МАН-ын гурван гавьяа

2020-04-22 Улс төр

Монгол Улс шинэ дүрэмтэй боллоо. Замын хөдөлгөөнийх биш л дээ, харин засаглалынх. Том агууллагаараа 1992 онд байгуулсан нийгмийн гэрээндээ “салхи оруулж”, шинэчлэн зурагласан нь энэ байв. Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах замаар.

“Үндсэн хууль бол “Алганд багтсан” Монгол Упс юм” хэмээн нэрт хуульч Бираагийн Чимид нэгэнтээ хэлж байлаа. Үнэн үг, ханатай л тодотгол. Нийгэм, улс төрийн хүрээнийхний ой тоонд одоо ч хадаатай явдаг, эш татан ярьж буй нь “Эцэг хууль”-ийн эхийг баригч эрхмийн эл үг ямар үнэ цэнэтэй оршин ирснийг илтгэнэ. Нэгэн жарны турш нам төвтэй явж ирсэн Монгол Улс 1992 онд Ардчилсан Үндсэн хуулиа боловсруулж баталсан нь биднийг шинэ зам руу хөтлөх суурийг тавьж байв. Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна хэмээн Үндсэн хуульдаа тусгасан нь зүгээр нэг тунхагийн шинжгэй заалт биш юм.

ШИГТГЭЭ: Үндсэн хууль нь агуулга, ач холбогдлын хувьд Монголын ард түмний оюун ухаанаар “хуульчлан буулгасан шинэ цагийн Монгол Улс мөн” гэдгийг олон судлаач нэгэнт хүлээн зөвшөөрдөг. Энэ нь ч зүйн хэрэг.

Харин энэ удаад 2011, 2012, 2015 он буюу гурван ч парламент дамжиж яригдаад тусыг эс олсон Үндсэн хуульдаа 27 жилийн дараа нэмэлт, өөрчлөлт оруулж, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн засаглалын гурван салаа мөчрийн чиг үүрэг, эрх мэдлийн хуваарилалт, тэнцвэртэй байдлыг тодорхой болгов. Харин түүнийг нь бүтэн агуулга, бүрэн зураглалаар нь өөрчлөх хувь гагцхүү МАН-д л байжээ. Ингэхдээ 2020 оны тавдугаар сарын 25- ны өдрийн 12.00 цагаас бүх нийтээр дагаж, мөрдөхөөр хүульчилсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрыг тогтвортой, үр нөлөөтэй, УИХ-ын үйл ажиллагааг сайжруулах, шүүх байгууллагыг хараат бус, шударга болгох зэрэг томоохон гурван реформыг хийгээд байна. Энэ бол яах аргагүй 2016 оны сонгуулийн дүнгээр УИХ-д 65 суудалтай болсон МАН-ын гавьяа юм.

Хүүхэд хэлд, хөлд орох нас гэж бий. Ойролцоогоор нэгээс хоёр жил. Үүн шиг аливаа Засгийн газарт мөрийн хөтөлбөр, төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлэх, адаглаад үр дүнг нь үзэхэд хамгийн багадаа гурван жил шаардлагатай. Уг нь сонгуулийн цикл, УИХ-аар батлуулдаг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд дөрвөн жил байдаг ч манайд хамгийн тогтворгүй явж ирсэн нь гүйцэтгэх засаглал. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд эмхлэн байгуулсан Засгийн газруудын бүрэн эрхийн дундаж хугацаа ердийн 1.8 жил байсан нь үүний бэлээхэн жишээ. Үр дүнд нь 15 Засгийн газрыг байгуулж, 300 гаруй сайд төрүүлжээ, бид. Засгийн газраа хэлд, хөлд орж амжаагүй байхад нь улс төр дэх талцал, толхилцоон, ашиг сонирхлын хүрээнд татаж унагадаг жишиг манайд хууль мэт тогтчихсон хэрэг. Хэнбугайн ч Засгийн газар гарч ирээд томоохон төсөл, хөтөлбөрөө урагшлуулах зорилт тавьж, түүнийгээ УИХ-аар батлуулдаг мөртлөө хэрэгжүүлэх гэж дуншсаар огцордог гэсэн үг.

