Д.Цэнгэл: Тэнгис нэртэй бүх хүмүүс үнэгүй кино үзнэ

2017-02-21 Ярилцлага 0

Нийслэл хотын анир чимээгүйд халуун дотно уур амьсгал төрүүлж, залуучууд хүүхдүүд дуртай киногоо үзэж, тоглож наадах газартай болсон нь 2003 он билээ. Дэлхийн түвшний кино театр болох Тэнгис кино театр үйл ажиллагаагаа эхлүүлээд өдгөө арван гурван жилийн нүүрийг үзсэн байна. Энэ хугацаанд холливүүдийн киноны нээлтийг Монголдоо үзэж тэдэнтэй хөл нийлүүлэх боломжийг харамгүй олгож ирсэн. Өнөөдөр нийслэл хотод минь өнгө нэмсэн олон сайхан кино театрууд үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр газруудаас анхдагч гэдэг утгаар нь Тэнгис кинотеатрыг сонгож “Амжилттай бизнес” ярилцлагын буландаа урьж оролцууллаа.

Тэнгис кино театр 2003 онд нээлтээ хийж байсан. Театр төдийгөөс өдийг хүртэл бүтэц зохион байгуулалтын хувьд хэр өөрчлөгдсөн бэ?

-Манайх Ялалт кино театрын суурин дээр баригдсан учраас жил бүрийн дөрөвдүгээр сарын 29-ний  өдөр ойн баярын өдрөө тэмдэглэдэг. Энэ жил 31 жилийн ой тохиож байна. Тухайн үед 3D кино өргөн дэлгэцээр үзэж техник технологийн хөгжлийг биширч хүмүүс их сайхан зүйлийг мэдэрч байсан байх. Тэр цагаас хойш олон жил өнгөрч үзэгчдийн маань үзэж хардаг соёл, киноны чиг хандлага зэрэг олон зүйлүүд өөрчлөгдсөн байна. Өнгөрсөн хэдэн жилээ, хүүхэдтэй  харьцуулбал хөл, хэлд ороод явж буй хүүхэд шиг болж байна даа.

-Тухайн үед ганцхан Тэнгис кино театр байлаа. Одоо бол олон театрууд шинээр бий болж байна. Зах зээл хэр их хуваагдаж байна вэ?

-Бид хамгийн анх 2003 онд  “Сувдан эрэг” киног дэлгэцнээ гаргаж байсан. Тухайн үед киноны билет олдохгүй шагийн үнэнд орчихсон байсан хэмээн хүмүүс ярьдаг. Одоо бол театрууд олон болсон байна тэр хэрээр хүмүүс киног шимтэн үздэг болж. Зах зээлээ бид нар бол хувааж байгаа. Гэхдээ нийслэл маань өөрөө цөөхөн хүн амтай 1,5 сая хүний 1,3 сая нь кино үзэх боломжтой хүмүүс гэх судалгаа бий. Өнөөдрийн байдлаар нэг киног хамгийн сайн үзлээ гэхэд 80 мянган хүн л үзэж байна даа. Тэгэхээр энэ бол кино үзэж буй нийт хүнтэй харьцуулахад маш бага тоо. Бид нар бол театр олон болсонд санаа зовоод байх зүйл үгүй. Гэхдээ тодорхой хэмжээнд хүрээнд Монголын театрын зах зээл бол “ханана.” Театр хоорондоо өрсөлдөхөөсөө илүүтэйгээр бидэнтэй зэрэгцэж маш  олон борлуулалтын сувгууд гарч ирсэн байгаа. Энэ бол IPTV, OTT гээд дараагийн үе шатанд гарч ирж байна. Энэ олон үе шатлалууд байсан ч гэсэн гэр бүлээрээ кино үзэх, киног орчинд мэдрэх зэрэг соёлуудадаа улам дадах болно гэдэгт итгэлтэй байдаг.

-Билет захиалгын хувьд танай театр онлайнаар захиалахаас гадна өөр нэг автомат машинаар захиалгаа өгдөг болсон байна л ээ?

