Д.Мөнхчулуун: Миний анхны ажил ундаа зарах байсан

2017-02-21 Ярилцлага 0

“Бусдын хайрыг хүндэл хэмээн дуулж нэгэн цаг үеийн супер од болон гялалзаж явсан хамтлаг бол яах аргагүй “Татар хамтлаг.  Дэнжийн мянгын гэр хорооллоос гарсан бяцхан хөвгүүд төдийгөөс өдийг хүртэл хип хоп урлагийн томоос том төлөөлөгчид болсон байна. Учир иймд, бид “Амжилтын эзэн” ярилцлагын өнөөдрийн зочноор Татар хамтлагийн гишүүн Д.Мөнхчулууныг урьж амттай яриа өрнүүллээ. Уншигч авхай та бүхэн дуучин Мөөгийг хип хоп хамтлагийн гишүүн гэдгээс илүүтэйгээр амжилттай яваа бизнес эрхлэгч мөн айл гэрийн ноён нуруу болсон аав хүн гэдгийг энэхүү ярилцлагаас түлхүү унших болно.

–  Юуны өмнө реалити шоунд оролцож өрх толгойлсон ээжүүдэд тусласанд тань баяр хүргэе. Яагаад заавал өрх толгойлсон ээжүүдийг сонгож авах болсон бэ. Нийгмийн өөр эмзэг бүлгүүд байгаа шүү дээ?

-Өнөөдөр манай улсад гэр бүл салалт маш их байна. Эрэгтэй, эмэгтэй хоёрын үл ойлголцлын асуудлаас шалтгаалж, гэр бүл салалт бий болж байгаа хэдий ч үүний үр дүнд бяцхан үрс хохирч байгаад сэтгэл минь эмзэглэж явдаг. Өрх толгойлсон ээжүүдэд туслахдаа нийслэлийн зургаан дүүрэгт судалгаа хийсэн. Эдгээр ээжүүд маань олон хүүхэдтэй мөн архинаас хамааралгүй хүмүүс байгаа. Өөрөөр хэлбэл муу зуршилгүй зөвхөн үр хүүхдээ өсгөх гэж хичээж яваа эмэгтэйчүүд гэсэн үг.

–  Та цаашид сайн үйлсийн аян өрнүүлж, энэ чиглэлээр ажиллах сонирхол байна уу?

-Уран бүтээлчид өөрсдөө оюун санаагаараа нийгэмд сайн үйлс өрнүүлдэг хүмүүс юм. Нэг ёсондоо нийгмийн дуу хоолой болж, өөрсдийн хийж буй уран бүтээлээрээ бусдыг “эрүүлжүүлдэг”. Татар хамтлаг анх гарч ирэхдээ “Бусдын хайрыг хүндэл”, “Хүн хүнээрээ бай”, “Гүй жаалаа гүй” гэх мэт дуугаараа залуучуудад сургааль хайрласан бүтээлүүдийг хийж байсан. Эдгээр дуунуудыг сонсоход дуун дотор маш том философи  бий. Сонсогчид сонсоход  хип, хоп дуу хэрнээ зөв амьдрах ухааны лекц мэт. Учир ньхүн угаасаа гучин нас гараад ирэхээрээ нийгмийн хариуцлагаа ухаараад ирдэг юм байна. Компанийн нийгмийн хариуцлага гэдэг шиг Татар хамтлаг ч мөн адил уран бүтээлээрээ залуучууддаа гэгээрэл хайрлах үүднээс янз бүрийн ажлуудыг хийнэ. Хамтлагийн хүрээнд, хувь хүний хүрээнд олдох боломж бүрийг алдахгүйгээр нийгмийн тустай үйлсийг хийх болно.

Миний анхны ажил бол одоогийн Дэнжийн мянга буюу хуучнаар Наран туул зах дээр ундаа зарах ажил байсан

-Таныг хараад байхад дан ганц уран бүтээлээс гадна бизнес рүү анхаарал хандуулж ажилладаг ажил хэрэгч хүн юм. Анхны ажлын гараа хаанаас эхэлж байсан бэ?

-Миний анхны ажил бол одоогийн Дэнжийн мянга буюу хуучнаар Наран туул зах дээр ундаа зарах ажил байсан. Тухайн үед Наран туул зах дээр нийслэлийн амьдрал буцалдаг байлаа. Бүх худалдаа наймаа тэнд болно. Зуны амралтаар хүүхдүүд амраад ихэнх нь ундаа зардаг байсан учраас өрсөлдөгч олонтой ажил байлаа. Иймдээ ч тухайн нийгэм орчин нь өөрөө чадварлаг борлуулагч байхад сургасан даа. Санхүү эдийн засгийн дээдсургуулийн бизнесийн удирдлагын ангийг төгсөөд “Доктор авто” сүлжээнд борлуулагчаар ажилд орсон. 

