Ерөнхий сайд Dreamers-т нэгдсэн гарааны бизнес эрхлэгчдийг дэмжихээ амлалаа

2020-05-26 Нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2020.05.26/ Dreamers нэгдэл буюу нийт 1500 орчим залуус, 500 орчим компаниудын нэгдсэн нэгдлийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Энэхүү нэгдэлд технологийн чиглэлээр гарааны бизнес эрхэлдэг байгууллагуудаас эхлээд олон төрлийн салбарт шинэ санаа, санаачилгыг хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүд багтсан гэдгийг “Стартап Маркетинг Спэйс” төвийн үүсгэн байгуулагч, захирал Ж.Золзаяа хэлж байна.

Судалгаагаар залуучуудын 92 хувь нь өөрийн гэсэн бизнестэй болох хүсэл сонирхолтой байна гэдгээ илэрхийлсэн бөгөөд монгол залуучуудыг өөрийн шинэ санаагаа ажил болгож, хөгжүүлэх орчин нөхцлийг бүрдүүлж, дэлхий дахинд амжилттай болсон гарааны бизнесүүдийн жишгээр “өсгөх”-ийн тулд ийнхүү нэгдэл болон ажиллаж байгаа гэдгийг уулзалтад оролцож буй гарааны бизнес эрхлэгчдийн төлөөлөл хэллээ.

Өнгөрсөн хугацаанд Монгол залуус нийт 2500 шинэ санаа гаргаж, Засгийн газраас тухайн санааг хэрэгжүүлэхэд 5.2 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.

30 ЖИЛ УУЛ УУРХАЙ УХСАН, ОДОО ОЮУНАА УХЪЯ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Залуус маань санаа нийлж байгаад баяртай байна. Эрхэм зорилгоо нэгтгээд хамтран ажиллаж, зохион байгуулалтад орж байгаад талархалтай байна. Шинээр бизнес эрхэлж буй залууст хүүгүй зээл олгосноор 1029 ажлын байрыг бий болгосон байна. Гарааны бизнес эрхэлж буй залуус ажлын байр бий болгож байна. Тиймээс та бүхнийгээ дэмжье гэж өнөөдөр хүлээн авч уулзаж байна.

Зургаадугаар сарын 1-нээс эхлэн гар утаснаасаа төрийн 80 орчим үйлчилгээг авах боломжтой аппликэйшн нээгдэж байна. Монгол Улс ухаалаг, цахим, онлайн Монгол болох ёстой. Технологийн боломжийг ашиглаж сурах хэрэгтэй. Энэ бол асар том баялаг болох ёстой. Цаг хугацаа бол мөнгө, богино цагт их зүйлийг хийж сурах хэрэгтэй. Энэ чиглэлэд Монгол Улс явж байна. Шинэ үеийн ертөнц бий болж байна, тэдний төлөөлөл та бүхэнтэй уулзахад сайхан байна. Цахим шилжиллтэд технологийн компаниуд маш чухал. Тиймээс та бүхнийг дэмжинэ. 30 жил уул уурхайгаа ярьсан, ухсан. Одоо оюунаа ухъя. Манай залуус IQ-гаараа дэлхийд эхний 10-т багтаж байна. Тиймээс үүнийг ашиглаж, хөгжүүлэх нь туйлын чухал байна.

Монголын төр залуусыг дэмжихээс тушаа болж болохгүй. Хэн юу санаачилж байна, түүнд юу хэрэгтэй байна түүний төлөө Засгийн газар чадах чинээгээрээ туслах ёстой. Энэ бол Ерөнхий сайдын, Засгийн газрын бодлого. Хөрөнгө мөнгөний бололцоо дэлхийн бусад орон шиг биш ч боломжийн хэрээр дэмжин ажиллана. УИХ-ын гишүүн Н.Учралын байр суурь бол миний байр суурь. Н.Учрал дарга дэмжих боломж юу байна хэл. Би боломжийн хэрээр дэмжинэ. Гадаад харилцааны сайд хэрхэн дэмжиж чадах вэ” гэлээ.

УИХ-ын гишүүн Н.Учрал “Хамтын оффист бүртгэлжүүлж, татварын бодлогоор дэмжих асуудал Алсын хараа 2050-д багтсан. Зохицуулалт ч бий. Тиймээс Засгийн газар үүнийг журам гаргаад явах боломжтой. Гарааны компаниуд олон нийтэд хувьцаа арилжих босгыг бууруулж өгсөн. Тиймээс үүн дээр ч журам гаргах боломжтой. МАН-аас байгуулсан Засгийн газар, парламент мөрийн хөтөлбөрт багтсан Монгол Улсыг цахим болгох зорилтоо биелүүлсэн. Суурь хуулиудаа баталсан. E-Mongolia удахгүй ашиглалтад орно. Цаашид ч Засгийн газар мэдээллийн технологи, инновацийн компаниудаа дэмжих чиглэлээр ажиллана” гэлээ.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Цар тахлын үед технологиор эдийн засгийг тогтвортой байлгах нь чухал болоод байна. Дижитал орон зай бодит орон зайнаас хэд дахин давчихлаа. Тиймээс энэ бол ямар том шинэ орон зай, боломж вэ гэдгийг та бүхэн хараад ажиллаж байгааг хараад баяртай байна. Монгол Улсыг IT чиглэлийн стартапуудын чөлөөт бүс болгож зарлах хэрэгтэй байна. Ийм санаачилгыг та бүхэн гаргаад, хуулиа санаачлаад ирвэл дараагийн УИХ-д шахаад батлуулах боломжтой” гэв.

Гарааны бизнес эрхлэгч залуусын төлөөлөлтэй Засгийн газрыг төлөөлж Д.Цогтбаатар, УИХ-ыг төлөөлж Н.Учрал нар байнга уулзаж, дэмжлэг үзүүлнэ гэдгийг Ерөнхий сайд хэллээ.

Холбоотой мэдээ

Г.Арсланхуяг: “Хариуцлагатай аялал” аян энэ сарын 9-нөөс эхэлнэ

БОАЖЯ-наас Экологийн цагдаагийн албатай хамтран “Хариуцлагатай аялал” аяныг эхлүүлэхээр болсон байна

2020-07-06

Ө.Энхтүвшин: “The HU” хамтлаг дэлхийд монголын нэрийн хуудас болж байна

“The Hu” хамтлаг нь хөөмий, хархираа зэрэг монголчуудын хийдэг хоолойн өвөрмөц техникүүд болоод мори

2020-07-06

#Feelmongolia хаштагийг ашиглан монгол улсаа гадаадад сурталчлах боломжтой

Коронавирусын цар тахлын үед дотоодын аялал, жуучлалаа нэмэгдүүлэх, цаашлаад хил нээгдмэгц жуулчдыг

2020-07-06