Р.Гончигдорж: Зарим сайдыг УИХ-ын гишүүнээс чөлөөлүүлээд, заримыг нь шинээр томилоод явчихад асуудалгүй дээ

2020-05-13 Ярилцлага

Монгол Улсын дэд Ерөнхийлөгч, Улсын бага хурал, УИХ-ын дарга асан Р.Гончигдоржтой ярилцлаа.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт энэ сарын 25-наас хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй холбогдуулан эрх зүйн нөхцөл байдал ямар болох вэ. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон энэ нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хууль 2019 оны арваннэгдүгээр сард батлагдан уг нэмэлт өөрчлөлт энэ сарын 25-нд дагаж мөрдөгдөх гэж байна. Үндсэн хуулийн дагуу УИХ-ын сонгууль болохоос өмнө зургаан сарын дотор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болохгүй гэж заасан байдаг. Хэдийгээр баталсан өдөр нь ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө боловч хэрэгжих хугацаа нь сонгуулиас нэг сарын өмнө байгаа нь дээр дурдсан Үндсэн хуулийн заалтын агуулгатай зөрчилдөж байна.

Энэ байдлаас үүсмэл бэрхшээлгүй эрх зүйн зөрчлүүд энэ сарын 25-наас хойш гарах болно. 1999 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг ээлжит сонгуулиар байгуулагдах УИХ-ын бүрэн эрх эхэлсэн өдрөөс дагаж мөрдөхөөр хийж байсан юм. Энэ нэмэлт өөрчлөлтийг хачирхалтайгаар ҮХЦ хүчингүй болгосон ч 2000 онд дараагийн УИХ-аар үг үсгийн зөрүүгүй дахин батлагдаж шууд мөрдөгдсөн түүх бий. 1992 оны Үндсэн хууль 2000 онд оруулсан нэмэлт өөрчлөлт, саяны нэмэлт өөрчлөлт нийлээд Монгол Улсын Үндсэн хууль мөн. 1992 онд баталсан БНМАУ-ын Үндсэн хуулиас Монгол Улсын Үндсэн хуулийг бүрнээ дагаж мөрдөхөд шилжих тухай Монгол Улсын хавсралт хууль, мөн саяны 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд батлагдаж 2019 оны арваннэгдүгээр сарын 26-наас дагаж мөрдөгдсөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хууль хоёр нь Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй. Гэтэл эдгээрийн хооронд зөрчилтэй заалтууд бий болчихлоо.

Үндсэн хуулийн хэмжээн дэх дотоод зөрчил үүслээ. Тавдугаар сарын 25-наас хойш энэ зөрчил гадагшилж хууль тогтоомж тодорхой бүрэн эрхүүдийн хүрээнд гарч ирэх болно. Хуулийн хийдлийг бий болгоно. Үндсэн хууль зөрчсөн гэх олон маргаан дагалдуулна.

-Ямар зөрчлүүд дагуулах бол. Тухайлбал?

-Хамгийн тодорхойгоос нь хэлье. Үндсэн хуулийн 70 дугаар зүйлийн 1-д Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр… бүрнээ нийцсэн байвал зохино.

1992 оны дээр дурдсан хавсралт хуулийн 5 дугаар зүйлийн 4-т Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөнхүү Үндсэн хуульд харшилсан хууль болон эрх зүйн субьект, тэдгээрийн заалтыг хүчингүй болсонд тооцно гэж заасан байдаг.

Гэтэл 2019 оны дагаж мөрдөхөд шилжих тухай хуулийн 1 дүгээр зүйлд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэлх хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө гэж заасан нь шууд зөрчил болж байна. Үүнээс үүдээд Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 4-т Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгоно гэж өөрчлөлт оруулснаас үүдэн хуулийн зөрчил хийдэл болон зарим албан тушаалтны бүрэн эрхтэй холбоотой маргаан зөрчлүүд гарч ирнэ. Ер нь энэ дагаж мөрдөхөд шилжих тухай хуулиа 1992 оны хавсралт хууль шиг гарч болох зөрчил хийдлээс бүрэн ангид байхаар нарийвчлан хийх ёстой байсан юм.

-Энэ сарын 25-наас Засгийн газар эрх зүйн чадамжтай байх уу?

-Энэ бол хамгийн амархан эмчлэгдэх асуудал. Энэ сарын 25-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайдуудаа УИХ, Ерөнхийлөгчид танилцуулж УИХ-д тангараг өргүүлээд өөрөө томилох эрхтэй болно. Мөн Сайд нар нь солигдсон ч Засгийн газар огцрохгүй. Хуучин тал нь нэгэн зэрэг огцроход Засгийн газар огцордог байсан. Тиймээс зарим сайдаа УИХ-ын гишүүнээс нь чөлөөлүүлэх заримыг нь сольж шинэ сайд томилоод л явчихад асуудалгүй. Дөрвөөс илүүгүй нь УИХ-ын гишүүний албаа хавсарч гүйцэтгэх ёстой. Уг нь УИХ-ын гишүүн сайдын албыг хавсардаг болохоос сайд нь УИХ-ын гишүүний албыг хавсардаггүй юм шүү дээ. Мөн л үгийн агуулгын зөрчил. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болно гэх л байсан юм. УИХ-ын гишүүн чинь аль нэг албаны хавсаргад явдаг биш, нийтэд ард түмний элч юм.

