Гэмтэн байж мэдэх сэжигтэн гишүүн болохоор гүйж яваа нь ямар ёс вэ?

2020-05-22 Улс төр

2012-2016 оны парламент гадаад өрийн хэмжээг тэнгэрт тулгаж, түүнийгээ үр ашиггүй зарцуулж, эдийн засаг, нийгмийн хямралыг дахиулснаараа муугаар цоллогдох парламент байв. 2008-2012 онуудад Монгол Улсын эдийн засаг үсрэнгүй өссөн. Өсөлтийг уул уурхайтай шууд холбож тайлбарладаг ч бодитоор өссөн өсөлт, иргэдийн аж амьдралд хүрсэн нөлөөлөл эерэг байсан нь үнэн. Харин энэ өсөлтийг илт олонхгүй, эвсэл нэртэй хоёр Засгийн газар хувийн компани шиг аашилж үндсэндээ сөнөөсөн гэхэд болно.

Олонхийн суудлыг авсан Ардчилсан нам тухайн үед дангаараа Засгийн газраа байгуулах боломжгүй хэмжээнд байв. Энэ байдлаа эвсэж, хамтрах замаар засах гэж оролдсон ч “Шударга ёс эвсэл”, дараа нь МАН-тай “эвцэлдсэн” Засгийн газрууд Монгол Улсад нар үзүүлээгүй. Салбар бүрийн сайд дарга нь авлига, албан тушаалын хэрэгт холбогдоод өөрсдөө бас “нар үзэхгүй” дээрээ тулаад байгаа.

Цаг хугацаа өнгөрөхөд юмс мартагддаг ч хэрэг бол хэзээ ч хуучирдаггүй. Хэрэг нь хуучраагүй, хийсэн буруу нь шалгагдаж байгаа тухайн үеийн Эдийн засгийн  хөгжлийн сайд “Фортуна” хэмээх Н.Батбаярын удирдсан салбарынх нь балаг дуусаахгүй байхад УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр гараад ирлээ.

Ёс жудгаараа бол ичих булчирхайтай, итгэж үнэмшдэг онгод тэнгэртэй хүн байсан бол энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэх нь битгий хэл төрийн минь сүлд өршөө хэмээн төрхөмдөө чимээгүйхэн сууж байх байсан билээ. Гэвч “Эдийн засгийн хямралын сайд” асан Н.Батбаяр энэ удаад Архангайг “самрахаар” зориг шулууджээ.

Төрийн сайд байхдаа төвхнүүлсэн бизнес, төсвийн дээр суухдаа зувчуулсан хөрөнгө түүнд байгаа бололтой. Ардчилсан намын даргадаа дэнчингийн 100 саяыг гүйх шахуу барьж очсон Фортуна Н.Батбаярын сургаар Архангайчууд харин хаалга үүдээ түгжиж, харах төдийд түгшиж байгаа бололтой.

2012 онд Н.Алтанхуягаар удирдуулсан Шинэчлэлийн Засгийн газар Засгийн газрыг байгуулахдаа эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй байх зарчим барьж шинээр яам хүртэл байгуулж, нам намдаа сайд, даргын суудлыг баруун солгойгүй хуваарилсан.

Түүний нэг болох Эдийн засгийн хөгжлийн яам шинэ тутам байгуулагдаж, сайдаар нь мөнөөх Н.Батбаяр томилогдсон түүхтэй. Харамсалтай нь сайд болоод улсаа хөгжүүлэх байтал намаа хөлжүүлэх, нийгмээ самрах ажлыг хийсэн нь өдгөө түүнийг АТГ-ын үүдийг сахихад хүргэсэн юм.

Ердөө Нямжавын Батбаярын сайд хийсэн хоёрхон жилийн хугацаанд Засгийн газрын гадаад өр огцом нэмэгдэж, төсвийн зээлийн үйлчилгээний зардал 3-4 дахин өссөн байдаг. Засгийн газар өмнөх 22 жилд бий болсон нийт өр зээлээс 800 сая ам.доллараар илүү буюу 3 тэрбум ам.долларын өр үүсгэж, Монгол Улсыг өндөр хүүтэй ломбарданд тавьчихсан юм.

Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу “Чингис” бондын санхүүжилтийн нэг ам.долларыг гурван ам.доллар болгож, эдийн засгийн үр ашиг бүхий төсөлд зарцуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх байсан ч тэгсэнгүй.

Улс орны ирээдүйн хувь заяагаар дэнчин тавьж авсан “Чингис”, “Самурай бонд”-ын хөрөнгийг төсвийн бүрэлдэхүүн хэсэгт тусгахгүй дур мэдэн зарцуулж хууль зөрчсөн. Фортуна Н.Баятбаяр тухайн үеийн Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат нарыг “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр 2015 оны есдүгээр сарын 15-ны өдрөөс АТГ-аас Эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж байгаа. Эл хэргийг Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлэн үргэлжилж байна.

Түүний орооцолдсон хэрэг хэсэг бүлгийн эрх ашгийг хөндсөн бус бүх л монголчуудын ирээдүйд гай тарьсан байж мэдэхээр байгаа нь хамгийн гол асуудал. Харьцуулж хэлбэл МАН-аас соногдсон УИХ-ын гишүүд ЖДҮДС-гийн хөнгөлөлттэй зээлийг хувьдаа авч хөгөө хөлдөө чирсэнтэй агаар нэг юм.

Шалгагдаж буй хэргийг тодруулбал, УИХ-ын гишүүн асан, фортуна сайдын “анги жав” Гарамгайбаатарын компанид Хөгжлийн банкнаас 43.6 тэрбум төгрөгийн зээл олгосон, зориулалтын бус төсөл хөтөлбөрийг бондын мөнгөөр санхүүжүүлсэн асуудлаар анх шүүхэд маргаан үүссэн байдаг. Хөгжлийн банкны зүй бус зээл олголтын хүрээнд Н.Батбаярыг 2017 онд АТГ-аас шалгаж, гэм буруутай гэж үзээд цагдан хорьж байлаа. Шалгалтын ажиллагаа удтал үргэлжилж, 2018 онд Н.Батбаярын хэргийг дахин шалгаж эхэлсэн ч 2019 онд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гарч байв.

Х.Тэмүүжин нарын баталсан хуулийн хүрээнд улсын хөрөнгийг үрэн таран хийсэн, бондын мөнгийг хэдэн тэрбумаар халаасласан АН-ын “томчууд”, цагаан захтнуудын хэрэг хэрэгсэхгүй болох талруугаа орох гэж байгааг АТГ-аас анхааруулж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар дээрх хэргүүдийг сэргээн шалгахаар болсон юм. Түүний улсад учруулсан хохирол хоёр тэрбум төгрөг давна. Түүх ийм. Хэрэг тийм.

Цаг хугацаа өнгөрч болсон үйл явдлыг фортуна сайдын үг, үйлдэлтэй харьцуулаад харахад тэрбээр анхнаасаа монголын төр, түмний төлөө ажиллах санаа, сэтгэлгүй байсан нь ойлгогдоод байх шиг. Чуулганы хуралдаанд согтуу сууж хөөгдсөн, хариуцсан салбараа шашинжуулж, төрийн хэргийг бөөгийн зан үйлээр явуулахаар оролдсон гээд түүний үг, үйлдэл бүхэн үнэхээр “дампуу” байсан юм.  Тиймдээ ч гэмтэн байж мэдэх сэжигтэн Н.Батбаяр гишүүн болохоор гүйж яваа нь ямар ёс вэ?

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Номтойбаяр: Нэр дэвших болзлоо хангалаа

СЕХ-оос ХУД-т бие даан нэр дэвшиж байгаа Н.Номтойабряын материалыг буцаагаад байсан. Тэгвэл дөнгөж с

2020-05-26

Тод өнгийн оймсноос тэнгэрийн үнэтэй дугуй руу гуллсан Г.Амартүвшингийн Пи Ар

2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж буй Хөгжлийн банкны захирал асан Г.Амар

2020-05-26

Н.Номтойбаяр сонгуулийн материалыг нь татсан асуудалд тайлбар хийв

УИХ-ын 2020 оны сонгуульд бие даан нэр дэвшиж буй 95 хүний материалыг Сонгуулийн Ерөнхий хороо энэ с

2020-05-25