Хууль санаачилж, хуралд суудаггүй Б.Наранхүүг Дундговьчууд дахин сонгох уу

2020-05-21 Улс төр 0

“Хүн ер нь дэргэдээ байгаа эрдэнээ анзаардаггүй юм байна” гэж хэлснээр “Өвөл болохоор хүйтэн болдог” хэмээх трэнд үгийг цөм цохиод тодорсон гишүүн бол УИХ-ын гишүүн Б.Наранхүү.

2012 онд УИХ-д гэр бүлээсээ ганцаараа байсан Б.Наранхүү 2016 онд эгч Б.Саранчимэгтэйгээ хоёулаа гишүүн болж УИХ-ын чуулганы танхимд орж ирсэн юм даг. Харамсалтай нь Төрийн ордонд заларч байгаа эгч дүү гишүүд ЖДҮХС-гийн зээлээс төрсөн дүү Б.Одончимэгийнхээ үүсгэн байгуулсан “Сингапурхэльткейр центр” ХХК-д 800 сая төгрөгийг авч өгсөн баримт гарч ирснээр мөнөөх тэрэнд үг олон нийтэд хүрсэн хэрэг. Дэргэдээ байгаа эрдэнээ гишүүн тухайн үед анхаарч байгаа шиг дээрээ сонгосон гишүүнээ Дундговьчууд хэр мэддэг юм бол оо?

Найман жил үргэлжилсэн намар, хаврын чуулганд Б.Наранхүү суух нь битгий хэл очоогүй байх. Суусан бол магадгүй чив чимээгүй байсан байх. Эсвэл суудал нь камерт харагдахааргүй буланд байж таарсан байх. Ямартай ч “Мон Уран”-аар овоглосон, Дундговьд дархлагдсан нэг ийм гишүүн Монголын төрийн түшээ гэгдээд найман жилийг ардаа үдэж байна. Тэр энэ удаад ахиад дархлагдсан тойрог Дундговьдоо эрхэлсэн нам АН-аасаа горилж явна.

УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн намтар их цомхон. Тодруулбал:

1 Монгол Улсын Их Хурал Гишүүн 2016 – Одоо
2 Монгол Улсын Их Хурал Гишүүн 2012 оноос
3 “Дүнжингарав” ХХК Ерөнхий захирал 2008 – 2012
4 “Инвэкс” ХХК Ерөнхий захирал 2005 – 2012
5 “Мон-Уран” ХХК Ерөнхий захирал 1999 – 2012

УИХ-ын гишүүнээр нийтдээ найм дахь жилдээ ажиллаж байна. УИХ-ын гишүүний үндсэн чиг үүрэг бол сонгогдсон тойргийнхоо иргэдийг төрд төлөөлөх, ингэхдээ хуулиар дамжуулан эрх ашгийг нь хангах явдал. УИХ ч хууль тогтоох дээд байгууллага юм. Гэтэл УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн санаачилсан битгий хэл хамтран боловсруулан гэх хуулийн төслийг хайгаад олсонгүй. 2012-2016 онд чухам ямар хуулийн төсөл дээр ажилласныг олох гээд нэмэргүй. Ядаж 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр ажиллахдаа юу санаачилж, ямар хууль дээр ажилласан бэ гээд хайтал бас л олдсонгүй.

Харин бидэнд олдсон мэдээллийг нэгтгэж харвал энэ удаагийн парламентад суусан гишүүдээс хууль батлах үндсэн ажлаа хамгийн муу хийсэн гишүүдийг өнгөлж УИХ-ын гишүүн С.Жавхлангийн араас Б.Наранхүү оржээ. Ийм үзүүлэлтэд орохын тулд ямар ч хуулийн төсөл санаачлалгүй зүгээр суухад л хангалттай. Гэтэл Б.Наранхүү гишүүн бүр хуралдаа ч суудаггүй нэгэн. УИХ-ын 2017 оны намрын чуулганд гэхэд ердөө 26.72 цаг буюу нийт хуралдааны 16 хувьд нь суусан үзүүлэлт гарсан. Суусан хурал, тэр үеэр хэлсэн үг, ишлэлийг эргэж харвал УИХ-ын дарга асан М.Энхболдыг огцруулах үеэр огцруулахыг дэмжиж буйгаа илэрхийлж үг хэлжээ.

