Ж.Амарсанаа: Коронавирусын генийн бүтэц 400 гаруй төрөл болсон

2020-03-26 Ярилцлага

Эрүүл мэндийн дэд сайд асан, хүний их эмч Ж.Амарсанаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Шинэ коронавирусын халдвар Ухань хотод ид дэгдэж байх үед та сайн дураараа явж ажиллана гэж байсан. Шалтгаан нь юу байв. Гэтэл явлаа гэж дуулдсангүй. Энэ ажил юу болсон бэ?

-Эмч хүний хувьд залуу хүний хувьд мэдлэг, туршлагаа хуваалцаад, энэ хүнд хэцүү үед хүмүүст тусалъя гэж бодсон. Тухайн үед албан бичгээр уламжлаад, УОК-д хүргүүлсэн. Надад ямар ч хариу өгөөгүй. Албан бичгийн хариуг хүлээж байтал нөхцөл байдал өөрчлөгдөж, Дорноговь аймагт “COVID-19” халдвар гарсан. Энэ үед урд хөрш рүү явах эмч нарынхаа багийг аваад, халдвар гарсан орон нутагт очиж ажиллах хүсэлтээ өгсөн. Мөн л ямар ч хариу өгөөгүй. Тэгээд ЭМЯ-нд хандаад, хандив тусламжийн хүрээнд БНХАУ-ын компаниас 10 мянган оношлуурыг Монголд оруулж ирье. Албан бичиг, алгын чинээ цаасных нь асуудлыг нь та бүхэн шийдээд өгөөч. Бусдыг нь болж бүтэх талаас нь би өөрөө хөөцөлдөөд ирье гээд хандсан.

Хандив тусламжаар 10 мянган оношлуур оруулж ирнэ гэдэг бага тоо биш юм. Улсын төсвөөс боломжийн мөнгө хэмнэнэ. Тийм болохоор ЭМЯ-нд хандаад, Засгийн газраар хүсэлт гаргуулаад, явъя гэж бодсон. Гэтэл өнөөдрийг хүртэл нэг ч албан бичиг ирсэнгүй, нэг ч хүн утсаар надтай ярьсангүй. Тэгээд бүр гайхширч сууна.

-Хариу өгөхгүй байгаа учир шалтгааныг нь та юу гэж бодож байна?

-Оношлуур оруулж ирэх тухай хүсэлтээ 4-5 хоногийн өмнө өгсөн. Ухань явах асуудал ч угаасаа тэгээд бүр унтарсан. Намайг явах гэсээр байтал Хятад улс өвчлөлөө дараад, эмнэлгүүдээ татан буулгаад, халдварын голомтод ажиллаж байсан эмч нар нь Итали явлаа. Хэдийгээр тусалж чадаагүй ч гэсэн эмч хүнийхээ хувьд мэдээллийг баяртай хүлээн авч байна.

Би сайн ч, муу ч ЭМЯ-нд албан тушаал хашиж байсан хүн. Хоёрдугаарт, эмч хүн. Гуравдугаарт, энэ бүхнийг өөрийнхөө төлөө хийх гэсэнгүй. Олон нийтийн төлөө, бусдын эрүүл мэнд, эрх ашгийн төлөө хийх гэж байна. Гэхдээ ингэж боддоггүй юм аа гэхэд, иргэн хүнтэй харилцах албан бичгийн соёл гэж баймаар юм даа. Засгийн газраас зөвшөөрсөн, татгалзсан ямар ч хариуг өгч болно. Болох, болохгүй нь цаанаа учир шалтгаантай байж болно. Урам хугарч байна. Уг нь надад хаяглаад албан бичиг хүргэх, над руу утсаар ярих, надтай уулзах нь их л түвэг багатай зүйл баймаар юм.

-Монголд өвчлөл нэгэнт бүртгэгдчихсэн, вирусын халдвартай 10 хүн эмчилгээ хийлгэж байна. Өөр улс орон луу явах шаардлагагүй болчихлоо. Үнэхээр бусдад тусалъя, өөрийгөө сорьж үзье гэж бодож байгаа бол танд бас боломж байна. Эсвэл бүр Итали явах юм уу?

