fbpx

Б.Жавхлан: Бага хүүтэй зээл санал болгох санхүүгийн байгууллагыг Монголд оруулж ирэх ёстой

2020-03-25 4677

Коронавирусний халдвар дэлхийн 190 гаруй улсад дэгдэж, дэлхийн хүн амын 1/3 нь хөл хорионд ороод байна. Үүссэн нөхцөл байдлаас болж улс орнуудын эдийн засаг огцом уналтад орж ажилгүйдлийн төвшин өсөж байна. Яг энэ цаг үед төсвийн тодотгол хийх эсэх, арилжааны банкуудын эрсдэл даах чадварыг хэрхэн нэмэгдүүлэх бэ гэдэг асуудал олны анхаарлыг татаж байна. Уг асуудлаар УИХ-ын гишүүн Б.Жавхлан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

-Вирусний халдвар онц ноцтой хэмжээнд хүрсэн учир тэр хэмжээний хуулийн төсөл боловсруулж батлуулах ёстой гэж зарим эдийн засагчид үзэж байна. Таны хувьд энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

-Нэг зүйл тодруулах ёстой. Халдварын нөхцөл байдлаас энэ нийгмийн хамгийн чухал зүйл нь хүн юм гэдгийг дэлхий нийтэд ойлгууллаа. Тиймээс төрөөс цаг алдалгүй арга хэмжээ авсны үндсэн дээр ард иргэдээ хамгаалж чадаж байна. Одоо холбогдох байгууллагаас гаргасан зөвлөмжийг иргэн бүр дагаж мөрдөх ёстой. Энэ бол хөрөнгийн бус суурь арга хэмжээ. Хөрөнгийн арга хэмжээний чиглэлээр төрөөс тодорхой арга хэмжээ авах ёстой. Одоогийн нөхцлийг харвал, 2008, 2012 оны хямралаас бүтцийн хувьд арай өөр байна. Хамгийн сүүлийн хямралаар экспортын түүхий эдийн ханш унаснаас болсон бол энэ удаа давагдашгүй нөхцөл байдлын улмаас экспорт тэг зогсолт хийснээс болж зах зээл тэр чигээрээ хумигдаж байна.

Хамгийн түрүүнд жижиг үйлдвэрлэл нэрвэгдэж байна. Яваандаа уул уурхайн салбарт нөлөөлөх төлөв бий. Гэхдээ цаашид нөхцөл байдал яаж өөрчлөгдөхийг мэдэхгүй. Энэ утгаараа жижиг үйлдвэрүүд эрсдэлийг даван туулах дэмжлэгийг төрөөс үзүүлэхээс өөр аргагүй. Төв банкнаас мөнгөний бодлогыг бууруулах, арилжааны банкуудаар дамжуулж эдийн засгаа дэмжих бүх сувгийг нээж өгөх ёстой.

Засгийн газраас татвар, НӨАТ, сангуудаар дамжуулж дэмжлэг үзүүлэх ёстой. БНХАУ маш сонирхолтой арга хэмжээ авсан. Энэ нь 2020 онд аж ахуйн нэгж нь алдагдалтай ажиллах нь ойлгомжтой болсон. Цаашдаа ашигтай ажиллах нь тодорхой. Тиймээс найман жилийн хугацаанд энэ алдагдлыг шингээх замаар ашгийн татварыг хойшлуулах шийдвэр гаргасан. Энэ бол маш зөв шийдвэр. Ядаж л цалингүй чөлөө олгосон бол ажлын байрыг нь хадгалж үлдээх, ийм нөхцөл байдлыг бий болгоход хөрөнгө хуваарилах ёстой.

-Татаас өгнө гэхээр төрийн байгууллагын алба хаагчдын ажлын байрыг хамгаалах гэж ойлгож болох уу?

-Зөвхөн төрийн алба хаагчид биш л дээ. Төрөөс гадна эдийн засгийн гол суурийг бүрдүүлдэг хувийн хэвшлийг гойд анхаарах ёстой. Үүнээс гадна ажилгүй, амжиргааны төвшнөөс доогуур орлогтой иргэдээ халамжийн бодлогоор дэмжих хэрэгтэй. Гэхдээ халамжийг хавтгайруулж болохгүй. Татаасын эх үүсвэрийг Засгийн газраас тодруулах ёстой байх. Төсвийн тодотгол хийх ёстой гэж олон хүн хэлж байна л даа. Гэтэл арай хийж боож оруулж ирээд баталсан төсвийг дахиж задлах нь маш их эрсдэлтэй. Засгийн газраас нөөц боломжоо дайчлаад хийх боломжтой ажил бий. Заавал тодотгол хийхгүйгээр худалдан авалтаа эрэмбэлж болно. Жишээлбэл, эрүүл мэнд, анагаах ухааны салбарын хөрөнгө оруулалт, ажилчдын цалин, зайлшгүй шаардлагатай бараа бүтээгдэхүүн худалдан авалтыг нэгдүгээрт тавиад орж ирсэн хөрөнгөнөөс энэ бүхнийг бүрэн санхүүжүүлэх ёстой. Дараа нь сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалтыг хийж болно. Хамгийн сүүлд бусад зардлыг төлөвлөж болно шүү дээ. Дорвитой шат дараалсан оновчтой арга хэмжээ авахгүй бол хямрал жил дамжвал асуудал улам хүндэрнэ. Нөгөөтээгүүр, юу юугүй байдгаа тавиад туучихвал эрсдэл улам нэмэгдэхийг үгүйсгэхгүй.

