fbpx

Солонгос дахь Монгол Улсын иргэд: Энд байгаа иргэд буудлын мөнгөө монголоос авч өдөр хоног өнгөрөөж байна

2020-03-24 3480

Цар тахал хэмээн нэрлэгдээд буй шинэ төрлийн коронавирус дэлхийн олон улсад эрчимтэй тархаж байна. Сүүлийн мэдээллээр дэлхийд 300 мянган хүн коронавирусийн халдвар авчээ. Халдварын эрсдэл өндөр орны тоонд Солонгос улс ороод байна.

Солонгос улсын зургаан том хотод халдвар бүртгэгдсэн байна. БНСУ-д манай улсын 48 мянга гаруй иргэн байдаг. Монгол Улсын холбогдох газраас тэдгээр иргэдэд эмнэлгээр явахгүй байх, амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрвэл амны хаалт зүүж, эмнэлэгт яаралтай хандах, гараа тогтмол угаах, хүнсээ гүйцэд болгож идэхийг зөвлөж байгаа. Харин эх орондоо ирэх боломж өнөөдрийг хүртэл хомс байна.

Тиймээс бид Солонгосоос эх орноо зорьж чадахгүйд хүрээд буй иргэдээс дараах тодруулгыг авлаа.

Иргэн М: ГАДНЫН ИРГЭДЭД МАСК ӨГӨХГҮЙ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХГҮЙ БАЙГАА

Миний хувьд Грман улсаас нутаг буцах боломж хомс болоод Солонгос улсаар дамжин эх орондоо очих боломж өндөр гэж үзээд ирсэн. Солонгос Улсад гурван сарын визээр ирсэн иргэд олноор байдаг юм байна. Бүгд буцах сонирхол өндөр байна. Гэвч Сөүл дэх Элчин сайдын яам тодорхойгүй хугацаагаар хаагдчихсан байна. Харин Бусан дахь Элчин ажиллаж байгаа гэсэн боловч тус хот өөрөө өвчний голомт учраас төдийлөн очих боломж хязгаарлагдмал байгаа. Бусан дахь Элчин цахимаар монголчуудын буцаж явах өргөдлийг хүлээн авч байгаа гэж байгаа ч хаагуур, яаж хүлээн авч байгаа талаарх мэдээлэл огт алга.

Солонгост байгаа хүмүүсийн хувьд ихэнх нь буудлаар байрлачихсан. Одоо санхүүгийн хувьд хүндэрч монголоос буудлынхаа мөнгийг аваад үйлээ үзэж байна.

Бид нислэг хэвийн болтол хүлээе гэтэл маск ч олдохгүй байна. Солонгосчууд өөрсдөө төрсөн оноороо долоо хоногт хоёр ширхэг маск авч байгаа юм билээ. Дэлгүүрээр зарагдаж байгаа даавуун маск ховор. Үнийн хувьд 10 орчим мянган төгрөг байна. Уг нь визний зөрчилгүй иргэдэд маск өгнө гэж байгаа ч бодит байдал гаднын иргэдэд өгөхгүй гэж байна. Хэвлэлээр гарч байгаа мэдээлэл шиг гаднын иргэдийг харласан эсэхээс үл хамаарч эмнэлэгт хүлээн авч байгаа зүйл алга. Бодит байдал дээр өөрсдийгөө иргэдийг яая гэж байгаа учраас монголчууд эрүүл мэндийн тусламж авч чадахгүй байна. Эмнэлэгт очьё гэсэн ч халдвар авах магадлал өндөр учраас байгаа газраа бүгсэн байдалтай байна.

Солонгос улсын үйлдвэрүүд зогсчихсон учраас хөл хөдөлгөөн багасч үйлчилгээний газар, буудал зэрэг монголчуудын ажилдаг газрууд хүн авахгүй байгаа юм. Тиймээс монголчуудын хувьд нөхцөл байдал маш хүнд байгаа гэж хэлж болно.
Тийм учраас тусгай үүргийн онгоцоо ядаж 14 хоногт нэг удаа явуулж, хүнд нөхцөлд байгаа иргэдээ түрүүчээс нь авах хэрэгтэй байна.