-Улс орон дотроо орон нутаг руу явж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж чадахгүй байгаа хүн Итали яаж явах вэ дээ. Харин нөхцөл байдал өөрчлөгдөөд, халдварын тархалт нэмэгдээд, таны тусламж дэмжлэг хэрэгтэй байна гэвэл хэзээд бэлэн байна.

-Таныг дэд сайд байхад уушгины хатгалгаагаар хүмүүс, хүүхэд багачууд өвдсөөр, нас барсаар байсан. Тухайн үед энэ асуудалд хэрхэн анхаарч байв?

-Тэр үед манай улсад тав хүртэлх насны хүүхдийн нас баралтын тэргүүлэх шалтгаан нь уушгины хатгалгаа байсан. Өөрөөр хэлбэл, бага насны хүүхдийн нас баралтын 17 хувийг хатгалгаа өвчин эзэлж байсан. Энэ бол асар өндөр тоо. Тиймээс эрүүл мэндийн салбарынхан, эмч нарын баг энэ асуудалд анхаарч, энэ өвчнөөс сэргийлэх, нас баралтыг бууруулах бодлогыг Монгол Улсын ЭМЯ-наас авч хэрэгжүүлсэн томоохон ажлын нэг нь хатгалгааны эсрэг вакциныг хийж эхэлсэн явдал. Би энэ асуудалд анхаарч ажилласан, дэмжсэн хүмүүсийн нэг. Тэгээд хатгалгааны вакциныг хэд хэдэн дүүрэгт, хөдөө орон нутагт хийж эхэлсэн. Тухайн үед аймаг орон нутаг, дүүргээ сонгоод хийж эхэлж байсан бол одоо вакциныг үндэсний хэмжээнд нэвтрүүлсэн. Тиймээс хийж эхэлсэн үе, түүнээс өмнөх үеийн хүүхдийн хатгалгаар нас баралтын түвшин, тоон мэдээллийг судлаад үзвэл энэ ажлын үр дүн гарна.

Ингэж шүүмжлэх нь ч бас аргагүй юм. Яагаад гэвэл, манай иргэд намайг үргэлж эрүүл мэндийн салбарын асуудал ярьж явдаг болохоор олон жил дэд сайдаар ажилласан гэж бодоод байдаг. Би эрүүл мэндийн дэд сайдаар 2012-2014 он хүртэл, ердөө хоёрхон жил ажилласан байдаг юм. Энэ албанаас буусан ч эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч хүний хувьд энэ салбараа байнга ярьж явдаг.

-Дэлхийн олон орон хүнд нөхцөл байдалд байна. Та вирус судлаач, эмч хүн. Шинэ коронавирус ямар орчинд тэсвэртэй вэ, ямар нөхцөлд устаж үгүй болох вэ гээд багагүй судалгааг хийсэн байх?

– Коронавирусын халдвар тархсан цагаасаа хойш халдвар тээгчдийн дунд генийн бүтцээ өөрчлөөд, мутацид ороод байна. Анх бид нэг вирусын тухай ярьж байсан бол одоо энэ вирус 438 төрөл болчихсон байна. Энэ бүх төрлийг дотор нь задлаад харахад, таны харж буй компьютерын дэлгэцэн дээр будаа цацсан мэт харагдаж байна. Эдгээрийг мөн дотор нь нарийвчлаад харахад, аль улс орны хүмүүс ижил төрлийн вирусээр өвдсөн байна. Тухайлбал, Нидарландад байгаа хүмүүс ижил төстэй вирусээр өвдсөн байгаа нь харагдах жишээтэй.

Тэгэхээр Монголд орж ирсэн энэ 10 төрөл 438 төрлөөс яг аль хэсэгт нь очиж бууж байна вэ гэдэг нь бас сонин. Италид нас баралт өндөр байна. Нас баралтын шалтгаан нь тухайн хүний биеийн байдал, генийн бүтэц зэргээс болоод байна уу. Юунаас болоод нас баралт өндөр байна.

