Б.Даваасүрэн: Өнөөдрийн бүтээсэн хийгээд ирээдүйд бүтээх бүхэн өвөөгийн минь надад үлдээсэн өв хөрөнгө, үнэт зүйлс

2020-05-24 Ярилцлага

“Чимээгүйхэн өөрийнхөө хэмжээнд зогсолтгүй хөдөлмөрлөж байгааг минь үнэлж, хүндэтгэж зочноор урьсанд баярлалаа” хэмээн инээмсэглэх Б.Даваасүрэнтэй ярилцлаа. “Family collection fashion shop” үүсгэн байгуулагч тэрбээр жижиг, дунд бизнес эрхлэгч олон мянган бүсгүйчүүдийн төлөөлөл болж, зогсолтгүй хөдөлмөрлөж буй нэгэн юм.

Манай уншигчдад өөрийгөө танилцуулаад яриагаа эхлэх үү?

Тэгэлгүй яахав, намайг Б.Даваасүрэн гэдэг. Хэл шинжлэлийн чиглэлээр сурч,мөн магистраа хамгаалсан ч мэргэжлээрээ ажиллаагүй. Одоогоор өөрийн сонирхолдоо хөтлөгдөн дуртай зүйлээ хийгээд явж байгаа жирийн нэг бизнес эрхлэгч бүсгүй байна. /инээв/

Бизнесээ хийгээд, дэлгүүрээ нээгээд хэдэн жил болж байгаа вэ?

Хувцасны бизнесийн тухайд их сургуулиа дөнгөж төгсөөд байхдаа л жижиг лангуу ажиллуулж эхэлсэн. Одоогоос 8 жилийн өмнө гэсэн үг. Анх удаа 150 мянган төгрөгийн орлого хийгээд хөл газарт хүрэхгүй баярлаж байсан цаг минь саяхан мэт л санагдаж байна. Харин яг дэлгүүрээ нээгээд гурав дахь жилдээ ажиллаж байна. Өнгөрсөн жил хоёр дахь салбараа нээсэн.

Хэл шинжлэлийн мэргэжилтэй хүн яагаад дэлгүүр хоршоо, хувцас, бизнес гээд огт өөр зүйл рүү орчихдог билээ…

Ёстой л амьдралын эрхээр гэх үү дээ. Би өвөөгийн амьны ганц охин байлаа. Өвөөгийн гар дээр бөмбөрч өссөн гэх үү дээ. Харамсалтай нь өвөө минь намайг их сургуулиа төгсөх жил бурхан болсон. Тухайн үед ёстой л бүх зүйл үгүй болж байгаа мэт санагдсан. Өвөө, эмээгийн хүүхдүүд л миний тэр үеийн хагацал, зовлонгийн талаар гадарлах байх. Яг тэр үед өвөөгийн минь захиж байсан үг, өгүүлбэр бүр намайг амьдрах ёстойг, илүү хүчирхэг байх ёстойг сануулсан. Өвөө минь эмэгтэй хүн хэнээс, юунаас ч хараат бус өөрөө өөрийгөө авч явах чадвартай байх ёстой гэдэг байж билээ.

Эвий минь намайг тийм байлгахын тулд хадгаламж хүртэл нээчихсэн байсан. Өвөөгийнхөө үлдээсэн хоёр сая төгрөгийн хадгаламжийг аваад өнөөдрийн энэ дэлгүүр, бизнесийнхээ эхлэлийг тавьж байсан. Тиймээс өнөөдрийн бүтээсэн хийгээд ирээдүйд бүтээх бүхэн минь өвөөгийн минь надад үлдээсэн өв хөрөнгө, үнэт зүйлс минь юм даа. Мэдээж энэ бүхнийг надтай хамт бүтээлцэж яваа гэр бүл, хань, хамт олон минь байгаа.

Амжилттай яваа бүсгүйчүүдийн ард хамгийн сайн хамтрагч бас зөвлөгч нь хань нь байдаг юм шиг… Амьдралын түшиг болсон хань, гэр бүлийнхээ талаар хуваалцаж болох уу?

