Реппер GEE: Бидний сонсогчид бидэнтэй хамт хөгжиж байна

2017-02-21 Ярилцлага 0

–  Таны өсвөр насны амьдрал хэрхэн өнгөрсөн бэ? Мөн хип хоп урлагт хэзээнээс татагдаж орсон талаараа яриач?

Миний өсвөр нас бусад хүүхдүүдийн адилаар өнгөрсөн. Бусдаас онцгойрч ялгарах зүйл байгаагүй. Хичээлдээ явж чөлөөт цагаараа шүлэг зохиодог байсан. 1996 он буюу 13 насандаа анх хип хоп дуу сонсож өөрийнхөө шүлгийг энэ хөгжмийн урсгалд тохируулан бичих санаа төрж байлаа. Тэр үеэс хойш энэ урлагт татагдан орж хэд хэдэн дуу гаргаж байсан боловч хүлээж авах фм, радио олдоогүй хүмүүс ч нээх сайн ойлгож хүлээж аваагүй юм. Арван жилээ төгсөөд их сургуульд сурч байхдаа ч хааяа, хааяа дуу гаргадаг байсан. Гэхдээ тухайн цаг үед би сурч боловсрохдоо илүү анхаарлаа хандуулж байсан учраас уран бүтээл минь хүмүүст хүрээгүй байж мэдэх юм. 2005 онд дээд сургуулиа төгсөхөд надад хоёр зам тулгарсан. Уран бүтээлээ сонгох эсвэл эзэмшсэн мэргэжлээрээ үргэлжлүүлэн суралцаж ажиллах. Гэхдээ хип хоп урлаг бол миний багын хүсэл мөрөөдөл байсан учраас уран бүтээлдээ 100% өөрийн хүчээ дайчилж эхэлсэн.

– Хип хоп урлагт хөл тавих хүсэлтэй мянга мянган хүүхдүүд байгаа. Эдгээр хүүхдүүдэд хэр их боломж байгаа гэж хардаг вэ?

Боломжийг хүн өөрөө л бүтээнэ тэрнээс биш би боломжтой эсэхыг нь шийдэж чадахгүй. Олон хүний сонирхол байна гэдэг чинь өрсөлдөөний талбар өргөн байна гэсэн үг. Мэдээж өрсөлдөөн дундаас сайн хүн л гарч ирнэ. Чадна гэж бодож байвал зүтгэ, чадахгүй бол эртнээс больсон нь дээр гэж хэлмээр байна.

– Таныг хип хоп урлагт гарч ирж байхад хэр их боломж байсан бэ?

Надад бол зөндөө боломж байсан. Учир нь надад итгэл байсан юм. Тиймээс тэрхүү итгэл миний боломж болж өгсөн. Бусад хүмүүс шиг дуугаа бичүүлж клип хийлгэх мөнгө байгаагүй. Би хар ажил хийж олсон мөнгөөрөө дуугаа бичүүлдэг байсан.

– Та анх гэр хороолол болон хотын төвийн оршин суугчдын ялгааны талаар дуулдаг байсан. Гэр хорооллын болон хотын төвийн хүүхдүүд хоорондоо ямар ялгаатай байдаг юм бэ?

Би энэ сэдвыг нэлээн дээр үеэд дуулдаг байсан. Одоо хүмүүс арай энэ талаар ярьдаггүй байлгүй дээ. Үнэндээ энд ямарч ялгаа байдаггүй. Би ч дуундаа ялгаагүй хэмээн дуулдаг байсан. Адилхан л Улаанбаатар хотын оршин суугчид. Хэрвээ одоо хүүхдүүд нэгнийгээ гэр хорооллын байрны хэмээн ялгаварладаг бол тэрийгээ болих хэрэгтэй. Дэндүү тэнэг сэтгэж байна гэсэн үг.

– Хүн өмнөө зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөө яг яаж дайчлах ёстой байдаг вэ?

Хүн тавьсан зорилгодоо хүрэхийн тулд маш олон салаа замыг сонгох хэрэгтэй болдог. Аль замаар нь явах уу, яаж явах уу? Гэдгээ сайн бодох хэрэгтэй. Ер нь бол долоо хэмжиж нэг огтлох ёстой. Зорилгодоо хүрэхийн тулд яарах ямар ч хэрэг байхгүй. Сайн бодож өөрийгөө боловсруулах хэрэгтэй. Тэгэж байж зөв замаа сонгоно. Түүнээс биш сохороор тэнэг зориг гаргаж дайрвал бүх төлөвлөгөө нурна. Би бол өсвөр наснаасаа эхлээд дуулж олны танил болсон хүн биш. Оюутан болоод төгсөөд уран бүтээлдээ өөрийгөө дайчилсан. Харин тэр болтол өөрийгөө боловсруулж байсан юм. Тиймээс залуус зорилгодоо хүрэхийн тулд бүх зүйлээ бодож боловсруулах хэрэгтэй.

– Хип хоп сонсдог өсвөр насны зарим хүүхдүүд өргөн өмд өмсөөл хаа сайгүй шүлсээ хаяал явахын. Үнэхээр энэ урлагыг сонсдог хүмүүс ийм байх ёстой юм уу?

