Санхүүгийн дампуурлаа зарлах гэж байсны нэг жилийн ойд…

2017-08-18 Нийтлэл 0

Жилийн өмнө улсын эдийн засгийн нөхцөл байдал ямар байсныг цөөн үзүүлэлтээр эргэн саная. 2016 оны эхний хагас жилд төсөв 1 их наяд төгрөгийн алдагдалтай, эдийн засгийн өсөлт саарч, сүүлийн таван жилд ДНБ анх удаа хасах утгатай гарч байв. Гадаад хөрөнгө оруулалт тэгтэй тэнцэж, төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2500 давж, үндсэндээ Монгол Улс олон улсаас босгосон зээлээ төлж чадахгүй дефолт зарлах хэмжээнд хүрсэн гэдгийг шинжээчид тодотгож байлаа.

Тэгвэл өнөөдөр ямар өөрчлөлт гарсан бэ. 2017 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын эдийн засаг 4.2 хувийн өсөлттэй гарав. Төсвийн алдагдал 740 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 383 тэрбум төгрөгөөр буурчээ. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2400 төгрөгт тогтвортой, он гарсаар 200 гаруй сая ам.долларын гадаад шууд хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил идэвхжиж, нүүрсний олборлолтын хэмжээ огцом өсч, экспортын орлого тав дахин нэмэгдэв. Жилийн өмнө Засгийн газар хүүхдийн мөнгөө ч өгөх санхүүжилтгүй байсан бол өнөөдөр төсвийн орлого 579 тэрбум төгрөгөөр давсан дүнтэй гарч, хүүхдийн мөнгөө бүх хүүхдэд эргэн олгож эхэлжээ.

Энэ бүхэн нэг жилийн дотор манай улсын эдийн засагт ахиц гарсныг илтгэнэ. Энэ нь бодит эдийн засгийн орчин гэхээс илүүтэйгээр улс төрийн тогтвортой байдлаас үүдэлтэй өөрчлөлт гэдгийг эдийн засагчид тодорхойлсон. Учир нь, манай эдийн засаг улс төрийн нөхцөл байдлаас шууд хамааралтай. Эрх баригч намын улс төрийн шийдвэр, нөлөө бүхий улстөрчдийн мэдэгдлийн нөлөөгөөр эдийн засаг дахь үзүүлэлтүүд савладаг. Тухайлбал, УИХ-д МАН 65 суудал авч, Засгийн газар танхимаа бүрдүүлсний дараа дотоодод ам.долларын ханш суларч, гадаад зах зээлд томоохон компаниудын хувьцааны ханш өсч байх жишээний.

Яг жилийн өмнө эрх баригч намынхан эдийн засгийн хүндрэлийг дотоод хүчин чадлаар давж чадахгүй гэдэгт санал нэгдэж, ОУВС-гаас тусламж хүссэн. Засгийн газар бүрдсэн даруйдаа ОУВС-д хандсан нь үүнийг гэрчилнэ. Засгийн газар Валютын сангийн найман сар үргэлжилсэн хэлэлцээр амжилттай өндөрлөж, тавдугаар сарын 23-ны өдрөөс манай улсад ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжих шийдвэр гарсан билээ. Энэ үйл явц нь эргээд олон улсын зах зээлд Монгол Улсын эдийн засаг сэргэх эерэг мессеж болсон. Дотоодын эдийн засагчид ч Валютын сангийн хөтөлбөрт хамрагдсан нь зөв зүйтэй алхам болсныг тодотгож байв. Нөгөө талд бодлого тогтвортой хэрэгжих улс төр болоод эдийн засгийн нөхцөл бүрдсэн гэж хөрөнгө оруулагчид итгэсэн. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад тогтвортой бодлого хэрэгжиж, төсөв, санхүүгийн сахилга баттай болно гэж хөрөнгө оруулагчид итгэж буй. Товчхондоо, өнгөрсөн нэг жил эдийн засагт гарсан өөрчлөлт энэ.

Харин сүүлийн үеийн улс төрийн нөхцөл байдал эдийн засгийн өсөлтийг хязгаарлан, хөрөнгө оруулагчдын итгэлийг хөсөрдүүлж магадгүй боллоо. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараах эрх баригч намын дотоод талцал, өнөөгийн Засгийн газрыг огцруулах талаарх мэдээ гадаад, дотоод орчинд сөргөөр нөлөөлж эхлээд байна. Бизнес эрхлэгчид 2013 он шиг улс төрийн ойлгомжгүй байдал үүсэх вий гэсэн болгоомжлолтойгоор шинэ төсөл хөтөлбөрөө эхлэхээ азнаж, хүлээлтэд оржээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын нам ялалт байгуулж чадаагүй. Хэлсэн үг, үзэл баримтлал нь хөрөнгө оруулагчдын эрх ашигтай харшилддаг АН-ын нэр дэвшигч Х.Баттулга Ерөнхийлөгч болсон нь зарим нэг талаараа хөрөнгө оруулагчдыг эргэлзэхэд хүргэж байсан. Гэтэл дарин дээр давс гэгчээр Ерөнхийлөгчийн сонгуулийн дараах эргэлзээн дээр эрх баригч намын улс төрийн ойлгомжгүй байдал нь сэргэж буй эдийн засгаа буцаагаад унагааж мэдэх л юм.

