Засгийн газрын “100 мянга”-ын хүлээлт өсөхийн хэрээр зах зээлд ноолуурын ханш унасаар байна

2020-04-13 Бизнес

Манай улсын МАА-д сүргийн бүтэц алдагдаж, ямаан сүргийн тоо толгой хэт өссөн судалгаа гардаг. Үүний цаад шалтгаан ердөө ноолууртай хамаатай. Харин энэ жил дэлхийн нийтийг хамарсан COVID19 халвар гарсантай холбоотой манай дотоодын зах зээлд ноолуурын жижиг үнийг тогтоодог байсан урд хөрш орж ирсэнгүй. Ингээд малдын бэлэн мөнгөний эх үүсвэр болсон ноолуурын ханш сүүлийн жилүүдэд байгаагүйгээр унаад байна.

Монгол Улсын Засгийн газар 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ээлжит бусаар хуралдаж ноолуурын түүхий эд бэлтгэх, нөөц бүрдүүлэх, үнийг тогтвортой байлгах үүднээс “Ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний” тухай тогтоолыг батласан байдаг.

Уг тогтоолд дурдаснаар Хөгжлийн банкинд “Ноолуур” хөтөлбөрийн эргэлтийн хөрөнгийн зээлийн хүүг Монгол банкны бодлогын хүү буурсантай уялдуулан бууруулах, барьцаа хөрөнгийн нөхцлийг хөнгөрүүлэх, Үндэсний үйлдвэрүүдэд зээлийн хүүгийн татаас олгох асуудлыг тусгажээ. Ингэхдээ түүхий эдийн нөөц бүрдүүлэхэд шаардлагатай 300 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны эх үүсвэрээр олгосон зээлийн хүүгийн татаасанд 30 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхийг зөвшөөрч, эх үүсвэрийг судлан шийдвэрлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нарт даалгасан юм.

Энэ дагуу Ноос, ноолуур бэлтгэх гүн боловсруулалт хийдэг 20 гаруй үйлдвэр, Ноос ноолуурын холбооноос ХХААХҮЯ-нд дунджаар 100 мянган төгрөгөөр ноолуур бэлтгэхээр хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлт ирүүлсэн байна. Энд, Говь, Кашмер холдинг, Богд кашмер, Сор кашмер, Монгол микра, Хатад интернэйшнл, Монгол нэхмэл, Сувд, Гоёл, Влю скай, Буян, Эрдэнэт ноолуур, Өгөөж шим ХХК, Баялаг-Өлзий ХХК, Жижиг сүлжих үйлдвэрүүд багтжээ.

Гэхдээ бүх ААН-үүд шууд зээлээ аваад орон нутгаас худалдан авалт хийчихгүй бололтой. Яамны мэдээллээс үзэхэд ААН-үүдийн ирүүлсэн хүсэлтийг Хөгжлийн банк хүлээж авч, өөрийн шалгуурт нийцэх, эсэхийг судалж үзэх гэнэ. Энэ шалгуурт тэнцэж чадвал ХХААХҮЯ-тай гэрээ байгуулах ажээ. Яамны зүгээс эхний аж ахуй нэгжтэй энэ долоо хоногт гэрээ байгуулж, ирэх долоо хоног буюу энэ сарын 20-ноос ААН-ийн түрүүч худалдан авалт хийлгэх чиглэлийг барьж байгаа аж.

Хөгжлийн банкны тавьсан шалгуурын талаар судалж үзэхэд холбогдох журам өнөөдрийн байдлаар батлагдаагүй байна.  Нэг үгээр хэлбэл нэр бүхий ААН-үүд хүсэлтээ ирүүлсэн ч шууд зээл аваад малчдаас 100 Засгийн газрын хэлээд байгаа 100 мянган төгрөгөөр худалдан авалт хийхгүй гэсэн үг. Ямартай ч худалдан авалт хийхээр төлөвлөсөн ААН өөрийн харилцдаг арилжааны банкаар дамжуулан зээлийн хүсэлт гаргах, эсвэл шууд Хөгжлийн банкинд хүсэлтээ өгөх боломж байгаа юм.

