Хонхны дуу хонгилын дагуу жингэнэнэ

2020-04-24 Нийтлэл

Ардчилсан хувьсгал манай улсад ялан мандаж ахуй нэгэн дуу төрсөн нь Хонхны дуу. 1989 оны 12 дугаар сарын 10-ны Олон Улсын Хүний эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Залуучуудын Соёлын төвийн өмнө болсон улс төрийн цуглааны индэр дээрээс Монголын Ардчилсан Холбоо байгуулагдсаныг зарлан “Хонх”-ны дууг олонд хүргэснээр эрх чөлөөний сүлд дуу болтлоо хоногшжээ.

Харин саяхан эх орондоо ирсэн даруй тусгаарлагдаад буй экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тусгаарлах байрны гадаа энэ дууг захиалж сонсжээ. Радио руу утастаад эсвэл интернетээс хайгаад сонсчих атал бүр дуучин ба үзэгчтэй, дээрээс нь дүрс бичлэгтэйгээр сонссон нь гайхмаар шүү. Ингэж эрх чөлөө, хүний эрхийн илэрхийлэл болсон хонхны дуу албан тушаалтнуудын холбогдсон хэргийн ээдрээт хонгил дагуу жингэнэж, шүүх танхимын алхыг санагдуулах болсон хэрэг.

Ер нь манай ерөнхийлөгч нар эх орондоо сүр дуулиантай ирдэг, ирэхээрээ хоригдчихдог болоод удаж байгаа.

Тэртээ найман жилийн өмнө ерөнхийлөгч асан Н.Энхбаярын оймсыг гозолзуулан хорьж билээ. Гэм буруугүй, хэлмэгдсэн хэмээн тас гүрийдэг энэ эрхэм “гэмгүй” явсаар нэгэнт найман жил өнгөрчээ. Энэ хугацаанд хэлмэгдсэн гэх Н.Энхбаяр тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хаяглан гомдлын үг шидэж, хорсол тээж явсныг бид арай л мартаагүй байна. Тэгвэл эдүгээ Н.Энхбаяр улиг болж Ц.Элбэгдорж “од” болж байна. Тэрбээр хуулийн өмнө гутлаа тосолж, зангиагаа засаад очиж шалгуулах ёстой байсан ч хил даван зугтааж, хүрч ирэнгүүтээ тусгаарлалтад оров. Уур бухимдал, өс хонзон тээсэн уртаас урт нийтлэл одоогийн Ерөнхийлөгчид хаяглан тэрлэх. Юм гэдэг сонин шүү. Үе үеийн Ерөнхийлөгч нар маань нэгнээ хэмлэх, нэг мөр дарахын төлөө явах жамтай байжээ. Үйлийн үр гэдэг нь юм уу, бүү мэд.

Ц.Элбэгдоржийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8-1, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар нийслэлийн Прокурорын газар (НПГ)-аас 2020 оны нэгдүгээр сарын 30-нд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татжээ. Тодруулбал, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8-1 дэс хэсэгт заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэснийг үндэслэн 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35.6-д заасан “Зааж зөвлөх, зэвсэг, хэрэгсэл өгөх, учрах саадыг арилгах, унаа, орон байраар хангах зэргээр гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэг хамжигчаар оролцсон” хэмээн тодорхойлж, уг хуулийн тусгай ангийн 263.2 дахь хэсгийн “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан” гэх хэрэгт буруутгаж буй билээ.

Түүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол танилцуулах, мэдүүлэг авах, мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулах гэсэн хэдий ч 2019 оны аравдугаар сарын 7-нд Монгол Улсын хилээр гарсан тул холбогдох ажиллагааг хийх боломжгүй болжээ.

Хуульд заасан үндэслэлийн дагуу Ц.Элбэгдоржийг мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулж, түүнээс мэдүүлэг авах зорилгоор прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг гэр бүлийн гишүүн болох төрсөн хүү Э.Эрдэнэд хоёр удаа гардуулан өгч, нэг удаагийн мэдэгдэх хуудсыг шуудангийн хаягаар нь явуулсан хэдий ч тэрбээр заасан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй юм. Харин дэлхий нийтийг хамарсан цар тахал аюул дагуулж эхлэхэд хууль дуудаад ирдэггүй иргэн Элбэгдорж яаран сандран эх орондоо ирсэн юм.

Улсын онцгой комиссын 2020 оны гуравдугаар сарын 26-ны 14 дүгээр хуралдаанаар шинэ коронавируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, хяналтыг сайжруулах зорилгоор халдварын голомт бүхий гадаад улс орнуудаас захиалгат нислэгээр ирсэн иргэдийг тусгаарлах байранд ажиглах хугацааг 21 хоног болгон сунгаж шийдвэрлэсэн.

Тиймээс АТГ-т шалгуулах ёстой экс Ерөнхийлөгч маань тусгаарлалт, ажиглалтын 21 хоногийг цонхон доороо дуу дуулуулж, ёстой нэг тааваараа өнгөрүүлж байна. Одоо түүнд эрх чөлөө ямар үнэтэй санагдаж байгааг таашгүй. Цаг явсаар. Хонхны дуу хонгилын дагуу жингэнэнэ…

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ногоон зээлийн шалгуурыг бууруулъя

Ногоон гэсэн тодотгол байгаль орчинд ээлтэй байхаар илэрхийлэгддэг. Олон улсын банк санхүүгийн байгу

2020-05-29

Л.Оюун-Эрдэнэ ээ, цонхоо нээгээд хар даа, өнөөх мафи чинь өвдгөн дээрээ өндийх гэж байна

Хэнтийн хүү, Л.Оюун-Эрдэнэд хэлэх гэж хадгалсан хэдэн үг бий. Хан Хэнтий нутгийг би хар залуугаасаа

2020-05-29

Маш ноцтой: “Дуншиж” буй шашны хууль гадаадын захиалгатай гэв үү?!

Ардчилсан нийгэмтэй Монголд ирсэн шашин шүтэх эрх чөлөө маань сүүлийн жилүүдэд шүүмжлэлд өртөх болло

2020-05-26