Би дээр хэлсэн өвөөгөө бурхан болсноос хойш хэсэг хэцүү байсан гэж. Яг тэр цаг үед надад бурхан азаар өвөөг минь эргээд илгээсэн юм шиг санагддаг. Миний ханийн байгаа байдал, зан ааш гээд бүгд яг л миний өвөө шиг минь байсан. Ханийг минь Т.Чойдонжамц гэдэг. Цэргийн хөгжмийн сургууль төгсөөд ХЦДБЧ-д хөгжимчнөөр хэсэг ажиллсан. Харин одоо бол бид хоёр бизнесийн хамтрагч гэж хэлж болно /инээв/. Хоёр хөөрхөн охинтой, энгийн л нэг залуу гэр бүл байна даа.

Ижий, аавынхаа тухай… Өмнө нь уулзахад охид нь өвөө, эмээгийн хүүхдүүд болсон гэж байсан…

Харин тийм ээ. Миний ар талд бат найдвартай зогсдог хүмүүс зөвхөн ханиар минь тогтохгүй шүү /инээв/. Ээж, аав бас ганц эрэгтэй дүү минь, хамт олон, найз нөхөд гээд л… Ер нь гэр бүлийн дэлгүүрийг гэр бүлээрээ л авч явж байна даа /инээв/. Аав, ээж хоёр минь Завхан нутгийн хүмүүс. Одоогоор хоёр охиныг минь хараад Улаанбаатарт суурин байгаа.

Харин ханийн минь ижий, аав болоод аавын минь ээж, аав гэж сайхан буурлууд нутагтаа байна. Зуны налгар цагт тэдэн дээрээ очиж эрхлэх ч сайхан шүү. Тэднээсээ хэнээс ч, хаанаас үл сонсох урмын үг, үнэтэй зөвлөгөө, үнэн бүхнийг мэдэрдэг. Энэ дашрамд эмээ, өвөө, ижий, аавдаа хамгаас их хайртайгаа илэрхийлэе. Мөн хамт олон, найз нөхөд хамгийн чухал болсон үйлчлүүлэгчдийнхээ ачаар би болоод “Family collection fashion shop” амжилттай яваа. Тиймээс та нартаа маш их баярлалаа. Үргэлж сайныг хүсч, сайхныг түгээх болно.

Уучлаарай, гэхдээ корона гээд худалдааны бизнес жаахан тааруу байна уу? Хямралыг хэрхэн давж байна вэ?

Миний хувьд ямар нэгэн асуудал тулгарч, саад бэрхшээл гарах тусам өөрийгөө илүү дайчилж, илүүг хийхийг хичээдэг. Түүнээс хямрал болоод байна, хэцүү байна гээд суугаад байдаггүй. Мэдээж тодорхой хэмжээнд хүмүүсийн худалдан авах чадвар буурч байна. Гэхдээ хямралд дарлуулж биш дарж гарч ирэхийн тулд л илүү их хөдөлмөрлөж байна. Шинийг санаачлах гэх мэт бодсон санасан зүйл их байна.

Танд бизнесийн илүү их амжилтыг хүсэн ерөөе. Санасан бүхэн тань бүтэх болтугай.

“Зогсолтгүй хүчтэй хөдөлмөрлө, чи хүссэн бүхэндээ хүрэх болно” гэсэн сайхан үгээр залуустаа урам зориг өгмөөр санагдлаа. Чимээгүйхэн өөрийнхөө хэмжээнд зогсолтгүй хөдөлмөрлөж байгааг минь үнэлж, хүндэтгэж ийм сайхан сэтгүүлийн зочноор урьсанд дахин талархалаа илэрхийлэе. Танай хамт олонд ажлын амжилт хүсье.

Холбоотой мэдээ

Э.Энхболд: Хүүхэд гэр бүлийн утга учир гэдгийг ойлгуулж, амлалт авна

Зам тээврийн хөдөлгөөний өнөөгийн нөхцөл байдлын талаар Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагий

2020-07-06

Т.Мөнхсайхан: Өвчтөнд үйлчилж буй хандлагаар нь тооцож эмч, ажилтнууддаа урамшуулал олгоно

“Хандлагын 10 хувь” урамшууллын систем маань эрүүл мэндийн салбарт өөрчлөлт авчирна Улсын Нэгдүгэ

2020-07-06

А.Амбасэлмаа: “Батлагдсан тохиолдлуудын 80 хувь нь ОХУ-аас орж ирсэн

Монгол улсад бүртгэгдсэн “COVID-19”-ийн тархвар зүйн онцлогийн талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны а

2020-07-02