Харин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр энэхүү тогтворгүй байдлыг халах хэд хэдэн өөрчлөлтийг хийгээд байна. Эхнийх нь Ерөнхий сайд, Засгийн газрыг чуупганы нэгдсэн хуралдаанд сууж байгаа гишүүдийн олонхиор огцруулдаг байсныг халав. Чуулганд 60 гишүүн оролцсоноос 36 нь огцруулахыг дэмжсэн тохиолдолд Ерөнхий сайдыгаа унагаадаг 1992 оноос хойш уламжилж ирсэн жишиг үүгээр тасалбар болж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, хуралдаанд оролцсон гишүүдийн 39-өөсдоошгүй гишүүн санал нэгдэж байж Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг Үндсэн хуульд зориуд тусгаж хамгаалсан нь энэ. Ингэснээр Засгийн газарт дархлаа тогтож, шалдар булдар эрх ашгийн сонирхлоор татаж унагаадаг байдал үгүй болох давуу талтай юм.

ШИГТГЭЭ: Засгийн газрын улс төр, эрх зүйн үйл ажиллагааны тэргүүн шугам нь Үндсэн хуулийг хамгаалах, биелэлтийг хангах явдал билээ.

Удаахь нь танхимаа өөрөө бүрдүүлж, сайд нарыг томилж, чөлөөлж, огцруулах эрхийг Ерөнхий сайдад олгохоор болж байна. Нам дамнасан улс төр, бизнесийн бүлэг, фракцын эрх ашиг, ялангуяа УИХ-аас хэт хамааралтай явж ирсэн Засгийн газрын бүрэлдэхүүний томилгоог Ерөнхий сайд өөрөө бие даан шийдэх нь түүнд хэт их эрх мэдлийг төвлөрүүлж буйгаас өөрцгүй хэмээн шүүмжлэх хүн цөөнгүй. Тийм биш. Бүрэн зураглалаар нь харвал хариуцлага алдсан сайдаа хамгаалж үлдвэл Засгийн газар бүхэлдээ огцрох эрсдэлтэй учраас Ерөнхий сайдад алдаа гаргах эрх байхгүй болж байна.

Учир нь, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр гүйцэтгэх засаглалд хамаарах томоохон шинэчлэлийн нэг нь Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлыг илүү тодорхой болгожээ. Уул уурхай, түүнийг дагасан төмөр зам, цахилгаан станц, урт хугацааны бүтээн байгуулалт зэрэг мега төслүүдийн хүрээнд Ерөнхий сайдын зүгээс бодлого боловсруулснаа УИХ-д оруулж, өөрт нь итгэл үзүүлэх эсэхээ шийдүүлэхээр болж байгаа юм. Хэрвээ Ерөнхий сайдын бодлого УИХ-аас дэмжлэг хүлээвэл шийдүүлсэнд тооцож, хэрэгжүүлээд явах эрх нь нээлттэй гэсэн үг. Харин дэмжпэг хүлээхгүй бол түүнийг огцорсонд тооцож, 30 хоногийн хугацаанд дараагийн Ерөнхий сайдыг томилохоор болсон. Хугацаандаа багтахгүй тохиолдолд УИХ өөрөө тарах эрсдэлтэй учраас хаа хаанаа хариуцлагатай хандана гэсэн үг. Засгийн газрын гишүүд УИХ-д тангараг өргөсөн өдрөөс хариуцлагын асуудал Ерөнхий сайд, кабинетын зарчмаар шийдэгдээд явах боломжийг ийн бүрдүүлсэн хэрэг. Энэ нь парламентаас дэмжсэн бодлогыг шат шатандаа хамгийн сайн хэрэгжүүлэх сайд нараар танхимаа бүрдүүлдэггүй л юм бол Ерөнхий сайд өөрөө огцрох хэмжээний хуулийн хайчинд орж байгаагаас өөрцгүй.

ШИГТГЭЭ: Даргын толгойд юу орсноор дүрмээ хийж болохгүй. Төрийн хүний толгой, хөл нь нэг судсаар холбогддог.

Өөр нэг зүйл нь Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлэхийг хориглолоо. Нэмэгдүүлэхийг хүссэн тохиолдолд парламентаар бус Засгийн газарт санал тавих зарчмаар дахин оруулахаар болж байна. Улсын төсвийг гишүүдийн үзэмж, ашиг сонирхлын хүрээнд бус цэвэр Засгийн газрын бодлого шийдвэрийн хүрээнд батлахаар болсон нь энэ. Үүнээс гадна Ерөнхий сайдаас гадна дөрөв хүртэлх сайд УИХ-ын гишүүн байж болохоор Үндсэн хуульд тусгасан нь олон жил шүүмжлэл дагуулсан “давхар дээл”-ийн маргаанд цэг тавилаа. Эндээс нийгэм, эдийн засгийн асуудлыг шийдэх бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх, үр дүнг нь үзэх, тоггвортой хариуцлагатай гүйцэтгэх эрх мэдэл буюу Засгийн газар ямар ч байсан хэлд, хөлд орох бүрэн боломжтой болж байна.