Иргэн С.Б: ХҮССЭН ҮЕДЭЭ ГЭРТЭЭ ОЧИЖ ЧАДАХГҮЙ ЮМ БОЛ ТЭР ГЭР МӨН ҮҮ

Гадаадад амьдарч байгаа иргэдээ авлаа гээд боож үхэх гээд байгаа хүмүүст хандаж хэдэн үг хэлье.

Нийт 200 мянга орчим Монгол улсын иргэд дэлхийн өнцөг булан бүрт сурч боловсорч, ажиллаж амьдарч байна. Энэ хүмүүс зүгээр нэг дайжаад эсвэл салхинд туугдаад ирчихээгүй. Бүгд төлөвлөгөөтэй, тэр нь тодорхой хугацаатай. Тэд нутагтаа байдаг шигээ өдөр хоногийг дэмий өнгөрүүлнэ гэж бараг үгүй. Яагаад гэвэл нэг өдөр дэмий өнгөрөхөд харих хугацаа нь нэг өдрөөр ухрах учраас тэр. Тэд нутагтаа очихыг тэгэж их хүсдэг учраас тэр. Хүн хүний нутагт хагас жаргаж өөрийн нутагт бүтэн жаргана гэдэг.
Дэлхийтэй танилцах гэж, сурч боловсрох гэж, ажил сурч мөнгө олох гэж явсанаас эх орондоо хаягдах гэж яваагүй юм тэр хүмүүс.

Зөвхөн Солонгост байгаа иргэд сар бүр 10 сая доллар буюу 27 тэрбум төгрөгийг Монгол руу явуулдаг. Тэд ч нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлдөг. Тэд ч бас Монгол улсын иргэн. Тэд эх орондоо та нараас дутуугүй хувь нэмрээ оруулж яваа хүмүүс шүү. Магадгүй илүү ч байж болох юм.

Хүссэн үедээ гэртээ очиж чадахгүй юм бол тэр гэр мөн үү? Та нар өөрсдөөсөө асуугаарай? Тийм гэр, тийм эх орон байж болох уу?
Үнэндээ тэр 200 мянган иргэдийн 99 хувь үнэгүй онгоцоор үйлчилье гэсэн ч очихгүй. Та нар бүү санаа зов.

Учир нь тэдэнд ч бас эх орондоо өвчин тээгээд очихгүй юм шүү гэсэн сэтгэл бий. Үлдсэн ганц хувь нь яах ч аргагүй болоод эх орноосоо аврал хүсч байгаа нь тэр. Тэр хүмүүсийг харааж зүхэлгүй ганц удаа дуугүй өнгөрчих. Монголын төр иргэндээ үйлчлэх ёстой. Монгол хүн хамгаалуулах төртэй байх ёстой. Үүргээ гүйцэтгэж байгаа төр, эрхээ эдэлж байгаа иргэн хоёрыг харааж зүхдэг та хэн юм бэ? Өөрөөсөө асуугаарай.

Өөрсдөө хариуцлагатай байж чадвал дарж болдог, эдгэж болдог өвчин гэдэг нь батлагдлаа.
Монголын төр олонхид биш иргэн бүрт үйлчлэх ёстой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Д.Нямхүү: Монгол Улсад коронавирусийн 16 дахь тохиолдол бүртгэгдлээ

Коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр/2020.04.08/ ээлжит мэдээлэл хийлээ.

2020-04-08

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи, шуургатай байна

Цаг уурын байгууллагаас ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас орохгүй, салхитай байх тул болзошгү

2020-04-08

Ерөнхий сайд сургууль, цэцэрлэгийн хөл хориог 9 сарын 1-н хүртэл сунгах санал гаргажээ

Улсын Онцгой комисс (УОК)-ын шуурхай штаб яг одоо хуралдаж байна. Тус хуралдаанаар гадаадад буй хүнд

2020-04-08