Сонгууль 2020: Хонгор нутгийнханд “хайр зарласан” горилогчид

2020-04-22 Онцлох

Хүн бүр фэйсбүүктэй, хүн амын тооноос ашиглаж буй хаягийн тоо давчихсан. Тэнд байгаа мэдээлэлтэй зууралдахын тулд өдөр, шөнөгүй утсаа гөлөрдөг болчихсон нь үнэн. За яг үүнээс болж хавар, сонгууль хоёр зэрэг ирж байгаа ч хэлэх үү гэнэтийн “хайр зарлагдсад”-тайгаа байнга учирдаг болов. Хуучиндаа дасаад, хийцгүйрчихсэн энэ цаг дор шинэ “хайртууд” содон байхаас яахав.

Жишээ нь Баянхонгорын ард иргэд харж үзээгүй “хайр зарлагсадтайгаа” дэлгэцний цаанаас танилцаад одоо бүр дасаж, үгүйлэн санах дээрээ тулж байх шиг. Тэд энгийн нэг хайр зарлаад өнгөрөх биш хөдөө хөхөрч, гадаа гандаж яваа хонгорчуудын амьдралын талаар гайхамшигт түүх ярьж, уулын энгэр усны захад уран тавилттай зураг авахуулснаа оруулж, хамаатан эсэхээ ч мэдэхгүй ах, эгчдээ санаа тавин уянгалахыг нь яана.

Баянхонгортоо битгий хэл баруун аймаг руу руу зүглээгүй удсан тэд 2019 оноос эхлэн өдөр бүр фэйсбүүкээр дамжин нүдэнд үзэгдэж, улмаар гудамжинд таараад, мэнд асууж, мал сүрэг тавтай юу гээд хүчилсэн байртай инээгээд гар сарвайж, хацраа өгөх. Үгүй тэгээд мөрөөрөө ингээд явахын оронд 20 сумынхаа хүн ардад сайнтай муутай хэлэгдэж, хөдөөгийн амьдралд нухлагдаж яваа хэдэн бор даргыг нь муулж, хамгийн сүүлд хэзээ ирснээ ч санахгүй Хонгор нутгийн хөгжилд сэтгэл гаргаж, санаа тавина хэмээн уулга алдана. Сонгуулийн жилийн дохио хавартай хавсарсан нь энэ билээ.

Ингэхэд гэнэтхэн гарч ирээд гайхамшиг үзүүлнэ гээд байгаа эдгээр эрхмүүд хаана байсан “хайр зарлагсад” вэ? Чухам тэдний хайр үнэнч хайр мөн болов уу? Энэ их хайрыг нь хүлээгээд авчихвал Баянхонгор аймагт хөгжил авчирч, хүн ардыг нь жаргааж чадах болов уу? Урьдын хувьтай намын улиг болсон хэдээсээ илүү байхад нь итгэж болох уу? Энэ талаар багахан ч болов тодруулах үүднээс олонд ил мэдээллийг сийрүүлж уншигч танд хүргэе.

Д.Мөнх-Эрдэнэ

Тэртээ 2011 оны үеэс Баянхонгор хөгжлийн сан ТББ-ыг байгуулгаар дамжуулан нутагтаа чиглэсэн үйл ажиллагаа хийж эхлэснээр Жийп сервесийн гэгдэх Д.Мөнх-Эрдэнэ сонгуульд нутгаасаа нэр дэвшихээр шийдсэн гэж хэлж болно. Тухайн үедээ Ардчилсан намд шинэчлэлийн хөдөлгөөн гэгчийг өрнүүлж намынхаа хурал цуглааныг энтермаймент болгож байсан тул дээсэн дөрөөн дээр дэнчигнэж асан Алтанхуягийн эвслийн Засгийн газраас Хөх хотод суух консулаар явуулахаар болж нэг хэсэг чимээ алдарсан билээ. Гэхдээ тэр зүгээр суугаагүй. Нутгийнхаа хилийн дээс алхаж үзээгүй хэдэн арван хөдөлмөрчдийг автобус автобусаар Хөх хот үзүүлж нүд тайлуулсанд олон хүн баярладаг л юм билээ.

