​Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ гишүүдэд дараах 10 захиасыг өглөө

2020-06-30 Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын анхдугаар чуулганыг нээж үг хэллээ. Тэрээр УИХ-д ард түмний итгэлийг авч, шинээр сонгогдсон гишүүдэд хандан үг хэлсэн юм. Түүний хэлсэн үгээс УИХ-ын шинэ гишүүдэд хандсан 10 захиасыг эмхэтгэн хүргэж байна.

1. Улс орны маань өмнө эдийн засаг, нийгмийн асар олон бэрхшээл тулгарч, шийдлээ хүлээж байгааг цаг алдалгүй шуурхай үр дүнтэй ажиллаж, зөвхөн зөв шийдвэр гаргах хариуцлагатай цаг үед та бүхэн хууль тогтоогч боллоо. Төрийн дээд эрх мэдэл та бүхэнд шилжлээ. Та бүхэн нэгэнт ард олны итгэлийг авсан тул хариуцлагатай, ёс зүйтэйгээр олны итгэлийг дааж, иргэдийнхээ боломжийг хулгайлах, урдуур нь орж өөртөө ашиглах бус иргэддээ үйлчлэх, тэдэнд илүү их боломж гаргахын төлөө ажиллах ёстойг хатуу сануулъя.

2. УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, 62 суудал авч олонхыг бүрдүүлж байгаа МАН-аас сонгогдсон гишүүд өнгөрсөн 4 жил, ирэх дөрвөн жил нийтдээ 8 жил засаглаж, асар их хариуцлага, үүрэг хүлээж байгааг зориуд Та бүхэнд сануулъя. Та бүхэнд одоо шалтаг тоочих, өмнөх эрх баригчид руугаа бүх бурууг чихэх, хариуцлагаас зайлсхийх эрх байхгүй боллоо. Бүх зүйл Та бүхний хариуцлага, үүрэг боллоо.

3. Энэ УИХ асуудлаас тойрох, шийдлээс бултах ямар ч арга байхгүй. МАН олонх болсондоо эрдэлгүй, хүчээр түрэлгүй цөөнхийнхөө саналыг хүндэтгэж, хамгийн гол нь дэлхий дахинд болон улс орны өмнө нүүрлэн ирсэн эдийн засгийн хямрал, хүндрэлийг даван туулах, ард иргэдийн амьжиргааг доройтуулалгүй, ажлын байрыг нь хадгалж үлдэх оновчтой шийдлүүд, шийдвэрийг гаргахыг Та бүхнээс сонгогчид хүсэж, итгэлээ хүлээлгэснийг битгий мартаарай.

4. Сөрөг хүчний үүргийг сайн гүйцэтгэх даалгаврыг сонгогчдоосоо авсан Ардчилсан намын бүлэг парламентын хяналтыг хариуцлагатай явуулж, сөргөлдөх талцахаасаа илүүтэйгээр ойлголцох, хамтрах чиглэлийг эрхэм болгож ажиллахыг Та бүхнээс хүсэж байна.

5. Цар тахлын улмаас Монгол улсад экспортын орлогын хомсдол нүүрлэж, төсөв алдагдал хүлээж, эдийн засаг эрс дордох төлөв тодорхой харагдаж байна. Монголын 900 мянга орчим өрхийн амьдралыг доройтуулахгүй байлгах, ажлын байрыг хадгалах, иргэдийн орлогыг хамгаалахад Та бүхэн олонхын бүлэгтэй үндэсний эв нэгдэл, ард түмний эрх ашгийн төлөө ойлголцож ажиллах цаг үе иржээ.

6. Монгол Улсын өмнө тулж ирсэн эдийн засгийн хямралыг даван туулахад Та бүхэн бүх хүчээ тавих, анхаарлаа чиглүүлж ажиллахыг сонгогчид даалгаж, итгэж найдаж байгаа шүү. Одоо экспортын орлогыг нэмэгдүүлэх, гарцыг тэлэхэд бүхнийг зориулах хэрэгтэй байна.

7. Та бүхэн эдийн засагт асар их нөлөөтэй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн түүхий эдийг боловсруулах, экспортод гаргах төслүүдийг мөрийн хөтөлбөрт тусгасныхаа дагуу амлалтаа биелүүлэхийг бүх боломжоороо дэмжиж өнөөдрөөс эхлэн ажиллах хэрэгтэй байна. Нөхөгддөг баялаг болох мал аж ахуйн орлогыг эрс нэмэгдүүлэхэд арьс шир, малын түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг түлхүү дэмжих нэн шаардлагатай байна. Гучин жил ярьсны эцэст эхлүүлсэн Дарханд босгож байгаа Арьс шир, ноос, ноолуур боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх хөнгөн үйлдвэр технологийн паркийг Та бүхэн бодлогоор дэмжиж хурдан шуурхай ажиллаасай гэж хүсэж байна.

8. Та бүхний өмнө улс орны эдийн засгийг өөд татах, иргэдийн амьжиргааг дордуулахгүйгээр хямралаас авч гарах түүхэн үүрэг тулгарч байна. Хүнд цаг үе бүхэнд ард түмэн өөрсдийн итгэл найдварыг хөсөрдүүлэхгүй хүмүүсийг сонгож дэвшүүлж, шийдвэр гаргах эрхийг олгодог. Та бүхэн иргэдийнхээ итгэлийг эвдэлгүй, иргэдийнхээ өмнүүр орж өөрсдөдөө боломж эрэлхийлэлгүй үнэнчээр ажиллана гэдэгт найдаж байна.

9. Зарчимгүй, ёс зүйгүй явдал Та бүхнээс гарах ёсгүй шүү. Та бүхэн бол ард түмнийг төлөөлж, тэдэнд үйлчлэх ёстой хүмүүс болохоос тэдний итгэлээр далимдуулан өөртөө эрх олгогч, өөрсдийнхөө хөрөнгө орлогыг тэрбум тэрбумаар өсгөгч нар биш юм.

10. Өмнөх парламентуудад хэвшил болсон талцал, хуваагдлыг давтахгүйгээр эв нэгдлийг чухалчилж, сахилга бат хариуцлагатайгаар, бүлгээрээ нэгдмэл ажиллахыг Та бүхэн хичээх ёстой. Үүнийг өнгөрсөн сонгуулиудад Та бүхний сонгогчдоос авсан дэмжлэгийн бууралт хатуу сануулж байна.

2008 оны сонгуулиар Ардчилсан нам сонгогчдын 40.4%

2012 онд 35.3%

2016 онд 33.6%

2020 онд 24.5 хувийн дэмжлэг хүлээжээ.

Холбоотой мэдээ

АН-ын залуучууд сунгаан явуулахгүйгээр дараагийн даргаа тодруулахыг шаардав

С.Эрдэнэболд, П.Галиндэв, П.Нүрзэд тэргүүтэй АН-ын залуучууд намдаа шаардлага хүргүүлээ. Тэдний шаар

2020-07-06

Халдашгүй байдлын дэд хороо: Ж.Эрдэнбатыг шүүж байгаа нь хуулийг ноцтой зөрчсөн явдал

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын асуудлаар хуралджээ. Халдашгүй ба

2020-07-04

УИХ-ын гишүүд сургалтад суув

Шинээр байгуулагдсан 8 дахь удаагийн парламентын шинэ гишүүдэд зориулсан сургалтыг УИХ-ын Тамгын газ

2020-07-03