Вирусын халдвар тархах хурд, хоруу чанар, вирусын ямар төрөл зүйлээс шалтгаалж байна вэ гэдгийг нарийн судалж байна. Тиймээс дотроо аль аплотип орж ирснээс шалтгаалаад уг вирусын халдварын тархалт хүртэл өөр байх жишээтэй. Тиймээс Монголд орж ирсэн энэ 10 төрлийг дотор нь нарийн судалж, нягталж шалгах хэрэгтэй. Тэгээд тохирсон эмчилгээгээ хийх нь чухал.

-Энэ нарийн судалгааг манайд хийх үү. Тоног төхөөрөмж, боловсон хүчин нь байна уу?

-Манайд энэ нарийвчилсан судалгааг хийх тоног төхөөрөмж, боловсон хүчин бий. Би судалгаа хийнэ. Хэрэгтэй гэвэл туслахад бэлэн байна. Энэ судалгааг хийхэд хэдэн бодис хэрэгтэй болно. Энэ бүхнээр нь хангаад өгчихвөл над мэтийн вирус судлаачдыг ашиглаад ажиллавал туслахад бэлэн байна. Мөн манайд төрийн болон төрийн бус байгууллагуудын эрдэмтэн судлаач, вирус судлаачдын нэгдсэн холбоо, нийгэмлэгүүд бий. Тиймээс энэ хүмүүс маань улс орондоо тусалж, хүчээ өгч Засгийн газарт үр дүнгээ харуулах хэрэгтэй. Манай төрийн байгууллагуудад ч энэ чадамж нь бий. Төрийн ажил яагаад ингэж удаан хурд муутай яваад байгааг гайхаж байна.

-Энэ цаг үед аль ч улс оронд мэдлэгтэй, чадвартай вирус судлаачид л их хэрэгтэй юм шиг. Монголд вирус судлаач хэр олон байна?

-Яг нарийн тоолбол цөөхөн байх.Халдвар судлаач, тархвар судлаач бол олон. Гэхдээ хийж буй ажлын онцлогоосоо шалтгаалаад ажил үүрэг нь өөр байдаг. Вирус судлаач нь илүү нарийн молекул биологийн судалгааг явуулдаг. Ийм хүмүүс гарын арван хуруунд багтах цөөн бий. Үнэхээр нарийн судалгааг явуулж чадвал халдвар яг хаанаас гарч ирэв, адил төстэй шинж чанар, онгоцоор зөөвөрлөгдсөн эсэх, гаднаас, дотроос халдварласан уу гээд их нарийн мэдээллүүдийг гаргаж ирж чадна. Хэрэв ингэж чадвал вирусын нууц үе зэргээс шалтгаалан бид олон эрсдлээс сэргийлж чадна. Халдвар авсан хүнээс олон удаагийн шинжилгээг олон давтамжтайгаар авах хэрэгтэй. Халдвар авсан хэрнээ өвдөөгүй, өвчлөөгүй хүмүүс хүртэл халдвар тараах эрсдэлтэй. Амны хөндий, хоолой багалзуур хэсгээс гээд олон давтамжтайгаар арчдасын шинжилгээг авах хэрэгтэй.

-Та түрүүнд хэлсэн, вирус олон төрөл болж, мутацид орлоо гэж. Вирусын нууц үеийг 14-24 хоног гэж ярьж байна. Гэтэл манайд бол 14 хоног тусгаарлаад гаргана гэж байна. Энэ хэр эрсдэлтэй вэ?

