Л.Оюун-Эрдэнэ ээ, цонхоо нээгээд хар даа, өнөөх мафи чинь өвдгөн дээрээ өндийх гэж байна

2020-05-29 Нийтлэл

Хэнтийн хүү, Л.Оюун-Эрдэнэд хэлэх гэж хадгалсан хэдэн үг бий. Хан Хэнтий нутгийг би хар залуугаасаа эрхэмлэн дээдэлж, төрсөн нутагтайгаа адилхан бодож санаж явдаг юм.”ИХ ЭЗЭН Чингисийн төрсөн нутаг болохоор нь” гээд эхэлбэл та нар лав үнэмшихгүй, энэ өвгөн зөнөг залгаж л гэнэ. Харин туйлын үнэн бол Р.Чойном, Ү.Нямдорж, Л.Ожгоош нарын үзэг нэггнүүдтэй залуу зандан наснаасаа үерхэж, тэдний гэр бүл, үр хүүхдүүдтэй одоо хэрнээ халуун дотно харилцаатай байдгийг минь хэн хүнгүй мэднэ дээ. Тэгээд Хэнтий нутгаас төрж гарч байгаа ухаантнуудыг дотроо биширч явдгийн хувьд Л.Оюун-Эрдэнэ гэдэг залууг сайн мэддэг, сэтгэлдээ сүү өргөж явдаг юм.

Л.Оюун-Эрдэнэ ээ, “Цонхоо нээгээд хар даа, цоо шинэ 30 жил аль хэдийнэ ирчихсэн” гэсэн том ярилцлага, Азийн хүлэг улс” гэхчлэн ном зохиолуудыг чинь алгасалгүй уншиж байгаа. Үнэнийг хэлэхэд, шударга үнэнийг дээдэлж явдаг хүний чинь хувьд бичсэн, ярьсан болгон чинь мань мэтэд үнэ цэнэтэй байхгүй юу. Чамайг дэмжээд бичиж байсан, хашгирч байсан, талбайд очоод ураа цуурайтуулж байсан гэвэл худлаа л даа. Цзэжинд л битүүхэн хадгалж, хазайхад чинь түшиж, хальтрахад чинь сэтгэлээрээ хамгаалж түшиж явсан мянга мянган хүний л нэг.

Би өөр шиг чинь хүүхдүүдтэй. Хүнд хэцүү үед чинь очоод хэлмээр, чихэнд чинь шивнэмээр олон л зүйл бодогдож байсан даа. Энэ бурангуй нийгмүүдийн дунд хал үзэж, халуун чулуу долоож явсан сэтгүүлч хүний хувьд хүүдээ хэдхэн зүйл сануулъя. Монголын МАНАН-мафийн тэр том хана хэрэм дөнгөж оройноосооо хуурч унаад байхад, та тав мөн ч их зориг зүрх гаргасан шүү. Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Ж.Батзандан, Л.Болд та тавыг хэлж байгаа юм. Мафийн толгойлогчид нь амьд сэрүүн, араа шүдээ хүртэл зэвсэглэчихсэн харж байгаа, сөрөг хүчнийхэн чинь сөхөө чөлөөгүй дайрч давшилсан, хууль шүүхийнхэн ч хумстай хөл нь хаана гишгэх нь вэ? хэмээн отож гэтэж байгаа нөхцөлд та тав дэндүү зориг гаргасан. УИХ-д 65 суудал авчихаад байгаа ялсан намын даргын тамганаас гарынх нь хээ арилаагүй байгаа, УИХ-ын дарга, Ардын Намын мафийн “дэд тэргүүн” хүний өөдөөс “огцор” хэмээн босоод ирсэн “тэнэг” таван пацааныг юу ч гэлтэй юм дээ.