Тэр консулын ажлаасаа дуулиантай буусан нэгэн. Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод суугаа Ерөнхий консул тэрбээр дипломат эрхээ хэтрүүлэн ашиглаж, дипломат дугаартай автомашиныг Хятад иргэдэд худалдсан хэргээр БНХАУ-д шалгагдаж эхэлсэн гэх мэдээлэл цацагдаж байв. Үүнтэй холбоотойгоор түүнийг өнгөрсөн оны зургаадугаар сарын 26-нд Засгийн газрын шийдвэрээр эгүүлэн татсан. Ирэнгүүтээ л “Улаан бал” нэвтрүүлэгт оролцож, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Ц.Нямдорж, түүний хүүгийн тухай хурц мэдэгдлийг хийж нийгэмд шуугиан дэгдээгээд амжсан.

Хурц зантай, хатуу үгтэй энэ залуу Баянхонгор аймагт нэр дэвшихээр “замаа засч” яваа ч хэлсэн үг, хувийн араншингаасаа болж хэл аманд өртөх нь элбэг. Хамгийн сүүлд намынхаа даргын шуналыг орон даяар зарлаж ээлжит шуугианаа тариад амжлаа. Ямартай ч улс төрийн нэн сонирхолтой дүрийн эзэн Д.Мөнх-Эрдэнэ хонгор нутгийн 20 сумаар хоног өдөртэй өрсөөд тойрчихсон.

 Э.Содномжамц

Хонгор нутгаас 2016 онд сонгогдсон цагаасаа хойш хэлсэн үг бүр нь трэнд болж байдаг эмэгтэй бол М.Билигт. Улсын төсвөөс орон нутагтаа хэдий хэрийн ажил, арга хэмжээг шийдвэрлүүлж, хөөцөлдөж, бүтээснийг тоолж мэдэхгүй . Данх, гутал гээд малчин түмнийхээ дунд сугалаа хүртэл зохиочихсон болохоор ч хөдөөгийн ард иргэд түүнд ам сайтай байдаг. Гэхдээ одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулахад гар бие оролцож, гарын үсгээ зурсан гишүүдийн нэг гэдгээрээ намын даргаасаа нэр дэвших эрхээ олж чадахгүйд хүрч мэдэхээр байгаа. Нутгийн иргэдийн яриагаар өнгөрсөн оны сүүлээс эхлэн тойрогтоо үзэгдээгүй гэхээр нэр дэвшихгүй гэдэг нь ортой байж мэднэ.

Эндээс “Билигтийн тойрог” гэх нэр томьёо үүсч энэ тойрогт МАН-аас горилогсод гэнэтийн хайр зарлаад эхэлжээ. Тэдний нэг нь ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Нийслэлийн ЗДТГ-ын дарга асан Э.Содномжамц. Асан гэсний учир тэрбээр оны эхэнд төрийн албаа хүлээлгэж өгсөн байдаг.

Тэрбээр олон нийтийн сүлжээнд төдийгөөс эдүгээг хүртэлх намтар түүхээ оруулж, нутаг орноо гэсэн аугаа их сэтгэлээ илчлэх болов. Албаны мэдээллийг шүүж харвал ажил албатай байх ахуйдаа Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвүүдэд яамны шугамаар нэн шаардлагатай тоног төхөөрөмж, унаа тэрэгний дэмжлэгийг үзүүлж байжээ.

Ямартай ч энэ удаад алс холын бодол тээж нутгаасаа нэр дэвшихээр эргэлт буцалтгүй шийдсэн бололтой. Тэрбээр олон нийтийн сүлжээнд төдийгөөс эдүгээг хүртэлх намтар түүхээ оруулж, нутаг орноо гэсэн аугаа их сэтгэлээ илчилсээр байна.

