fbpx

Кобиг хайртай бүхэн нь дурсаж байна

2020-03-26 279

Сагсан бөмбөгийн домог, NBA-гийи таван удаагийн аварга Коби Брайант Калифорни мужид өнгөрсөн нэгдүгээр сарын 27-нд нисдэг тэрэгний ослоор нас барсан билээ. Түүнийг нас барсанд спорт, урлаг соёл, улс төрийн хүрээнийхэн харамслаа илэрхийлсэн үгийг цахим хуудастаа бичсэнийг хүргэе.

Ванесса Брайант: ТЭР МИНИЙ БҮХ ЮМ БАЙСАН

АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн нэрт тоглогч асан Коби Брайантын эхнэр Ванесса Лайне Брайант нөхөр болон охиных нь дурсгалыг хүндэтгэхээр ирсэн зочдын өмнө “Коби алдартай хүн, гайхамшигтай тоглогч байсан. Тэр миний эелдэг нөхөр, бидний охидын сайхан аав байсан. Тэр миний бүх юм байлаа. Намайг 17 настайгаас хойш Коби, бид хоёр хамт байсан. Миний анхны найз залуу, би түүний анхны хайр байсан. Түүний эхнэр, сайн найз, хамгаалагч, дотны хүн байлаа.

Тэр их ухаалаг нөхөр байсан. Коби намайг их хайрладаг байсан. Бид 20 жил хамт амьдарсан. Коби угаалгын өрөө орохдоо ч сагсныхаа самбараас салдаггүй байсан. Охиддоо үргэлж хөөрхөн, ухаантай гэж хэлдэг байв. Мөн тэдэнд зоригтой байх, хэцүү зүйл тохиолдсон ч урагшаа явахыг заасан.

Тэрээр хойч үеийнхэндээ шилдэг байх болон тэдний хийсэн алдааг давтахаас зайлсхийхийг заахыг хүсдэг хүн байсан юм. Түүнд хүүхдүүдийн амьдралыг сайжруулах олон төсөлд ажиллах таалагддаг байсан” гэж “NBA”-гийн удирдлагууд, гэр бүлийнхэн, найз нар нь залбирал үйлдсэний дараа хэлсэн юм. АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн таван удаагийн аваргын эхнэр тэрээр үгийнхээ төгсгөлд сагсан бөмбөгт амьдралаа зориулахыг хүсдэг байсан Жианна охин болон түүнийг аавтайгаа хэрхэн харилцдаг байсан талаар дурсчээ. Тэд хөгжилтэй, алиа, тэнэг байснаас гадна амьдралыг хайрладаг байсан. Тэдний амьдрал баяр хөөр, адал явдлаар дүүрэн байсан. Бурхан энэ дэлхийд тэдний хэн нь ч нөгөөгүйгээрээ байж чадахгүйг мэддэг учир тэднийг хамт байлгахаар авч явсан гэж дурссан юм. Хонгор минь, бидний Жижийг хамгаалаарай. Надад Нанни, Виви, Коко байна. Бид хамгийн шилдэг баг хэвээр байна. Та нарыг хайрлаж, санаж байна. Бид дахин уулзах өдөр хүртэл амар амгалан нойрсч, тэнгэрт цэнгэж зугаацаарай” гэж хэлснээр нэрт сагсан бөмбөгчний эхнэр нөхөр, охин хоёртоо зориулсан салах ёслолын үгээ дуусгасан билээ.

КОБИ БРАЙНТАД ЗОРИУЛСАН ОЛНЫ ҮГ

Түүнтэй Лейкерс багт хамт тоглож байсан Пау Гасол твиттертээ ”Сүйрлээс ч илүү миний том ах… Би чадахгүй нь, зүгээр би итгэж чадахгүй нь” гэж жиргэжээ. Харин Коби Брайантыг дотны найзаа гэж хэлсэн домогт сагсчин Майкл Жордан “Коби болон Жианнаг ослоор нас барсан эмгэнэлт мэдээнд цочирдлоо. Мэдэрч байгаа шаналлыг үгээр тодорхойлж болохгүй байна. Би Кобиг миний бага дүү шигээ хайрладаг байсан. Бид үргэлж ярилцдаг байсан. Тэр ярьж байснаа их үгүйлэх болно. Тэр миний хүчтэй өрсөлдөгч, сагсан бөмбөгийн том тамирчны нэг, хүчтэй бүтээлч нэгэн байсан.