-Тухайн үед Татар хамтлаг од байсан шүү дээ. Ажилд ороё гээд очиход чинь хэрхэн хүлээж авсан бэ?

-Татар хамтлаг ид үе дээрээ явж байсан цаг. “Доктор авто” сүлжээ намайг сайхан хүлээж авсан. Анх худалдагч хийгээд явж байхад хүмүүс их гайхдаг байлаа. Нэг өдөр ажлынхаа үүдэн дээр бараа буулгаад хөлсөө гоожуулчихсан ажиллаж байсан чинь ганган  машинтай хоёр залуунад дээр ирснээ “Яана аа энэ Мөөгий энд бараа буулгаж байгаа юм чинь нөгөө хоёр нь вокзал дээр вагон буулгаж байгаа юм байна” гээд ихэд инээлдэж билээ. Надад эвгүй санагдсан ч тухайн үед би өөрийгөө шийтгэж байсан юм. Яагаад гэвэл хамтлагаас хуримтлуулсан мөнгөөрөө  хөрөнгийн бирж хувьцаа худалдаж аваад алдаж байсан цаг л даа.

–  Хичнээн төгрөг болоод өөрийгөө шийтгэж ажиллахад хүргэсэн юм бэ?

-Одоогоор бодоход таван том хаус худалдаж авах хэмжээний их мөнгө байсан. 2008 оны тавдугаар сарын 21-ны өдөр анхдагч зах зээл дээрээс бүх мөнгөөрөө хувьцаа худалдаж аваад хялбар аргаар мөнгө олно гэж бодсон боловч сүүлийн 10 жилд тохиолдоогүй дэлхийн эдийн засгийн хямралын үетэй нүүр тулгарчихсан. 2008 оны хямрал 2011 он хүртэл үргэлжилсэн хямрал байлаа шүү дээ. Тэгээд л би өөрийгөө шийтгэсэн юм. “Чи өөрөө ийм шийдвэр гаргаж хүнд байдалд орсон тиймээс бүхнийг анхнаас нь эхэл” гээд ажлын гараагаа худалдагчаас эхэлж байлаа. Хүмүүсийн автомашины тосыг сольж гүйсээр тушаал дэвшиж менежер болоод удалгүй өөрийн компаниа байгуулж, сүүлд бизнес радио 98.9 фм-г байгуулсан.

–  Бизнес радио 98.9 фм хүмүүст маш өгөөжтэй нэвтрүүлэгүүдтэй санагддаг. Та радиогийн найруулгад оролцдог байсан уу?

Анх радиогийн бүх зүйлд оролцдог байсан. Радиогоо дөнгөж нээгээд удаагүй байхдаа “Чулууны түүх” гэж өөрийнхөө түүхээр радио нэвтрүүлэг хийж байлаа. Тухайн нэвтрүүлэгт хүн ямарч зүйлийг эхлүүлэхдээ “мөнгө” гэж хараад хийвэл алдана гэдэг тухай өгүүлж байсан. Энэ бол надад тохиолдсон зүйл учраас бусдад сургамж өгөх үүднээс хийсэн. Бүх зүйлийг мөнгөний нүдээр хараад ирвэл тэр том амжилт үгүй болдог юм. Одоо бол өөрийн гэсэн сонсогчидтой нэр хүндтэй болсон учраас өөрийнхөө хувьд болсон гэж үзээд оролцохоо байсан.

–  Та одоо яг ямар ажил дээр төвлөрч ажиллаж байна вэ?

Одоо надад нийгэм рүү чиглэсэн ажил хийх сонирхол маш их байна. Багаасаа өөрсдийн уран бүтээлээрээ нийгмийн дуу хоолой болж явсан бол өнөөдөр гар бие оролцож хийж бүтээх хүсэл байна. Тэр тусмаа хүмүүсийн оюун руу чиглэсэн ажил хиймээр байна.

–  Хүмүүсийн оюун санаа руу хэрхэн нэвтрэх үү?

Мэдээж дуу хоолой,  хип хоп урлаг чинь өөрөө уран илтгэлийн нэг хэлбэр байхгүй юу. Өөрөөр хэлбэл,  би магадгүй хүмүүст хүргэхийг хүссэн санаагаа уран илтгэлээр эсвэл миний дотоод мөн чанараас “урсах” дуугаараа илэрхийлэх болно.

–  Тэгэхээр танай хамтлаг уран бүтээлээ хийх гэж байгаа юм уу. Аль эсвэл та телевизийн нэвтрүүлэг хийх санаа байна уу?