2.Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр гүйцэтгэх засаглалын үйл ажиллагааг илүү боловсронгуй болгож, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлсэн гэвэл өрөөсгөл. Хууль тогтоох дээд байгууллага парламентын үйл ажиллагааг чанаржуулж сайжруулах өөрчлөлтүүд байна уу гэвэл байна. Жишээ нь, УИХ-ын гишүүн өргөсөн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн тохиолдолд эгүүлэн татах асуудлыг хуульчлаад байгаа юм. Ингэснээр тухайн гишүүн гэмт хэрэгт холбогдсон эсхүл тангаргаасаа няцсан нь үндэслэлтэй гэж үзвэл бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх юм.

ШИГТГЭЭ: УИХ-ын гишүүдэд жам ёсны хууль батлах ёстойг нь зориуд энд хэлмээр байна. Кноп дарахын өмнө энэ хууль үнэхээр иргэн хүний өнөө болон алс ирээдүйн амьдралын ашиг тусыг тусгаж чадаж байна уу, үгүй юү гэдгийг бодолцож байх ёстой.

Мөн УИХ-ын ээлжит, чуулган хагас жил тутам 50-иас доошгүй ажлын өдөр хуралддаг байсныг 75-аас доошгүй болгон сунгаж, жинхэнэ утгаараа байнгын ажиллагаатай парламент болгоход илүү чиглэжээ. Өмнөх парламентын үед чуулганы хуралдаанд оролцсон гишүүд ирцээ бүртгүүлчихээд бусдадаа товчлуураа захиад явдаг байсан нь бараг уламжлал болсон байв.Үрдүн нь УИХ-аас баталж байгаа хуулийн төслийн чанар, агуулга суларч муудахаас эхлээд парламентын нэр хүнд унах гол шалтгаан болж байлаа. Хэдийгээр гишүүдийн үг хэлэх, санал өгөх асуудлыг хурууны хээгээр өгдөг болгож, “хэнэггүй”, хариуцлагагүй байдлыг нь бага ч гэсэн халсан. Гэвч 30-аас доошгүй гишүүн сууж байгаад хууль баталдаг байсан нь үе үеийн парламентад тогтсон жишиг.

ШИГТГЭЭ: Уг нь албан тушаалын төлөө хууль хийдэггүй, албаны эрх мэдлийг хязгаарладаг зүйлийг л хууль гэдэг. Хууль бол хориг юм.

Харин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 39-өөс доошгүй гишүүн хуулийг эцэслэн батлахаар болж байна. Үүнийг дагаад хуулийг чанартай гаргах, тогтвортой хэрэгжүүлэх, гишүүдийг хариуцлагажуулах боломжийг бий болгож буй. Дээрээс нь, УИХ Ерөнхий сайдыг огцруулснаас хойш, эсхүл Ерөнхий сайдад итгэл үзүүлэхээс татгалзсанаас хойш 30 хоногийн дотор шинэ Ерөнхий сайдыг томилоогүй бол парламентыг тараах эрхийг Ерөнхийлөгчид олгожээ. Шинээр бүрдсэн парламентын олонх, цөөнх эс бөгөөс эвсэл зэрэг хэн байхаас үл хамааран дараагийн Ерөнхий сайдыг томилох 30 хоногийн хуулийн хязгаартай гэсэн үг.

Өмнөх гашуун туршлага шиг Ерөнхий сайдаа огцруулчихаад олон сар дараагийн хүнийг нь томилохгүй удаадаг, хөшигний ард халаасандаа наймаалцдаг байдал гарахгүй болно гэсэн үг. Хамгийн гол нь эдгээр зохицуулалт нь УИХ Ерөнхий сайдыг томилох асуудалд илүү хариуцлагатай ханддаг болгоход чиглэжээ.

3.Нэгэн цагт авлига хамгийн их цэцэглэсэн төрийн байгууллагын жагсаалтыг шүүх тэргүүлдэг байв. Хүнд сурталдаа дарагдсан, шүүн талсах үйл ажиллагааны явцад хуудуутай, эрх мэдэл, мөнгөтэй хүний талд шийдвэр гаргадаг гэх гомдол, маргаан ч тасардаггүй байлаа. ТББ болон олон улсын байгууллагаас иргэдийн дунд явуулсан судалгааны үр дүн ч үүнийг гэрчилдэг. Одоо ч уг байгууллагатай холбоотой гомдол, маргаан тасраагүй байна. Угаас шүүхийн шийдвэрт сэтгэл хангалуун үлддэг хүн гэж үгүй. Аль нэг тал нь гомдолтой салдаг. Зарим нь давж заалддаг.

