Арван амьтай юм шиг аашилсаар байх уу, монголчууд аа

2020-07-31 Нийтлэл 0

Хүн бүр төрсөн бол үхнэ. Гарцаагүй үнэн. Гэхдээ учир утгатай амьдраад, жам ёсоороо амьдын ертөнцтэй салах ёс гүйцэтгэвэл үлдэж буй хүмүүстээ ч, үйлээ эдэлсэн амьдралдаа ч харамсах зүйлгүй баймаар. Гэтэл бид тийм биш юм. Харин ч бүр үхлээр даажигнаж, түүнтэй мөрийцдөг, мөрийгөө алдаж амиа өгдөг ард түмэн бололтой.

2000 оны өвөл нэгэн гэр бүлд уй гашуу тохиолдож, айл гэрийн өмөг түшиг болсон нэгэн залуу зуурдаар хорвоогийн мөнх бусыг үзүүлэв. 30 нас хүрээгүй залуугийн үхлийн шалтгаан нойр булчирхайн хавдар. Хоёр хүүхдээ, ханиа, дуусгаагүй ажил, гүйцэлдүүлээгүй хүсэлтэйгээ орхиод тэр энэ хорвоогоос явжээ. Эцэг, эх нь үр хүүхдийнхээ ард үлдэж, амьдын тамд унасан энэ золгүй явдлын цаад шалтгаан ердөө л архи, хоол хүнсний зохисгүй хэрэглээтэй холбоотой байжээ.

2011 оны намар “Apple” компанийг үүсгэн байгуулагч, дэлхийн баячуудын нэгт зүй ёсоор тооцогдож байсан технологийн суут хүн Стив Жобс 56 насандаа нойр булчирхайн хавдраар нас барав. Дэлхийн шилдэг эрдэмтэн, эмч нарыг цуглуулж хамгийн сайнд тооцогдох эмчилгээг хийлгэсэн ч оношлогдсоноосоо хойш 6-7 жил үхэлтэй тэмцээд ялагджээ.

Энэ хоёр гунигтай түүхэд нийтлэг шинж байгаа нь нойр булчирхайн хавдар эрчүүдэд түгээмэл тохиолддог явдал. Эр хүний гүндүүгүй, ганц юм уучхаараа давардаг, гартаа таарснаа идэх маягаар амиараа дэнчин тавьж үхлээр даажигнадаг тэнэг зоригын шагнал нь энэ өвчин.

Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй 24 өвчний жагсаалтад байсан нойр булчирхайн хавдрыг Стиб Жобс ялаагүй. Бид ч мөн ялах болоогүй. Харин урьдчилан сэргийлэх боломж хэзээд бий.

Үхэл дагуулсан энэ өвчнөөр өвчлөгчдийн нас залуужиж, тоо нэмэгдэж, Монгол залуучууд үхэлтэй мөчөөрхөх болсонд бид анхаарлаа хандуулах цаг болжээ.

Энэ жилийн баяр наадмын өдрүүдэд Улсын төв нэгдүгээр эмнэлэгт уг өвчнөөр гацхан өдөрт таван хүн ирж, оношлоглдон хэвтэж, энэ тоо буурахгүй байгаа сэртийлгэсэн мэдээ гарснаар бид цар тахалд алдаагүй хүнээ чимээгүй тахалд алдаж байгааг анзаарч харсан хэрэг.

Хавдар судлалын үндэсний төвийн статистикаар жилд 180-190 хүн уг өвчнөөр оношлогддог бол сүүлийн жилүүдэд статистик өсөх болжээ. Тэдний 80-90 хувь нь 60-аас дээш насныхан байсан бол энэ удаад нойр булчирхайн үрэвслээр өвдсөн өвчтөний хамгийн залуу нь 20 настай хүн байгаа нь санаа зовоосон асуудал мөн.

