Хар дарсан МАНАН дундах ҮХЦ-ийн хуралдааны тэмдэглэлээс…

2020-05-08 Нийгэм

Сонгуулийн хуулийн маргаантай заалтаар ҮХЦ-д хандаж мэдээлэл гаргаад 112 хоносон. Тэгвэл Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнгөрсөн лхагва гаригт болж өнгөрлөө. Цэц өнгөрсөн арванхоёрдугаар сард парламентаас баталсан УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн зарим заалтыг Үндсэн хуульд нийцсэн гэж дүгнэв.

Миний гаргасан мэдээллийн товч агуулга бол Сонгуулийн тухай хуульд иргэний улс төрийн эрхийг бүх насаар нь хязгаарласан “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно”(29.8) гэсэн заалт нь

-Хүний эрхийн Түгээмэл тунхаглалын “…хүн бүр улсаа удирдахад шууд чөлөөтэй сонгосон төлөөлөгчдөөрөө уламжлан оролцох эрхтэй, …хүн бүр улсдаа төрийн алба хаших эрхтэй, ард түмний хүсэл зориг бол засгийн эрх мэдлийн үндэс байх ёстой…энэхүү хүсэл зориг нь… бүх нийтийн тэгш эрхийн үндсэн дээр …сонгуулиар илрэлээ олно” гэснийг,

-Иргэний болон улс төрийн эрхийн тухай Олон улсын пактын “…Иргэн бүр төрийн хэргийг явуулахад шууд болон чөлөөтэй сонгосон төлөөлөгчдөөрөө уламжлан оролцох… тэгш эрхийн ерөнхий нөхцөлтэйгээр улсдаа төрийн алба хаших эрхтэй” (25) гэж заасныг,

-Эрүүгийн хуулийн “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” (1.2) “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” (6.1), Олон Улсын Эрүүгийн шүүхийн дүрмийн “нэг гэмт хэргийн төлөө нэг удаа хариуцлага ногдуулах” зарчмыгзарчмыг тус тус зөрчсөн.

Ингэснээрээ Монгол Улсын Үндсэн хуулийн “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим” (1.2), “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” (3.1), “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” (10.3), “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэсэн сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулсан заалт(16.9), “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно.” (21.3), “Монгол Улсад шүүх эрхмэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, “Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно” (47)гэсэн заалтыг тус тус зөрчсөнийг тогтоолгох явдал байсан.

Миний бие хуралдааны үед УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч УИХ-ын гишүүн Т.Аюурсайханаас “Та ҮХЦ-ийн 2008 оны 06 тоот дүгнэлтийг хүчин төгөлдөр гэдгийг хүлээн зөвшөөрч ярилаа. Үүнийгээ баталгаажуулж байна уу гэхэд хариу тайлбартаа “Авилгын гэмт хэрэг цөөнгүй гарч байна. Нэлээдгүй өссөн” гэлээ. Энэ ямар ойлголт вэ, энэ хуулийг батлуулах саналыг ямар судалгаан дээр үндэслэж гаргасан бэ. УИХ-ын хууль батлах үйл ажиллагаа Хууль тогтоомжийн тухай хуулийн шаардлагад нийцсэн байх ёстой юм.

Мөн УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Эрх хасах ял”-ыг Сонгуулийн тухай хуулиар биш Эрүүгийн хуульд зааснаар шүүх оногдуулах талаар та юу гэх вэ. Манай Улс нэгдэн орсон Олон Улсын Эрүүгийн шүүхийн дүрмийн “нэг гэмт хэрэгт нэг удаа хариуцлага хүлээлгэнэ” гэсэн зарчмыг энэ хуулиар зөрчиж байгааг та юу гэж ойлгож байгаа вэ. Нэр дэвшигч татварын болон бусад өр зээлгүй байх шаардлага нь эрүүгийн биш иргэний эрх зүйн харилцааны шинжтэй. Энэ талаар та юу хэлэх вэ. Бусад орнуудын туршлагыг энд ҮХЦ дээр маргаан шийдвэрлэхэд ярих биш бусад орны туршлагыг судлах нь хууль тогтоох ажиллагааны нэг чиглэл гэдэгтэй санал нийлж байна уу,

Та “Д.Лүндээжанцан гуай “Энэ ороо бусгаа цагт Сонгуулийн хуулийг ингэж батална, дараа бол болно, яг өнөөдөр бол болохгүй” гэж хэлсэн” гэлээ. Тэр хүн танд ямар бүрэн эрхийн дагуу ийм чиглэл заавар өгсөн бэ?