Би сошиал ертөнцөөр дамжуулж өөрийн гэсэн нэвтрүүлэгээ хийх болно. Залуучуудыг зөв зүйлд уриалсан сайхан нэвтрүүлэг болно гэж харж байна. Үүнээс гадна олон ажлууд төлөвлөж байгаа. Гэхдээ одоо хэлээд хэрэггүй байх. Уран бүтээлээ ч хийх болно.

–  Та тэгэхээр бизнесээ орхиж байгаа гэсэн үг үү?

Миний эрхэлдэг бизнесүүд хэвийн үргэлжлэх болно. Би өөрөө нийгэм рүү хандсан, чиглэсэн ажил хийх хүсэл байгаа учраас сонирхолоороо энэ ажлуудыг эхлүүлж байгаа юм.

–  Татар хамтлаг маш богино хугацаанд амжилтад хүрч чадсан. Танай хамтлаг яагаад өөр залуу хамтлагийг продюсерлэж гаргаагүй юм бэ?

Нэг талаар бид нар их азгүй, нөгөө талаар их азтай юм. Учир нь бид анх хүсэхдээ Монголд нэрд гарсан супер хамтлаг болох юмсан гэж хүссэн. Тэр хүсэл маань биелэсэн чинь тэндээ зогчихсон. Магадгүй бид  Азид эсвэл дэлхийн хэмжээний хамтлаг болно гэж хүссэн бол цаашаа хичээх байсан байх.  Дэнжийн мянгын гэр хорооллоос хотын төв рүү орж ирээд “айхтар” од болсон жаахан хүүхдүүд чинь оддын өвчнөөсөө гарж чадахгүй ханачихгүй юу. Миний бодлоор Татар хамтлагт одоо ахиад цааш явах боломж байгаа гэж хардаг үүний төлөө ч явах болно. Продюсер хийхийн тухайд бол хамтлаг өөрөө гүйцэд явж чадаагүй учраас хийхгүй байх. Харин би хамтлагийнхаа Заяаг мундаг продюсер гэж хардаг. Ирээдүйд Заяа маань хип хоп урлагт Монголдоо номер нэг продюсер болох байх. Бид нар одоо зөв зүйл дээр төвлөрч сайн дуу гаргах хэрэгтэй. Тухайн үед маш том дуу гаргаж дуулж байсан хэрнээ одоо нэг эмэгтэйлэг дуу  дуулаад гарж ирэх нь бидэнд зохихгүй л дээ. “Эмэгтэйлэг” дуу гэдэг нь хайрын дуу л даа. Одоо амтай бүхэн хайр дуулж байхад Татар хамтлаг нэмэгдээд хайр дуулах нь илүүц байх.

–  Хоёулаа яриагаа өөр сэдэв руу хандуулъя. Гэр бүлийнхээ тухай яриач?

–  Гэргийтэйгээ хамт амьдраад 13 жил болж байна. Санхүү Эдийн Засгийн дээд сургуульд хамт суралцдаг байлаа. Эхнэр минь надад хоёр хөөрхөн охин гаргаж өгсөн ахиад ч бурхан бидэнд бэлэгээ өгвөл хүлээж авхад бэлэн байна. Амьдралын минь хос багана болсон эхнэр, хүүхэддээ цаг завыг хангалттай зарцуулдаг. Манай хадам аав, ээж  бид хоёрыг зөвшөөрөхгүй хориглодог байсан ч бид хоёрын дурлалын түүх их сонирхолтой тэмцэл дунд өрнөж эхэлсэн юм.

–  Яагаад энэ нь таны хип хоп дуулдагтай холбоотой байсан уу?

Яг тийм. Тухайн үед хадам аав, ээж хоёр намайг харахдаа хип хоп дуулдаг өмдөө чирсэн гудамжны бацаан гэж харсан учраас охиноо өгөхгүй гэж бодсон байх. Тухайн үед би хип хоп дуулдаг залуу муу хүн байдаггүй гэдгийг харуулна гэж өөртөө бараг амлаж байсан. Өнөөдөр ч нийгэмд өөрөөрөө үлгэр жишээ болж явахыг зориж байна. Одоо бол аав, ээж минь надад их сайн бид нар сайхан харилцаатай байдаг. Эхнэр минь нягтлан бодогч мэргэжилтэй, том охин Орос III сургуульд явдаг харин бага охин маань цэцэрлэгт явдаг. Монгол Улс хоёр их гүрний дунд оршдог болохоор би хоёр хүүхдээ унаган  Хятад, Орос хэлтэй болгоно гэж боддог. Мэдээж монгол хэл соёл, уламжлалыг үр хүүхэддээ өвлүүлэх нь монгол хүн миний үүрэг.

              Ер нь амьдралд хамгийн ухаантай сэтгэлийн хадтай нь эмэгтэй хүн юм шиг санагддаг.

–  Сүүлийн үед залуусын дунд үл ойлголцол үүсч гэр бүл салалт нэмэгдэх болж.  Таны бодлоор ийм асуудалд хэрхэх вэ?

