Б.Баярцэцэг: Бидэнд захиалга өсөн хүмүүс заавал дахиад харьцдаг

2020-05-20 Ярилцлага

Төрийн дэмжлэг хаана байна гэж жагсаал цуглаан хэсч явах нэг хэсэг байхад өөрийн сурч мэдсэнээрээ баялаг бүтээж, ажлын байр бий болгон амжилттай яваа нөгөө хэсэг бий. Тэдний нэг болох “Шижир гоёл” ХХК-ийн хамт олон бидний сонирхлыг татсан юм. Тус компанийг Турк, Чех, Солонгос зэрэг улс орнуудын томоохон оёдлын үйлдвэрүүдэд ажиллаж байгаад эх орондоо ирсэн 20 эмэгтэй хамтран байгуулжээ.

Тус компанийн захирал Б.Баярцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр БНСУ-д оёдлын үйлдвэрүүдэд тасралтгүй 7 жил ажиллаад эх орондоо ирснээр “Шижир гоёл” ХХК байгуулагдсан түүхтэй.

Та Монголд үйлдвэрээ байгуулахаас өмнө юу хийж байсан талаараа бидэнд сонирхуулаач?

Би 2003 онд их сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. Дараа жил нь Солонгос улсыг зорьсон юм. Бусад монголчуудын адил хар бор ажил гололгүй хийнэ гэсэн бодлоор явж байсан ч аав, ээжийгээ дагаад оёдлын үйлдвэрт орсон. Учир нь бид бүх насаараа хүний нутагт хүнд ажил хийгээд амьдарч чадахгүй шүү дээ. Хүний нутагт хөдөлмөрж байгаад эргээд эх орондоо ирэхэд хэд нь ажилд орж, үргэлжлүүлээд амжилттай явж чадах вэ гэдэг бодол миний дотор байсан. Тиймээс Солонгост ажиллаж байгаад эргээд эх орондоо ирэх үедээ сурсан, мэдсэнээ ашиглаад өөрийн бизнесийг эхлүүлж болох юм гэдэг бодол төрсөн хэрэг.

Нөгөө талаар идэр залуу наснаас эхлээд 80 настай хөгшид хүртэл энэ салбарт ажиллах боломжтой. Ирээдүйн эдгээр боломжууд надад өөрийн гэсэн тоног төхөөрөмж аваад эх орондоо ажиллах сэдлийг өгч, сэтгэл шулуудсан.

Тууштай, басчхүү авьяастай байж сая хувцас үйлдвэрлэлийн салбарт амжилттай ажиллах байх даа?

Миний хувьд өмнө нь юм оёж байсан туршлага байхгүй. Ээж маань гар машинаар гэрээрээ юм оёдог байсан. Үнэнийг хэлэхэд хувцас үйлдвэрлэл надаас маш хол энэ салбар санагдаж байсан. Гэхдээ би өөрийн гэсэн зорилготой байсан болохоор чадна гээд зүтгэсэн. Эхлээд туслах ажилтнаар орж байсан бол удалгүй өөрөө хэдэн хүмүүс дороо ажиллуулах хэмжээнд өсч чадсан.

Эрэгтэй хослолын үйлдвэрт бэлтгэгчээр ажиллаж байлаа. Оёсон хувцас бүрийн оёдлыг хагалж индүүднэ, дараа нь зурж, тэмдэглэсэн тэмдэглэгээний дагуу оёж сурсан. Энэ үйлдвэрт оёдлыг маш сайн суралцаад дараа нь Япон руу гаргадаг гоёлын даашинзны үйлдвэрт ажилд орсон. Гаднын ажилчдыг томоохон брэндийн үйлдвэрүүд төдийлөн ажилд авдаггүй. Миний хувьд азтай нь европ, япон руу бараа, бүтээгдэхүүнээ гарагдаг том үйлдвэрүүдэд ажиллаж чадсан н их зүйл сурах боломжийг нээж өгсөн. Ингээд явж байтал визны зөрчлөөс болж ажиллах боломжгүй болсон.

Хөдөлмөрлөх ёстой. Хүний нутагт ирсэн зорилгоо биелүүлэх ёстой. Ийм цаг үетэй нүүр тулаад ерөөсөө өөрөө л юм хийе гэж шийдээд долоон хүнтэй оёдлын цех байгуулж, подвол түрээслээд ажиллаж эхэлсэн. Ер нь эрэгтэй хослол, гоёлын даашинз эсгэж, оёод сурчихвал бүх бүх хувцасыг оёох чадвартай болчихдог. Манай хамт олон яг л ийм чадвартай, ажлын ачаалал даадаг гялалзсан бүсгүйчүүдээс бүрдсэн. Бид Япон, Англи руу экспортолдог хувцасны захиалга авч оёдог байсан. Ингэж ажиллаад нэг мэдсэн долоон жил өнгөрчихсөн байлаа. Хувь хүний хувьд өсч, ур чадвар ч хангалттай болсон учраас эх орондоо ирэхээр шийдсэн юм. Ирээд 2012 онд “Шижир гоёл” ХХК-ийг үүсгэн байгуулсан.

Манай зах зээл тийм ч том биш. Шууд масс үйлдвэрлэл явуулах боломжгүй. Үйлдвэрийн ажил хэрхэн эхэлж байв?

