Шатахууны үнэ нэмэгдсэн нь валютын ханшийн өсөлттэй холбоотой

2020-08-05 Нийгэм 0

Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурснаас үүдэн өнгөрсөн хавар шатахууны үнийг 500 орчим төгрөгөөр үе шаттай буулгасан билээ. Үүнээс хойш буюу долдугаар сар хүртэл шатахууны үнэ тогтвортой байсан ч сүүлийн долоо хоногт ШТС-ууд жижиглэнгийн үнээ нэмэв.

Тодруулбал, АИ-92, АИ-76, 80 ангиллын шатахууны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд тогтворжиж байсан боловч энэ долоо хоногт зарим ШТС литр тутамд 50-100 төгрөгөөр үнээ нэмжээ. Одоогийн байдлаар “Сод Монгол”, “Шунхлай”, “Магнай трейд” зэрэг шатахуун түгээх газрууд үнийг 50 төгрөгөөр нэмж, АИ 92 шатахуунаа литр тутамд 1450 төгрөгөөр тус тус борлуулж байна. Харин “M-OIL” “Жаст ойл” зэрэг компаниуд үнэ нэмэлгүй АИ-92 шатахуунаа литр тутамд 1320 төгрөг, АИ-95 шатахуун 1800 төгрөгийн үнээр борлуулж байгаа юм.

Энэ талаар албаны хүнээс тодруулахад, энэхүү үнийн өсөлт нь валютын ханшийн зөрүүнээс үүдэлтэй гэдгийг тайлбарлав. Ашигт малтмал газрын тосны газрын Газрын тосны салбарын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “Манай улсын шатахууны хэрэглээ 100 хувь гадаад улсаас хамааралтай учир дэлхийн газрын тосны үнэ, ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлж буй хилийн үнийн хэлбэлзэл нь шатахууны жижиглэнгийн үнэд шууд нөлөөлдөг. Өнгөрсөн тавдугаар сард шатахуун импортлох гэрээг ам.долларын ханш 2795 төгрөг байхад хийсэн. Тухайн гэрээнд ханшийн зөрүү 50 хүртэлх төгрөг дотор литр тутмын үнийн зөрүү явагдахгүй бөгөөд 50 төгрөгөөс дээш гарсан үед литр тутамд үнэ нэмэгдэнэ гэж заасан байдаг. Харин валютын ханш өсөж ам.доллар 2845 болж 50 төгрөгийн зөрүү гарч эхэлснээс шатахууны үнэ өссөн. Нийт хэрэглээний 32 орчим хувь нь АИ-92 ангиллын шатахуун эзэлдэг. Бид тус ангиллын шатахуунд үнийн зохицуулалтыг хийж, урт хугацааны турш тогтвортой байлгах бодлогыг авч хэрэгжүүлсэн. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ 2.4 орчим хувь өсөж үүнтэй холбоотой шатахууны үнэд өөрчлөлт орсоор байна” гэлээ.

Цаашид ам.долларын ханш өсвөл АИ92 шатахууны үнэ өснө. Харин гадаад зах зээл дээрх газрын тосны үнэ өссөн ч дотоодод шатахууны үнэд нөлөөлөхгүй байхаар зохицуулалт хийсэн гэдгийг албаныхан хэлэв.

Одоогийн байдлаар манай улс нэг сарын шатахууны нөөцтэй байна.

Холбоотой мэдээ

Д.Мөнхжаргал: Нийслэл хотод нэг сая мод ургуулахыг зорьж байна

Улаанбаатар хотын тоосжилт, хөрсний бохирдлыг шингээх чадвартай модны суулгац, олон наст ургамлын үр

2020-09-28

Онцгой байдлын 10 алба хаагч тус бүрт 5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэв

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь

2020-09-28

Буугаар тоглож байгаад сум алдаж 6 настай хүүхэд амиа алджээ

Хөвсгөл аймгийн нэгэн сумын эмнэлэгт зургаан настай эмэгтэй Д гэгч нь буудуулсан шархтай хүргэгдэн и

2020-09-28

Санал асуулга

Есдүгээр сарын 15-наас хөл хорио цуцлах нь зөв үү, буруу юу?

Үр дүн

Loading ... Loading ...