Гадаад паспортоо “амь” оруулъя, Н.Энхтайван сайд аа

2020-07-30 289 0

Эдэлж чадахгүй бол тэр эрх чөлөө биш. Эрх чөлөөний тухай энгийн хирнээ оновчтой ийм тайлбар бараг л байхгүй болов уу. 

Тэгвэл тэрхүү эдлэхэд төвөгтэй эрх чөлөөний нэг нь Монгол Улсын иргэн зорчихыг хамгийн их хүсдэг улс орнууд руугаа виз нэртэй эрхийн бичиг авч чадахгүйгээс явж чаддаггүй явдал. Монгол Улсын иргэний гадаад паспортын чадамж тийм хэмжээний доогуур гэсэн үг юм. Дээрээс нь дэлхий нийтэд корона вирус тархаж улс орнууд хилээ хаасан, Монголын дипломат ажилтнууд хил дамнуулан хар тамхи зөөсөн гээд муу мэдээтэй энэ цаг үед мөнөөх улаан хавтастай, гадаад нэртэй паспорт маань бүрэн утгаараа амьгүй байна. 

Ингээд хэлэхээр юу яриад байна вэ гэдэг асуулт үүснэ. Учир нь Монгол Улсын иргэн дэлхийн 57 улс оронд 14-90 хүртэлх хоног  визгүй зорчих эрхтэй. Нарийвчилж үзвэл эдгээр улс орны 34 рүү нь зөвхөн дипломат, албан паспорттай бол тодорхой хугацаанд визгүйгээр зорчих боломжтой. Харин энгийн улаан паспортоо элгэндээ тэврээд сууж буй дийлэнх монголчуудын хувьд 23 улсад визгүй зорчих боломж байдаг байна. Эдгээр улсын жагсаалтад манай хоёр хөрш, Филиппин, Малайз, Казахстан, Израиль, Хонконг, Киргиз, Куб, Макао, Лаос, Tайланд, Беларусь, Турк, Серби, Бразил, Индонез, Сингапур, Украин, Аргентин, Уругвай, Чили, Узбекистан улсууд багтжээ. 

Энэ улсуудаас бид БНХАУ, ОХУ руу худалдаа наймаа, аяллаар хамгийн их зорчдог бол сүүлийн жилүүдэд Хонконг, Тайланд, Сингапур улс руу зорчих иргэдийн тоо нэмэгджээ. Бусад улс орны талаар ойлголтгүй, судалж мэдэх сонирхол дийлэнх монголчуудад байхгүй. Шалтгаан нь эдийн засаг буурай, дотоодын үймээн самуунтай, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ нь манайхаас бүр доогуур. 

Монголчуудын хувьд эдийн засгийн хувьд хараат бус, хөдөлмөрийн хөлсний үнэлэмж сайтай, эсвэл боловсролоор дэлхийд тэргүүлэгч улс орнуудад ажиллах, сурах, зарим тохиолдолд эмчлүүлэх зорилгоор зорчих сонирхолтой. Тэдгээр улсууд нь харин монголчуудад хаалттай. Энд ганцхан жишээ дурдахад л бүх зүйл ойлгомжтой.

Монголчууд БНСУ руу явахын тулд иргэд виз мэдүүлэхдээ таван сая төгрөг байршуулдаг байв. Үүний цаад шалтгаан нь тус улсад очоод хараар ажил хийж алга болохоос сэргийлсэн барьцаа шүү дээ. Монгол хүний санхүүгийн чадамжийг Солонгосчууд ингэж үнэлээд үүнд бид сөхөрч байсан цаг саяхан.  Харин энэ тогтолцоог хүчингүй болгож иргэд сүүлийн зургаан сарын дансны хуулгаа үндэслэн санхүүгийн байдлаа нотлох боломжтой болсон юм билээ. Бэлэн мөнгө нэхээгүй ч биднийг яаж ч мэдэх ядуу хүмүүс хэмээн дэлхий харсаар байгаагийн баттай жишээ энэ мөн. Сүүлийн жилүүдэд БНСУ-ын 90 хоногийн виз даруулаад хоёр сар ажиллаад ирдэг монголчуудыг тэд хааяа өрөвддөг л байх.

