fbpx

Бид иргэдээ урьдчилгаа төлөхгүйгээр ипотекийн зээлд хамруулна

2020-03-26 339

УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга, МАН-ын мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Энхтайванаас зарим зүйлийг тодрууллаа.

-МАН-ын 2020 онд дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрийн талаар асуухаас өмнө 2016 оны мөрийн хөтөлбөрийнх нь хэрэгжилтийг асууя. Танай намын мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт хэр байна вэ?

-Манай намын мөрийн хөтөлбөрийн биелэлт 83 хувьтай хангагдаж байна. 2012 онд дампуурлаа зарлах гэж байсан эдийн засаг өнөөдөр 7 хувийн өсөлттэй байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 8.2 их наяд төгрөгийн өрийг төллөө. Гадаад валютын нөөцийг дөрөв дахин нэмэгдүүлж, 4 тэрбум ам.долларт хүргэсэн. Төмөр замаа өөрсдөө тавьж байна. “Газрын тос боловсруулах цогцолбор”, “Төв цэвэрлэх байгууламж” баригдаж, “Хийн хоолой”–н томоохон төслийг эхлүүллээ. Мөн өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд 234 цэцэрлэг, 160 сургууль, 49 дотуур байр, 59 соёлын төв, 47 спорт заал, долоон спорт цогцолбор барьж дуусгасан. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хувь буурууллаа. “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Төрүүлж, өсгөсөн хүүхдийнхээ тоогоор эхчүүдийн нийгмийн даатгал төлсөн хугацааг 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцдог боллоо. Бага тэтгэвэр авч байсан ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлж, зөрүүг багасасан, малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулсан зэрэг бодит үр дүнг олон нийт харж байгаа байх.

–2020 оны сонгуульд оролцох нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө хянуулахаар Үндэсний аудитын газарт хүргүүллээ. Танай намын хувьд мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа хэр их цаг хугацааг зарцуулав?

-2016 онд МАН сонгуульд ялалт байгуулж эрх баригч нам болсныхоо маргааш өдрөөс эхлэн дараагийн сонгуульд орохдоо ямар мөрийн хөтөлбөртэй орох вэ гэдгийг судлаж эхэлсэн. Мөрийн хөтөлбөр боловсруулах үндсэн ажил “Алсын хараа 2050” хөгжлийн баримт бичиг боловсруулж эхэлсэн цаг үеэс эхлэлтэй. 2016 онд намын мөрийн хөтөлбөр 316 заалттай байсан бол энэ удаа 700 орчим заалттай нэлээд нүсэр болсон.

–Энэ жилийн сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрийн онцлог, давуу тал нь юу байх бол. Нийгмийн даатгал төлдөг иргэдээ байртай болгож, зээлийн хүүг бууруулах талаар тусгасан гэсэн үү?

-Мөрийн хөтөлбөр бүхэлдээ иргэн, хүн рүүгээ чиглэсэн. Үндсэндээ бага, дунд орлоготой иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын баримт бичиг юм. Нийгмийн тэгш бус байдлыг багасгаж, дундаж орлоготой иргэдээ нэмэгдүүлэх явдал нь өнөөдөр манай улсын хамгийн чухал асуудал болоод байна. Аливаа орны дундаж давхарга нь тэлж байж нийгэм тогтвортой хөгждөг.

Хоёрдугаарт, “Хуримтлалын нэгдсэн сан” гэсэн шинэ ойлголтыг хөтөлбөртөө оруулсан. Нийгмийн даатгалаа төлдөг иргэн бүр байр авахдаа урьдчилгаа төлбөрийн баталгааг энэ сангаар гаргуулах боломжийг бий болгоно. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээлд хамрагдаж байр авахад урьдчилгаа төлбөр төлөхгүй байхаар тооцоолсон. Хуулийн дагуу мөрийн хөтөлбөр аудитаар хянагдаж батлагдаж гарсны дараа нь илүү нарийвчлан ярих боломжтой.

–Намуудын мөрийн хөтөлбөр мөрөөдлийн жагсаалт болж хувирсан гэх шүүмжлэл ч их бий. Мөрийн хөтөлбөртөө тусгахад баримталсан гол зарчим нь юу байв?

-Юуны түрүүнд бид иргэдээ сонсох, иргэдийн санал, хүсэлт дээр тулгуурлах зарчмыг баримталсан. Манай намын хөтөлбөрт иргэд, олон нийт, төрийн байгууллагаас ирүүлсэн нийт 933301 санал хүсэлтийг тусгасан. Хоёрдугаарт, мөрийн хөтөлбөр үнэн бодитой байх ёстой. Өөрөөр хэлбэл, популист хоосон амлалт байх ёсгүй гэдэг зарчмыг баримталсан. Гуравдугаарт, баримталсан зарчим бол эрх ашиг нь орхигдсон нэг ч иргэн байх ёсгүй.

Дөрөвдүгээрт, иргэдэд хамгийн түрүүнд тулгамдсан асуудлыг шийдэх асуудлыг гол болгосон. Эхний ээлжинд аль болох олон иргэдийг орон сууцтай болгохоор тусгасан. Шийдэл олсон байгаа. Мөн иргэдээ ажилтай, орлоготой болгоход эдийн засгийн цогц төслүүдийг хэрэгжүүлнэ. Цалингийн хэмжээг нэлээн боломжийн түвшинд нэмэгдүүлнэ. Халамжийн бодлогоос аль болох зайлсхийх бодлого баримталж боловсруулсан.

Тавдугаарт, мөрийн хөтөлбөр шинжлэх ухаан, судалгаанд суурилах зарчмыг тусгасан. ”Алсын хараа 2050” хөгжлийн баримт бичиг боловсруулахад нийт 1500 гаруй эрдэмтэд судлаачдын санал бодлыг нэгтгэсэн байдаг.

Зургадугаарт, ирээдүйд учирч болзошгүй эрсдэлд бэлэн байх зарчим. Ковид-19 дэлхий дахинд тархалтын байдал улам нэмэгдэж байна. Энэ эрсдэлийг сайн тооцож үзэх ёстой. Ардчилсан нам эрх барьж байхдаа тавьсан их хэмжээний өр ирэх дөрвөн жилд төлөгдөх ёстой. Энэ том сорилтыг бид тооцож хөтөлбөрөө боловсруулсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Дэлхийн домогт хамтлаг болохыг хүсдэг”

Монголын хүнд рокийг дэлхийд таниулж буй “The HU" хамтлагийнхан цар тахлаас улбаалан аялан тоглолтоо

2020-04-07

Д.Анхбаяр: Улсын бүртгэлийг будилуулж, “явдаг царцаа” бий болгох замаар 2016 оны сонгуулийн дүнд нөлөөлсөн

“Шударга сонгуулийн төлөө иргэдийн нэгдэл” Д.Анхбаяртай ярилцлаа. -2020 оны УИХ-ын ээлжит сон

2020-04-07

Л.БЯМБАСҮРЭН: Нэг өрөөнд нэг хүн, нэг гэр бүлийг байлгах бодлого барьж ТУСГААРЛАЛТАНД авч эхэллээ

Эрүүл мэндийн Дэд сайд, Улсын онцгой комиссын Шуурхай штабын орлогч Л.Бямбасүрэнтэй цаг үеийн асуудл

2020-04-06