Гэхдээ энэ байгууллагатай хамааралтай явж ирсэн хамгийн том эргэлзээ, хардлага нийгэмд байдаг нь шүүх хараат бусаар ажилладаг уу гэсэн асуулт. 1992 оны шинэ Үндсэн хууль батлах үеэр Монгол Улсад ирсэн НҮБ-ын хоёр шинжээч “Шүүхийн ерөнхий зөвлөлийг Үндсэн хуульдаа зааж байгаа нь зөв. Зааж өгөхгүйгээр ШЕЗ-ийн бүрэлдэхүүнийг нь парламент байнга өөрчилж шүүхэд зүй бусаар нөлөөлөх эрсдэлтэй” гэж анхааруулж байжээ. Гэвч тухайн үеийн Ардын Их Хурал уг саналыг хүлээж авалгүй баталсан гэдгийг зарим хуульчид ярьдаг. Ийнхүү ШЕЗ-ийн бүрэлдэхүүнийг Үндсэн хуульдаа тодорхой зааж өгөөгүйгээс 27 жилийн хугацаанд бүрэлдэхүүнийг нь дөрвөн удаа өөрчилжээ. Эхлээд ШЕЗ-д Хуулийн сайд нь хэт нөлөөтэй байсан бол удалгүй Дээд шүүхийн ерөнхий шүүгч даргалдаг болсноор шүүхийн дотоод хараат бус байдлыг эрсдэлд оруулсан гэдэг. Өдгөө уг байгууллагын бүтцийг тусад нь байгуулсан ч нийт гишүүдийг Ерөнхийлөгч томилдог болсон нь эргээд хэт хамааралтай байх шалтгаан болсон юм.

Нэг үгээр ШЕЗ нь өнгөрсөн 27 жилийн хугацаанд гурван ч эрх мэдлийн тойргийн хүрээнд бүрэлдэхүүнийг нь байнга өөрчилж ирсэн улс төрийн нөлөө орох эрсдэлийг улам өрдсөн хэрэг. Харин энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр уг байгууллагын бүрэлдэхүүнийг 10 гишүүнтэйгээр дөрвөн жил ажиллахыг хатуу тусгаснаараа онцлог байв.

Эдгээр гишүүний тав нь шүүгч нараас байх учраас улс төрийн нөлөөнд орох асуудлыг саармагжуулах давуу талтай. Үлдсэн тав буюу шүүгч биш таван гишүүнийг нь нээлттэйгээр нэр дэвшүүлж томилох юм. Ийнхүү ШЕЗ-ийн бүрэлдэхүүнд орсон ШЕЗ-ийн 10 гишүүн дотроосоо даргаа сонгосноор уг байгууллагын бие даасан, хараат бус байдлыг сайжруулна гэж үзжээ.

