Судлаач Ганаа: Хэний дээлийг тайлах вэ?

2020-05-08 Нийтлэл

АН ч яахав, мааниа аль хэдийн уншчихсан. Уншчихсан ч гэж дээ, А.Баатархуяг “Давтах уу? Нөхдөө ?” “Өрөг ба сөрөг” гэсэн хоёрхон тарни уншаад хойтохыг нь хөтөлчихлөө. Хоёрхон өгүүлэлд хариу өгч чадахгүй сүнс нь зайлж байгаа нам гурав юмуу, дөрвийг бичвэл яах болж байна ? Лав л амьд үлдэхгүй.

АН-ын дарга С.Эрдэнээгийн тэнэгтлээс болоод олон хүн МАН-ыг эв эрүүл, сав саруул гав ганцаараа сайхан сонгуульдана гэж бодоод байх шиг. Үгүй л дээ…Энэ удаад хүмүүсийн сайн мэдэхгүй, ойлгохгүй байгаа МАН-ын тухай өгүүлье…

Дан дээл бол даарна, давхар дээл бол халууцна…

Давхар дээлний асуудал Монголын төр засгийг үнэхээр хөнтөрч өгч байна. Дөнгөж үйлчилж эхэлсэн Үндсэн Хуулиндаа 1999 онд дордохын 7 өөрчлөлт хийж дордуулав. Энэ будлианы гол асуудал нь давхар дээлийн асуудал байсан агаад энэ нь бараг 30 жил үргэлжилсэн хэрүүл болж, одоо ч дуусаагүй байна. Сөрөг хүчин болохоороо “давхар дээлээ тайл” гэж орилно, жагсаал цуглаандаа хүрнэ. Харин эрх баригч хүчин болохоороо шууд л бүгдээрээ давхар дээл өмсөнө, хууль хуудсыг уландаа гишгэнэ. Энэ “дүүжин даажин” эдүгээ төр засаг нуран унахын цондон болж хувирч байна…

Давхар дээлийн асуудлыг ҮХНӨ-өөр нэг мөр шийдвэрлэв. ҮХ-нд орсон заалт нь: Ерөнхий сайд болон Засгийн Газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж заасан ба энэ заалтыг “2020 оны 05 дугаар сарын 25-ын өдрийн 12 цагаас эхлэн дагаж мөрдөнө” гэж цагаан дээр хараар бичсэн байгаа. Үүнээс болоод Засгийн Газар огцорно огцрохгүй гэсэн хэн бүхний мэдэх маргаан мэтгэлцээн үүсээд байгаа юм.

Үндсэн Хуулийн энэ заалт хэн бүхэнд ойлгомжтой. Дараагийн буюу шинээр бүрэлдэх Засгийн Газрын кабинетэд 4 хүн л давхар дээлтэй байж болох бөгөөд бусад нь “гаднаас” буюу дан дээлтэй байна гэдгийг ямар ч тэнэг хүн ойлгохоор байгаа. Энэ заалтыг буруутгах хүн бараг үгүй, бүгдээрээ л зөв гэх нь бас л ойлгомжтой.

Тэгвэл яахаараа зөв шийдвэр будлиан тарьж, хэрүүлийн бай болж, яваандаа Үндсэн Хуулийн хямралд хүргэх шалтгаан болдог билээ ? гэсэн асуулт зүй ёсоор гарна.

Корона вирус гараагүй бол…

Корона вирус гарна гэдгийг Монголд хэн ч мэдээгүй байсан бөгөөд түүний дотор МАН мэдээж хэрэг мэдээгүй. МАН коронагаас бусдыг нь нягт нямбай, ажил хэрэгчээр тооцож чадсан юм шүү !!!

МАН-д мөнгө нь багтаж ядаж байв. Эрдэнэтийн онц байдал тогтоосны, Капитал банкны, Эрдэнэс ТТ-н, Салхитын болон Асгатын мөнгө-холимог металлын ордын гээд дуусашгүй их мөнгөтэй, дээрээс нь сонгуульд зориулж тусгайлан суулгасан асар баян тансаг төсөвтэй, дээрээс нь сонгуулийн бэлэн сүлжээтэй МАН сонгуульд ялахгүй өөр хэн ялах билээ ?!

Түүний дээрээс ирэх 4 жилд дураараа идэх Таван Толгой, Асгатын мөнгө-холимог металл, Салхитын мөнгө-холимог металл, Цагаан-Эргийн вольфрам, Хармагтайн зэс-алт, цаашилбал, нефть, хий, уран болон газрын ховор элемент гэхчлэн Монголын “хязгааргүй” их баялаг бэв бэлэн байж байхад сонгуульд ялах гэж үхэн хатан зүтгэх нь мэдээж хэрэг…

Сонгуулийн айсуй ялалтын анир чимээ МАН-ыг өрсөлдөн тэмцэлдэгч олон бүлгүүдийн баялаг идэх донт шунал, эрх мэдлээ хадгалах ад хүслийг өдөөж орхив.