-Сонгуулийн хууль Үндсэн хууль зөрчсөн талаар та хоёр ч маргаан үүсгэсэн. Нэгийг нь Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц зөвшөөрсөн. Сонгуулийн хуулийн талаар таны бодол ямар байна вэ?

-Иргэн Э.Төмөрбаатартай хамт ҮХЦ-д сонгуулийн хуульд улс төрийн намын сонгуульд оролцох эрхийг байгуулагдсан хугацаагаар хязгаарласан, сонгогч мандатын тооноос дутуу санал өгснийг хүчингүйд тооцсон нь тус тус Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн мэдээлэл гаргасан юм. Цэцийн гишүүн Д.Солонго хоёр асуудлаар Үндсэн хуулийн зөрчлийн хэрэг үүсгэсэн. Гэтэл дунд суудлын хуралдаанаараа ҮХЦ эхний асуудлыг Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзээд тухайн заалтуудыг түдгэлзүүлсэн. Харин хоёр дахь асуудлын хувьд сонин юм болсон. Хуралдаан дээр Цэцийн гишүүн Туулхүү хэрэг үүсгэснийг эргэж хэлэлцэх горимын санал гаргаад Д.Солонго гишүүний үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Анх удаа л ийм зүйл үзлээ.

Хэрэв ингэж болдог юм бол яагаад их суудалд нь гомдол гаргаж хянуулж болдоггүй юм. Хэн ч бодсон сонгогч нэгийг нь дэмжээд нөгөөдүүлийг нь дэмжихгүй байж болно биз дээ. Гэтэл тэр дэмжсэн хүнд өгсөн саналаа хүчинтэй болгохын тулд санал өгөхгүй хоёр хүнд хүчээр санал өгөх ёстой гэж. Гурван мандаттай тойргийг жишээ авч үзье. Гурван мандаттай тойрогт А гэх нэр дэвшигч 74 хувийн дэмжлэгтэй байв. Харин Б намыг 26 хувь нь дэмждэг. А нэр дэвшигчээ дэмжигч 74 хувийн саналаа хүчинтэй болгохын тулд Б намын аль нэг хоёрт хүчээр санал өгнө. Ингэхээр нөгөө нам маань ялаад А маань ялагдана. Энэ сонгуулийн хууль мандатад тултал нь дэвшүүлж саналаа багцалдаг том намуудад ашигтай. Бие даагчид болон жижиг намууд энэ жишээнээс хараад тактикаа боловсруулах хэрэгтэй болж дээ. УИХ-ын бие төлөөлөгч ҮХЦ-д гаргасан тайлбар дотроо дутуу дугуйлсныг зөвшилцөх нь намын эв нэгдэлд хортой гэж үзсэнээ тэмдэглэсэн байсан. Энэ байдлыг хэлээд батлаад байх шиг.

-Ирэх сонгуулийг хойшлуулах эсэх тал дээр таны байр суурь ямар байна?

-Хоёр зүйлд л анхаарч байна. Нэгд, сонгууль болоход цар тахлын дэгдэлтийн эрсдэл их байсаар байна. Хоёрт, хорио цээрийн дэглэмийн үед сонгууль чөлөөтэй шударга болж чадах магадлал бага байна. Ерөнхийлөгч сонгуулийг хойшлуулах тухай санал гаргаж байхад нэг хэсэг нь бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэх гэсэн санаатай байна гэж шуугьсан даа. Энэ нь сонгуулийн хуулийн 9.4-д Монгол Улсын Үндсэн хуулийн 25дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болсны улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол УИХ ээлжит сонгуулийг хойшлуулж болно гэсэн заалттай холбоотой.

Энд заасан хоёр онцгой нөхцөл нь онц байдал зарласан, дайны байдал зарласан гэсэн төвлөрсөн хатуу дэглэм тогтоогддог нөхцөл байдал юм. Гэтэл сонгуулийн хуулийн энэ зохицуулалт нь 22.1-д Улсын нийт нутаг дэвсгэр буюу зарим хэсгийг хамарсан гэнэтийн аюул тохиолдсон… зэрэг онцгой нөхцөлийн улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй бол мөнхүү нөхцөл арилж шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөтөл УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлнэ гэсэн заалтыг явцууруулсан Үндсэн хууль зөрчсөн заалт байгаа юм. Миний хувьд Үндсэн хуулийнхаа 22.1-ийг үндэслэн сонгуулийг хойшлуулмаар л байна даа. Нэр дэвшилт эхлэхээс өмнө. Баахан хувийн болон төсвийн мөнгө зарчихаад гэнэт хүнд онцгой нөхцөл байдалд орж сонгуулийг зогсоохоос аргагүй байдалд хүрэх вий дээ. Монгол Улсад маань анхны чөлөөт ардчилсан бүх нийтийн сонгууль болсны 30 жилийн ой энэ 7 дугаар сард тохиож болно. Сонгогчид бүрэн эрх чөлөөтэй баяр хөөртэй сонгуульдаа оролцож нэр дэвшигчид бүх талаар адил тэгш нөхцөл дор сонгуулийн сурталчилгаагаа явуулж байсныг тодхон санаж байна. Энэ удаагийн сонгууль тийм л тайван нөхцөлд шударга сонгууль болоосой гэсэндээ хэлж байгаа юм.

