алдартай зохиолуудын нэг гэдгийг та мэдэх биз ээ. Цагтаа энэхүү номыг худалдаалахыг хориглож байсан ч 1990 он өнгөрсний дараа Лха.Дарьсүрэн гуайн бүтээлийг хүмүүс маш их шимтэн уншсан юм. Зохиолд 1911 оноос хойш Монголын төр засгийн тэргүүнүүд хэрхэн тусгаар тогтнолоо тогтоон хадгалж, Япон болоод Хятадын эзэрхэг санаархалтай тэмцэж ирсэн түүхийг гарамгай тагнуулчдын амьдарлаар үзүүлнэ. Японы Манжуур дахь цэргийн дээд албан тушаалын хүмүүсийн итгэлийг олж чадсан монгол тагнуулууд ямар гайхамшигт үйл ажиллагаа явуулж байсныг энэ номоос олж мэдээрэй. Сонирхуулж хэлэхэд Лха.Дарьсүрэн гуай “Харанхуй ангал”, “Онцгой эрх” зэрэг романуудаа Тагнуулын газрын архивын материал дээр үндэслэн бичсэн гэдэг.

Монголын нууц товчоо

“Монголын нууц товчоо” бол түүхийн эх сурвалжаас гадна бидний өвөг дээдсийн бичиж үлдээсэн хамгийн эртний уран зохиолын бүтээлд тооцогдох сод туурвил юм. Орчин үед “Монголын нууц товчоо” бүтээлийг цаасан болон цахим байдлаар уншиж, аудио хувилбараар сонсох боломжтой. Хамгийн гол нь XII-XIII зуунд монголчууд хэл, бичгийн ямар өндөр соёлтой, яруу найргийн ямар өндөр мэдрэмжтэй, хүндэтгэл итгэлийн ямар ариун журамтай байсныг тус зохиолоос үзэж болдог. Жишээ нь Өүлэн эх Есүхэй баатарт булаагдах үедээ “Миний үнэрийг үнсэж яв” гэж хэлээд сэтгэлтэй эрдээ алчуураа дурсгаж байгаа нь, Бөртө-Үжиний ордны яруу найрагч залуу уран цэцэн үгтэйн ачаараа Чингис хааны өршөөлийг хүртэж, амьд үлдэж байгаа зэрэг сэтгэл хөдөлгөм олон үйл явдал тус бүтээлд бий.

Хархулангийн бөгж – З.Баяр

Орчин үед бүтээгдсэн үргэлжилсэн үгийн реалист зохиолуудаас З.Баярын “Хархулангийн бөгж” туужийг онцолж танилцуулъя. Цогтой монгол эрийн сэтгэлээр бичсэн З.Баярын тус номонд Хантай гэх залуугийн адал явдалт амьдралын тухай өгүүлдэг. Тэртээ Ил хаадын улсын үед Дамаскийн тулалдааны үеэр гарамгай гавьяа байгуулсан Хархулан баатрыг шагнаж өгсөн үнэт эрдэнийн чулуутай бөгж орчин үед Япон улсад сурдаг нэгэн залуугийн амьдрал, ертөнцийг үзэх үзлийг орвонгоор нь эргүүлнэ. Номонд монгол хүн харийн нутагт сурч, амьдралаа залгуулахын тулд хэрхэн зүтгэдгийг, Япон орны амьдралыг сонирхолтой талыг, эр хүн зорилгодоо үнэнч бол эцэст нь юунд хүрдэгийг үзүүлнэ.

 

Холбоотой мэдээ

Ялзарсан алим нь бутаа сүйтгэж, Эцээсэн ажилтан нь байгууллагаа доройтуулах нь

Насанд хүрсэн улсууд гэхэд ажлын байр дээр нэгэндээ үзүүлэх муу нөлөөлөл нь арван жилийн сургуулийн

2021-01-26

Хуулж хийсэн сурталчилгаа чинь хүүхэд нохойн доог болоод байна

Алим барьсан могой Эва-д худалдаа хийдэг байсан үе 2000-аад жилийн өмнө дууссан байлтай. Дэлхийн хөг

2021-01-25

Үндэсний боловсролыг хөгжүүлэх хүнээ сайдаар томилоорой, Ерөнхий сайд аа

Манай улс боловсролын тогтолцоогоо эргэн харж, ирээдүйд ямар мэргэжилтэй, ёс зүйтэй иргэнтэй болох в

2021-01-25

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...