fbpx

Р.Эмүжин: Эх орноо элдэвлэх хэрэггүй ээ, эгэл Монголд ихэрхэх бүр ч хэрэггүй

2020-03-24 608

Тэнгэрээс унаж, газраас ургахаа больцгооё, тэгэх үү?

Адилхан л аав ээжээс төрж, Хангай, Алтайн нурууны салхинд, Хамаг Монголын зүрхэнд туйлж, сэтгэлд буйлж өссөн байлтай юм аа. Гадаад, дотоод явж галуу шувууны мах идлээ гээд Монголоос хүйн холбоо чинь тасарчихгүй, хөх толбо чинь цайчихгүй. Хүнд хэцүү үед, хүч хүрч ядсан эдийн засагтай байтлаа улс орон чинь зээлээр авсан ганц онгоцоо нисгээд, зэл сунган, хүний нутгаас боломжоороо зөөж л байна. Нэр усыг нь дурдаад яахав, нэг эгч хоол, ор дэрээ голж, мөнгө төлж байгаа юм чинь ялтан шиг амьдрахгүй гэж ирээд л хийрхлээ. За үнэнийг л яръя. Монголын аль ч аймагт яваад очсон таныг 50-400 мянган төгрөгийн үнэтэй хуучин, шинэ буудлууд угтана. Хотод ч ялгаагүй. Гэхдээ энэ үнэд хоолны мөнгө ороогүй байдаг. Олонх газар ялгаагүй, таваг хоол 6500 төгрөгөөс эхэлнэ. Аяга цай 500 төгрөгөөс тоолно.

Гэхдээ орон нутагт гурилтай шөл, цуйван, бууз гэсэн гурван сонголтонд тулаад л яг зогсоно. Тэгэхээр тусгаарлах байранд хоногт төлж байгаа 50 мянган төгрөгөн дээр чинь өдрийн таван хоол нэмэгдэхэд танаас 100 орчим мянган төгрөг өдөртөө гарах нь. Уух юм бүгд тусдаа үнэтэй. Тэгэхээр та нар чинь тал үнээр нь тансаглаад л байгаа юм байна шүү дээ. Татвар төлөгчид гомдол гаргавал гаргана гэдгийг сана. Өө тийм, наана чинь хүргэхдээ хот дотор болон хотоос гадагшаа явах таксины тарифаар мөнгө аваагүй. Би энд жирийн аймаг, хот, орон нутгийн, хамгийн дундаж буудлуудыг ярьж байна. Дээр нь усанд орно гэж үлгэр, байнгын хүйтэн устай, буцалгагч эвдэрхий, хана нь хаа нэгтээ агсамнасны ул мөртэй, ор дэр нь одоохон гарч гүйгээд шинэ даавуу олж ирээд хийчихмээр…гээд л үргэлжилнэ дээ. Буудалд буучихна гээд оо сойзгүй гарвал ёстой хохь чинь. Алчуур, оо сойз байсан ч өөрийн юм аятай, өрөөлийн юм өөтэй.

Хараад байхад Халдвартад тусгаарлагдсан хэдээс бусад нь дундаж амьдралтай монголчуудын мөрөөдөөд суудаг, мөнгөө хүргэж ядан тоолдог газруудад л тухалсан харагдах юм. Тийм байтлаа хоногтоо төлж байгаа 50 мянган төгрөгөө тэнгэрийн хишиг тэвэр тэврээр нь авчираад өгчихсөн аятай аяглаж аашлах бололтой.

Яг төлсөн 50 мянган төгрөгт чинь багтаана гэвэл та гэр буудалд, өргөн гэгч нааран дээр арав хориулаа хувцастайгаа зэрэгцэж унтаад, хооллоод яагаад ч илүү гарахгүй яг таарна гэдгийг мэдэх үү? Үгүй шүү, зах зээлийн үнэлгээ, за тэгээд эх орон чинь эрвийх дэрвийхээрээ энгэр дэлгэн зүтгэснийг бодсон ч ингэж эргүүтэхгүй, тэгж тэнэгтэхгүй ээ. Айлчлал, хурал форум сурвалжлаад алс холын орнуудад ч тэнэж л явлаа. Хөдөө малчны хотонд хөөрхөн яриа үүсгээд хонож л байлаа. Судалгаа хийгээд сул шороон дунд орох оронтой, оронгүй, хоолтой хоолгүй тэнэж ч үзлээ.

Энэ ард түмний эгэл амьдралаас ихэрхэх шалтгаан, ихэмсэглэх шалтаг олддоггүй л юм даа.

Тэгдэггүй юм аа, дээр нь зөвхөн та нараас болж ар гэр, үр хүүхдээсээ хол өөртэй чинь хамт 14 хоног тусгаарлагдаж байгаа нисэх багийнхан, цэвэрлэгээ үйлчилгээ, гал тогооныхныг яах гээв? Алтанбулагт тусгаарлагдсан оюутнууд орж гарах эрх, ор дэр хуваалцах найзыгаа нэхлээ л гэнэ. Хотын төвийн торниун буудалд тохитой суучихаад тагтан дээрээс тасхийтэл шүлсээ хаялаа л гэнэ. Хүний нутагт болохоор хууль дүрэмд нь багтаж амьдраад, аяыг нь олоод аргадаад байдаг. Өөрийн нутагт өндрөөс хараад, өөлж гоочлоод суудаг нь ямар учиртай юм? Covid-19 дэгдсэн хөгжингүй орнууд хөл бөмбөгийн талбай, спортын ордондоо иргэдээ эгнүүлээд хэвтүүлчихсэн, энэ боломж олонхид нь олдохгүй хаалганы цаана хаана суухаа ч ойлгохгүй дугаарлаж байна. Тийм байтал эх орноо элдэвлэх хэрэггүй, элэг барих ч хэрэггүй. Эгэл Монголд төрсөн, эх дэлхийн хаанаас ч өвчин байтугай үхэлд хөөгдөөд энд л ирж төгсөхөөр зүрхээ зогстол зүтгэнэ гэдгээ санаж амьдарна шүү.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Олимп хойшилсон шийдвэрийн тусгал

Хүн төрөлхтөн тэр чигээрээ тэсч ядан хүлээдэг зуны олимпийн наадам болохоосоо 122 хоногийн өмнө бүтэ

2020-04-07

Толгойгоо гашилгаад ч шаардлага хангаагүй мөрийн хөтөлбөрүүдийг таван өдөрт сайжруулна гэдэг үлгэр

Үндэсний аудитын газраас мэдээлэл хийлээ. УИХ-ын сонгуульд оролцох гэж байгаа нам, эвслийн мөрийн

2020-04-06

Хулан цахилсан нутагт нэг өдөр, нэг шөнө

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн хүний нөөц гэж шоволзсон гозгор бор залуу Г.Пүрэвцогттой бид бараг л 4

2020-04-06