Үл ойлголцол ямар ч ухаантай хүмүүсийн дунд явагддаг зүйл. Бид хоёрын хувьд гэвэл хамгийн чухал нь хоорондоо ярилцах байдаг. Бид нар бол хариуцлагтай хүмүүс шүү, эцэг эх болсон аливаа зүйлийг сэтгэл хөдлөлөөр шийдэж болохгүй гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Хүний л амьдрал болсон хойно маргалдана хоёр тийшээ явж найз нөхөдтэйгээ уулзна. Энэ үед хүнд зөв зөвлөгч, зөв найз нөхөд их чухал шүү. Ер нь амьдралд хамгийн ухаантай сэтгэлийн хадтай нь эмэгтэй хүн юм шиг санагддаг. Миний бүх зүйлийг тэсч надтай 13 жил хамт амьдарсан гэж бодохоор эхнэрээрээ бахархмаар санагддаг. Эр хүн чинь өөрөө хэнэггүй, бардам тэнэг зантай л даа. Гэтэл тэр занг тэсч миний эхнэр хүмүүсийн хэлдгээр“Хатан ухаан” гэдгийг гаргаж 13 жил надтай ханилсан байна. Гуравдугаар сарын 6-ны өдөр бид хоёрын ойн баярын өдөр тохиодог.

–  Мөөгий улс төр сонирхдог уу. Улс төрд шинэ манлайлагч гэдэг шоу нэвтрүүлэгт оролцсон. Өөрийнхөө хүслээр оров уу,бодлогоор орсон уу?

Цэвэр өөрийнхөө хүслээр орсон. Тэр шоунд орохдоо аягүй өндөр хүлээлттэй байсан. Улс төр сонирхдог залуус гэхээрээ бэлтгэгдсэн мундаг залуучууд байгаа байх гэж бодсон гэтэл надтай л адилхан хийж бүтээх гэж яваа суралцаж буй залуус байсан. Тэрийг хараад надад их итгэл төрсөн шилдэг 30 залууст нь багтаад Харвардад суралцах юм байна гэж. Гэхдээ би энэ шоунд тийм ч хол яваагүй.

–  Таныг шүүгч Аригу Л.Ариунбат хассан. Уран бүтээлч гэсэн нүдээр хараад хассан болов уу? Асууж үзсэн үү?

Энэ тухай ёстой бодож байгаагүй юм байна. Ариунбат ахаас тэгэж байгаад асуунааа/инээв/

–  Улс төр сонирхдог залуусын багийн тоглолт бизнес эрхлэгч хүнийхээс өөр байсан уу?

Намайг анх шоунд орохоос эхэлж, багийхан минь хардаад байсан. Энэ нөхөр арын хаалгаар орж ирсэн энэ яг түрүүлэх гээд байна гэж. Тэмцээний хасалт нь өөрөө баг дотроосоо нэгийгээ хасах журамтай. Харин манай баг дотроо 2 хуваагдаж би аль нэг багт нь орох хэрэгтэй болсон. Сонирхолтой нь би аль ч багт нь ороогүй болохоор надад саналаа өгөөд хасчихсан шүү дээ. Гэхдээ улс төр сонирхогч залуусын тоглолт миний мэдэх бизнесээс тэс өөр зарчмаар явдаг юм билээ.

–  Таны хэлэх дуртай үг юу вэ?

“Бусдын төлөө өөрийгөө зориулж сур, өөрийн төлөө бусадтай хамтарч ажиллаж сур” гэсэн миний уриа үг байдаг юм. Энэ хоёр өгүүлбэрт багтаагаад би энэ амьдралынхаа үзэл санааг илэрхийлж байдаг.

Холбоотой мэдээ

Ж.Одонцэцэг: Байгаль дэлхийгээсээ эрчмээ авч, биеэ эмчилдэг эртний монгол ухаан өнөөг хүртэл бидний дотор оршсоор байгаа

“Гүн төгс наран” ТББ -ын тэргүүн Ж.Одонцэцэгийн ээлжит нэгэн ярилцлага уншигч танд хүрэхэд бэлэн бол

2021-09-19

“Цонхон дээрээ хуулга наалгаад алергигаа мартлаа гэсэн хүмүүс олон байдаг”

"Johnson Window Films", "Nextfil", "3M" зэрэг салбартаа тэргүүлэгч брэндүүдийн хальсыг Монголдоо нэв

2021-09-16

Ж.Одонцэцэг: Бид өвөг дээдсийнхээ яснаас холдож, цуснаас тасарч чадахгүй

Анагаагч Ж.Одонцэцэгийн ээлжит нэгэн ярилцлага уншигч танд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн ярилцл

2021-09-15

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...