Түрээсийн хөтөлбөр хэрэгжих “Солонго 1, 2” хорооллын ажил эхэлжээ

2020-08-05 Нийгэм 0

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдсан иргэдтэй түрээсэлж буй орон сууцыг нь өмчлүүлэх гэрээг хийж эхэлжээ. Засгийн газраас зорилтот бүлгийн өрхийг дэмжих зорилгоор “Түрээслүүлээд өмчлүүлэх журам”-ыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард баталсан.

Үүний дагуу Төрийн орон сууцны корпораци нь одоогоор 80 орчим түрээслэгч өрхтэй өмчлөх гэрээ байгуулсан байна. Энэ талаар Төрийн орон сууцны корпорацийн дэд захирал Т.Заяа “Засгийн газрын 2016 оны 38 дугаар тогтоолоор анх Буянт-Ухаа II хорооллын 564 орон сууцыг түрээслүүлэх журам гаргаснаар иргэдтэй түрээсийн гэрээ байгуулсан. Үүний дараа 2019 онд Засгийн газраас баталсан 138 дугаар тогтоолын “Түрээслүүлээд өмчлүүлэх журам”-ын дагуу түрээслэгч иргэдтэй өмчлөх гэрээ хийж эхэлсэн байгаа. Энэ гэрээний хамгийн том давуу тал нь түрээслэгч нар байраа өөрсдийн нэр дээр өмчлөх эрхтэй болж байгаа юм. Түрээслээд өмчлүүлэх гэрээг журмын дагуу хоёр нөхцлөөр хийж байгаа.

Түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдсан өрхүүд гэрээ байгуулснаар түрээслээд амьдрах таван жилдээ багтан байрны урьдчилгаа болох 30 хувийг сар бүр хуваан төлж дуусгаснаар арилжааны банкнаас ипотекийн зээл авах боломжтой болох юм. Эсвэл түрээслээд амьдрах таван жилдээ багтаан байрны бүх төлбөрийг төлж барагдуулан өмчлөж болно. Энэ нь урьдчилгаа төлбөргүй, зорилтот бүлгийн өрхөд өөрийн гэсэн орон сууцтай болох том боломж болж байгаа юм. Иргэд өмчлөх гэрээгээ эрт байгуулах нь ашигтай. Учир нь байрны урьдчилгаа болох 30 хувийн хуримтлал эрт үүсээд хадгалагдаад явна” гэв.

Төрийн орон сууцны корпораци нь эхний ээлжинд Буянт-Ухаа-2 хороолол болон Хангай хотхоны түрээслэгч нартай өмчлөх гэрээ байгуулахаар ажиллаж эхлээд байгаа юм. Харин хөдөө орон нутагт наймдугаар сарын дундаас эхлэн гэрээ байгуулах аж. Мөн зорилтот бүлэгт чиглэсэн түрээсийн байрны үнийг тухайн өрхийн орлогын 25 хувиас хэтрэхгүй байхаар мкв нь 5500 төгрөгөөр тооцдог. Харин тухайн өрх түрээслээд өмчлөх гэрээ байгуулсан тохиолдолд байрны мкв-ийн үнийг худалдан борлуулах үнээр буюу засгийн газрын 38 дугаар тогтоолд зааснаар 1’350’000 төгрөгөөр тооцон төлбөр бодогдоно гэдгийг онцлон хэлж байлаа.

Мөн өмчлөх гэрээ байгуулсан өрхийн сар бүрийн төлбөрөөс 25 хувийн шимтгэл буюу түрээсийн төлбөрийг хасаж үлдсэнийг нь урьдчилгаа 30 хувийг бүрдүүлэх зорилгоор хуримтлуулна. Урьдчилгаа бүрдсэн тохиолдолд өмчлөх эрхтэй болох юм. Түрээслэгч өрх нь сар бүр төлбөрөө төлөхөд НӨАТ-ын баримт олгох ба өмчлөх эрхтэй болсон тохиолдолд Монгол Улсын хуульд заагдсан татварын хөнгөлөлтийг эдлэх юм байна. Мөн анх түрээсийн гэрээ байгуулахад гурван сарын барьцаа хөрөнгө байршуулдаг учир өмчлөх гэрээ байгуулахад нэмэлт барьцаа хөрөнгө шаардахгүй. Хэрэв түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй бол өмчлөх гэрээг байгуулахгүй юм. Үүнээс гадна түрээслэгч нь өмчлөн авах сонирхолгүй эсвэл боломжгүй тохиолдолд зорилтот бүлэгт чиглэсэн түрээслэх гэрээгээ үргэлжлүүлэн байгуулах боломжтой гэлээ.

Одоогоор төрийн өмчлөлийн түрээсийн байранд хамрагдсан иргэд өмчлөх гэрээ байгуулна. Шинээр түрээсийн гэрээ болон түрээслээд өмчлөх гэрээ байгуулах хүсэлтэй иргэд дараагийн төсөл хөтөлбөрүүд ашиглалтанд орохоор хамрагдах боломжтой гэж байна. Зорилтот бүлэгт чиглэсэн дараагийн түрээсийн орон сууцны хөтөлбөр хэрэгжих “Солонго-1” болон “Солонго-2” хороолол нь БНСУ-ын 500 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлээр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд баригдаж байна.

Одоогоор барилгын ажлын өмнөх бэлтгэлийн үе шат явагдаж байгаа аж. Улсын хэмжээнд 1512 айлын орон сууцыг төрийн өмчлөлийн түрээсийн орон сууцын санд шилжүүлснээс Улаанбаатар хотод Буянт-Ухаа II хороолол болон Хангай хотхонуудад нийт 787 орон сууцыг зорилтот бүлгийн өрхүүдэд түрээслүүлээд байгаа юм байна. Үлдсэн 725 түрээсийн орон сууцыг Дархан-Уул, Увс, Ховд, Архангай, Хэнтий, Хэнтий аймгийн Бор-Өндөр, Сэлэнгэ хуваарилан түрээсийн гэрээ байгуулжээ.

Б.Бямбажаргал

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Холбоотой мэдээ

Д.Мөнхжаргал: Нийслэл хотод нэг сая мод ургуулахыг зорьж байна

Улаанбаатар хотын тоосжилт, хөрсний бохирдлыг шингээх чадвартай модны суулгац, олон наст ургамлын үр

2020-09-28

Онцгой байдлын 10 алба хаагч тус бүрт 5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэв

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь

2020-09-28

Буугаар тоглож байгаад сум алдаж 6 настай хүүхэд амиа алджээ

Хөвсгөл аймгийн нэгэн сумын эмнэлэгт зургаан настай эмэгтэй Д гэгч нь буудуулсан шархтай хүргэгдэн и

2020-09-28

Санал асуулга

Есдүгээр сарын 15-наас хөл хорио цуцлах нь зөв үү, буруу юу?

Үр дүн

Loading ... Loading ...