Харин энэ сунгасан хугацаандаа УИХ, Засгийн газар, Үндсэн хуулийн нэмэлттэйгээ холбоотой хуулиа цэгцлээд цар тахлын тархалтаас сэргийлэх, иргэд ААН эдийн засагтаа учирсан хохирлоо арилгах, сэргэлтийг хангахад чиглэсэн ажлаа хиймээр байна. Сонгууль хойшлохгүй байсан ч Үндсэн хуулийн нэмэлтээр 75 ажлын өдөр чуулган үргэлжлэх болохоор сонгуулийн үеэр ч завсарлах эрхгүй бөгөөд 39 гишүүн дэмжиж хууль батлах тул ирц өндөртэй байж энэ ажлуудаа амжуулах хэрэгтэй.

-АН-ын лидерүүд болох Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл нар бие дааж нэр дэвшихээ илэрхийллээ. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-АН-аас тэднийг нэр дэвшүүлэхгүй байна. Заримыг нь АН-аас хөөсөн, хассан байна. Өнөөдөр чадалтай шинэ залуучууд, туршлагажсан улстөрчид Ардчилсан намаас нэр дэвшиж чадахгүй байгаа нь түгээмэл байна. Нэг талаас 100 сая төгрөгтэй холбоотой байх. АН-ын тухай ярихад би өнөөдөр саналын эрхгүй гишүүн. АН-ын ихэнх гишүүд саналын эрхгүй. Дүрмээрээ тийм болгочихсон. Заавал татварт мөнгө төлж байж саналын эрхтэй болдог. Дээшээгээ нам дотроо заавал мөнгө төлж сонгуульд орно. Орсныхоо дараа их хэмжээний мөнгө төлж байж тэндээ байна. Мөнгөөр гишүүнийхээ эрхийг эдэлнэ, мөнгөөр удирдах эрх мэдлийг эдэлнэ. Мөнгөөр нэр дэвшин ийм байдал руу орж байгаа нь миний Ардчилсан нам биш. Миний нам гэж харагдахгүй байна.

-Тэрийг сонгуульд гаргахгүйн тулд би тэнд нь очиж нэр дэвшинэ гэж ярих боллоо. Улс төрийн хонзон уу. Энэ бүхэн улс төрийн ямар үр дагавар авчрах вэ?

-Энэ хүний дэвшсэн тойрогт би очиж дэвшинэ гэдэг УИХ-д гарч болохгүй хүн гэж үзсэн санаа юунаас болов гэдгийг харах ёстой. Өс хонзон болгож унагах гээд байгаа юм уу. Ийм хүн УИХ-д дахиж гарах нь монгол төрд хохиролтой гэж үзэж байна уу гэх зэрэг зүйл яригдах байх. Ямар ч үед төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байхдаа өс хонзонгоор битгий ашиглаасай гэж боддог. Өнгөрсөн 30 жилийг бүхэлд нь харлуулдагт би дургүй. Лидерүүд гээд хаяж болохгүй. Юмыг үгүйсгэж хэзээ ч гарч ирдэггүй юм. Авах гээхийн зарчим дээр түүнийг үргэлжлүүлж л гарч ирэх ёстой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Б.БАТХИШИГ: СОНГУУЛИЙН ХУУЛИАР ШИНЭЭР УЛС ТӨРД ОРЖ БУЙ ЗАЛУУЧУУД ӨӨРСДИЙГӨӨ ТАНИЛЦУУЛАХ БОЛОМЖИЙГ ХААСАН

2020 оны УИХ-ын сонгуулийн сунгаанд улс төрийн нам, эвслүүд шинэ, залуу боловсон хүчнээ олноор нь дэ

2020-05-29

Иргэд ариун цэвэр сахиж байгаа нь халдварт өвчний эрсдлийг бууруулж байна

Халдварт өвчний тархвар судлаач эмч нар нийгэмд үргэлж гэрлэн дохио шиг чухал үүрэгтэй ажилдаг. Учир

2020-05-29

Харийн тэнгэрт төрийн далбаагаа мандуулаад төрийн дууллаа эгшиглүүлнэ гэдэг хамгийн торгон агшин

Энэ удаагийн дугаарын зочин бол Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн ротын ахлагч, сургагч ахлагч Б.Гант

2020-05-29