Төрийн Тусгай Хамгаалалтын Газрыг Тагнуулын байгууллагаас салгах нь хэнд ашигтай юм бол …

2020-03-25 Нийтлэл 0

Би Монголын тагнуулын байгууллагад 40 гаруй жил ажилласан ахмад ажилтан хүн. Энэ хугацаанд ТТХГ-т ажиллаж байгаагүй. Гэхдээ ажлыг нь овоо гадарлах нэгэн. Монголын шинэ үеийн тагнуулын байгууллага байгуулагдаад 98 жил болж байна.

Энэ бүхий л хугацаанд ТТХГ нь хэсэг, тасаг, хэлтэс нэгж байгуулахаасаа л тагнуулын байгууллагын бүтцэд багтаж ирсэн буурал түүхтэй. Гэнэт одоо яагаад нэгэн дээвэр дор багтахаа болив. Эрх мэдэл ямба дутагдав уу. Хамгаалалтын зарим ажилтнууд төрийн өндөрлөгүүдийг хамгаалах ажлын явцад хувийн ашиг сонирхол нь давамгайлж хувийн асуудлаар тэднээр шийдүүлэхийг оролдож байсныг бас мэдэх юм.

Төрийн хамгаалалтын ахмадууд маань бид хэрхэн хамтран ажиллаж байсныг мэднэ дээ. 1980-аад оны үед манай оронд айлчилж байсан гадаад орнуудын өндөр хэмжээний төлөөлөгчдийг ирэх үеэр тэдний аюулгүй байдлыг хамгаалах чиглэлд мөн ч олон арга хэмжээнд бид хамтран оролцдог байсныг санаж байна.

Тэр бүгдийг энд бичих боломжгүй. Харин 1982-1983 онд Сангишарав генералын үед төрийн хамгаалалтын гуравдугаар хэлтэс маш их томорч олон салбар албадтай болж тэр үеийн төрийн өндөр албан тушаалд байсан зарим хүмүүсийн дэмжлэгтэй НАХЯ-наас тусгаарлах гэсэн бодлого явагдаж байсныг яамны нэгдүгээр орлогч сайд, УАХЕГ-ын дарга байсан генерал А.Жамсранжав генерал Сангишаравыг эрх мэдлээ хэтрүүлж байгааг буруушааж Төрийн хамгаалалтын газрыг зохих байранд нь байлгах тодорхой арга хэмжээ авч байсныг мэдэх юм.
Үйл явдал олон жилийн дараа давтагддаг юм байна. Дэлхий даяар Ковид-19 гэж аюулт өвчин тархаж үй олон хүмүүсийн амь насыг бүрэлгэсэн гамшиг тохиож байгаа энэ үед Монголын тагнуулын байгууллагыг задлах, салбар, нэгж шиг нь тусгаарлах гэж увайгүй хөөцөлдөж байгаа нь хэнд ашигтай вэ? Сандал ширээ, албан тушаал горилсон цөөн хэдэн офицеруудын цаана хэн зогсож байна вэ?

Монгол шиг жижиг орны хувьд тагнуулын байгууллага нь нэгдсэн удирдлагатай, хүчтэй, үйл ажиллагаа нь хуулийн хүрээнд явагдаж байвал илүү ойлгомжтой байна. Төрийн хамгаалалтын газрыг тагнуулын байгууллагын харьяанаас гаргаж дэргэдээ байлгах зорилгоор холбогдох хуульд өөрчлөлт оруулахаар санал боловсруулж байгаа Ерөнхий сайд маань юу бодож, эцсийн үр дүнг хэрхэн төсөөлж байна вэ? гэдэг нь сонин байна.

Тагнуулын байгууллагаа хэн нэгний түлхээсээр бужигнуулахаар зэхэж байхын оронд улс орныхоо эдийн засгийг улам сайжруулах оновчтой шийдвэр гаргаж ажиллавал ард түмэн та бүгдийг илүү үнэлэх байх гэдэгт итгэж байна.
Энэ хүнд үед илүү хөдөлгөөн хэнд ч ашиг тусаа өгөхгүй.

Х.Загдрагчаа

Тагнуулын байгууллагын ахмад ажилтан, Монгол Улсын гавъяат хуульч, доктор, профессор

Холбоотой мэдээ

Шинэ ургацын ногооны үнэ цаашид буурна гэв

Өнгөрсөн зургаа, долдугаар сард хүнсний ногооны ханш гаарч, иргэдийг багагүй бухимдуулсан. Төмс кило

2020-08-03

Хутагт хувилгааддаа төрөө бариулаад хэдүүлээ зүгээр залбирцгаая

Монголчууд чинь шинжлэх ухаанчаар асуудалд хандаж, эрдэм мэдлэгийг шүтдэг улс болно гээгүй билүү

2020-08-03

Хүүхдийг хэдэн настайгаас сургуульд сургах нь зөв бэ?

Хэдэн жилийн өмнө нэг их цастай өвөл би Дундговь аймагт ажлаар явж байгаад шөнө замаа алдан төөрчихл

2020-07-31

Санал асуулга

Есдүгээр сарын 1-нд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг нээх нь зөв үү?

Үр дүн

Loading ... Loading ...