М.Мягмар: Бие биедээ итгэх хэзээ ч үл тасрах итгэлийн тэр шугам битгий бөхөөсэй

2017-02-21 Ярилцлага 0

Тэртээ арван есөн жилийн өмнөөс “Эмзэгхэн хайр” дуугаараа сонсогчдын сэтгэл зүрхийг хөглөж байсан “Guys” хамтлаг удахгүй 20 насны төрсөн өдрөө тэмдэглэх гэж байна. Тэд өөр өөрсдийн өнгө төрхийг амьдралд бүтээж үе тэнгийн болон өсвөр үеийн залуусын манлайлал болон явж байна. Хөрслөг бор царай, баргил хоолойгоороо бүсгүйчүүдийн сэтгэл зүрхийг уяраадаг дуучин, жүжигчин Мийгаа энэ удаагийн Амжилтын эзэд ярилцлагын буланд уригдаж орлоо. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэр бүр ярилцлага өгөөд байдаггүй тэрбээр хамтлагийн болон хувийн уран бүтээлийнхээ талаар дэлгэрэнгүй ярилцсаныг уншигч авхай танд хүргэж байна.

– “Итгэл” кино залууст эерэг сэтгэгдэл төрүүлэхүйц үнэхээр сайхан бүтээл болсон байна. Танд баяр хүргэе. Киноны уран бүтээлээс хэдэн жил хол байсан таныг энэхүү кинонд гол дүр бүтээхэд юу нөлөөлсөн бэ?

 Баярлалаа. “Итгэл” киноны зохиолыг уншаад надад маш их таалагдсан. Хамтлагийн ажил их байсан ч түүнийгээ зохицуулаад киноны ажилдаа орсон. Амараа бид хоёрын хувьд гэвэл арван найман  жилийн өмнө “Тавилан” кинон дээр  хамтарч ажиллаж байсан.  Олон жилийн өмнөөс нөхөрлөж ирсэн хүмүүс.

-“Итгэл” кинонд тоглосны дараа үзэгчдийн уур амьсгал хэрэг байна. Та өмнө нь Ану хатан, Төрийн дайсан зэрэг томоохон уран бүтээлүүд дээр гол дүр бүтээсэн. Хүмүүс өмнөх кинотой их харьцуулж хардаг шүү дээ?

– Үзэгчдийн сэтгэл ханамж 100 хувь байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. Гэхдээ би энэ кинонд тоглосноор киног чимээд байгаа хэрэг биш. Киноны зохиол, үйл явдал маш сайн байгаа учраас үзэгчдийн зүрх сэтгэлийг эзэмдэж байгаа юм. Киноны зохиол хүмүүст өөр зүйл бодох зав олгохгүй тасралтгүй өрнөлтэй найруулага сайтай байлаа. “Итгэл” кино бол миний гол дүрд нь тоглосон дөрөв дэх кино. “Сайн уу амьдрал минь” дээр би оюутан залуугийн дүрийг бүтээж үзэгчдэд жүжигчний чадвараа таниулж байсан. “Төрийн дайсан” кино бол эрэгтэй жүжигчний бүх талын чадварыг харуулсан хүнд элементүүдийг шаардсан кино. “Ану хатан” кино бол түүхэн уран бүтээл. “Итгэл” кино дээрх бүх уран бүтээлүүдээс тэс өөр сэтгэлзүйн холбоосууд, дотоод сэтгэлийг гаргаж өгөх ажиллагаатай дүр. Найз нөхдөдөө итгэх итгэлийг үйлдлээр бус нүдээрээ илэрхийлсэн дотоод сэтгэлийг шаардсан бүтээл байлаа.

-Жүжигчин Амараа та хоёрын хувьд өөрсдийн уран бүтээлээрээ залуусын дунд манлайлагч болон явж байгаа. Та хоёр нийлээд бүтээсэн киногоороо нийгэмд юуг харуулахыг хүссэн бэ?