-Та төсөвт тодотгол хийх шаардлагагүй гэлээ. Тодотгол хийхгүйгээр зардлыг яаж танах юм бэ?

-Тэвчиж болох зардлаа цаг хугацааны хувьд хойшлуулъя гэдэг санаа. Заавал улс төржүүлэхгүйгээр Засгийн газар өөрөө эрэмбэлэх боломжтой.

-Та тойргоосоо ямар зардал танаж байгаа бэ?

-Энэ жилийн хувьд шинээр хийх бүтээн байгуулалт байхгүй. Өмнө нь эхлүүлсэн ажлыг дуусгах төлөвлөгөөт ажил бол бий.

-Гэхдээ дуусгах ажил дунд их хэмжээний төсөвтэй ажил бий байх. Үүнийгээ хойшлуулж болохгүй юу?

-Эдийн засгаа хамгаалж үлдэх хамгийн суурь зүйл нь хүн өөрөө. Үүний тулд тэвчих зүйлийг бүгдийг нь тэвчинэ.

-Татаасаар олгох хөрөнгийг хаанаас босгох юм бэ. Зарим улс бонд босгоно гэсэн. Манайд ийм боломж бий юү?

-ЖДҮ зэрэг ажил олгогч нарыг дэмжих ёстой. Үүнийг санхүүжүүлэгчээр Азийн хөгжлийн, Европийн сэргээн босголтын банк гээд донор байгууллагыг сонгож болно. Мазаалай, Чингис, Хуралдай, Гэрэгэ бондуудын гадна талдаа өгөх өгөөж эрсдэлтэй болсон. Анх 4-5 орчим хувийн хүүтэй байсан бол энэ оны хоёрдугаар сараас уналтад орж 16-18 болсон бол одоо 13 орчим болж байна. Хэрвээ манай улс бие дааж бонд гаргах үнэхээр хүнд байдал үүссэн. Донор санхүүгийн байгууллага санаачлаад онцгой эх үүсвэр гаргавал заавал оролцох ёстой.

-Зээл төлөлтийг хойшлуулах нь дорвитой арга хэмжээ болохгүй. Тиймээс зээлийн хүүг тэглэх ёстой гэдэг зүйл яригдаж байна. Ийм боломж бий гэж үү?

-Шууд хүчээр тэглэнэ гэж юу байхав. Ахмадуудын тэтгэврийг төрөөс нэг удаа тэглэдэг шиг юм давтагдахгүй байх. Хамгийн гол эндээс гарах эрсдэлийг хэн үүрэх бэ. Төрийн мөнгө гэж байхгүй. Татвар төлөгчдийн мөнгө л гэж бий. Эрсдэлийг төр биш иргэд үүрч байна гэсэн үг биз дээ. Тиймээс арилжааны банкуудын өрсөлдөөний тогтолцоог шийдэх ёстой. Тэгэхгүй бол эдийн засгийн хүндрэлийг давж гарахад тодорхой хэмжээний эрсдэл үүрч чадах банк алга байна шүү дээ. Нэг үгээр хэлбэл, банкны өрсөлдөөнийг лебаралчлах ёстой. Бага хүүтэй зээл санал болгох санхүүгийн байгууллагыг оруулж ирж байж урт хугацааны санхүүжилт хийх боломжтой болно. Тэгж байж дотоодын арилжааны банкууд гадаад зах зээл дээр ажиллах боломжтой болно.

Гэхдээ гадаад эзэнтэй банк бол өөр. Монгол банкируудыг ажиллуулж, мөнгө хийж аваад гараад явчихдаг. Харин олон улсын банк санхүүгийн байгууллага гэдэг бол институци. Менежмэнт орж ирнэ, дагаад хямд эх үүсвэртэй хөрөнгө оруулалт орж ирнэ.

Дээр нь банкны өрсөлдөөнийг дэмжихын сацуу хөрөнгө оруулалтын хэт төвлөрлийг сааруулах ёстой. Ядаж нээлттэй зах зээл дээр хувьцаа гаргасан байх ёстой гэсэн шаардлага тавих ёcтой. Тэгж байж олон нийтийн хараа хяналт сайжирна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ХУУЛИАР ТАНИХУЙ: Бурхан багшийг “амраангаа” Засгийн газраа огцруулах гэж явсан гишүүн

Монгол Улсын үе үеийн парламентад эрчүүд давамгайлж ирсэн. Сүүлийн жилүүдэд жендерийн мэдрэмжтэй бай

2020-04-07

Б.Пүрэвдорж: НӨАТ-ын шимтгэлийг таван хувь болгох шаардлагатай

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын шимтгэл 10 хувь байсныг таван хувь болгож өөрчлөх хуулийн төслийг яар

2020-04-07

Сүүлчийн чуулганы нээлтийн сюрпризүүд

Энэ парламентын бүрэн эрхийн хугацаан дахь хамгийн сүүлчийн чуулган өчигдөр нээлтээ хийлээ. Хаврын э

2020-04-07