Мөн гэр бүлээ их хайрладаг сайн ааваас гадна сагсан бөмбөгт дуртай охиныхоо хайраар бахархдаг байлаа” гэжээ. Түүнээс гадна Аргентинийн хөлбөмбөгийн од Диего Марадона инстаграммдаа Коби Брайантын сахиусан тэнгэрийн далавчтай зургийг нийтэлж доор нь “Сайн бүхэн явж одох юм. Дараа уулзталаа баяртай домог минь” гэж бичжээ.

2010 оны NBA-гийн сүүлийн тоглолтын үеэр Коби Брайантын тоглохыг харсныхаа дараа сагсан бөмбөг тоглож эхэлсэн Филадельфи Севенти Сиксерс багийн тоглогч Жоэл Эмбийд “Өмнө нь хэзээ ч сагсан бөмбөг үзэж байгаагүй. Харин тэр сүүлийн тоглолтыг үзсэн нь миний амьдралын шийдвэрлэх мөч байсан. Би Коби шиг болохыг хүсдэг байсан. Одоо би итгэмээргүй их гунигтай байна. Коби Брайант 41 настай байсан” гэж бичсэн байна.

Мөн Лейкерс багийн сагсчин байсан Карим Абдул Жаббар “Олон хүн Кобиг тоглогчдын бүтэн нэг үеийнхнийг зоригжуулсан гайхамшигтай тамирчин хэмээн дурсч байгаа байх” гэв. “Чикаго буллс” багийн тоглогч асан Скотти Пиппен “Би балмагдсан. Үүнийг тодорхойлох үг алга. Итгэмээргүй гунигтай, аймшигтай өдөр байна” гэв. Сан Антонио Спёрс, Рэпторс багийнхан тоглолт эхлэх үеэр Коби Брайантад хүндэтгэл үзүүлжээ. Түүний оронд Фред Ван Влет бөмбөгийг авч Коби Брайант “Лейкерс” багт тоглож байхдаа өмсдөг байсан өмсгөлийн дугаарыг хүндэтгэж дүрмийг зөрчиж бөмбөгийг гартаа 24 секунд барьсан аж. “Спёрс” багт бөмбөг шилжихэд Джоунте Мюррей энэ үйлдлийг нь давтсан байна. Энэ үеэр үзэгчид Коби, Коби гэж хашгирч байжээ.

Улстөрчдөөс Калифорни мужийн захирагч Кэвин Ньюсом болон түүний эхнэр Женнифер Сиэбэль Ньюсон нэрт сагсан бөмбөгчийн талаар “Осол тохиолдсоноор манай мужийн билэг тэмдэг, сагсан бөмбөгийн домог Коби Брайант нас барсанд харамсч байна. Лос Анжелес Лейкерс багт 20 жил тоглохдоо унаган авьяасаараа түүхээ бүтээснээс гадна хичээл зүтгэлээрээ байр сууриа ахиулсан. Шинэ үеийн тоглогчдын замыг нээж өгсөн” гэж мэдэгдэлдээ дурджээ. Рэппер Жан Вайклеф “Коби Брайант амьдралын Гладиатор байсан” гэж жиргэсэн байна.

Х.Оюунболд

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

АНУ-д хоногт 33 мянган шинэ халдвар, 1970 нас баралт бүртгэгдлээ

“Covid-19” өвчний халдварын тохиолдлын тоо өнөөдөр (2020.04.08)-ийн байдлаар дэлхий даяар 1,4 сая да

2020-04-08

Япон улсад коронавирусийн тархалтыг хязгаарлах зорилгоор онц байдал зарлалаа

Япон улсын ерөнхий сайд Абэ Шинзо өнөөдөр тус улсын хүн ам төвлөрсөн бүс нутгуудад онц байдал зарлал

2020-04-08

Японд халдвар авсан хүний тоо 4000-д хүрчээ

Японы Токио хот болон 16 мужид даваа гарагт коронавирусний халдварын 143 шинэ тохиолдол бүртгэгдсэнэ

2020-04-07