– Бидний амьдарч буй нийгэмд алдагдсан ганц зүйл нь бие биедээ итгэх итгэл. Хүмүүс бид бие биедээ итгэх нь байтугай өөрөө өөртөө итгэх итгэлээ алдсан байна. Залуучуудын маань сонсож байгаа дуу, үзэж буй кино нь амьдралаас уйдсан, ганцаардсан эмгэнэлтэй зүйлүүдээр дүүрч байна. Үзэж харж буй зүйл ийм урвуу сэтгэхүйтэй байхаар залуучууд маань бусдад итгэх ч хүсэлгүй болон хувирч байна. Нийгмийн ийм сэтгэл зүйн дарамттай цаг үед бусдыгаа сэрээх, үзэгчдийн сэтгэлд итгэлийн гал бадраах зорилгоор энэ киног бүтээсэн юм. Бие биедээ итгэх хэзээ ч үл тасрах итгэлийн тэр шугам битгий бөхөөсэй хэмээн бодсон хэрэг. Энэ бодол маань ч талаар болоогүйг кино үзсэн үзэгчдийн дэврүүн сэтгэлээс харж байна.

– Киноны дуу хэрхэн бүтсэн бэ?

– Миний хувьд киноны дуу дуулсан дөрөв дэх тохиолдол болж байна. Сайн уу амьдрал минь, Төрийн дайсан, Аз жаргалтай Bad boy зэрэг киноны дууг дуулж байсан. Манай киноны хөгжмийн зохиолчоор Оки маань ажилласан. Окитой ярилцаж байгаад итгэлтэй, зорилготой хүний хүсэл мөрөөдөл, түүний алхаа гишгээг энэ дуун дээр харуулмаар байна гэж захиалж дууныхаа аяыг хийлгэж авсан. Үгийг нь манай хамтлагийн Төгсөө бичсэн. Төгсөөд мөн адил киноныхоо талаар ярьж иймэрхүү үг баймаар гэж ярилцаж үгээ бичүүлж авсан. Ер нь бие биенээ сайн ойлголцсон гурван хүний холбоосоор киноны дуу минь бүтсэн дээ.

-Уран бүтээлчидтэй ярилцаж байхад түүхэн кинонд тоглож үзэх нь хамгийн том мөрөөдөл байдаг мэт санагдсан. Таны хувьд “Ану хатан” кинонд Галданбошигтын дүрийг бүтээсэн. Ямар шалгуураар энэ дүр дээр ажиллах болов?

 – Тэр жил би дөрөв, таван сар нэг кино зохиол дээр сууж ажилласан юм. Энэ үед Ану хатны проб эхэлсэн гэхээр нь яваад орсон. Цаанаасаа үс сахал нь ургаад өгөгдөл нь бий болсон болохоор түүхэн кинонд ороод үзий гэж бодсон хэрэг. Тэгээд “Ану хатан” киноны Данжилаа жанжны дүрийг авч тэр дүр дээрээ ажиллаад зохиолоо судлаад байж байтал. Кино зураг авалт эхлэхээс 10 гаран хоногийн өмнө гэнэтхэн Галданбошигтын дүр дээр ажилла гэсэн шийдвэр гарсан. Цаг нь тулсан үед энэ бол жүжигчин хүний хувьд  маш эрсдэлтэй ажил. Учир нь би өөр дүрд тоглохоор бэлдэж байсан. Галданбошигт бол тухайн киноны гол дүр учраас арван хоногт судлаад гол дүрийг бүтээнэ гэдэг нь нэг бодлоор аз туршсан хэрэг юм. Би сайн ажиллаж чадвал “Галданбошигтын дүрээр түүхэнд үлдэх, үгүй бол шалны алчуур болоод кино баг хамт олныхоо ажлыг нураах товчлуур болж хувирсан.” Угаас жүжигчний мэргэжил ийм хатуу учир хэндээ эрхлээд үгүй гэхэв. Өөрийн бүх чадвараа гаргаж түүхэн кинонд Галданбошигтын дүрээр үлдсэн дээ. Манай баг хамт олны хүчээр бидний кино амжилттай дуусч өнөөдөр хүмүүст үнэлэгдээд явж байна.

-Та дээр хэлж байсан. Ажил ихтэй байж байгаад киноны уран бүтээлд орлоо гэж. “Guys” хамтлаг болон Мийгаагийн хувьд уран бүтээлийн олз омог их байх шиг байна?