Л.Болд, Ж.Батзандан хоёроос бусад нь “шинэков”-ууд, “Их хурлын индрийг олохгүй тэмтчиж явна” гэмээр л амьтад шүү дээ. Хүмүүс мөн ч олон янзаар ярьсан, бичсэн дээ. “Хөөрхий дөө, энэ муу тав хоолойгоо хэрчүүлэх нь” л гэнэ.“Барын өөдөөс батгана гэж М.Энхболдын өөдөөс шүү” гээд инээлдэнэ. “Их хурлын идүүрнээс идсэн нь гай болж л дээ” л гэнэ. Ийм мессэж цацаж байсан ч нэлээн тулхтай хүмүүс: “Цаг нь болсон, ингэх хэрэгтэй”, “Цадаж ханадаггүй энэ ихэс дээдсийг ийм залуус зайлуулна” гэж итгэлтэй хэлж байсан л даа. Харж байгаа бидэнд хүртэл аймаар байсан шүү. С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат хоёр, Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцыгаа урьж ирүүлчихээд л … Тэр нь Ж.Батзандан гишүүн рүү чамайг оронд чинь алж чадна шүү гэж заналхийлээд л! Та нарт ч бас тийм дарамт ирж л байгаа биз дээ. С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат хоёр Б.Хурцыгаа ирэх сонгуульд намаасаа өрсөлдүүлэхээр эрх олгохоор ая тал засаад л. Мөн ч сүртэй байсан шүү.

Би бол, зүгээр л дотроо бухимдагч. Нас залуусан бол очиж хамт “шатмаар” л санагдаж байсан. Та нар босч сууж, УИХ-ын даргын сэнтийний өмнө уриа лоозонгоо барин зогсож, Улсынхаа нийслэлийн төв талбайд уулзалт цуглаан зохион байгуулсаар ялсаан! Хэнтийн цагаан бандийг хэн хүнгүй биширч магтана билээ. Их үйлсийн “хутганы” ир, мөр хоёр дээр ээлжилж гишгэж явсан даа, Оюун-Эрдэнэ минь! Чамайг, дэргэдээс чинь төрийн сүлд, дээрээс чинь бурхан тэнгэр харсаан.

Аливаа тэмцэл, хувьсгалын тохироо гэж байдаг. 2019 онд бол тэр тохироо бүрдсэн байж. Ард түмэн, энэ гучин жил тогтносон мафийн тогтолцоог халах юмсан гэж тэсгэлгүй мөрөөдөж байж. Тэмцлийг удирдаад явах шударга дайчин аавын хүү гарч ирээсэй хэмээн хүсэн хүлээж байж. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр ард чинь байж. Энэ тохироо бүрдээгүй бол та тав маань өнөөдөр “төр засгийн эсрэг тэмцсэн” гэдэг ялтай, Тахир соёот, Авдрант… хаана юм, сууцгааж байх байсан даа. Зөв юм зөв л байдаг юм билээ.

Л.Оюун-Эрдэнэ маань Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын Дарга боллоо. Түүнд орохгүй, хүртэхгүй зүйл байсангүй. Сүүлийн нэг жилд дөрвөн хөлтэй, арван гартай хүн шиг л байлаа даа. Эрдэнэтэд онцгой байдал зарлаж, удирдлаа. Эрдэнэс Таван толгойг эмх цэгцэнд нь орууллаа. Салхитын алт мөнгөний орд, Росмонголцветмет, Дарханы цемент шохойн үйлдвэр.Багануурын нүүрсний уурхай, Ноён-Уул, Тост Тосон бумба… Ер нь очоогүй, хүрээгүй газар нутаг бий гэж үү?! Тэр бүхэнд хүрч байсан Монголын мафийн гар саврыг тас цохино билээ.

Монгол Улсын Их Хурал дөрвөн жилийн дотор олон хууль тогтоол баталсан юм билээ. Тэр бүхэнд Л.Оюун-Эрдэнэ санаачлагч, хэлэлцэгч батлагч, хэрэгжүүлэгчээр хувь нэмрээ оруулж байсныг олон түмэн мэднэ. Хамгийн нөлөө бүхий том хууль нь, Монгол Улсын үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, нөгөө нь “Алсын хараа-2050”-ыг гэж би харж байгаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэж МАН амласан амлалтаа юутай ч биелүүлсэн. Гэхдээ бас “Улсын их хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэсэн ганц өгүүлбэрийг аваад хаячихсан бол энэ олон гэмт этгээдүүд УИХ-руу үхэн хатан зүтгэхгүй л байсан юм даа. Л.Оюун-Эрдэнийн болон Монголын оюуны асар их хөдөлмөр шингэж батлагдсан “Алсын хараа-2050” гэдэг баримт бичгийн талаар хүмүүс янз бүрээр л ойлгож, бичиж байх шиг байна. Би бүрэн эхээр нь уншаагүй. Гэхдээ дэмжиж байгаа. Аль ч улс оронд, хүрэх нэг туйлын зорилго байх ёстой юм л даа.

