Коронатай хийсэн Засгийн газрын тохиролцоо 

2020-07-29 Дэд онцлох 0

Манай Засгийн газар сайн ажиллаж байгаагаа харуулахын тулд маш олон сонин содон шийдвэрийг байсхийгээд гаргадаг. Ард иргэдийнхээ төлөө бол бурхан, бугтай ч хэлэлцээр хийж, ширээний ард суух тийм л сэтгэлтэй.

Энэ удаагийн шийдвэр ирэх 9 сарын 1-нд хичээл сургуулийг оруулах талаар байв. Харин хэрхэн яаж оруулахаа мөнөөх коронатай тохиролцож хэзээ, яаж, хэнийг, хэрхэн сургахаа шийдсэн бололтой дог. Үнэхээр л гайхмаар содон тохиолдол шүү. Ямартай ч яаж тохиролцсоныг товчхон бичье.

Засгийн газрын 7 сарын 29-ний хуралдаанаар К вирусны зөвлөмжөөр бүх боловсролын байгууллагуудын цахим сургалтыг есдүгээр сарын 1-нд эхлүүлэх, танхимын сургалт явуулах шийдвэрийг гаргав.

Өнгөрсөн хичээлийн жилд СӨБ-д 259 мянга орчим хүүхэд хамрагдсан байна. Тэд ангидаа хамгийн багадаа 30, түүнээс олноороо сүрэглэн суралцаж байсан юм. Сүрэглээд ч болтугай сүгсэлзээд очих цэцэрлэгтэй болсон тэд бас азтайд тооцогдож байсан шүү. Учир нь СӨБ-д хамрагдаж чадахгүй, гэртээ өнждөг хүүхдүүд маш олон бий. Байдаг учраас аргаа барсан эцэг эхчүүдийн дунд сугалаа зохион байгуулж, азандаа найдаж хүүхдээ цэцэрлэгийн бараа харуулахаар лам, бөө зорьдог ч эцэг эх байдаг сураг гарч л байлаа. Харин энэ жил лам бөө битгий хэл сайд дарга нь байгаад ч эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт өгөх нь хувь тавилан, аз завшааны асуудал болох нь.

Учир нь манай Засгийн газар коронатай хийсэн тохиролцооны үр дүнд цэцэрлэгийн анги дүүргэлт нэг ангид 20 хүүхэд байхаар шийдвэрлэжээ. Нэг ангид багтах 20 хүүхдийн нас мөн чухал бөгөөд 3-4 насныхныг сонголт ба сугалаагаар, таван настнуудыг бүрэн бүрэлдэхүүнээр хамруулах гэнэ. Аль насандаа хураасан буян болохоор эдгээр эцэг эхчүүдийн хүүхдүүд энэ жил 3-4, бүр цаашлаад таван настай байж таарав аа. Удам судартаа талархаж, уул хадаа тахихад ч буруудахгүй нь.

Энэхүү нарийвчилсан тохиролцооны хүрээнд хоёр настнууд гэртээ гавьяаны амралтаа эдэлж таарах нь. Хүүхдээ харуулах хүнгүй эцэг эхчүүд ажлаасаа гарч, хүүхэд гаргасныхаа шанг хүртэж таарах нь. Үхтэл үр харам байдаг хойно доо, хүүхдээ л эсэн мэнд эрүүл саруул байлгаж байвал ажил төрлөөр ч яахав, хоол хүнсээр ч яахав тийм ээ.

Гэхдээ энэ бүхэнд Засгийн газраа буруутгаж үл болно. Цаана нь корона бүхний дарга болчихсон байгаа.

За дараагийн коронатай хийсэн хачирхалтай тохиролцоо бол гурван өдөр коронаг амрааж, хоёр өдөр ажиллуулахаар болсон явдал.

Энэ жигтэй хэргийг тодруулбал, нийслэлд сурагчид гурван өдөр танхимын сургалт, хоёр өдөр цахимаар хичээллэх болж байна. Сургалтын үеэр багш нар нааш цааш явах эрхтэй. Харин сурагчид сургууль дотроо чөлөөтэй явах эрхгүй. Хэрэв явбал Засгийн газартай тохиролцоод амарч унтсан корона буруу өдрөө сэрэх магадлал тун өндөр. Тийм учраас хөдлөхөөс дургүй нь хүрч хэдэн цагийн хичээлээ арай ядан дуусгадаг багш нар сургуулийн хонгилоор нааш цааш гүйлдэн шаагилдаж, хэзээ язааны намба, яхир суусан хэдэн сурагчид багш нараа баалан муулж, сахилгагүй, хөдөлгөөнтэйг нь гайхаж, арга барах бололтой.

Харин мөнөөх корона хөдөө орон нутгийг огт сонирхохгүй байгаа тул орон нутгийн сурагчид хэвийн буюу бүх өдөр танхимаар хичээллэх гэнэ. Хөдөө төрсөндөө гомдох ч билүү, хогийн муу корона хүртэл тоож харахгүй.

За яадаг ч байсан 9 сард хичээл, сургалтыг эхлүүлэхээр л боллоо. Ямар ч үед Засгийн газраа буруутгаж үл болно. Цаана нь корона бүхний дарга болчихсон байгаа.

Холбоотой мэдээ

20 настнуудад өгөх зөвлөгөө

Сүүлийн өдрүүдэд цахим орчинд иргэд 20 настай үеийнхээ зургийг оруулж, тухайн үеийнхээ дурсамжийг ху

2020-08-05

Хутагт хувилгааддаа төрөө бариулаад хэдүүлээ зүгээр залбирцгаая

Монголчууд чинь шинжлэх ухаанчаар асуудалд хандаж, эрдэм мэдлэгийг шүтдэг улс болно гээгүй билүү

2020-08-03

Долоо хоногийн өрнийн зурхай 2020.VIII.03-09

Хонь Осол аваар, техникийн аюулаас сэрэмжтэй байхад гэмгүй. Мөн хөдөө гадаа олон хоногоор том

2020-08-03

Санал асуулга

Есдүгээр сарын 1-нд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг нээх нь зөв үү?

Үр дүн

Loading ... Loading ...