Улсын төв нэгдүгээр эмнэлэгт одоогийн байдлаар нойр булчирхайн өвчлөлөөр 20 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тус эмнэлгийн Ерөнхий Мэс заслын их эмч, профессор Ц.Ишдоржийн хэлснээр эдгээр хүмүүст эмчилгээ хийж байгаа ч 16 нь нөгөө ертөнцийн хаалгыг татах магадлал өндөр гэнэ. Өөрөөр хэлбэл монголчуудын дунд нойр булчирхайн өвчлөлөөр өвдсөн хүмүүсийн 80 хувь нь авралгүйгээр амь насаа алддаг.

Энэ булчирхай үрэвссэн бол үхэлд хүргэдэг шалтгаан нь юу вэ?

Нойр булчирхайн цочмог үхжилт, үрэвсэлт өвчин гэдэг бол зөвхөн хоол ундтай холбоотойгоор үүсдэг нь тогтоогджээ. Уг өвчний 95 хувь нь архи дарс хэтрүүлэн хэрэглэх, архи дарс хэтрүүлэн хэрэглэсэн үедээ өөх тостой хоол буюу хорхог, шорлог, шарсан мах мэтийг олон хоногоор зохисгүй хооллосны улмаас бий болдог байна. Ялангуяа баяр наадмын өдрүүдэд энэ төрлийн өвчлөлийн тоо эрс нэмэгдсэн нь анхаарал татна. Сард нэг, хоёр, жилд арван хэд тохиолддог байсан бол энэ жилийн баяр наадмын дараа нэг дор 15 ба түүнээс дээш хүн нойр булчирхайн үхжилт, үрэвслээр өвдөж эмнэлэгт ханджээ.

Эмч нар эмнэлгийн хаалгыг татсан залуусаас асуулга асуухад өдөрт 0,7 литртэй архийг гурван шилийг уух маягаар олон хоног үргэлжлүүлэн уусан тухай хэлжээ. Архины араас мэдээж бүхэл, шарсан мах, өөх тостой хоолыг ихээр хэрэглэсэн. Баярлаж байна гээд амьдралаа балладаг энэ бүхний цаана буюу хүний биед чухам юу болдгийг сонирхоод үзье.

Бидний идэж буй махыг нойр булчирхайн шүүс, ходоодны шүүс, цөс, арван хоёр нугалаа гэдэсний шүүс,нарийн гэдэсний шүүс зэрэг нийлж махыг шингэн төлөвт ортол хайлуулдаг. Нойр булчирхай үхжилт, үрэвслийн үед нойр булчирхайгаас ялгарч буй шүүс нь өөрөө нойр булчирхайгаа болон зэргэлдээх эрхтнүүд, түүний судсууд, сэмж зэргийг хайлуулж уусгаад нэгэн төрлийн эд болгон хувиргаж байдаг аж. Ингээд биендээ тэсрэх бөмбөгтэй болж, нэг л өдөр бүх зүйл дуусна. Ер нь нойр булчирхайн хортой хавдар оношлогдсоноос хойш таван жил амьдарна гэж үздэг.

Гэхдээ энэ хугацаа нь зөвхөн эмчилгээ хийлгэсэн тохиолдолд боломжтой гэдгийг мартаж болохгүй. Шинжлэх ухааны цөм технологийн сангийн тусламжтайгаар Хавдар Судлалын Үндэсний Төвийн Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасаг 2016 онд 80 гаруй хүнд үнэ төлбөргүй мэс засал хийсэн байдаг. Одоо манай улс энэ төрлийн мэс ажилбарыг хийдэг болсон ч зардлын хувьд өндөр. Энэ мэс заслыг БНСУ-д 20-25 сая воннын үнэтэй хийдэг. Төгрөгөөр тооцож үзвэл 60 орчим сая болно.

Эдийн засгийн хувьд өндөр өртөгтэй ч эрүүл болоод амьдрах боломж нь хомс гэдэгт энэ өвчний гол хүндрэл нь оршдог.

Нойр булчирхайн хурц болон архаг үрэвсэл хүндэрсэн үед мэс заслын тасагт эмчилгээ хийдэг. Эхэндээ өвчтөнд тусгай эм бичиж, хоолны дэглэм барих шаардлагатай. Эдгээр нь тус бололгүй нойр булчирхай задрахад хүрч хэвлийн гялтангийн үрэвсэл үүсчихсэн бол яаралтай мэс засалд орохоос өөр аргагүйд хүрдэг.