Нэг зүйлийг зориуд тодруулж хэлэхэд дээрх хүсэлт гаргасан 20 гаруй үйлдвэрүүдүүдээс банкнаас зээл авах зээлийн шалгуур хангадаг үйлдвэр гуравхан байна. Бусад нь их хэмжээний зээл авч чадахгүй. Мөн ноолуур бэлтгэх бүх үйлдвэрүүд өнгөрсөн жил авсан зээлээ төлж дуусгаагүй буюу банкинд муу түүхтэй байгаа юм. Төрөөс уян хатан хандаж, ААН-үүдэд өршөөнгүй журам баталж, зээлийг олголоо ч гэсэн зориулалтын дагуу зарцуулж чадах, эсэх дээр эргэлзээтэй байгаа салбарын сайдын үг ч байгааг энд сануулъя.

Төрөөс гаргасан 100 мянган төгрөгийн тухай шийдэл өнөө хэр эцэслэгдээгүй эргэлзээ, тээнгэлзээн дунд гэлдэрч явахад малчид ямаагаа самнаад эхэлжээ. Жил бүрийн өдийд малчдын гар дээр бэлэн мөнгөний хуримтлалыг бий болгодог сезоны улиралд ноолуурын ханш ямар байна вэ?

Малчдын гар дээрээс нэг кг ноолуур авч байгаа дундаж ханш 60-65 мянган төгрөгийн хооронд байна. Тухайлбал, Хэнтий, Говьсүмбэр, Баянхонгор, Архангай зэрэг аймгууд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний төвлөрсөн цэг Эмээлт зэрэгт дээрх жишгээр авч байгаа бол Булган аймагт ердөө 40 мянган төгрөгийн үнэтэй байна.

Ноолуурын салбарынхан 2020 онд нэг килограмм ноолуурыг 100.000 төгрөгөөр тооцож, нийт 5.000 тн ноолуур худалдан авахаар төлөвлөж ноолуур бэлтгэлд ойролцоогоор 456.1 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгө шаардлагатай гэж үзжээ. Гэтэл Ч.Улаан сайдын мэдээлэлд дурдсанаар малчдаас гарах боломжтой ноолуурын хэмжээ 10,2 мянган тонн. Засгийн газар, Хөгжлийн банкны 300 тэрбум төгрөгийг ноолуурын худалдан аватлад оруулаад ч цаана нь малчдын гар дээр самнасан ноолуурынх нь 50 гаруй хувь үлдэх нь. Өөрөөр хэлбэл малчид самнасан ноолуурын кг нэг бүрийг 100 мянган төгрөгт арилжаалах боломж хомс байна.

Харин салбарын сайд малчдыг ноолуураа борлуулах гэж яарах хэрэггүй. Төрөөс зарласан үндэсний үйлдвэрүүдэд ноолуураа зарах хэрэгтэй. Хэрэв үндэсний үйлдвэрүүддээ ноолуураа тушаахгүй бол эргээд ноолуурын урамшуулал авч чадахгүй байдалд хүрнэ гэж байгаа нь тийм ч уялдаа холбоотой сонсогдохгүй байгаа юм.

Энэ жилийн тухайд эдийн засаг маш эмзэг байна. Төрийн зүгээс гаргаж буй урамшууллын бодлого, боломжийн үнийг хүлээх санхүүгийн таатай нөхцөл хаа хаанаа алга. Хуваарилсан мөнгө, түүнийг шалгуур хангаад авчих ААН, малчдын самнах ноолуурын хэмжээ зэрэг тоо баримтууд үүнийг хэлж байна. Тэгэхээр хилээ нээж, хятадуудыг оруулж ирдэггүй л юм бол малчид ноолуураа үнэд хүрнэ гэж нэг их найдах хэрэггүй дүр зураг байна. Эсрэгээрээ төрөөс малчдаа ноолуурыг үнэтэй авах замаар дэмжих гэхээсээ илүүтэй өөр арга замыг эрэлхийлэхэд илүүдэхгүй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.05.0

2020-05-06

Англи хэлийг тоглоом тоглонгоо сурч болох уу?

Тиймээ, ялангуяа хүүхдүүд өрсөлдөн тоглох үедээ тархи нь илүү ажиллаж байдаг бөгөөд энэ үед цээжлэх

2020-04-27

Засгийн газрын “100 мянга”-ын хүлээлт өсөхийн хэрээр зах зээлд ноолуурын ханш унасаар байна

Манай улсын МАА-д сүргийн бүтэц алдагдаж, ямаан сүргийн тоо толгой хэт өссөн судалгаа гардаг. Үүний

2020-04-13