 П.Нүрзэд

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл өөрийн бичсэн нэгэн нийтлэлдээ ардчилсан нам залуучуудаа өмнөө барьж энэ сонгуульд оролцож байж ялна гэсэн агуулгыг тов тодорхой бичсэн байдаг. Түүний зөгнөл Баянхонгорт биелж байгаа нь АН-ын ҮБХ-ны гишүүн П.Нүрзэд. Нам нь түүнд энэ удаад мандат өвөртлүүлээд Баянхонгор руу илгээх бололтой. Ардчилсан намын гал тогоонд чанагдаж, нам, улс төрийн ажилд чамгүй туршлага хуримтлуулсан нэгэн гэнэ. Энэ утгаараа П.Нүрзэд намдаа нэр, нүүртэй залуусын нэг.

Тэрбээр Нийслэлийн АН-ын хэрэг эрхлэх гэзрын дарга, нийслэлийн Баянзүрх дүүргийн Ардчилсан намын даргын албыг тус тус хашжээ. Өнгөрсөн онд Баянзүрх дүүрэгт дахин сонгууль болж байхад нам нь оролцоогүй, харин мань эр тойрогтоо ажиллаж явсан гэдэг. Өөрөөр хэлбэл түүнд дүүрэг биш нутаг илүү боломжтой болсон гэсэн үг. Ямартай ч тэрбээр бусдын адил нүүр номоор онч мэргэн үг, сургамжит өгүүлэг бүхий зургаа идэвхтэй дэлгэх болов. Сонгуулийн хуулиас урьтаж өөрийн зураг бүхий гар утсыг тараагаад амжсан нь олон нийтийн сүлжээнд тавигджээ. Түүнээс өөрөөр интернэт тод мөргүй, хий багатай нэгэн бололтой. Энэ сонгуулиар л юу хийж байсан, ямар боловсролтой, хэн болохыг хамтдаа мэдэж авцгаая.

 А.Адъяасүрэн

За нэг ийм эмэгтэй гэнэт л хайр зарлаад гараад ирэв. Түүний талаар тийм ч их мэдээлэл алга. Олонд ил байгаа мэдээллээс харахад авто тээврийн салбарт 20 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж буй “Номгон Санчир” групийн ерөнхий захирал аж. Багш, сэтгэл зүйч мэргэжилтэй. АН-ын ҮБХ-ны гишүүн. Түүний удирдсан компани өдгөө жолоодлогын сургуулиас гадна өөрсдийн МСҮТ-ийг байгуулан найман чиглэлээр авто тээврийн засвар үйлчилгээний ажилтан бэлтгэж байгаа гэнэ. Оюутолгой компанийн аюулгүй жолоодлогын сургалт хариуцдаг.

Компанийн нэрэнд Номгон гэж орсон нь түүнийг Баянхонгорын уугуул гэдгийг илтгэнэ. Нөгөөтэйгүүр бизнес нь амжилттай явахын хэрээр АН болон МАН-аас намдаа элсүүлэх санал тавьсан хэмээн хэвлэлд ярьжээ. Бизнесийн салбарт чамгүй амжилт үзүүлсэн тул одоо улс төрд хүч үзэхээр шийдсэнээ ч хэлсэн байдаг. Тиймдээ ч ийнхүү гэнэтийн хайр зарлан нутагтаа бараагаа харуулах болжээ. Ямар ч байсан “Танайд хоноё”-ын Алтантүрүүг хөтлөөд сумдаар манаргаж, хүүхэд насны нандин дурсамжаа хөвөргөж, хүн бүрийн гар утсаар цацагдаад амжсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Д.Нямхүү: Коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол дөрвөөр нэмэгдэж, 140 боллоо

Манай улсад коронавирусийн тархалт нэмэгдсэн эсэх болон шинжилгээний хариуг мэдээллээ. ХӨСҮТ-

2020-05-18

Дахин 37 хүнээс халдвар илэрснээр Монголд батлагдсан COVID-19-ийн тохиолдол 135 боллоо

Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол илэрсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг

2020-05-16

Сонгуулийн прогноз: Илт олонхгүй парламент бүрэлдэнэ

Энэ жилийн УИХ-ын сонгуулийн нэг онцлог маш олон бие даагчид нэр дэвшиж буй явдал. Нийтдээ 208 бие д

2020-05-11