-Онлайн билет захиалгыг бүх театрууд нэвтрүүлж, хүмүүс захиалдагч гэлээ энэ нь өөрөө банкны системтэй холбоотой байдаг учраас заавал тэр хүн интернэт банктай, мобайл банктай байх зэрэг жаахан асуудалтай байдаг. Манай байгууллагаас 2016 онд дэвшилтэт технолгийг ашиглаад “тасалбарын автомат машин” гаргасан байгаа. Энэхүү машин нь Монголд хамгийн анхны бэлэн авч, хариулж өгөх мөн банкны картаар үйлчилгээ үзүүлдэг автомат машин байгаа. Тухайн машин дээр үзвэрийн цаг болон хэдэн тасалбар байгаа зэрэг мэдээллүүд байдаг. Үүнийг харж байгаад үзэгчид маань киногоо захиалаад үзэх боломжтой. Үзэгч та киногоо захиалаад бүхэл мөнгө автомат машинруу хийсэн ч танд буцаагаад хариулт мөнгө өгдөгөөрөө давуу талтай.

-Энэхүү үзвэрийн автомат машины байрлалыг тодорхой хэлээч?

-Энэ жилийн хувьд нийтдээ таван ширхэг автомат машин оруулж ирсэн байгаа. Скай их дэлгүүр, СУИС-ын нэгдүгээр байр, Скайтел үйлчилгээний төв буюу теди төвд байрлаж байгаа. Мөн манайх 1900-1617 лавлах оператортой хамтарч ажилладаг. 1900-1617 руу залгаж билетаа захиалаад үнэгүй хүргүүлж авах боломжтой.

-Нийслэлийн 9 дүүрэгт кино театр байгуулах боломжтой байх. Гэтэл монопол болсон театрууд нь зах зээлээ хуваах дургүй байдаг учраас бусдад хүмүүст боломж олгодоггүй гэх юм билээ?

-Миний бодлоор кино театр хүмүүсийн гэртэй илүү ойрхон байвал амар, ер нь захын хороололууд болон кино театргүй газруудад шинээр баригдаасай гэж хүсдэг. Бид нар хэн нэгний кино театр барих эрхийг хааж боогоогүй, тийм эрх ч байхгүй.

-Цахим сүлжээгээр кино театруудыг шүүмжилсэн шүүмжлэл нилээд хэдэн өдөр явлаа. Бага насны хүүхдүүд уншиж чаддаггүй байтал тэдний үздэг киног subtitle гаргалаа гэж. Энэ тал дээр танайх ямар тайлбар хийх вэ?

-Энэ бол зөв шүүмжлэл. Гурван жилийн өмнө анх ажлаа авахдаа мөн л энэ асуудлыг хөндөж дуугарч байсан. Гэхдээ кинотеатрын бизнес гэдэг өөрөө дотроо маш нарийн бүтэц зохион байгуулалттай байдаг. Кино гаргахдаа СД-гээ тавиад тоглуулах гэсэн товчлуур дараад киногоо гаргадаг зүйл огт биш. Холливүүд гэдэг вант улс өдийг хүртэл яагаад оршин тогтнож байгаа гэвэл тэд киногоо цоожлодог, кодолдог, нууцлалын хэлбэр нь маш нарийн байдаг болохоор тэр юм шүү дээ. Бид нар өнгөрсөн жилүүдэд Шрек, Кунг –Фу- Панда зэрэг хүүхэлдэйг орчуулах хүсэлт тавьсан. Гэтэл тэдний тавьсан шаардлага нь маш өндөр байсан л даа. Нэгдүгээрт, Мэргэжлийн дуу оруулалтын сертификаттай жүжигчин. Тэрхүү жүжигчний  англи хэлний чадвар, дуу оруулалтын чадвар нь дэлхийн стандартад тохирсон байх. Мөн Анжелино Жолегийн хоолойг дараад дуу оруулах эрхтэй байх зэрэг шаардлагууд байдаг. Хоёрдугаарт, Мэргэжлийн дуу оруулалтын студи байх ёстой байдаг юм билээ.