Нөгөөтэйгүүр, хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллахаар болсон нь тэдгээрийн сахилга, хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг, хамгаалахад ач холбогдолтой. Уг хороог байгуулснаар шүүгчийн хариуцлага, сахилгын тогтолцоо тогтвортой, үр нөлөөтэй болох юм. Судалгаанаас харахад өнгөрсөн 27 жилд шүүгчийн хариуцлага, сахилгын тогтолцоо гурван удаа өөрчлөгджээ. Залгамж чанар нь алдагдаж, зүй бус нөлөөлөлд орох эрсдэл үүсгэж эхэлсэн гэсэн үг. Бас нэгэн онцлог нь Ерөнхийлөгчийн саналаар шүүхийг тойргийн журмаар байгуулж болохоор заажээ. Хэд хэдэн дүүргийг хамруулсан шүүхийг байгуулж болно гэсэн үг. Ингэснээр шүүхийн ачааллыг жигдрүүлэх, мэргэшүүлэх, улмаар иргэний шударгаар шүүлгэх эрхийг илүү сайн хангахад дөхөм болно гэж үзжээ. Ийнхүү нийгмийн зөвшилцлийн хүрээнд байгуулсан гэрээ болох Үндсэн хуульдаа Монголын парламент 27 жилийн дараа нэмэлт, өөрчлөлт оруулж түүхэн үүргээ гүйцэтгэлээ. 2000 оны “Дордуулсан долоо” хэмээх нэмэлт, өөрчлөлтийн зургааг нь засаж, сайжруулсан гэдгийг Ажлын хэсгийнхэн онцолж буй. Эрх мэдлийн хуваарилалтад гажуудал үүссэн заалт орох бүрт Үндсэн хуулийн дархлаа суларч, төр нийгмийн хөгжлийг хөтлөгч бус саатуулагч хүчин зүйл болж хувирдаг гэсэн үг бий. Үүн шиг өнгөрсөн 27 жилийн хугацаанд явж ирсэн эрх мэдлийн хуваарилалт, түүнээс улбаалсан гажуудлыг энэ удаад, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр зассан гээд тодотгочиход болно. Ямартай ч, боловсруулсан төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар нь танхимаараа шахуу УИХ-аас зөвшөөрөл авдаг байсныг халж Ерөнхий сайдад нь бүх эрх мэдлийг төвлөрүүлэх замаар “барьцаа”-наас гаргасан нь дэвшил мөн үү гэвэл мэдээж мөн. Хуралдаа суудаггүй, тэр хэрээрээ хууль баталдаг парламентын буруу жишиг шинэ дүрмийн хүрээнд эмх цэгцэндээ орох нь. Ерөнхийлөгч хэмээх ганцхан субьектээс хэт хамааралтай гэсэн шүүмжлэл дагуулах болсон шүүх байгууллага ч олон нийтийн хараа хяналтад орж, ёс зүйтэй холбоотой асуудлыг шийдэх Сахилгын хороотой болж байна.

ШИГТГЭЭ: Зөв хууль гаргадаг УИХ, сайн гүйцэтгэдэг Засгийн газар, шударгаар хамгаалдаг шүүх байж сая хууль биелнэ.

Монгол Улс 3.2 сая хүн амтай, 36 улс төрийн намтай. Сонгуулийн насны 2.5 сая хүний 500 мянга нь аль нэг намын харьяалалд байна. Дөрвөн хүн тутмын нэг нь улс төрийн намын гишүүн. Энэ бүх талцал хуваагдлыг нийгмийн гэрээ буюу Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр мөн шийдлээ. 801 хүн нийлж нам байгуулна гэдгийг хуульчилж өгснөөс намууд бодлогоор өрсөлддөг, тэгээд улсаа хөгжүүлдэг хууль, эрх зүйн орчин үнэндээ Монголд байхгүй болсон нь нууц биш. УИХ-аар хэлэлцэнэ гэж аль 2012 онд л яригдаж байсан Улс төрийн намуудын тухай, Улс төрийн намуудын санхүүжилтийн тухай хуулиудын сураг одоог хүртэл алга байна.
Борооны дараах мөөг шиг “төрдөг”, тэгээд манан шиг замхардаг жижиг намуудтай, том хоёр нь бодлогын институц гэхээс илүүтэй мөнгөөр уралддаг ийм бүтэцтэй үед улс төрийн шинэ хүчний орон зай Монголд байсаар байх болно. Гэхдээ яаж, хэрхэн гэдэг асуулт дагуулсаар өнөөдрийг хүрч байна. Харин уг асуудлыг шийдвэрлэх зорилгоор сонгогчдын нэг хувиас доошгүй тооны буюу одоогийнхоор 20 гаруй мянган иргэн эвлэлдэн нэгдэж нам байгуулахаар заагаад байна. Хэдийгээр энэ заалтыг 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөхөөр шийдсэн ч найман жил гэдэг бага хугацаа биш. Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгохоор хуульчилсан нь ч манайдаа л дэвшил. Галт тэрэг ийнхүү нэгэнт хөдөлчихлөө. Тавдугаар сарын 25-наас хүчин төгөлдөр мөрдөж эхлэх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах, бэлтгэл ажлаа хангах ажил л энэ парламентад, МАН-д үлдэж байна.

С.Гандөл

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

589 нэр дэвшигч тус бүрт 15 минутын төлбөргүй сурталчилгаа явуулах цагийг хуваарилжээ

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-т заасны дагуу Харилцаа холбо

2020-05-29

Н.Номтойбаярыг цагдан хорьжээ

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд асан Н.Но

2020-05-28

Дархнаас сонгогдох дараагийн гишүүд хэн бэ?

2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхлэхэд зургаан өдөр үлдээд байна. Бие даагчид, залуу

2020-05-27