Хоёр хүн айл гэр болохдоо хүртэл 10 жилийн дараа амьдрал маань ийм болно, 20 жилийн дараа бид ингэж амьдарна гэсэн алсын бодолтой байдаг. Улс оронд ч ялгаагүй “алсын хараа” байх ёстой. Жишээ нь, 30 жилийн дараа бензинээр хөдөлдөг онгоц, машин байх юмуу, үгүй юү? Бүгд цахилгаанаар хөдөлдөг болсон байх уу? Тэгвэл газрын тосны үйлдвэр бариад байх нь зөв үү, цахилгааны эх үүсвэрүүдээ илүү анхаарах уу гэдгийг одооноос л бодож төлөвлөж байх нь амин чухал баймаар. Ийм олон зүйлийг одооноос эрдэмтэн мэргэдийнхээ хүчээр бодож төлөвлөж байх нь буруу биш байх.Ингээд би П.Оюун-Эрдэнэ хүүгээ их бодож сэтгэдэг.өнгөрсөн -одоо -ирээдүй гурвыг холбож чаддаг сайн улстөрч юм даа гэж бодож байгаа.

Л.Оюун-Эрдэнэ ээ, цонхоо нээгээд хар даа, өнөөх мафи чинь өвдгөн дээрээ өндийх гэж байна шүү. Бид хэдхэн хоногийн дараа нүүрээ бүтээсэн масктай, тохойгоороо тулж мэндэлдэг, “хар машинд” хувь заяагаа даатгасан хачин жигтэй сонгуульд саналаа өгөх гэж байна. Үүнийг далимдуулаад та нарын “нугасалж дараад” байсан Монголын мафи өвдгөн дээрээ өндийх гэж тэлчилж байх юм.

Зурагтаар “Монголын их 7-гийн зөвлөгөөн” болсныг хараа биз дээ. Орой болгон нэвтрүүлж байгаа. Өнөөх л Да.Ганболд, Э.Бат-Үүл, С.Баярцогт тэргүүтнүүд байна билээ. Бүгд “хужиртай, усанд”ороод гарч ирсэн байна. Цав цагаан “тагтаанууд”.

С.Зоригийн хэргийг шалгах болохоор гадаадад оргон гараад хуулийнхан дуудаад байхад ирдэггүй байсан толгойлогчоо урьж ирүүллээ. Ардчилсан Нам болон эд нөхдийнхөө урилгыг авсан толгойлогч нь тусгай үүргийн онгоцоор ухаан жолоогүй хүрч ирснийг харсан байх. Тусгаарлагдаад л гэрийн тусгаарлалтад байхдаа МАНАН мафийнхнаа дуудаж уулзаад л сонгуулийн өмнө маш том хуйвалдаан боллоо шүү дээ. Шүүхэд бас шударга хүмүүс байдаг бололтой юм. Толгойлогчид хилийн хориг тавиад,13 хүнтэй уулзахгүй байх шийдвэр гаргалаа. Гэлээ ч эд ажлаа амжуулсаан. Өнөөх л хувиараа нэр дэвшинэ гээд тойрог, хүмүүсийг амлаж авч байсан хүмүүс маань бүгд эргэчихэж.