-Ерөнхийдөө өвчлөлийн нууц үе нэлээд урт учраас тусгаарлаж буй хугацаагаа урт байлгасан нь дээр гэж улс орнууд үзэж байна. Вирусын далд үеийг 14-28 хоног, 20-иос дээш хоног үргэлжилж байна гэж үзэж байна. Саяхан хийсэн нэг судалгаагаар уг вирусын далд үе нь урт учраас тухайн хүн өөрөө өөрийгөө халдвартай, өвчтэй гэдгээ мэдэхгүй явж байхдаа хүртэл бусдад халдвар тараах өндөр эрсдэлтэй байна гэж үзсэн байсан. Жишээ нь, халдвар тараасан үеийг хүртэл шинж тэмдэг илрэхээс өмнө 44 хувьд халдвар тараах эрсдэлтэй. Шинж тэмдэг илэрснээс хойш 55 хувьд нь халдвар тараах эрсдэлтэй гэж үзсэн байсан. Тэгэхээр шинж тэмдэг илрэхээс өмнө халдвар тарааж байгаа энэ байдал нь уг вирусын далд үе, нууц нь юм гэж үзсэн байна лээ.

-Халдварын эх үүсвэр нь одоо болтол тогтоогдоогүй байгаа учраас эмчилгээний хувьд бас асуудал дагуулсаар байна. Та гадны мэдээллүүд бас харж байгаа байх. Оношлогоо эмчилгээний хувьд дуулгах ямар мэдээлэлтэй байна вэ?

-Тодорхой хэмжээгээр үр дүнгээ өгч байгаа эмчилгээнүүд байна. Тухайлал, Хятад улс сая их олон төрлийн эм, эмчилгээнүүдийг туршиж хэрэглэж үзлээ. Европын эмүүдээс эндиспвир гэж эмийг хэрэглэж үзсэн. Favipiravir “Фавипиравир”, энтерфрон гээд маш олон эмийг хэрэглэж үзсэн байна. Мөн ардын уламжлалт эмчилгээгээ хослуулж үзсэн байна. Бас 10 гаруй төрлийн эм тан, жорыг Хятадын уламжлалт анагаах ухаанаас авч хэрэглэж үзсэн байна лээ. Тэр жоруудыг нь судалж байна. Харьцуулаад харахад, манай Монголд ургадаг эмийн ургамлууд ч бас харагдаж байна. Мөн огт хэрэглэгддэггүй эмийн ургамлууд хүртэл байна. Энэ бүхнээс харахад Хятадын уламжлалт анагаах ухаанд өвөрмөц, ховор нарийн жорууд их байдаг. Манайхаас ялгаатай зүйлс бас их харагдаж байна.

-Манай уламжлалт анагаах ухаан бас баялаг шүү дээ. Та бас энэ чиглэлээр сайн мэдэх хүн. Хэрэв энэ арга ухаанаасаа хэрэглэж үзье гэвэл бэлтгэл байна уу?

-Монголын уламжлалт анагаах ухаан бол монголчууд бидний эрүүл амьдрахын үндэс суурийг бүрдүүлж байсан хосгүй шинжлэх ухаан байдаг. Энэ вирусын эсрэг хэрэглэхээр бэлдсэн эм тан бас байна. Тухайлбал, Банздоо, 12, зовоо, найм, маншидэн, норов-7, гурван үрийн тан гээд манай уламжлалт анагаах ухааны байгууллагууд зэхэж нөөцлөж буй эмүүд бас байна. Үр дүнгээ өгч, өвчнөө дарж, хүн л эдгэрч байвал уламжлалт европ аргаа хослуулаад хэрэглэх нь зүйтэй.

-Зарим оронд дархлал хомсдлын эсрэг эмүүд, цусны сийвэн сэлбэх арга үр дүнтэй байгааг дурдсан байсан. Ихэнх улс орон вирусын эсрэг үрэвсэл дарах эмчилгээнүүдийг хийж байна гэсэн мэдээлэл харагдах юм?

-Улс орнууд янз бүрийн л эм, эмчилгээнүүдийг туршиж байна. Манайд европ эмийн нөөц тааруухан бэлтгэл муутай байна. Жишээ нь, эндспифер, Фавипиравир гэж эмийн нөөцийг бүрдүүлэх тухай хэлээд л байгаа. Одоогоор үр дүнгүй байна. Судалгааны түвшиндээ хүртэл аваад хэрэглэж үзмээр байна. Монголд эмчлэгдэж байгаа 10 хүний биеийн байдал харьцангүй тогтвортой хөнгөн байгаа учраас тайван хандаж байгаа байх. Зуугаараа, мянгаараа өвчлөөд эхэлбэл асуудал хүндэрнэ. Тиймээс одоо байгаа нөхцөлдөө тулгуурлан гал унтраасан аргыг хэрэглэх бус, алсыг харсан алхамуудаа яаралтай хийж, бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй.