МАН-ын дотоод улс төр даамжирч, Засгийн газраа огцруулах тухай яриа хүчээ авч байна. Монголын улс төрд Засгийн газраа огцруулж байсан түүх олон бий. Харамсалтай нь, Засгийн газар огцорсноор эдийн засаг сэргэж, өсч байсан түүх нэг ч байхгүй. Харин Засгийн газар огцорсноор улс төрийн тогтворгүй байдал гаарч, эдийн засаг хямарсан гашуун туршлагыг бүгд мартаагүй. Тухайлбал, 2012-2014 онд Н.Алтанхуягийн Засгийн газрын үед манай улсын эдийн засаг 11 хувийн өсөлттэй байв. Харин Н.Алтанхуягийн Засгийн газрыг Ч.Сайханбилэгийнхээр сольсны дараа буюу 2014 оны эцэст улсын эдийн засаг 11 хувиас 7.8 хувь болж огцом унасан. Цаашлаад Монгол Улсын эдийн засаг 2015 оны эцэст 2.5 хувь, 2016 онд өсөлтгүй болсон. Засаг солигдсоны дараа гадаад шууд хөрөнгө оруулалт хоёр тэрбум ам.доллараас 110 сая болтлоо буурч, хоёр компани тутмын нэг нь үйл ажиллагаагаа зогсоож, үүний уршгаар олон мянган иргэн ажилгүй болсон. Сайнаасаа илүү саар үр дүн олонтаа гарчээ.

Энэ алдааг дахин давтах эрх 65-ын бүлэгт байхгүй. Засаг солигдсоноор эдийн засаг сайжрах биш, харин ч мууддаг гэдгийг өмнөх туршлагаас харагдаж байна. Улс төрийн тогтворгүй байдлыг дагаж эдийн засаг болон зах зээлийн таатай байдал л алдагдана. Өнөөгийн ашигт малтмалын түүхий эдийн ханшийн таатай байдал удаан үргэлжлэхгүй энэ үед улс төрийн тогтворгүй байдал зах зээлийг улам муутгана. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараах эргэлзээн дээр улс төрийн тогтворгүй байдал нэмэрлэж манай улсын гол худалдан авагч БНХАУ-ын ойлгомжгүй байдал үргэлжилнэ. Энэ нөхцөлд манай гол нэрийн бүтээгдэхүүн зэс, нүүрс худалдан авагчгүй болно, төсвийн орлого тасалдана. Эргээд 2014-2016 оных шиг төсвийн өндөр алдагдал, тогтвортой бодлогоос үүдэлтэй эдийн засгийн хүндрэлүүд үүснэ. Цаашлаад одоогийн хэрэгжиж буй Валютын сангийн хөтөлбөр чангарах, хандивлагч байгууллагуудаас санхүүжилтээ зогсоох хүртэл эрсдэл учирч мэднэ.

Учир нь, валютын сангийн хөтөлбөрийн хамгийн гол зорилго нь тогтвортой байдлыг бий болгох юм. Төсвийн алдагдлыг үе шаттай бууруулж, төрийн оролцоог багасгаж, банк санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд оршиж буй. Харин Засгийн газраа огцруулсан улс төрийн тогтворгүй байдал эдийн засагт шууд нөлөөлөх учраас хөтөлбөр чангарах магадлалтай гэсэн үг. Учир нь, Засгийн газар болон улстөрчид Валютын сангийн шаардсан нөхцөлийг зөрчсөн тохиолдолд дараагийн санхүүжилтийг зогсоох, түдгэлзүүлэх бүрэн эрхтэй билээ. Үүний тод жишээ нь Египет, Украинаас харж болно. Украин анх Стэнд бай хөтөлбөрт хамрагдаж, таван тэрбум ам.долларын зээл авсан ч улс төрийн тогтворгүй байдал гаарч, хөтөлбөрөөр тохирсон үр дүнд хүрээгүй болохоор дараагийн шатны урт хугацаатай, хатуу хөтөлбөрөөр сольсон билээ. Монгол Улс үүнийг давтахгүй гэх баталгаа алга.

Монголд үе үеийн эрх баригчид эдийн засаг биш, улс төрөө ямагт нэгд эрэмбэлж, улс төрийн тогтворгүй байдлыг бий болгож эдийн засгаа унагаадаг нь нь харамсалтай. Зүй нь нэгд, эдийн засаг, хоёрт улс төр эрэмбэлэгдсэн цагт Монголын тогтвортой хөгжиж чадна. Монгол Улс санхүүгийн дампуурлаа зарлах гэж байсны нэг жилийн ой энэ өдрүүдэд болж байна. Ойн баярын бэлэг болгож МАН-ын зарим гишүүд “эргээд жилийн өмнөх рүүгээ очъё, эсвэл Украйн, Египет шиг эдийн засгаа самрах санал” гаргаж байна.

Холбоотой мэдээ

ЮНЕСКО: Танхимын хичээл хориглосноор бага ангийн 100 сая хүүхэд уншиж чадахгүй байна

-Хичээл эхлээд 10 хоноход 43.3 мянган хүүхэд халдварын улмаас цахим сургалтад шилжжээ- Манай улсын

2021-09-28

NEW BOOK | 20 хүүхэдтэй ангиас гарч 200 ажилтантай компани босгосон түүх

Ном гэж сонин эд шүү. Цагаан цаас, хар бэхээр л ертөнцийг багтааж, дурдатгалыг шингээж чаддаг. Стрес

2021-09-13

Иргэн Ж.Энхбат “Баянзам” ТББ-тай “буруу гараар” нийлсэн Л.Халтар сайдыг АТГ-т шалгуулахаар өглөө

Иргэн Ж.Энхбат Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нь өөрийн эрх мэдлийг урвуулан ашиглаж хуулиар ол

2021-09-03

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...