Да.Ганболд л гэхэд Ардчилсан намаас Хөвсгөлийн тойрогт өрсөлдөх гэнэ. Өнөөх, Монголын 4.5 тн алтаар тоглочихсон Да.Ганболд шүү дээ. Энэ хүн Монголд идэж завших хэргийг анхлан хэрэгжүүлэгч, бараг л “Загалмайлсан эцэг” нь юм. Алтны хүнд хөнгөнийг яаж хэмждэгийг би мэдэхгүй. Миний багцаагаар бол ЗИЛ- 130 гэдэг ачааны машин дүүрэн алтыг гадагшаа гаргачихаад, энэ нөхдийнхөө ач буянаар ял зэмгүй өнгөрсөн хүн. Одоо мартагнуулж байгаад, “цагаан тагтаа” болон Хөвсгөл рүү нислээ дээ хөөрхий минь! Далавчин дээр чинь сүү дусаая. Баатар Бат-Үүл маань Ардчилсан намаас Хэнтийн тойрогт нэр дэвшжээ.С.Зоригийг алагдах үед тэднийд цагаан малгайгаа “мартаад” зугтааж явсан Э.Бат-Үүл шүү дээ. Тухайн үед шалгагдаж “их айлд” суугаад гарсан. Мөн л толгойлогчийнхоо ач буянаар ял зэмгүй өнгөрсөн төдийгүй Улсын баатар болчихоод байгаа.

Одоо бас хүүтэйгээ хамт идсэн уусан хэргээр хуулийн байгууллагын үүд сахиж суугаа хүн л дээ. Шүүх хурлыг хойшлуулах арга бүхнээ хийсээр УИХ-ын гишүүний “халдашгүй дархан эрхэнд” орчихвол “тэнгэрийн умдаг” атгах нь тэр. Тэгээд л эцгийнхээ нутаг руу хүлгийн жолоо залах нь дээ. Дээрээс бурхан тэнгэр, дэргэдээс төрийн сүлд харж байгаа. За С.Баярцогтыгоо ч мэдэхгүй хүн байх биш. Алдарт оффшорчин гэдгээр нь Монгол байтугай дэлхий танина. Энэ хүн Сэлэнгэ аймгийнхаа тойргоос нэр дэвшиж байна. Улсаа, газар нутгаа “худалдсан” их баяны хэрэг шалгагдаж шийдэгдэж, дуусдаггүй юм байна. Энэ тойрогт МАН С.Баярцогтыг сөргүүлээд яллагдагч Ж.Эрдэнэбатыгаа сойсон байна. Харууштай “тулалдаан” энд л болно доо.

Ардчилсан Нам Н.Батбаярыгаа Архангай аймгийн тойрогт нэр дэвшүүлж байна.Н.Батбаяр гэхээсээ “фортуна” гэвэл та нар сайн танина даа. Сайд байхдаа “Чингис”,”Самурай” бондуудаар гараа угаачихаад одоо шалгагдаж байгаа хүн. Иймэрхүү л олон хүн Ардчилсан намаас УИХ-д орж ирэхээр зүтгэцгээж байна даа. Л.Оюун-Эрдэнэ минь МАНАН мафийн энэ олон толгойтой “мангасын” нэг толгойг та нар тасдлаа гэхэд цаанаас нь ургаж төлжөөд л байдаг юм байна. Ард чинь ард түмэн тэр аяараа байгаа Бүү шантар. МАНАН мафийг дарсан гавьяа чинь түүхэнд мөнх үлдэнэ. Аяны зам чинь өлзийтэй байг.

Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, сэтгүүлч Г.Жамьян

Холбоотой мэдээ

Гадаадад байгаа Монголчуудаа эх оронд нь авчиръя

Харийн нутаг Нэгэн жишээ: Америкт байгаа танилын минь аав ээж хоёр нь хүү дээрээ очоод гацжээ. Си

2020-07-02

Сонгуулийн реалити тэмдэглэл

“Сонгуулиас болж тэнд гэр бүл салж гэнэ. Энд ах дүүс зодолдож нэгнийнхээ аминд хүрэх шахжээ. Төрөл с

2020-07-02

Байлан цаас

Байлан цаасны тухай ярихаасаа өмнө дэлхийн хоёрдугаар дайны нэгэн цухас үеийг дурдъя. Дайны эхэн үед

2020-07-01