fbpx

Т. Энхчимэг: Говьд ус л байвал ургахгүй ногоо байхгүй

2020-03-25 309

Говьд ус л байвал ургахгүй ногоо гэж байхгүй хэмээн өгүүлэх ногоочин Т. Энхчимэг 14 дэхь жилдээ хүнсний ногоо тариалж байгаа хөдөлмөрч бүсгүй. Ногоочин Т. Энхчимэг говийн ард түмэн заавал Хятад ногоо идэж хордохгүйгээр монгол ногоогоо өдөр бүр хэрэглэх боломж байгааг онцолж байлаа. Гол нь өвлийн хүлэмжийг л хөгжүүлэх хэрэгтэй. Энэ нь эдийн засгийн ач холбогдолтой оновчтой шийдэл төдийгүй эрүүл хүнсээр говийн иргэдээ бүрэн хангах боломжтой талаар ярьж байлаа.

-Хүнсний ногоог хэдэн жил тариалж байна вэ? Энэ жил ургац арвин уу?

-Би 14 дэхь жилдээ ногоо тарьж байна. Энэ жил ургац сайн байна. Манайх ногоогоо орой тарьсан. Ногоо газар халж байж ургадаг учраас оройтдоггүй харин ч ургац сайн байна. Өргөст хэмх, чинжүү, хаш, халуун чинжүү, помидор гэсэн нарийн ногоог тариалж байна. Манайх сургууль, цэцэрлэгүүдэд ногоогоо өгдөг. Амтат чинжүү их авдаг учраас түлхүү тариалсан. Өөрийнхөө гараар тарьсан монгол ногоогоор ирээдүй хойч болсон үр хүүхдүүддээ эрүүл хүнс хэрэглүүлж байгаадаа баяртай байдаг.

-Ямар ямар соортыг говийн хөрсөнд туршиж тариалж байна вэ?

-Манайх Гала соортын төмс, эртийн Солийс төмс тарьдаг. Эрт ургацын төмс гаргаж байна. Монголд батлагдсан Германы шинэ соортын төмс, Болгарын чинжүү, Солонгосын үрээр тарьдаг амтлаг шүүслэг лууван тарьж байна. Говьд жимс ногоо ургахгүй л гэдэг. Ус л байх юм бол ямар ч ногоо ургадаг. Энэ жил газрын алим гээд ууттай помидор шиг жимс тариалсан. Их гоё амттай. Баянхонгорын Эгийн голынхон их тарьдаг юм. Тэр соортыг туршсан. Чишэнцэр гэдэг жимс шинээр тарьж ургац авсан. Хураагаад барень хийлээ. Энэ жимс зөөлөн амттай, маш гоё жимс. Хүний эрүүл мэнд, бамбай булчирхай, төмрийн дутагдлыг нөхдөг гэж хүмүүс ярьдаг.
-Энэ жил ногоогоо үнэд хүргэж борлуулж чадаж байна уу. Ногоогоо зах зээлд хэр борлуулж байна вэ?

-Энэ жил ногоо их үнэтэй эхэлсэн. Одоо ч буугаагүй үнэтэй л байна. Төмс 1500-тай байдаг байсан. Одоо 2500 төгрөгийн үнэтэй байна. Бөөний үнэ 1500-тай боломжийн л байна.

Ногоогоо хаагуур худалдаалдаг вэ?

-Ивээл худалдааны төвд лангуутай. Тэндээ худалдаалдаг. Захиалгаар хотоос хүмүүс их авдаг болсон. Хажуугаар нь сургууль цэцэрлэгтээ борлуулж байна.

-Газар тариалан эрхлэх, хүнсний ногоо тариалахад хүндрэл бэрхшээл байдаг уу?

-Ногоочдод хамгийн тулгамдсан асуудал ус байдаг. Уснаас шалтгаалж талбайгаа ихэсгэж чаддаггүй. Байгаа талбайдаа л тариалаад тэрийгээ үнэтэй зарахаас өөр аргагүй л байдаг. Ногоочид бид зунжингаа ногоогоо тариад өвөл түүнийхээ орлогоор амьдардаг улирлын чанартай ажил. Тиймээс говийн ногоо үнэтэй байдаг.

-Хүнсний ногоо тариалалтаа өргөжүүлэх чиглэлд ямар ажил хийвэл ногоочдод үр ашигтай вэ?

-Говьд төмс, лууван тариад хангайтай өрсөлдөөд байх шаардлагагүй гэж би боддог. Энэ жоохон талбайгаа орчин үеийн техник технологи ашиглаад өвлийн хүлэмжжүүлэх хэрэгтэй. Манай аймаг дулаан өдрийн тоо олонтой, намар орой хүртэл нартай дулаахан байдаг. Түүнийгээ ашиглаад өвлийн хүлэмжтэй болбол эдийн засгийн үр ашигтай. Бараг нараараа дулаацуулаад эрт хучаад нарлаг хүлэмж байгуулж ажиллавал Өмнөговьд илүү үр ашиг авчирна гэж боддог. Хангайд өвлийн хүлэмжид ургац авч болоод байхад бид заавал дулаан цахилгаанд холбохгүйгээр эдийн засгийн хэмнэлттэй өвлийн хүлэмжтэй болох боломжтой.

Саяхан ОУ-ын хүлэмжийн сургалт онол практикийн сургалт болж манай аймгийн тэр чиглэлээр ажиллавал илүү үр дүнд хүрэх тухай ч ярьж байсан. Далангийн услалтын системийг хүлэмжжүүлэх, усанд хэмнэлттэй технологийг нэвтрүүлнэ гээд байгаа. Израиль улсад хүлэмжийн хотхон байдаг гэсэн. Өмнөговь аймагт тэр жишгийг нэвтрүүлбэл илүү ирээдүйтэй гэж боддог доо.

Ч.Сумъяа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Эдгэсэн иргэн Д: Миний эмчлэгч эмч Ц.Чинбаяр зөв, тактиктай эмчилгээг хийж эдгээлээ

-"КОВИД-19" ХАЛДВАР АВААД ЭДГЭСЭН ИРГЭД ХӨСҮТ-ИЙН ЭМЧ Ц.ЧИНБАЯРТ УЛСЫН БААТАР ЦОЛ ОЛГОХЫГ ХҮСЛЭЭ -

2020-04-09

Ч.Сосормаа: Иргэд нь төсвөө мэддэг болсон цөөхөн улсын нэг нь Монгол

“Захиргааны шинэ санаачлага” ТББ-ын зөвлөх Ч.Сосормаатай ярилцлаа. -Иргэд төсвийг хэрхэн хяна

2020-04-09

“Дэлхийн домогт хамтлаг болохыг хүсдэг”

Монголын хүнд рокийг дэлхийд таниулж буй “The HU" хамтлагийнхан цар тахлаас улбаалан аялан тоглолтоо

2020-04-07