Хэрэв УИХ нэг компани гэж үзээд хийх ёстой ажил нь хууль санаачлах гэж бодвол мань Наранхүү найман жил битгий хэл найман сар болоход хөөгдөхөөр үзүүлэлт шүү дээ. Үндсэн Хуульд “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн байдаг. Гэвч Б.Наранхүү гишүүн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хангалттай суухгүй байгаа нь энэхүү үүргээ гүйцэтгэж чадаж байна гэж үзээд УИХ-ын гишүүн Б. Наранхүүг эгүүлэн татах үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт гаргуулахаар хуульч Б.Гүнбилэг, Д.Миеэгомбо, Ч.Жадамба нар Үндсэн хуулийн цэцэд 2018 онд хандаж байсан. Хэрэв цэц тэрхүү үндэслэлийг хүлээж авсан тохиолдолд Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.5 дахь хэсэгт заасан “Үндсэн хуулийн цэц гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан” үндэслэлээр чөлөөлөгдөх нөхцөл бүрэлдэх байсан. Гэвч тийм зүйл болсонгүй.

Гэтэл өнөө хэр нь дархан эрхтэй, дахин дахин сонгогдохын цаад учир юу вэ?

“УИХ надаар дутахгүй. Мэргэшсэн хуульчид нь хуулиа боловсруулаг л дээ. Би тэнд суудал бөглөж сууснаас тойргоо тойглож байсан нь дээр” хэмээн хэвлэлд өгсөн энэ үгнүүд түүний УИХ-ын гишүүн болдгын тод хариулт бололтой.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажлууд урсгалаараа явдаг л биз. Гэхдээ УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн онцлог нь хувийнхаа бэл бэлчингээрээ илүүрхэж, Дундговийнхны духан дээр нь цэцэг ургуулдагт оршдог гэлцэнэ. УИХ-ын сонгууль ойртмоц мань хүн оюутан залуучуудыг цуглуулан сүлд модны наадам зохион байгуулж, хурдан морины уяачдыг ивээн тэтгэж, морь нь түрүүлэх аваас “Land-200” бэлэглэж, тэднийг өөртөө татдаг гэх.

Үүний тод жишээ нь түүний тойрогтоо ажиллаж байх үедээ иргэдэд хэлж буй үгс юм. Түүний УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үеийн тайлангаа иргэдэд танилцуулахдаа, мал сүрэг өссөн, морь хурдалсан, улсын цолтой бөх, гавьяат, хөдөлмөрийн баатар төрүүлсэн зэргээр хэлж байв. Мал сүрэг, морь зэрэг нь өөрөө өсөөд, түрүүлчихдэг юм аа гэхэд мань хүн Дундговийн бөхчүүд, урлаг,соёлын алдартнуудыг өөрөө гавьяа, цолоор шагнадаг гэж ойлгогдох хэмжээнд ярьж байв.

https://www.youtube.com/watch?v=9ckujh9TETY

Түүний хөрөнгө мөнгөөр хүн татах ажил үүгээр дуусахгүй. 2012 онд “Дүнжингарав”-ын нээлтэд 1000 сэтгүүлчийг урихдаа тэрбээр юунаас ч ичсэнгүй. Харин ч 100 гаруй мянган доллар зарцуулж, сугалаа хожсон 100 сэтгүүлчийг Хайнань явуулж амраахаар болжээ. Тэнд очсон 400 гаруй сэтгүүлчээс ийнхүү 100 нь урд хөршийг зорьж, далайн эрэг дээр тав хоног тарвалзах эрхээр шагнуулсан бол үлдсэн сэтгүүлчдэд нь гарын бэлэг өгөөд явуулж байсан ч удаатай.

Энэ жил чухам Дундговьд юу гэгчийг амлаж, ямар хэмжээний хөрөнгө зарахыг харин таашгүй.

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч Х.Баттулга Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчилсэн хориг тавилаа

Монгол Улсын Их Хурал 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр баталсан Авлигын эсрэг хуульд өөрчл

2021-01-22

С.Ганбаатар: Банкны хуулин дээр ажиллаж байгаа залуу, зоригтой гишүүдээ өмөөрнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай х

2021-01-22

МАН-ын Бага хурлаас 99.2 хувийн саналаар Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад дэмжлээ

Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл хуралдаж, Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэ

2021-01-22

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...