Компаниа байгуулсны дараа жижиг бизнесийг бойжуулах сургалтыг ХААН банк зохион байгуулсан юм. Энэ сургалтад монголын томоохон компаниудын 20 гаруй менежерүүд цугласан. Тухайн үед бүгд манайхыг сонирхож захиалга өгнө гэж хэлж, уулзалт товлож байсан боловч ганцхан Кэмфински зочид буудлын менежер холбогдож захиалга өгч байсан юм. Захилагч маань ч бидний ажлын гүйцэтгэл, авсан бүтээгдэхүүндээ сэтгэл ханамжтай байсан. Эндээс эхлэн манай үйлдвэрийн ажил жигдэрч, олон газрын ажлыг гүйцэтгэсэн. Одоо бол бид өөрийн гэсэн үйлчлүүлэгчтэй. Үйл ажиллагаа маань жигдрээд явж байна.

Танайх хэчнээн ажилтантай вэ?

Эхэндээ тавуулаа ажиллаж байсан бол одоо манайд 20 гаруй бүсгүйчүүд гар, сэтгэл нийлээд ажилладаг. Хамгийн бага нь коллежийн оюутан байгаа бол хамгийн ахмад нь 60 гаруй насны эгч бий. Бүгд Турк, Чех, Солонгос гээд дэлхийн хэмжээний томоохон үйлдвэрүүдэд ажиллаад үзчихсэн, ачаалал даадаг, амьдралын төлөө зүтгэлтэй бүсгүйчүүд. Ажиллаж байгаа бүсгүйчүүдийнхээ ар гэрийг оролцуулбал 100-гаад хүний ажил, амьдрал энэ үйлдвэртэй холбогддог.

Үйлдвэрлэлийн процесс, бүтээгдэхүүний төрөл, хүчин чадлын талаар сонирхмоор байна. Ачаалал ихтэй үед хүн хүчний хомсдол үүсэх үү?

Бидэнд итгээд захиалга өсөн хүмүүс заавал дахиад харьцдаг. Миний өмнө хэлсэнчлэн манай ажилчид үнэхээр чадварлаг, хурдтай. Дэлхийн хэмжээний үйлдвэрүүдэд ажиллаад үзчихсэн учраас бүтээгдэхүүнийг хурдтай, чанартай хийх тал дээрээ мэргэшчихсэн хүмүүс байдаг. Жишээ нь Солонгост монгол эмэгтэйчүүд өглөө 9 цагаас оройн 22 цаг хүртэл ажилладаг. Энэ хугацаандаа 22-29 ширхэг пиджакыг гаргадаг. Хэдийгээр бид хүний нутагт ажиллаж байсан шигээ их цагаар хүмүүсээ ажиллуулдаггүй боловч нэгж хугацаанд гаргах бүтээгдэхүүний тоо, чанараар ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг газраас хоёр дахин илүү гэдэгт итгэлтэй байж болно. Мэдээж хэрэг машин, техник, материал зэргийг жил ирэх тусам сайжруулснаар бүтээгдэхүүний чанар, тоо хэмжээ өсөн нэмэгдэж байна.

Бид бомбер буюу дугуй захтай залуусын өмсдөг хүрмийг хоногт 1000 ширхэгийг үйлдвэрлэж байсан. Олон тооны нэг загварын бүтээгдэхүүнийг исгүүр, загварыг нэг гаргачихвал маш хурдтайгаар хийж болдог. Харин нэг хүнд зориулсан ганц загварыг захиалагчийнхаа сэтгэлд хүртэл хийхийн тулд тодорхой хугацаа зарцуулдаг.

Бүтээгдэхүүний нэр төрлийн хувьд захиалга, түүний тоо ширхэгээс хамаарч бүх төрлийн хувцасыг гаргадаг. Үйлдвэрийн нэр хүнд, оёдолчдынхоо ур чадварыг муугаар үнэлүүлэхгүйн тулд хамгийн чанартай материалаар, оёдол нэг бүрийг хянаж гаргадаг. Тэглээ гээд үнийн хувьд зах зээл дээрх хамгийн доод ханшаар оёдог.

Одоо бол илүү захиалга аваад, үйлдвэрээ улам томруулахыг л мөрөөдөж байна. Тиймээс хамтран ажиллахыг хүссэн хувь хүн, албан байгууллагуудад манай үүд хаалга үргэлж нээлттэй шүү гэдгийг хэлмээр байна.

 

Компанийн линк: https://www.facebook.com/shijirgoyol99905058/?ref=page_internal

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Б.БАТХИШИГ: СОНГУУЛИЙН ХУУЛИАР ШИНЭЭР УЛС ТӨРД ОРЖ БУЙ ЗАЛУУЧУУД ӨӨРСДИЙГӨӨ ТАНИЛЦУУЛАХ БОЛОМЖИЙГ ХААСАН

2020 оны УИХ-ын сонгуулийн сунгаанд улс төрийн нам, эвслүүд шинэ, залуу боловсон хүчнээ олноор нь дэ

2020-05-29

Иргэд ариун цэвэр сахиж байгаа нь халдварт өвчний эрсдлийг бууруулж байна

Халдварт өвчний тархвар судлаач эмч нар нийгэмд үргэлж гэрлэн дохио шиг чухал үүрэгтэй ажилдаг. Учир

2020-05-29

Харийн тэнгэрт төрийн далбаагаа мандуулаад төрийн дууллаа эгшиглүүлнэ гэдэг хамгийн торгон агшин

Энэ удаагийн дугаарын зочин бол Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн ротын ахлагч, сургагч ахлагч Б.Гант

2020-05-29