– Энэ зун тасралтгүй ажилласны үр дүн яг одоо гарч байна. “Итгэл” кино маань нээлтээ хийлээ. Киногоо дагаад дуу нь гарлаа. “Guys” хамтлаг 35 хоног Америкийн бүхий л хотуудаар аялан тоглолтоо хийлээ. Бидний шинэ клипүүд үзэгчдэд хүрлээ. Ер нь уран бүтээлчид гэдэг тасралтгүй хөдөлмөрлөж байж, түүнийхээ үр шимийг хүртдэг хүмүүс.

– 2017 онд “Guys” хамтлагийн 20 жилийн ой болно. Танай хамтлаг 20 жилийн ойд хэрхэн бэлдэж байна вэ?

“Guys” хамтлаг нэг хэсэг тус тусын ажилтай байгаад хамтлагийн уран бүтээл дээр төвлөрч чадаагүй. Сүүлийн жилүүдээс хамтлагаараа уран бүтээл хийж байна. Гэхдээ бид энэ хугацаанд өөр салбар луу ороогүй. Урлагийн салбарт байж тус бүрдээ киноны ажил эсвэл ямар нэгэн уран бүтээл дээр ажиллаж байсан. Тиймээс дараа жил болох 20 жилийн ойг дуулж эхэлсэн гэхээсээ илүүтэйгээр “Guys” хамтлаг урлагт орсны 20 жилийн ой гэвэл илүү зохимжтой байх. Учир нь бид дуучин мэргэжилтэй бус жүжигчид. Урлагт хайртай дөрвөн залуу нэгдэж өөрсдийнхөө үзэл бодлоор дууны үг, ая зохиож гурван дуу гаргасан нь хүмүүст хүрч хит болсон. Тухайн цагаас эхлээд ухрах замгүйгээр урлагт орсондоо. Гэхдээ манай хамтлаг 20 жилийн туршид хэнээс ч үг, ая аваагүй. Тиймээс ч өнөөдөр хүртэл 20 жилийн хугацаанд оршин тогтноод явж байгаа байх.Бид дууныхаа үг, аяыг өөрсдөө бичдэг. Энэ бидний бусдаас ялгарах хамгийн том давуу тал.

-Танай хамтлагийн клипыг үзэхээр богино хэмжээний кино үзсэн мэт болдог. Өөрсдөө жүжигчид учраас зохиол дээрээ их анхаардаг байх?

– Бид дууныхаа үг ,аяыг бичиж дуусгаад клипны зохиолоо гаргаж зураг авалтын орчин ямар байх уу гэдгээ хоорондоо ярилцдаг. Юуны тулд жүжигчид байгаа билээ. Клипээрээ үзэгчдэд дууныхаа утга санааг хүргэхийн тулд хичээж ажилладаг. Энэ маань ч хүмүүст хүрсэн байх гэж боддог. Биднийг дууныхаа клип бүрийг кино шиг амьдруулж сургахад гол нөлөөлсөн хүмүүс бол багш нар минь юм гэж бодож, тэдэндээ талархаж явдаг даа.

– “Guys” хамтлаг урлагт орсны 20 жилийн ойн баяраараа кино хийх болов уу. Яагаад ч юм тийм бодол төрөөд байна?

Тийм ээ. Зөвхөн бид дөрөвт зориулж бичсэн. Маш гоё кино зохиол байдаг. Энэ зохиолыг бид арван жилийн туршид хав дарсан. Хамтлагийнхаа 20 жилийн ойгоор бид үүцээ задалж шинэ киног үзэгчид дээ хүргэх болно. Хамтлагийн 20 жилийн ойтой холбоотой их олон ажлууд байгаа, тиймээс нь ихэнх нь одоохондоо нууц хэвээрээ үлдэг.

 Таны ажилдаа баримталдаг зарчим юу вэ? 