Хүүхэлдэйн кино нь өөрөө дан зураасаас эсвэл графикаас бүрдсэн байдаг. Тийм учраас монгол орчуулагтай гаргая гэвэл прожектоо задлаад дуу, дүрс, шуум зэрэг маш олон замуудаас нь дуу оруулалтыг нь авч байгаад монгол орчуулагаа дэвсэх ёстой нарийн ажил байдаг. Гэхдээ энэ ажлыг нь бид өөрөө хийдэггүй зөвхөн тэр жүжигчидийнхээ хоолойг явуулснаар тэнд нь шалгаж үзээд рендэрлэж явууладаг.  Өнгөрсөн жил манай театрт гарсан “Home”хүүхэлдэйн киног бид монгол орчуулагтайгаар гаргаж байсан. Манай улсад мэргэжлийн дуу оруулалтын жүжигчин нь бий болоод студи нь байвал бид орчуулагтай кино гаргахад бэлэн байна. Гэхдээ өнөөдрийнх шиг ийм цаг үед театр өөрөө мөнгөө гаргаад киногоо орчуулаад гаргая гэвэл хүүхэлдэйн киноны үнэ одоо байгаагаасаа 2-3 дахин нэмэгдэх болно. Зарим кино компаниудын гэрээний санал уян хатан байвал бид хүүхэлдэйн киног ер нь монгол орчуулагатай гаргахыг эрхэмлэдэг. Одоогийн байдлаар томоохон кино компаниудад тавьсан хүсэлтийн хариу бол танай зах зээл арай жижигхэн байна. Хүн ам чинь өсч  илүү олон хүн кино үзэх ёстой. Олон хүн кино үздэг болсон тохиолдолд бид энэ саналыг тань бодолцож үзэх болно гэсэн хариулт ирдэг.

-Манай улсад мэргэжлийн дуу оруулалтын жүжигчин байхгүй гэж үү?

-Өнгөрсөн жил Dream-work`s кино компаниас Монголчуудаас киногоо орчуулж гаргах хүсэлт их ирж байна гээд мэргэжлийн студи байна уу гээд хайхад White arch студи байсан. White arch студи дээр өмнө нь манайх Free birds киног орчуулуулж байсан. Холливүүдийн зургаан том студи бол киног нь орчуулахыг зөвшөөрдөггүй бусад  бие даасан студи бол зөвшөөрдөг. Гэхдээ монгол дуу оруулалттай гаргасан, гаргаагүй хоёрын хооронд борлуулалтын тал дээр ямар ч ялгаа байдаггүй.

-Монгол киног театрт гаргахад ашгаа 50:50 гэж хувааж авдаг. Яагаад ингэж хувааж байгаа юм бэ?

-Бизнесийн байгууллагууд дундаас хамгийн урт цагаар амралтгүй ажилладаг нь кино театр байдаг. Бид нар жилд нэг хоног амардаг нь Цагаан сарын шинийн нэгний өдөр амардаг. Бусад өдрүүдэд өглөө 10:30 цагаас шөнийн 23:30 цаг хүртэл ажилладаг. Кино театрын ажилладаг зарчим дэлхийн стандартаар буюу ашгаа хуваах зарчмаар ажилладаг. Манай театр бол кино нийлүүлэгч нь 52 хувь, театр нь 48 хувь гэсэн зарчмаар явдаг.  Өглөөний 10 цагт гарах киног нэг үзэгч үзэх гэж ирсэн ч хамаагүй бид киногоо гаргадаг. Ер нь кино театрын урсгал зардал өндөр байдаг.

-Нэг бүрэн хэмжээний уран сайхны кино гаргахад ойролцоогоор хичнээн төгрөгний зардал гардаг вэ?

-Энэ зардлыг шууд ярих нь байгууллагын нууц учраас боломжгүй л дээ. Гэхдээ энэ том дэлгэц дээр кино гаргахад 6000-7000 ваттын гэрлээр шарж гаргадаг байгаа. Энэ гэрлээ бид нар зөвхөн Америкаас манай проекторт нийцсэн гэрлийг захиалж авчруулдаг. Аливаа гэрэлд наслах цаг гэж байдгийг бас бодох хэрэгтэй. Кино театр өөрөө маш их арчилгаа, урсгал засвар шаарддаг. Энэ нь өөрөө өртөг өндөр байдаг учраас хүн бүр кино театр баригдаггүй байх л даа.

-Үзэгчдийн сонирхож үзэж буй кино холливүүд байна уу эсвэл дотоодын кино байдаг уу?