Ямар ч эрүүл ухаанаар бодсон шинэ ҮХ-ийн үйлчлэл сонгуулийн үр дүнг албан ёсоор зарласнаас хойш эхлэх ёстой. Ингэвэл одоо байгаа У.Хүрэлсүхийн ЗГ ирэх 4 жилд дангаар ноёрхох нь гарцаагүй байв…

Гэтэл МАН эрх баригч зарим бүлэг “өөрөөр” боджээ. ҮХНӨ-ийг “бүгдээрээ иднэ” гэж зохиосон атал У.Хүрэлсүх хуулийн дагуу “ганцаараа идэх” ёстой болсон нь тэднийг ихэд сандаргав.

Юу боллоо гэж У.Хүрэлсүхийг 4 жил орой дээрээ залж байдаг юм ?! Одоо яах вэ ? Сонгуулиас яг сарын өмнө дээлээ тайлах цаг хугацааг нь заагаад өгчихье. Ингээд л Хүрлээ хүүг дэгээдээд унагачихъя !!! Тодруулбал, 2020 оны 05 дугаарын сарын 25-ны өдрийн 12 цагаас өмнө дээлээ тайл. Ямар сонголт хийж, хэн хэний дээлийг тайлахыг нь харъя…

Энэ бол бидний хувьд жигтэйхэн хоржоонтой явдал, харин У.Хүрэлсүхийн хувьд бол нуруу руу нь шаасан хутга юм. Хэн энэ заваан “аллагыг” санаачилсан юм. Мэдээж хэрэг Д.Лүнджээжанцан тэргүүтэй МАН-ын хуучин хорчингууд…

У.Хүрэлсүхийн “холимог” Засгийн Газар

Би У.Хүрэлсүхийн ЗГ-ыг сайлахгүй, бас муулахгүй. Надтай надгүй сайлах нэг нь сайлаад муулах нэг нь муулж байгаа. Энэ ЗГ бол МАН-ын өмнөх ЗГ-уудаас юугаараа ч сайн биш, бас юугаараа ч муу биш, байдаг л нэг холимог ЗГ газар юм.

У.Хүрэлсүхийн ЗГ М.Энхболдыг 60 тэрбумын асуудал, Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан гэдгээр нь балбаж балбаж, Ж.Эрдэнэбатын ЗГ-ыг халж гарч ирснийг бүгд мэднэ.

Нэг сонин тоо дурдая. Ж.Эрдэнэбатын ЗГ-т итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх үед УИХ 72 гишүүн оролцсон. МАН-ын 31 гишүүн огцруулах шаардлагагүй гэж үзсэн бол 42 гишүүн огцруулах шаардлагатай гэж үзсэн. Харин огцруулна гэсэн 42 гишүүний 33 нь МАН-ын гишүүн, бусад нь АН-ын гишүүд болон бие даагчид байсан юм. Өөрөөр хэлбэл УИХ дахь МАН-ын бүлэг 31 болон 33 гэсэн илт тэнцүү 2 бүлэгт хуваагдаж байлаа. Одоо энэ харьцаа өөрчлөгдсөн үү ? гэж Та нэг асуугаад үз л дээ…

Энэ нөхцөлд У.Хүрэлсүх ЗГ-аас ямар зарчмаар бүрдүүлэх вэ ? Мэдээж бүлэг бүрээс “төлөөлөл” авч, холимог байдлаар бүрдүүлэх ёстой. Хэрэв ингэж “энх тайван” сахиулахгүй бол, ингэж “түр тэнцвэр” тогтоохгүй бол түүний ЗГ жил ч наслахгүй унана гэдгийг У.Хүрэлсүх олон жил улс төртэй ноцолдсон хүн чинь эрх биш мэдэхтэйгээ…

Ингээд У.Хүрэлсүх хуучин шинэ холилдсон, чингэхдээ хуучинсагууд нь илт давамгайлсан ЗГ бүрдүүлэв. Дан дээлтэй ЗГ бүрдүүлэх ямар ч боломж түүнд байгаагүй. У.Хүрэлсүхээс бусад 14 нь давхар дээлтэй ЗГ бүрэлдэв. Үүнийгээ У.Хүрэлсүх их гоё бөгөөд цэргийн хүний ёсоор шуудхан тайлбарласан юм. “ЗГ-ын бодлого үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд парламентаас дэмжлэг авах чухал ач холбогдолтой.” Үүнээс илүү яаж “тов тодорхой” хэлэх бил ээ ?! Харин иймэрхүү агуу мундаг үгийг манайхны олонхи огт анзаардаггүй хэдий ч судлаач хүн бол байнга ажиглаж тэмдэглэж байдаг юм…

