СОНГУУЛЬ 2020: БУЛГАНЫ ХОЁР МАНДАТ ЭЗЭНДЭЭ ОЧИХЫН ӨМНӨ

2020-05-12 Нийтлэл

Энэ долоо хоногт улс төрийн намууд нэр дэвшигчдээ зарлаж, горилогчид албан ёсоор нэр дэвшигчийн мандатаа өвөртлөн тойргийн зүг хөлгийн жолоо залах гэж байна. Томсгосон тойргоор болох энэ удаагийн УИХ-ын сонгуулийн шинэ хуулиар нэг мандаттай байсан Булган аймаг хоёр мандаттай болж өөрчлөгдсөн. Чухам энэ хоёр мандатад хэн өрсөлдөж, Булган нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах вэ гэдэг эдгээр өдрүүдэд тодорхой болно.

Олон жилийн турш МАН суудлаа хадгалж ирсэн тус аймаг энэ удаад ч мөн уламжлалаа хадгалана гэсэн судлаачдын таамаг байна. Тиймээс Булган аймагт хэн хэн нэр дэвшихээр горилж байгааг уншигч танд сонирхуулъя.

 

УИХ-ын ГИШҮҮН Ж.БАТ-ЭРДЭНЭ

2007 оноос эхлэн ухайн үеийн ЗТАЖ-ын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж эхэлснээр олон нийт мэдэх болсон УИХ-ын гишүүн бол Ж.Бат-Эрдэнэ юм. Мөн Монголын төмөр зам ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, МИАТ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар тус тус ажиллаж байжээ.

2013 оноос Булган аймгийн МАН-ын даргаар ажиллаж, аймгийн намын хороог удирдаж 2016 оны шат шатны сонгуульд оролцжээ. 2016 онд монголчуудын сонголт эргэж улс орон даяар улаан болсон түүхэн цаг хугацаа түүний МАН-ын хороог удирдсан цаг хугацаатай давхацсан нь аз завшаан ч гэж хэлж болно. Ямартай ч мань эр өөрөө УИХ-ын гишүүн болж, намаа аймагтаа ялуулсан гавьяатай.

Гэвч түүний энэхүү азтай, одтой цаг хугацаа тийм ч удаан үргэлжлээгүй юм. Түүнийг 2017 оноос давхар дээл өмсөж Зам тээврийн сайдаар ажиллаж байх хугацаанд түүний удирддаг яаманд хүн амины хэрэг гарч монгол төрийн орчин цагийн түүхэнд хар толбо үлдээсэн юм. Удалгүй тэрбээр сайдын суудлаа өөрийн хүсэлтээр өгч байсан билээ.

УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа нийтдээ 13 хууль дээр нэр бүхий гишүүдтэй хамтран ажилласан байдгийн нэг нь 2018 оны 11 сард УИХ-д өргөн барьсан Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай хуулийн төсөл юм.

М.Энхболдыг УИХ-ын даргаас бууж, Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцрох үед одоогийн намын дарга, Ерөнхий сайдынхаа эсрэг ажлыг гардан хийж явсан түүнд Булганчууд итгэдэг юм аа гэхэд намын дарга нь итгэж энэ удаагийн сонгуульд мандат өгөх нь эргэлзээтэй юм.

Гэвч УИХ-ын гишүүний өндөр суудалд булганчуудын итгэлийг хүлээж сонгогдсоноосоо хойш “хаан” зан гаргах болжээ. Булган аймгийг хувийн компани шиг ашиглаж, орон нутгийн удирдлага, төр захиргааны байгууллага, тэр бүү хэл хувийн аж ахуйн нэгжүүдийг хүртэл харцаараа хөдөлгөх, үгнээс нь зөрвөл хашин боогдуулах болсоноор өнөөдөр Булганд Бат-Эрдэнийг хөөе гэх хүн битгий хэл хүүе гэх нохой ч байхгүй болсон юм гэнэ лээ. Тэгэхээр Булганд буцах нүүргүй эрхэм гишүүнийг зүгээ буруулж, зүсээ хувилгавал өлзийтэй хэмээн зурхайд хүртэл буусан гэх нь бий.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Э.МӨНХ-ОЧИР

Булган нутгаас төрөн гарсан төрд нүүртэй, түмэнд нэртэй хүмүүсийн нэг бол төр нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын дарга агсан Л.Энэбиш юм. Түүний үйл хэргийг үргэлжлүүлж төрийн өндөр босгоор алхаж орж ирсэн нэгэн эрхэм бол Энэбиш агсны хүү Мөнх-Очир. Тэрбээр 2008-2012 оны хооронд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан туршлагатай.

Харин 2012 оны УИХ-ын сонгуулиар МАН ялагдал хүлээсэн цаг үед МАН-ын нарийн бичгийн албыг хашиж намынхаа шинэчлэлд гар гар бие оролцсон гэдэг юм билээ. Тухайн үед түүний манлайлан оролцож байсан МАН-ын шинэчлэл эдүгээ У.Хүрэлсүхээр биежин гарч ирж байна. Чухамдаа уг шинэчлэл ард түмэн, тус намын дэмжигчдэд хэр таалагдсан эсэх нь энэ удаагийн сонгуулиар тодорхой болно.

Э.Мөнх-Очир өнгөрсөн жилүүдэд буюу 2013-2020 он хүртэл БНТУ -ын Станбул хотод Ерөнхий консулаар ажиллахаар явсан бол энэ оны гуравдугаар сард эх орондоо ирсэн байдаг. Ирсэн даруйдаа Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилогджээ.

Ямар ч байсан одоогийн У.Хүрэлсүхийн удирдаж буй шийдэмгий, зоримог МАН-ын имижийг бүрдүүлэхэд гар бие оролцсон түүнд мэдээж энэ удаагийн УИХ-ын сонгуульд Булган нутгаас нэр дэвших эрх олдох магадлал өндөр.

“СОД МОНГОЛ”-ЫН О.АНАНДБАЗАР

Их хүссэн хүнд төрийн жолоог бүү атгуул хэмээн Чингис хаан хэдэн зууны тэртээ хэлжээ. Гэвч их хааныхаа сургаалыг уландаа гишгиж эрх мэдлийн төлөө улайрсан хаад ноёдын тэмцлийн хөлд дэлхийн дайтад мандаж явсан монголын эзэнт гүрэн үгүй болсон гашуун түүхтэй.

Эдүгээ цагт ч эзэн Чингисийн сургаалийг сануулахуйц олон хүн төрийн түшээ болох их хүсэлдээ тачаадаж яваагийн нэг нь “Сод Монгол”-ын О.Анандбазар. Тэрбээр 2019 оноос эхлэн Булганд буйраа засаж, биеэ бэлтгээд эхэлжээ.

Сум бүрт мотоциклтой сугалаа, концерт, багийн дарга нарт шинэ мотоцикл, шинэ жил тэмдэглэхэд 500 мянган төгрөг, 20-оод мянган хүнд 20 мянган төргөийн эрх бүхий бензиний карт зэргийг баруун, солгойгүй тараасан нь Булганд горилогч Б.Гүнбилигийн хараа, сонорт өртсөн байдаг.

Нэгэн цагт тэрбээр Булган аймгийн нутгийн зөвлөлд хүртэл орж явсан гэдэг ч 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө ааваараа Дорноговийнх гээд явж одсон. Харамсалтай нь сонгуулийн сурталчилгаа эхлэхийн өмнө хэрэгт холбогдуулан баривчлаад сонгуулийн дараа холбогдолгүй хэмээн сулласан байдаг. Харин энэ удаад ээжээрээ дотночилж эргээд Булган руу гишүүн болох хүслээ чиглүүлсэн нь энэ аж.

Энэ эрхэмд УИХ-ын гишүүн болох асар их хүсэл бий. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяртай хамт Москвагийн Утга зохиолын сургуульд хамт суралцаж байсан гэх бөгөөд үргэлжлүүлэн экс ерөнхийлөгчийн шадар туслахаар ажиллаж байсан түүхтэй. Энэ түүх цааш хөвөрч түүний бизнес томрохын хэрээр улстөрч, улс төрийн намтай холбогдох сэжим зузаарч, эцэстээ өөрөө тэдний нэг болох хүсэлдээ эзэмдүүлж явна.

Ямартай ч МАХН нэрээ сольж, нэгдүгээр хүнээ хорихоос өмнө ажил, амьдрал нь тэгш явсан О.Анандбазар хожим МАН-д үлдэж хаяагаа манах уу, МАХН-ыг дагаж экс ерөнхийлөгчид үнэнчээ нотлох уу гэдэг сонголттой тулж байсан юм. Харин одоо ахиад л өөрийнхөө амьдралын эсрэг тэсрэг дараагийн сонголтын өмнө хүрч ирсэн нь. Гагцхүү түүний энэ их хичээл зүтгэлийг урамшуулж, ээжийнх нь нутгаас нэр дэвшүүлэх эрх нь МАН-д бий.

ХУУЛЬЧ Б.ГҮНБИЛЭГ

Булган нутаг анхдагчдийн өлгий гэдэг нь яах аргагүй үнэн аж. Монголын улс төрийн шинэ цагийн түүхэнд орон гэрээ зарж нэр дэвшихээ зарласан анхны хүн нь хуульч Б.Гүнбилэг. Бас Булганых. Хуучний сургаальд биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэсэн байхад орон гэрээ үгүй хийж, төрийн хэрэгт шамдана гэдэг ерөөс итгэл үнэмшилгүй санагдах авч нийгэмд шударга ёсыг сахиулна хэмээн тангараг өргөсөн хуульч гэхээр бас тодруулж үзмээр санагдав.

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд урьд хожид төдийлөн олны анхааралд өртөөгүй хүмүүс нэр дэвшиж байгаагийн нэг мань эр. Түүний намтрыг нээлттэй мэдээллээс хайж үзэхэд тийм ч олон зүйл олдсонгүй. Ямартай ч М.Энхболдын хүн гэдэг нь эрхэлсэн ажил, намтар түүхээс нь тодорхой харагдана.

Монголын Хуульчдын холбооны Олон Улсын эрх зүйн хорооны тэргүүн, Хуульчдын холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсны зэрэгцээ МАН-ын дарга асан М.Энхболдын хуульчаар ажиллаж байжээ. 2016 онд МАН мандаж М.Энхболд УИХ-ын дарга болоход дагаж Улсын Их Хурлын даргын Улс төрийн бодлогын зөвлөхөөр ажиллажээ.

Нэр дэвших шийдвэрээ гаргаснаас хойш хуульчийн байр сууриа идэвхтэй илэрхийлж, хэвлэлийн хуудсанд олонтаа үзэгдэх болсон.

БУЛГАН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА М.ОЮУНБАТ

Булган аймаг сүүлийн арав гаруй жилд хөгжсөн үү, хэвэндээ үлдсэн үү гэдгийг гагцхүү булганчууд өөрсдөө хэлнэ. Хэрэв хөгжсөн гэвэл гавьяаг нь эдлэх, орхигдсон гэвэл ялыг нь үүрэх эрхэм бол одоогийн Булган аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат юм.

Тэрбээр энэ удаад төрөлх Булган нутгаас УИХ-д нэр дэвшихээр горилж яваа сурагтай. Өмнө нь тэрбээр бүтэн арав гаруй жил тус аймгийн Засаг даргаар ажилласан нэгэн. Харин одоо ИТХ-ын даргын албан тушаалтай.

Орон нутагтаа эрх дархаа он удаан жил хадгалж яваагаас харахад төрийн ажлын арвин туршлагатай, орон нутгийн ажил амьдралыг арван хуруу шигээ мэддэг нэгэн гэдэг нь ойлгогдоно. Харамсалтай нь түүний аймаг, орон нутгаа удирдсан он жилүүдэд хөгжил дэвшил бий болж, хүн арддаа хүрсэн эсэхэд эргэлзэх баримт байна. Хүн юу ч гэж хэлж болох ч тоо баримт, судалгаа хэзээ ч худлаа хэлдэггүй нь бодит үнэн билээ.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Аймгуудын өрсөлдөх чадварын 2019 оны тайланг гаргахад Булган аймаг адагт оржээ.

Аймгуудын өрсөлдөх чадварыг хэмжихдээ эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн статистик мэдээлэл болон санал асуулга нийлсэн нийт 176 шалгуур үзүүлэлтүүдийг нэгтгэн тооцдог. Өрсөлдөх чадвар хамгийн сайн аймаг нь 100 оноотой байх ба бусад аймгуудыг үүнтэй харьцуулдаг. Харин сүүл мушгисан Булган аймаг байх ёстой 100 онооноос 30 орчмыг авсан байдаг.

Судалгааны баг хамт олон өрсөлдөх чадварын үзүүлэлт доогуур байгаагийн шалтгааныг засаглалын үр ашиггүй байдалтай холбон тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл аймаг, орон нутгаа сүүлийн арав гаруй жил удирдаж ирсэн удирдлагуудтай шууд холбоотой гэж ойлгож болох юм.

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж яваа нь үнэн бол аймгаа хөгжүүлж чадаагүй М.Оюунбат дарга улсаа хөгжүүлнэ гэдэг юу л бол доо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Маш ноцтой: “Дуншиж” буй шашны хууль гадаадын захиалгатай гэв үү?!

Ардчилсан нийгэмтэй Монголд ирсэн шашин шүтэх эрх чөлөө маань сүүлийн жилүүдэд шүүмжлэлд өртөх болло

2020-05-26

Эрсдэл тээж эх орондоо очмооргүй байна

Дэлхийн 216 оронд коронавирус гэх цар тахал тархаад өнөөх найман тэрбум шахуу хүн чинь айдас хүйдэст

2020-05-20

Улсын зээлжих зэрэглэл буурч эдийн засаг давхар “элэгдүүллээ”

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоох үнэлгээний томоохон агентлагууд бидэнд доогуур дүн тавьчихаад ба

2020-05-13