-Монгол кино олон болсноороо хүмүүс дуртай болж байгаа хэрэг биш. Яг тодорхой цөөн тооны продакшнуудын хийсэн киног илүүтэй ихээр сонирхон үзэж буй нь анзаарагддаг. Тухайлбал: Хувьсал продакшн, Х Түц, Фантастик продакшн зэрэг газруудын хийсэн бүтээлийг хүмүүс илүүтэйгээр үзэж сонирхдог. Холливүүдийн кинон дээр хүртэл адилхан л даа. Галзуу хурд 7, Jurassic world зэргийг  юу гарахыг нь мэдсээр байж эрэлт ихтэй үзэж байсан. Тэгэхээр энэ нь найруулагчийн тавилт, менежментийн багтай их холбоо л доо.

-Кино урлагийн салбарт ажиллаж байгаа хүний хувьд Монгол киноны салбарыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Кино гэдэг бол аль аль талруугаа хөгжсөн байх хэрэгтэй. Бизнес байж урлаг оршино. Урлагийнхаа үнэт зүйлийг агуулж байж үзэгчдээ байлдан дагуулах байх. Хэлбэр хийцийн хувьд холливүүдийн түвшинд хүрэхүйц болж чадаж байна хэмээн харж байна. Дэлхийн кино урлагийг зөвхөн Америк гэдэг орноор төсөөлж болохгүй байх. Франц, Европын орнууд хэлбэр хийц, урсгал жанар нь өөр боловч чанартай уран бүтээл хийдэг байгаа. Үүнтэй адил манай уран бүтээлчид дундаас зоригтой дугарч чадсан чанартай бүтээлүүд их бий. Тухайлбал, удахгүй дэлгэцэнд гарах гэж буй найруулагч Б.Чингүүний хийсэн “Өртөө” гээд сэтгэхүйн драма бүхий уран сайхны кино байна. Би энэ киног шинэ зүйлээр дуугарах гэж сонгодог зохиолоор хийсэн кино байх хэмээн бодож байна. Бид хамтарсан бүтээл хийж дэлхийн стандартад нийцүүлэн гадныхантай ажиллаад эхэлбэл тэднээс их зүйл сурч өөрсдөдөө тэрхүү дэвшлийг хадгалж авч үлдэж чадах байх. Ер нь хүний нөөц нь сайн байж тухайн салбар хөгжих байх.

Монголын кино уран бүтээлчид өөрсдийн хийсэн бүтээлээ кодлодог болсон”

-Зарим кино театрт гарч байхдаа хулгайлагддаг. Театрын зүгээс энэ тал дээр ямар арга хэмжээ авдаг вэ?

-Уран сайхны киног театраас бичих ямар ч боломж байхгүй. Манай бүх танхимууд Full HD –гээр шөнийн дурандаа бичээд хянаад сууж байдаг. Магадгүй үзэгч танхимд ямар нэгэн сэжигтэй үйлдэл хийвэл хамгаалалтын ажилтнууд очиж шалгадаг. Дээрээс нь кино театрт гарч буй бичлэгийг зөвхөн тэр театрт, тэр проекторт тааруулж өгдөг учраас өөр камераар бичхэд өнгө дүрсийг нь ялгах боломжгүй байдаг юм. Манай театраар киногоо гаргуулж буй уран бүтээлчид бидэнд кодоо өгсөнөөр бид киног гаргадаг. Тэрхүү файлыг өөр газар очоод уншуулах ямар ч боломжгүй. Зөвхөн манай театрын дэлгэц дээр гарахаар тохиргоо нь хийгдсэн байдаг юм.

Киног хаанаас алдаж байна вэ гэхээр IPTV-д өгсөнийхөө дараа алддаг. Гэхдээ дэлхийн өндөр хөгжилтэй орнууд энэ асуудлыг шийдсэн байдаг юм билээ. Тухайлбал: Та гэртээ  интернэтээр үнэгүй кино татаж үзсэн тохиолдолд танай гэрт интернэтийн  IP хаягаар чинь торгуулийн хуудас очдог. Та миний хөрөнгө мөнгө, оюун ухаанаа зарцуулж хийсэн киног үнэгүй татаж үзсэн байна гэх агуулагатай торгуулийн хуудас очдог.