Хип хоп гэдэг маань өөрөө хамгийн дүр эсгэдэггүй бодит урлаг юм. Нийгэмд болохгүй бүтэхгүй байгаа зүйлсийг дуугаараа гаргаж өгдөг. Үнэхээр бүх зүйл муухай байвал инээгээд дуулах боломж үгүй ш дээ. Өнөөдөр бидний амьдарч буй нийгэм хар, цагаан сүлэлдсэн саарал нийгэм байна. Эндээс сайн, муу бүх л талыг нь харж бид дуулдаг. Амьдрал гэдэг чинь өөрөө арга билэг юм ш дээ. Хип хопыг хар бараан талаар нь харж мөн даган дуурайж байгаа хүмүүс нь зөвхөн талыг нь харж байгаа болохоор тэгэж ойлгодог байх.

– Зарим хүүхдүүд хараалын хүнд, хүнд үгнүүдийг ихээр хэрэглэдэг. Магадгүй хип хоп дуу нөлөөлдөг юм болов уу?

Өнөөдрийн нийгэмд хүүхэд байтугай насанд хүрсэн хүмүүс ч уур бухимдлаа гаргахдаа бидний дуулж буй дуу үзүүлж буй клипээс илүү аймар зүйлийг хийдэг. Гэхдээ би хараал хэлж буй хүүхдүүдийг өмөөрч байгаа юм биш. Гэхдээ хип хоп сонсдог хүүхдүүд хараал хэлдэг гэдэгтэй санал нийлэхгүй байна. Учир нь хип хоп сонсдог хүүхдүүд ухаантай өөрийгөө чөлөөтэй илэрхийлж чаддаг. Нэг үе энэ урлагыг сайн ойлгоогүйгээс үүдэж тийм хүүхдүүд байсан байж болно. Харин өнөөдөр бидний сонсогчид бидэнтэй хамт хөгжиж байна.

– Хип хопыг зааж өгөөч гээд тань дээр ирсэн хүүхдүүдийг хэрхэн хүлээж авах вэ?

Одоогоор би хүмүүст зааж зөвлөх хэмжээний тийм мундаг хүн болоогүй байна. Заримдаа хүүхдүүд надруу өөрийн хийсэн зүйлээ явуулдаг. Энэ ямар болсон байна зөвлөгөө өгөөч гэх мэтээр. Тэр үед нь би өөрийн хэмжээнд зааж зөвлөөд, анхаарах зүйлсийг нь хэлээд явуулдаг. Түүнээс биш гарын шавиа бэлдэх бодол байхгүй.

– Багш нарыгаа үзэн ядах хандлага хүүхдүүд дунд мэр сэр байдаг. Таны үед энэ зүйл байсан уу?

Миний үед энэ зүйл байсан. Ер нь хүүхдүүд заах арга муу багш нарыг үзэж чаддаггүй. Ойлгуулж чадаагүй хичээлээрээ шалгалт авах, муу өгвөл тухайн хүүхдийг муу муухайгаар хэлэх зодох явдал байсан. Энэ бүгд чинь тэгээл боловсролын салбарын нэг доголдол шүү дээ. Багш нарын нэг буруу зүйл нь миний үед ийм байсан гэж ирээл орчин цагийн хүүхдүүдийг тухайн цаг үеэрээ сургах гэж дайрдаг явдал. Заах арга зүй сайтай багш нар зөндөө байдаг. Бүр тэр багшын хичээлд суух гэж яардаг тийм гоё багш нар бас байдаг ш дээ.

– Өсвөр насныханы хайр дурлалын тал дээр ямар бодолтой байдаг вэ? Заримдаа хараад байхад арай л эрт эхлээд байх шиг?

Одоогийн нийгэмд амьдарч буй хүүхдүүдийн би өөрийн үзэл бодлоор шүүмжилж хэлэхэд их хэцүү. Гэхдээ миний үед нүүрээ буддаг охин бараг байдаггүй байлаа. Хайр дурлал ярих нь ч ховор байсан. Би зүгээр өөрийн дүү нартаа захиж хэлдэг юм. Том хүн болох гэж битгий яар хүүхэд нас бол үнэтэй, эргэж хэзээ ч олдохгүй гэж. Тийм ч учраас томчууд Хүүхэд насанд хүргэж өгдөг, Галт тэрэг хэрвээ байдаг бол гээд дуу хүртэл зохиогоод дуулж байна шүү дээ. Хүүхэд насыг хүүхэд чигээр нь өнгөрөөх хэрэгтэй. Тэртээ тэргүй үхэн үхтлээ том хүний амьдралаар амьдарна. Том хүний амьдрал гэдэг чинь жаргал багатай, зовлон ихтэй амьдрал юм ш дээ.

Холбоотой мэдээ

Ж.Одонцэцэг: Байгаль дэлхийгээсээ эрчмээ авч, биеэ эмчилдэг эртний монгол ухаан өнөөг хүртэл бидний дотор оршсоор байгаа

“Гүн төгс наран” ТББ -ын тэргүүн Ж.Одонцэцэгийн ээлжит нэгэн ярилцлага уншигч танд хүрэхэд бэлэн бол

2021-09-19

“Цонхон дээрээ хуулга наалгаад алергигаа мартлаа гэсэн хүмүүс олон байдаг”

"Johnson Window Films", "Nextfil", "3M" зэрэг салбартаа тэргүүлэгч брэндүүдийн хальсыг Монголдоо нэв

2021-09-16

Ж.Одонцэцэг: Бид өвөг дээдсийнхээ яснаас холдож, цуснаас тасарч чадахгүй

Анагаагч Ж.Одонцэцэгийн ээлжит нэгэн ярилцлага уншигч танд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн ярилцл

2021-09-15

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...