Нарийн ажиглах юм бол У.Хүрэлсүхийн ЗГ хуучин, төвийг сахигч, залуучууд гэсэн 3 хэсгээс бүрддэг. Ө.Энхтүвшин, Н.Энхболд, Ц.Нямдорж, Ч.Улаан, Д.Цогтбаатар, Ч.Хүрэлбаатар нарыг хуучинсаг бүлэгт хамааруулахгүй юм бол өөр хэнийг хуучин бүлэгт хамааруулах билээ. “Төвийг сахигч” Сарангэрэл, Бадельхан мэт байгаа ч онцын их нөлөөгүй, ажлаа л хийнэ. Харин залуучууд гэхээр Л.Оюун-Эрдэнэ, Н.Цэрэнбат хоёроос өөр хүн байхгүй. Ингээд үзэхээр У.Хүрэлсүхийн ЗГ-т хууччуул дийлэнхи олонхи болж байгаа. Ийм ЗГ-аас шинэчлэл хүлээх нь илүүц ажил…

МАН-ын хууччуул У.Хүрэлсүхийн үүргийг зөвхөн М.Энхболдыг зайлуулах явдал гэж “тооцсон” ба үүнээс цааш тэр юу ч хийх ёсгүй байв. Гэтэл ганц М.Энхболдыг унагасандаа толгой нь эргэсэн У.Хүрэлсүх амаараа шинэчлэнэ гэж баахан давхив. МАНАН-тай тэмцэнэ, олигархитай тэмцэнэ, муусайн ЖДҮ-тэй тэмцэнэ гэхчлэн. У.Хүрэлсүхэд тэмцэхгүй юм бараг үлдээгүй.

Гэхдээ У.Хүрэлсүхэд бүгдээрэнтэй нь зэрэг тэмцэх хувийн чадал боломж ч, намын нөөц боломж ч байхгүй байлаа. Ингээд тэр хууччуулын хувьд ихээхэн аюултай хүн болж хувирав. Хэдийгээр голчлон амаараа “шинэчилж” байгаа боловч У.Хүрэлсүхийн гэнэтийн мэдэгдэл, шийдвэрүүд бодит байдал болоход ойрхон болов. Иймээс У.Хүрэлсүхийн эсрэг МАН бүлгүүд нэгдэн идэвхижиж эхлэв.

Эхний дохио 2018.11.19-нд ирж, УИХ-ын нэр бүхий 27 гишүүн У.Хүрэлсүхийг огцрохыг шаардав. Энэ удаад огцруулж хараахан чадаагүй боловч У.Хүрэлсүхийн шинэчлэлийн тухай яриа болон түүний эрч хүчийг ихээхэн сулруулсан юм. Дараа нь хэд хэдэн дохио ирсэн…

Үүнээс хойш болсон сайн муу олон үйл явдлыг бүгд мэднэ. Одоо чухам яагаад ЗГ огцрох эсэхдээ тулав асуудлыг хөндөе.

Д.Лүндээжанцангаасаа асуу…

Яг сонгуулиас өмнө ЗГ-ынхаа араас хутга шааж хэн ч будлих, хэн ч эргэлзэх аргагүй “5 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагаас эхлэн дагаж мөрдөнө” гэсэн тов тодорхой заалтыг ҮХ-нд мэдээж хэрэг ард түмэн оруулаагүй.

Мөн сөрөг хүчний хуульч Х.Тэмүүжин, Ч.Өнөрбаяр нарын залуу хуульчид оруулаагүй. Хэдэн хөгшин академич авчирчихаад энэ залуусыг буруутгаад байх ямар ч хэрэг байхгүй. Бас л “буруутан” хайж, үүнийг М.Энхболд зохион байгуулсан гэвэл бүр ч бүтэхгүй. М.Энхболд ҮХ-ийн асуудлаар олон долоон юм яривал “хэрэгт орно” гэдгээ сайн мэдэж байсан юм. Тэгвэл хэн юм ?!

Энэ будлиан самууныг МАН-ын доторхи нэн тодорхой хуучинсаг бүлэглэл ҮХ дотор өөрсдөө суулгаж У.Хүрэлсүхийг номхруулж, түүний ЗГ-ыг хөнтрөх ёрын хүчтэй хор найруулсан. Үүний толгойлогчдын нэг бөгөөд гардан гүйцэтгэгч нь Д.Лүндээжанцан…

Ингээд МАН-ын хууччуул У.Хүрэлсүхийг сурсан аргаараа гоё сайхан үгээр илбэдэж эхлэв. Энэ “шидэт үг” нь ЗГ-ыг тогтвортой ажиллуулна, ЕС-ын эрх мэдлийг нэмнэ гэсэн заалтыг ҮХ-д суулгана.

У.Хүрэлсүх энэ шившлэгт үгэнд хүүхэд шиг хууртаж, хулхидуулжээ.

Хамгийн инээдтэй нь “тогтвортой ажиллах” болон “их эрх мэдэлтэй” ЗГ гэдэгт У.Хүрэлсүх өөрийгөө гээд бодчихжээ. Үгүй л байхгүй юу ?!

МАН-аас шинэ ҮХ-нд: “5 дугаар сарын 25-ны 12 цагаас эхлэн дагаж мөрдөнө” гэсэн тов тодорхой зурхайн тоо заасан бүхэл бүтэн өгүүлбэр оруулсан МАН-ын Д.Лүндээжанцан тэргүүтэй хор найруулагч хууччуул дараагийн ЕС-аар У.Хүрэлсүх биш, харин “өөрийн хүнээ” аль хэдийн тодруулчихаад байна. Би бараг л гадарлаж байна. Харин хажууд нь байгаа У.Хүрэлсүх тэргүүтэй ЗГ баахан буруутан хайж хий хоосон давхиад байгааг л гайхаж байна…

Тэгээд яах юм ?!

Ямар ч гэсэн У.Хүрэлсүх бараг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдалтай тулгарав.

Нэг. Дагалдах хууль гарах хүртэл хуучин хууль үйлчилнэ гэж гүрийх. Энэ бол явцгүй. Дагалдах хууль гэж “онолдож” байгаа хөгшин академичид ганцхан зүйлийг огт хөндөхгүй айж тойрч давхиад байгаа. Тэд яаж ч “онолдоод”: “5 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагаас эхлэн дагаж мөрдөнө” гэсэн өгүүлбэр ҮХ дотор яагаад яваад орчихсныг огт ярихгүй байгаа !!! Яахав ингэж гүрийгээд нэг удаа өнгөрөөж болох ч тэсэж үлдсэн ЗГ нь ҮХ зөрчиж байгуулагдсан учраас хууль зүйн чадамжгүй болох нь гарцаагүй. Ийм хөгийн байдал цаашид ч давтагдах магадлал өндөр бөгөөд ингэвэл ҮХ-ийн хямрал гарцаагүй болно…

Хоёр. ЗГ-ын 10 гишүүнийхээ дээлийг тайлж, 4 сайд авч үлдэх. Энд 2 аймшигтай асуудал үүснэ. Дээлээ тайлуулсан 10 сайд “бослого” гаргах нь зайлшгүй. Дээлээ тайлж, “нүцгэрсэн” хэдий ч энэ 10 баагий УИХ-ын гишүүн хэвээрээ байгаа, тэд уур нь хүрч ЗГ-ыг огцруулна гэсэн өмнөх 27 баагий дээр нэмэгдвэл яаж галав юүлэхийг тааж ядах юмгүй…

Дунд сургуулийн анги даасан багш уралдаан тэмцээнд 14 хүүхэд бэлтгэж бэлтгэчихээд яг тэмцээний өмнө 10 хүүхдийг нь хасч, өөр 10 хүүхэд авна гэж хэлбэл юу болох бол ?! Хүүхдүүд ч (дан дээлтэй), эцэг эхчүүд ч (УИХ) анги даасан багшийг (У.Хүрэлсүх) алаад хаядаг юм байгаа биз дээ ?! Манай улс төр үүнээс ямар ч ялгаагүй…

Миний хувьд У.Хүрэлсүхийг унагах ч гэсэнгүй, босгох ч гэсэнгүй. Харин олон давхар хямрал давхцаж, үндэсний сүйрэлд хүргэх бий гэдгээс болгоомжилж байна. Иймээс гарах гарц, арга замыг чадах ядахаараа хэлж байгаа. Жишээ нь: 2020.04.11-нд бичсэн “Бүрэн зураглал хийгээд “бүрэн” асуудлын тухай” өгүүлэл болно.

“Мартсан” хямрал

Эдүгээ дэлхий дахинаа маш олон хямрал болж байна. Нэг. Коронагийн хямрал, Хоёр. Нефть шатахууны хямралт дайн, Гурав. Эдийн засгийн даяар хямрал, Дөрөв. Банк санхүүгийн даяар хямрал. Тав. Дэлхийн дэг журмын хямрал. Зургаа. Манай “ҮХ-ийн хямрал”…

Энэ олон хямрал дундаас Та бидний амаа цуцтал ярьсан нэг том хямрал мартагдчихаад байна. Энэ бол улс төрийн системийн хямрал юм.

20 гаруй жил үглэсний дараа дөнгөж саяхнаас Монгол Улс системийн хямралд орлоо гэсэн дүгнэлтийг улс төрийн бүх нам, түүний удирдагчид хийсэн. Үнэнд гүйцэгдэж, ёс болох үүднээс л энэ дүгнэлтийг хийсэн юм. Хамгийн инээдтэй бөгөөд гачлантай нь энэ дүгнэлтээ үндэслэн системийн хямралаас гарах талаар юу ч хийгээгүй, бүр хуруугаа ч хөдөлгөөгүй…

Дэлхий дахины олон хямрал нэрвээд ирэхээр Монголын системийн хямрал арилчихна гэж бодох нь их эндүүрэл бөгөөд үлэмжийн их тэнэглэл. Монгол дахь системийн хямрал үргэлжилж байгаагаар барахгүй олон давхар хямралтай хавсран үхлийн аюултай болж байгааг би монгол судлаачийн хувьд сануулж байна.

Системийн хямрал зодоон, алалцаан улам зэрлэгшиж, ямар эмх цэгцгүй дур зоргийн өрсөлдөөн болж байгаагаар хамгийн тод илэрч байна. Монголын улс төрийн намууд болон улс төрчдийн үг үйлдэлд нам төрийн бодлого гэсэн бүхэллэг, системт зүйл огт байхгүй болов. Тэр ч байтугай улс төрчдийн хэлсэн үг үйлдлүүд зөрж, хэдхэн хоногийн настай болж байна. ЕС нь нэг үг хэлэхэд Сангийн сайд нь маргааш нь няцаах, хэд хэдэн сайд зэрэг худал хэлэх, эргэж буцах явдал жирийн асуудал болов. Ийнхүү Монгол Улс удирдлага, жолоодлогогүй болж байна…

Системийн хямрал хэзээ зогсох вэ ? Системийн хямрал улс төрийн намуудын реформ хийж, МАНАН-г хазаарласан цагт зогсоно. Ингэж хариулсан ч хэзээ гэсэн асуулт хэвээрээ үлдэнэ.

Ямар ч гэсэн энэ удаагийн сонгуулиар МАНАН системийг усгаж чадахгүй. Харин ирэх 4 жилд гарцаагүй болох хурц ширүүн, хүнд хэцүү тэмцлийн дараа цэвэршиж эхэлнэ. Ирэх 4 жилд сайн “сайхан болно” гэж горьдож байвал тун их эндүүрэл.

Үгүй шүү !!! Ирэх 4 жилд урьд урьдынхаас хамаагүй хатуу ширүүн, зовлон зүдгүүрт тэмцэл болно гэдгийг урьдчилан сануулж байна.

Булингартсан ус гэв гэнэт цэвэрхэн болдоггүй юм аа. Эхлээд цэвэр ус жаахан орж, хэсэг бохирыг цэвэрлээд тэр нь өргөжин цэвэршиж, аажмаар цэнгэгшдэг гэдгийг монгол хүн бүр мэднэ.

Үүний эхлэлийг одоо тавих ёстой. Энэ бол аль болох шинэ нам, олон бие даагчийг УИХ-д оруулах явдал мөн…

Судлаач Х.Д.Ганхуяг

Эх сурвалж: http://ganaa.mn блог

Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ногоон зээлийн шалгуурыг бууруулъя

Ногоон гэсэн тодотгол байгаль орчинд ээлтэй байхаар илэрхийлэгддэг. Олон улсын банк санхүүгийн байгу

2020-05-29

Л.Оюун-Эрдэнэ ээ, цонхоо нээгээд хар даа, өнөөх мафи чинь өвдгөн дээрээ өндийх гэж байна

Хэнтийн хүү, Л.Оюун-Эрдэнэд хэлэх гэж хадгалсан хэдэн үг бий. Хан Хэнтий нутгийг би хар залуугаасаа

2020-05-29

Маш ноцтой: “Дуншиж” буй шашны хууль гадаадын захиалгатай гэв үү?!

Ардчилсан нийгэмтэй Монголд ирсэн шашин шүтэх эрх чөлөө маань сүүлийн жилүүдэд шүүмжлэлд өртөх болло

2020-05-26