-Танай кино театрын шаардлагыг хангахгүй Монгол кино ирж байсан уу?

-Одоо ч гэсэн ирдэг. Хүний хөдөлмөрөө шингээж хийсэн киног муухай муу бүтээл байна гэж шүүмжлэх эрх бидэнд байхгүй. Тиймээс манайх бол арилжааны байгууллага учраас “уучлаарай таны кино борлогдох боломжгүй” кино байна гэж хэлдэг. Яагаад вэ гэхээр логик алдаатай, техникийн дуу дүрс зөрүүтэй, маш уйтгартай киног хүмүүс залхааж мэднэ гэж бодоод авдаггүй. Одоохондоо манайд киноны хууль байхгүй учраас кино нийлүүлэгчийн бүтээлийг авахгүй гэж хэлэх маш хэцүү байдаг. Хэрвээ тийм муу бүтээлийг авсан тохиолдолд үзэгчид эргээд бидэнд гомдол гаргаж, бухимддаг. Мөнгөө төлөөд кино үзэж байхад надад яагаад ийм зүйл үзүүлж байгаа юм бэ гэх мэтээр бухимдлаа илэрхийлдэг.

-Киноны тухай хууль гэдгээ дэлгэрэнгүй тайлбарлаач?

-Киноны хуульд уран бүтээлд насны хязгаарлалт, цэнзурь гэж зүйл байх ёстой гэж үздэг. Ялангуяа үйлчилгээний байгууллага дээр насны хязгаар тогтоочихсон кинон дээр хүүхдээ дагуулаад хамт үзэх тохиолдол олон байдаг. Ээж, аав нь хүүхдээ мэдэж байна гээд насны хязгаарлалтай кинонд дагуулаад ордог ч тухайн хүүхдэд ямар их хүчирхийлэл, айдас мэдрэгдэж байдгийг эцэг эхчүүд тэр бүр анзаардаггүй.

-Эцэг эхчүүдийн дураараа гаргаж буй үйлдлийг хуульчилж өгч байгаа хэрэг үү?

-Ер нь бол тийм. Хэрвээ та насны хязгаарлалт тавьсан кинонд хүүхдээ дагуулж ирэх юм бол “та хүүхдээ хүчирхийлж байна” гэсэн үг. Ихэнх улс оронд энэ нь хуульчлагдсан байдаг.

-Дөрөвдүгээр сарын 29-ний өдөр 31 жилийн ойн баярын өдөр болно. Ямар ажил эхлэхээр төлөвлөж байна вэ?

-Манай хамт олон төрсөн өдрөөрөө ямар нэгэн сайхан зүйлийг хийхийг хүсдэг. 30 жилийнхээ ойгоор кино үзэх боломжгүй нийгмийн эмзэг давхрагын айл өрхийн хүүхдүүдэд кино үзүүлж баярлуулсан. Энэ жил олон сайхан зүйлийг төлөвлөж байна. Юуны өмнө Тэнгис нэртэй бүх хүмүүсийг үнэгүй кино үзүүлэх болно. Түүнээс гадна бэлгийн картуудыг бэлдсэн байгаа. Тухайн өдөр манай театр дээр ирсэн хүмүүс бидний баяраас хуваалцаж юу бэлдснийг нь харах боломжтой.

Холбоотой мэдээ

Ж.ШИЖИР: Одоогоор манай системийг 100 хувь ашиглаж байгаа нэг ч сургууль алга байна

IT салбарт тасралтгүй түүчээлж амжилтаараа ялгарч байгаа “ТОМ АМЖИЛТ” ХХК-ийн ерөнхий захиралтай Амж

2021-05-07

“ODOSURY платформ сургалтын сан асар их, хамгийн хямд, ашиглахад ч хялбар”

Цар тахалтай байгаа онцгой нөхцөлд сургалтын систем онлайн хэлбэрт эрчимтэй шилжиж байна. Үүнтэй хол

2021-05-07

“Асарч хамгаалж чадахгүй бол ядаж хүүхдийнх нь мөнгийг хүүхдэдээ өгчих”

Сар бүр олгодог хүүхдийн 100 мянган төгрөг, Засгийн газрын дэмжлэг болох 300 мянган төгрөгийн ал

2021-04-30

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль