Д.Ялалт: Эд хөрөнгийг эргээд олж болох ч эрүүл мэнд, амь нас ахиж олдохгүй

2020-05-14 Ярилцлага

Цагдаагийн ерөнхий газраас Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн журам зөрчих гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэсэгчилсэн арга хэмжээг энэ сарын 11-ний өдрөөс эхлэн орон даяар зохион байгуулж байна. Энэ талаар нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, дэслэгч Д.Ялалттай ярилцлаа.

Ажлын байрандаа гэмтэж, амь насаа алдсан тохиолдолд тухайн ажилтан, ажил олгогч аль аль нь хүнд байдалд ордог шүү дээ. Энэ төрлийн гэмт хэргийн гаралт манай улсад ямар хэмжээнд байдаг вэ?

2019 оны статистикаас харахад Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн журам зөрчсөний улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 35 бүртгэгдсэн бол он гарснаар 12 бүртгэгдээд байна. Урин цаг ирж, манай улсад барилга, бүтээн байгуулалтын ажлууд эхэлж байгаа учраас энэ төрлийн гэмт хэрэг гарах эрсдэл цаашид нэмэгдэнэ.

Тиймээс цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, ААН, байгууллага, барилга угсралтын үйл ажиллагаа явуулдаг компаниудын зөрчлийг арилгах зорилгоор улсын хэмжээнд хэсэгчилсэн арга хэмжээг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэ хүрээндээ ямар ажил, арга хэмжээг зохион байгуулж байна вэ?

Энэ жилийн тухайд дэлхийн нийтийг хамарсан шинэ төрлийн вирус гарсан учраас олон нийтийг цуглуулах хориотой байгаа. Сургалт, уулзалтууд ч хийх боломжгүй. Тиймээс Цагдаагийн байгууллага энэ жилийн ажил, арга хэмжээг олон сүлжээгээр цахим орчинд зохион байгуулж байна. Иргэдийг ухуулах, тэдэнд хууль сурталчлах зорилго бүхий шторк, реклам, зурган постер, шууд ярилцлагыг шат дараатай хийж, олон нийтийг уриалах, тэдний оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч байна. Арга хэмжээний эцсийн зорилго Хөдөлмөр, аюулгүй байдал эрүүл ахуйн журам зөрчсөнөөс үүдэх осол, гэмтлээс иргэд, ААН-ыг урьдчилан сэргийлэх, цаашид энэ төрлийн гэмт хэргийг гаргахгүй байх явдал.

Өнгөрсөн оны тавдугаар сарын 26-наас эхлэн манай байгууллага МХГ-тай хамтран Хөдөлмөр, аюулгүй байдал, эрүүл ахуйн журам зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэсэгчилсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулсан.

Арга хэмжээний хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт барилга, тоног төхөөрөмж ашиглаж үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад шалгалтыг хийж ХАБЭА-н хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, илэрсэн зөрчлийг арилгуулах, дахин зөрчил гаргуулахгүй байх заавар, зөвлөмж, мэдэгдэл хүргүүлж биелэлт үр дүнг тооцох, шат дараалсан арга хэмжээг авч ажилласан. Мөн иргэд,байгууллагад хууль сурталчлах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хөдөлмөр аюулгүй байдал хариуцсан инженерүүдийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр сургалт, ухуулга нөлөөллийн арга хэмжээ зэрэг ажлуудыг зохион байгуулж байсан.

Хөдөлмөр, аюулгүй байдал, эрүүл ахуйн журам зөрчих гэмт хэрэг юунаас болж үйлдэгдэж байна вэ?

Судалгаанаас харахад иргэдийн эрх зүйн мэдлэг дутмаг, тухайн байгууллагын ажилтнууд ХАБ-ын мэргэжилтний заавар, зөвлөмжийг дагадаггүй, Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн журмыг зөрчдөг, анхаарал болгоомжгүй, өөртөө эрдсэн байдлаас болж үйлдэгддэг.

Тухайлбал, 2018 онд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт талх, нарийн боовны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн борлуулалтын ажилтан өөрийнхөө ажлын чиг үүргээс өөр ажил хийснээс болж гурил таслагч машинд хуруугаа тастаж байсан. Энэ хэрэг удирдах ажилтан тухайн ажилтны ажлын чиг үүргээс өөр ажил гүйцэтгүүлэх үүрэг өгсөн, тухайн ажилтан ч өөрийн эрх, үүргээ мэддэггүйгээс өгсөн даалгаврыг биелүүлэхийг оролдсоноор бол гарсан. Хэрэв өөрийн эрх, үүргээ мэдэж байсан бол ийм гэмтэл учрахгүй байх боломжтой шүү дээ. Тиймээс бидний зохион байгуулж буй ажил, арга хэмжээ ажилтан ба ажил олгогч хоёрыг ирээдүйд үүсч болох гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж байгаагаараа ач холбогдолтой.

Зөрчил, гэмт хэрэг хамгийн их гардаг салбар барилгын салбар юм шиг харагддаг. Үүнтэй санал нийлэх үү?

Тийм. Тухайн салбарын гүйцэтгэж буй ажил, үйл ажиллагаа өөрөө энэ төрлийн гэмт хэрэг гарах эрсдэлтэй байдаг. Наад зах нь хашааны гадаа “Барилгын үйл ажиллагаа явагдаж байна” гэсэн анхааруулах самбар байдаггүй. Барилгын талбайн эмх цэгц байхгүй. Барилгын орчинд өндрөөс ажилтан унах, эсвэл эд юм уналаа гэж бодоход түүнээс хамгаалсан хаалтын тор хийдэггүй. Ажилчид нь хөдөлмөр хамгааллын аюулгүйн хувцас хэрэгслийг бүрэн өмсдөггүй. Наад зах нь толгойгоо хамгаалж каск өмсөх ёстой байтал халуун байна гэдэг шалтгаанаар тайлчихдаг. Өндөрт ажиллаж байгаа ажилчид өндрийн бүсийг зүүдэггүй.

ХАБ-ын ажилтан холбогдох журмын дагуу ажилчдад ХАБ-ын заавар, зөвлөмжийг өгч, ажлын хувцас хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаад гарын үсэг зуруулснаар үйл ажиллагаа эхэлдэг. Гэтэл ажилчид тухайн өдрийн ажилдаа гарахын тулд зааварчилгатай бүрэн танилцалгүй шууд гарын үсгээ зураад явчихдаг. Энэ бүхэн эргээд өөрийн амь насыг эрсдэлд оруулахын зэрэгцээ тухайн ажил олгогчийг гэмт хэрэгтэн болгох хор хөнөөлтэй. Хохирогч өөрийн амь нас, эрүүл мэндээс гадна ар гэртээ дааж давшгүй хүндрэл учруулдаг. Тэгэхээр ажилтан ч бай, ажил олгогч бай хаа хаанаа хариуцлагатай байж, холбогдох хууль, эрх зүйн баримт бичиг, зүйл заалтыг мэдэх шаардлагатай юм. Эд хөрөнгийг эргээд олж болох ч эрүүл мэнд, амь насыг хэзээ ч нөхөж олдоггүй.

Энэ төрлийн гэмт хэргийг ямар зүйл, заалтаар зүйлчилдэг вэ? Мөн үйлдэгдсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлага ямар байдаг вэ?

Хуучин Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн журам зөрчих гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 138, 183 дугаар зүйл ангиар зүйлчлэгддэг байсан бол шинэчлэн баталсан Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйл буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох, 11.3, 11.5 дугаар зүйлд зааснаар хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүнд болон хүндэвтэр хохирол учруулах гэсэн зүйл ангиар зүйлчилж мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг болсон.

Хөдөлмөр, аюулгүй байдал, эрүүл ахуйн журам зөрчлийн улмаас үүссэн гэмтэл, хохирлыг нарийн тогтоосны үндсэн дээр хүлээлгэх хариуцлага харилцан адилгүй. Мөрдөн шалгах ажиллагаа явагдсаны дараа шүүхээр гэм буруутайг тогтоож, ямар шийтгэл оногдуулахыг шийднэ.

Хүнд болгоомжгүйгээр хүнд хохирол учруулсан бол 1-5 жил хүртэлх хугацаагаар хорих ял, хоёр ба түүнээс олон хүнд хохирол учруулсан бол 2-8 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэдэг. Хүндэвтэр хохирол учруулсан тохиолдолд 750 цаг хүртэлх хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгэдэг.

Ярилцсанд баярлалаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Б.БАТХИШИГ: СОНГУУЛИЙН ХУУЛИАР ШИНЭЭР УЛС ТӨРД ОРЖ БУЙ ЗАЛУУЧУУД ӨӨРСДИЙГӨӨ ТАНИЛЦУУЛАХ БОЛОМЖИЙГ ХААСАН

2020 оны УИХ-ын сонгуулийн сунгаанд улс төрийн нам, эвслүүд шинэ, залуу боловсон хүчнээ олноор нь дэ

2020-05-29

Иргэд ариун цэвэр сахиж байгаа нь халдварт өвчний эрсдлийг бууруулж байна

Халдварт өвчний тархвар судлаач эмч нар нийгэмд үргэлж гэрлэн дохио шиг чухал үүрэгтэй ажилдаг. Учир

2020-05-29

Харийн тэнгэрт төрийн далбаагаа мандуулаад төрийн дууллаа эгшиглүүлнэ гэдэг хамгийн торгон агшин

Энэ удаагийн дугаарын зочин бол Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн ротын ахлагч, сургагч ахлагч Б.Гант

2020-05-29