Хурд. Би ямагт хурдтай, чанартай ажиллахыг эрмэлздэг. Боломжгүй зүйлээс ч боломжийг олж харах нь бас чухал. Хэдийгээр М.Мягмар гэж ярьж байгаа ч гэсэн. Миний ард маш том баг хамт олон ажиллаж байдаг. Тиймээс хамт ажиллаж буй хүмүүстээ үр өгөөжтэй байхыг хүсдэг. Би ажлыг том, жижиг гэж ялгаад “халтуурдаад” өнгөрөхийг хүсдэггүй. Реклам байсан ч гэсэн түүний зохиол дээр анхаарч ажилладаг. Тухайн бараа бүтээгдэхүүн надаар дамжиж хэрэглэгчдэд хүрч буй учраас өмсөх хувцас, хэлэх үгээ хүртэл дүгнэж цэгнэдэг.

-Таныг хүмүүс брэнд хөөсөн рекламанд тоглодог? Брэнд залуу гэж ярих юм билээ?

– Би өөрөө жижиг урамшууллын рекламанд тоглох бодолгүй байдаг. Брэнд хөөсөн гэж сүүлийн рекламаас болоод тэгж ярьж байгаа байх. Аливаа рекламанд тоглохдоо түүнийхээ үр дагаврыг их бодолцдог. Үнэхээр би тоглоод тухайн бүтээгдэхүүн дэлхийд гарах эсвэл дэлхийд танигдсан брэндыг Мийгаа миний царай өнгөлөх гээд байгаа бол түүнд татгалзах зүйл үгүй. Миний оролцож буй ажил үр дүнтэй байж , тухайн хүмүүст ашгаа өгсөн ажил байгаасай гэж хүсдэг дээ. Түүнээс би өөрөө брэнд хөөгөөд байгаа хэрэг биш.

– “Байна уу ээжээ” дуу бол реклам. Гэхдээ үүнийг яаж уран бүтээл болгосон бэ? Дуу гарсан даруйдаа хүмүүсийн сэтгэлд асар богино хугацаанд хүрч чадсан?

 – Энэ дуу бол анхнаасаа уран бүтээлийн санаагаар эхэлсэн. “Байна уу ээжээ” дууны үгийг бичсэн Мөнхжаргал ах анх надад санал тавьсан. Ийм нэг Орос дууны санаа байна. Үүнийг хоёулаа Монгол хөрсөнд буулгая. Хүмүүс харин хулгайлсан дуу гэж бодох вий. Санааг авснаа хүмүүст ил тодоор хэлээд явъя гэсэн. Өнөөдөр хүмүүс ээжийгээ санасан хэрнээ залгаж ярьж чаддаггүй. Сэтгэлдээ бодоод явдаг. Бодож явахын оронд залгаад ярьдаг байя гэж ярилцсаны үндсэн дээр “Байна уу ээжээ” дуу төрсөн. Эхнээсээ сайхан сэтгэлээр эхэлсэн ажил байсан учраас маш хурдан хэрэгжиж хүмүүсийн сэтгэлд хүрсэн. Уран бүтээлч хүнд сонсогчийн хүлээж авах байдал, тэдний урмын үг маш том бэлэг байдаг. Энэ дууны дараа хүмүүсээс талархлын үгийг харамгүй сонссон. Сонсогчдоос талархлын үгийг мэдэрнэ гэдэг бол миний хувьд хамгийн том шагнал юм даа.

Холбоотой мэдээ

Б.Бямбадорж: Улаанбаатараас эрүүл бүс рүү халдвар зөөх эрсдэл өндөр байна

Нийслэлийн есөн дүүрэгт ажиллаж буй шинжилгээ авах цэгүүдийн талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын

2021-03-02

Ж.Одонцэцэг: Сүнслэг бие нь муудсан хүний ажил амьдрал нь цаанаасаа бүтдэггүй

Аливаа юмс бүхэн байгаль эхтэй хүйн холбоотой байдаг гэж ярилцдаг. Нэгэнтээ анагаах ухааны эцэг хэмэ

2021-02-19

“Биеийн дархлаа, оюуны дархлаа цогцолсон үед ямар ч вирус халдахгүй”

“ГҮН ТӨГС НАРАН” ТББ-ын тэргүүн Ж.Одонцэцэгийн цар тахал буюу ковид-19 –ын талаар өгсөн зөвлөгөө, яр

2021-02-03

Санал асуулга

Хичээл сургууль 4 сарын 1-ээс танхимаар орох нь зөв үү?

Үр дүн

Loading ... Loading ...