Мэс засал хийхдээ хэвлийн хөндийг угааж цэвэрлэх, тусгай гуурс хэвлийн хөндийд тавьж хуримтлагдсан шингэнийг гадагшлуулна. Нойр булчирхайн эвдэрсэн эдийг зайлуулах нь мэс засалч болон өвчтөний хувьд ч маш хүнд хагалгаа тул тун ховор хийгддэг гэдгийг санах хэрэгтэй. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх нь амьдрах ганцхан боломж гэдгийг эндээс харж болно.

Салбарын яам, мэргэжлийн байгууллагууд соён гэгээрүүлэх ажлыг л эрчимжүүлж хийхээс бус нэгэнт нойр булчирхайн архаг үрэвсэл, хавдартай болсон хүмүүсийг тэр бүр аврах боломж хомс. Түүнээс гадна элдэв амьтны эд эрхтэнг түүхий болон бусад хэлбэрээр идэж уугаад эдгэрэх ч боломжгүйг өдгөө шинжлэх ухаан тогтоочихсон. Хүндэрсэн бол хагалгаа хийнэ. Хийсэн ч гэсэн амьд үлдэх магадлал тун бага.

Өөрөөр хэлбэл иргэн та, тэр дундаа эрчүүд амьдралын зөв хэв маягыг эрхэмлэж, зохистой хоол хүнсний хэрэглээг бий болгох нь үхэл дагуулсан өвнөөс өөрийгөө болоод гэр бүлээ хамгаалах ганц арга нь. Үүнийг та өөрөө л удирдаж, өөрийгөө эрүүл байлгаж чадна. Түүнээс бус шинжлэх ухаан төгс эмчилгээг өнөө хэр олоогүй.  Манай улсад тулгардаг дараагийн бэрхшээл нь Нойр булчирхайн үрэвслийн эхэн үеийн оношлогоог ЭХО апаратаар хараад анхны шинж тэмдгийг илрүүлэх боломжтой ч монголчуудын ихэнх нь хэвлийн таргалалттай тул дараагийн өртөг өндөр, нарийн шинжилгээ хийлгэх шаардлагатай байдаг. Энэ хооронд хугацаа алдана, өвчнөө хүндрүүлнэ.

Тэгэхээр Хожим эмийг хоол мэт хэрэглэхгүйн тулд өдөр бүр хоол хүнсээ эм мэт сонгон хэрэглэх нь уг өвчнөөр өвчлөхгүй байх ганц арга зам юм. Нойр булчирхайн өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд өөх тостой хоол бага идэх, архи тамхи бага хэрэглэх. Хөдөлгөөнийг эрхэм болгож цусан дахь сахарын хэмжээг хянаж байх шаардлагатайг мэргэжлийн эмч нар зөвлөж байна.

Холбоотой мэдээ

Aлт олборлолтоо нэмж байж л монголчууд төгрөгөө цаас болгочихолгүй аж төрнө

Коронавирус цэнхэр гаригийг хэр удаан ноёрхохыг хэлэхэд эрт байна. АНУ, Хятадын харилцаа хүйтэрлээ,

2020-08-05

Шинэ ургацын ногооны үнэ цаашид буурна гэв

Өнгөрсөн зургаа, долдугаар сард хүнсний ногооны ханш гаарч, иргэдийг багагүй бухимдуулсан. Төмс кило

2020-08-03

Хутагт хувилгааддаа төрөө бариулаад хэдүүлээ зүгээр залбирцгаая

Монголчууд чинь шинжлэх ухаанчаар асуудалд хандаж, эрдэм мэдлэгийг шүтдэг улс болно гээгүй билүү

2020-08-03

Санал асуулга

Есдүгээр сарын 1-нд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг нээх нь зөв үү?

Үр дүн

Loading ... Loading ...