УИХ-ын Сонгуулийн тухай хуулиар гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх, иргэдээ соён гэгээрүүлэхээр ийм заалт оруулсан” гэлээ. УИХ-ын Сонгуулийн тухай хууль нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль биш гэдэгтэй та санал нийлэх үү гэхэд хариу тайлбартаа “УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг ахин өөрчилнө, өөр олон хязгаарлалт нэмж оруулна” гэлээ. Өөр ямар хязгаарлалт хэзээ оруулахаар төлөвлөж байгаа вэ, одоо энэ УИХ-д тийм бүрэн эрх байгаа юм уу.
Авилгын эсрэг олон улсын Конвенцийг мөрдөх нь Монгол Улсын Үндсэн хууль, мөн манай улсын нэгдэн орсон Хүний эрхийн Түгээмэл тунхаглал, Иргэн болон улс төрийн эрхийн Олон Улсын Пактыг зөрч гэсэн үг мөн үү.

Ардчиллын үнэт зүйл “сонгох, сонгогдох эрх” гэдэгтэй та санал нийлдэг үү. гэсэн асуултууд тавьсан ч тодорхой хариулт авч чадаагүй өнгөрлөө.

ҮХЦ-ийн Дунд суудлын хуралдааны явцад цэцийн гишүүдээс хуралдаан даргалагч нь УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Сонгох эрхийг нь үлдээчихэж болоогүй юм уу” гэсэн ганц зүйл л асуусан бөгөөд хэнийгээ сонгох нь Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэн бүрийн эрх учир энэ ганц асуулт нь зөв асуулт байсан гэж бодож байна. Гэвч хариулт нь “Ард түмэн мэдээллээс хол учир хууртчихаж магадгүй гэж сэргийлж байна” гэсэн хариулт байлаа.

Ийнхүү дөрвөн цаг үргэлжилсэн хуралдааны эцэст ҮХЦ өмнө нь 2008 онд тавдугаар сарын 14-нд үүнтэй “ижил төстэй” маргааныг хянан хэлэлцээд “хүний улс төрийн эрхийг бүх насаар нь хязгаарлах нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулж байна” гэж гаргасан 06 дугаар дүгнэлтээ эрс үгүйсгэсэн. “… Монгол Улсад Үндсэн хууль батлагдсанаас хойш явагдсан УИХ-ын долоон удаагийн сонгууль нь 1992, 2005, 2011, 2015 онд батлагдсан хуулиудын дагуу зохион байгуулагдсан бөгөөд УИХ-аас 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсгийн зохицуулалт нь өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, төрийн бодлогын хүрээнд хуульчлагдсан хязгаарлалт гэж үзэхээр байх тул иргэний сонгогдох эрхийг бүх насаар нь хязгаарласан хэмээн шууд дүгнэх үндэслэлгүй байна” гэсэн гуравдугаар дүгнэлтийг 2020 оны тавдугаар сарын 6-нд гаргалаа.

Мэдээлэл гаргагчийн хувьд Сонгуулийн тухай хуулийг өөрчлөөд байж болох учир өнөөдөр “иргэний сонгогдох эрхийг бүх насаар нь хязгаарласан хязгаарлалт биш гэж ойлгоорой” гэсэн дүгнэлттэй л гарч ирлээ. Гунигтай нь, томилгооны хараат албан тушаалтан томилогчийнхоо шийдвэрийг дагах нь зүй тогтол энд давтагдлаа. Ингэснээр Монгол Улсад Сонгуулийн хуулиар Эрүүгийн хуульд заасан “эрх хасах” ял оноодог боллоо.

Жич: Дэлгэрэнгүй тэмдэглэлийг мэдээлэл гаргагч авах бүрэн эрхтэй бөгөөд хуралдаан нээлттэй горимоор явагдсаныг хэлье.

Л.МӨНХСАЙХАН Өмгөөлөгч, доктор

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Нэг өрхийн хүнсний багц”-ыг бэлтгэх тоног төхөөрөмжийг нэвтрүүллээ

ОБЕГ-ын харьяа Хүнсний нөөцийн салбараас “Нэг өрхийн хүнсний багц”-ыг тоо хэмжээгээр нь бүрдүүлж, хү

2020-05-29

Сонгуулийн өдөр тусгаарлалтад байх иргэд санал өгөхгүй

УИХ-ын ээлжит сонгууль 2020 оны зургадугаар сарын 24-ны өдөр зохиогдоно. Улсын Онцгой комиссо

2020-05-29

5, 0-өөр төгссөн тээврийн хэрэгсэлийн татвар төлөх хугацаа дуусахад 3 ӨДӨР үлдлээ

Таны тээврийн хэрэгсэлийн улсын дугаар 5 болон 0 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар

2020-05-29