Энэ мэт байдал нь одоогийн манай улсын гадаад харилцааны нөхцөл, гадаад паспортын улс орнуудад нэвтрэх чадамж болоод монгол хүний эдийн засгийн төвшин, улс орны гадаад ертөнц дэх нэр хүндийг шууд утгаар нь илэрхийлж байна. Эндээс эрх чөлөөний тухай асуудлыг хөндөх болсон нь ойлгогдож байгаа гэж найдъя.

Дипломат, албан гадаад паспорттай бол бас ч гэж Япон, Солонгос, Чех, Герман гээд улс оронд зорчих боломж бий. Энэ паспортын  хүчинтэй хугацаа 5 жил байх бөгөөд төрийн өндөр албан тушаалтан, түүний гэр бүл,  төрийн албаны тодорхой шатлалд хамаарах албан тушаалтнууд, зарим тусгай чиг үүрэг гүйцэтгэх хүмсүүт хамаардаг/Журмыг ЭНД-ээс үзнэ үү/. Харин эдгээр хүмүүст харь оронд харлаж суух, хэдэн төгрөг эрж олох хэрэгцээ байхгүй л дээ.

Тийм учраас амьжиргаагаа залгуулахын тулд виз гаргуулах гэж үйлээ үзэж, үстэй толгойгоо зулгаадаг монголчуудад улаан паспортын үнэ цэнийг нэмэгдүүлэх, хүссэн улс орнуудад визгүй зорчих эрхийн бичиг болгох нь юу юунаас илүү чухал юм. Гадаад харилцааны яамны хийх ажил, хүрэх ёстой зорилгын нэг нь энэ байх ёстой болов уу.

Тиймээс улаан паспортоо амь оруулж, хүчтэй болгоё, Н.Энхтайван сайд аа. Ядаж дипломат, албан паспортоор визгүй зорчдог улс орнуудтайгаа ээлж дараалан хэлэлцээр хийж, иргэдийнхээ эрх чөлөөг хангая. Ингэж байж сайд болсны гавьяа, МАН ялсны хэрэг гарна. 

Ингэж чадвал монголчууд дэлхийгээс вальютыг эх орон руугаа одоогийнхоос хэд дахин ихээр явуулж эдийн засгаа дэмжих болно. Боловсрол, техник технологи, соёлыг асар хурдтай импортлох болно. Хүн нь хөгжинө, улс нь сэргэнэ.

Уг асуудал дан ганц гадаад харилцааны яамны шийдэх асуудал биш нь ойлгомжтой. Тэглээ гээд хойш түлхэж боломгүй санагдана.

Нэг өдөр цар тахал хумигдаж, дэлхий ертөнц хилээ нээнэ. Тэр үед гартаа барьсан гадаад паспорт дээр виз нэртэй цаас наалгах гэж биш гэрээсээ гараад хүссэн улс руугаа шууд нисчихдэг бол Монгол хөгжжээ, эрх чөлөө нь хангагджээ гэж үзье.

Угаасаа улс орны эдийн засгийн чадамж, олон улс дахь нэр нөлөөг иргэнийх нь гарт байгаа гадаад паспортын чадамжаас шууд харчхаж болно. Тэгэхээр одоогийн нөхцөл, паспортын чадамждаа сайжруулахгүй юм бол энэ удаагийн төр засаг, эрхэм сайдаа эртхэн үдэх нь зүйн хэрэг. 

Б.БАТ

Холбоотой мэдээ

Хутагт хувилгааддаа төрөө бариулаад хэдүүлээ зүгээр залбирцгаая

Монголчууд чинь шинжлэх ухаанчаар асуудалд хандаж, эрдэм мэдлэгийг шүтдэг улс болно гээгүй билүү

2020-08-03

Долоо хоногийн өрнийн зурхай 2020.VIII.03-09

Хонь Осол аваар, техникийн аюулаас сэрэмжтэй байхад гэмгүй. Мөн хөдөө гадаа олон хоногоор том

2020-08-03

Наймдугаар сарын өрнийн зурхай

Хонь Ажил хэрэг: Та энэ сард амжилтад хүрэх замынхаа эхлэлийг тавих нь ээ. Таны ажил хэрэгч б

2020-08-02

Санал асуулга

Есдүгээр сарын 1-нд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг нээх нь зөв үү?

Үр дүн

Loading ... Loading ...