-Эрүүл мэндийн салбарын бэлэн байдал хэр хангагдаж байна гэж харж байна вэ?

-Монгол Улсын эрүүл мэндийн салбарын гамшгийн эрсдэлийн үнэлгээг судлаад гаргачихсан олон улсын судалгаанууд байдаг. Эдгээрээс харахад, 100 оноо авахаас нэгдсэн дүнгээр 44 оноо авсан нь харагдаж байдаг. Алдаж байгаа гол зүйл нь төлөвлөлт, төлөвлөснөө биелүүлэх хэрэгжүүлэх чадамж зэрэг дээр алдсан байдаг. Хамгийн сайн оноо авсан нь аливаа юмыг хязгаарлах, хорих, карентилах чадвараар 100 оноо авсан байдаг. Энэ нь ч үр дүнгээ өгч байгааг та бид харж байна. Мэдээж, салбарын мэргэжилтнүүдийн хичээл зүтгэл, ХӨСҮТ-ийн эмч нарынхаа мэрийлт, одоо ажиллаж байгаа байдал зэрэгт сайн үнэлгээг өгч байна. Гэсэн ч бид стратеги төлөвлөлт зэрэг дээр илүү сайн бодож ажиллах хэрэгтэй.

-Улс орнуудын өвчлөлийг харж байхад цаг агаар, улс орны онцлог вирусын халдварт бас нөлөөлж байх шиг. Энэ тухай та юу гэж бодож байна?

-Олон орны эрдэмтэд энэ тухай ярьж, хэлэлцэж байна. Үнэхээр улс орны онцлог, газар зүйн байршил, цаг агаарын өөрчлөлт зэрэг нь вируст нөлөөлөх хандлага ажиглагдаж байна. Монголд ч гэсэн дулаан орж байна.

Вирус идэвхжих орчин бүрдэж байна. Цаг агаарын темпратурын хувьд, Монголд вирус үржих хамгийн таатай үе эхэлж байна. Дээрээс нь Улаанбаатар хот хүн ам шигүү суурьшсан, хөрсний бохирдол ихтэй гээд санаа зовоох зүйлс байна. Тиймээс иргэд анхаарал сэрэмжээ алдахгүй байх, эгзэгтэй мөчүүд ирж байна.

Хувь хүн бүр, иргэн бүр хариуцлагатай байх хэрэгтэй. Хувийн ариун цэврээ сайн сахиж, эмч мэргэжилтнүүдийн зөвлөмжийг сайн дагаж, маскаа сайн зүүх хэрэгтэй. Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед манай иргэд дүрэм журамаа маш сайн дагаж, хариуцлагатай хандаж байгаа.

Холбоотой мэдээ

Э.Эрдэнэсувд: Зөвхөн Монголчууддаа хилээ нээж, энгийн тарифаар татах гарц байна

Гадаадад байгаа монголчуудын нөхцөл байдлын талаар Их Британид гацсан иргэн Э.Эрдэнэсувдтай холбогдо

2020-07-07

Э.Энхболд: Хүүхэд гэр бүлийн утга учир гэдгийг ойлгуулж, амлалт авна

Зам тээврийн хөдөлгөөний өнөөгийн нөхцөл байдлын талаар Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагий

2020-07-06

Т.Мөнхсайхан: Өвчтөнд үйлчилж буй хандлагаар нь тооцож эмч, ажилтнууддаа урамшуулал олгоно

“Хандлагын 10 хувь” урамшууллын систем маань эрүүл мэндийн салбарт өөрчлөлт авчирна Улсын Нэгдүгэ

2020-07-06