УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан: Ард иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг нэг удаагийн гал унтраах байдлаар шийдэж болохгүй

2020-09-25 Дэд онцлох 0

Нийслэлийн Баянзүрх дүүргээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан тойргийнхоо иргэдийн тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх зорилгоор холбогдох сайд нартай хамтран нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж ажиллалаа.

Өнөөдөр тэрбээр Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатартай хамт Баянзүрх дүүргийн 2, 7, 9 дүгээр хороонд ажиллаж, тус хорооны оршин суугчдын санал бодлыг сонссон юм.

Уулзалтын үеэр иргэд гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулах, үер усны далан бариулах, шороон замуудыг хатуу хучилттай болгох, гэрэлтүүлэг, камержуулалтыг нэмэгдүүлэх, зарим барилгад гадна фасадын дулаалгын ажлуудыг хийлгэх, явган хүний зам тавиулах, хүүхдийн тоглоомын талбайг нэмэгдүүлэх, хогийн төвлөрсөн нэг цэгтэй болох хүсэлтэй байгаагаа илэрхийлж, холбогдох албан тушаалтнуудад албан бичгээ өглөө.

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Баянзүрх дүүргийн гэр хорооллын айл өрхүүдэд тулгамдаж байгаа асуудлыг цогцоор нь шийдвэрлэхийн тулд Шар хад болон Дарь-Эхэд соёл, боловсрол, худалдаа үйлчилгээ, орон сууц, нийгмийн болон инженерийн дэд бүтцийн хангамж бүхий дэд төвүүдийг шинээр байгуулах ажлыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулсан.

Тэрбээр дээрх дэд төвүүдийг байгуулах ажлыг ирэх 4 жилд багтаан үе шаттайгаар хэрэгжүүлж, 2 дугаар хороонд зам, гэрэлтүүлгийн ажил хийлгэх, 7 дугаар хорооны 30, 31, 40, 41 дүгээр байрны гадна фасадыг дулаалах, 9 дүгээр хороонд үерийн далан барих ажлыг үе шаттай шийдвэрлэх хөрөнгийн эх үүсвэрийг ирэх онуудын улс, орон нутгийн төсөвт тусгуулах чиглэлээр Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатартай хамтран ажиллахаар боллоо.

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан “Цаашид ард иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг нэг удаагийн гал унтраах байдлаар шийдэх бус, улс, нийслэл, дүүргийн хөгжлийн бодлого, төлөвлөлттэй уялдуулан цогцоор нь авч үзэж, тооцоо судалгаатай, далайцтай арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байна.” гэж уулзалтынхаа үеэр хэлсэн юм. Мөн нийслэл, дүүргийн хөгжлийг хангах чиглэлээр салбар хариуцсан сайд нар, нийслэл, дүүрэг, хороодын удирдлагуудтай нягт холбоотой ажиллаж, тэдний үйл ажиллагаанд хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд дэмжлэг үзүүлэн ажиллана гэдгээ онцлон мэдэгдлээ.

Тодруулга:

– Холбогдох сайд нартай нь нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж байгаа нь сонгогдсон тойргынхоо иргэдэд тулгамдаж байгаа асуудлыг хурдан шуурхай шийдэх зорилготой байгаа болов уу?

– Сүүлийн үед би өөрийнхөө сонгогдсон 23-р тойрог дээрээ нэлээдгүй ажиллаж байна. Өнөөдрийн хувьд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатартай хамт оршин суугчдынхаа санал бодлыг сонсож, асуудлуудын гаргалгаа шийдлийг ярилцаад явж байна. Үүнээс  7-р хороог онцлон ярьвал тус хорооны барилгууд 1960, 1970 онд баригдсан. Тэр цагаас хойш дээрх барилгуудад эх засвар огт хийгдээгүй учраас орон сууцнууд нь дулаан алдагдал ихтэй байдаг. Үүнээс гадна фасат, дээвэр, орцны тохижилт, хүүхдийн тоглоомын талбай, авто болон явган хүний замын асуудлууд байгаа.

Хотын төвийн хороо гэхэд авто зам нь хүртэл чанарын шаардлага хангахгүй байна. Тиймээс дээр дурдсан асуудлуудыг яаралтай, шат дараатайгаар шийдвэрлэхийн тулд би холбогдох сайд нартай хамтран ажиллаж байгаа юм. Ирэх 7 хоногоос Зам, тээврийн сайд, Эрчим хүчний сайд нартай хамтран ажиллах төлөвлөгөөтэй байна. Ингэснээр асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэх боломж бүрдэх юм.

Миний хувьд би БЗД-т төрж өссөн төдийгүй, сүүлийн 15 жил энэ дүүрэгтээ тууштай ажиллаж байгаа учраас нөхцөл байдлыг маш сайн мэдэж байгаа. Тийм болохоор БЗД-т ямар ямар асуудлууд тулгараад байгааг сайд нарт харуулж, хийж хэрэгжүүлэх ажлуудынхаа хөрөнгө мөнгийг ирэх жилийн улсын төсөвт суулгах бодолтой байна.

Сүүлийн үед нийгэмд хүчирхийллийн хэргүүд ихээр гарч ард иргэдийг нэлээдгүй сандаргаж байна. Судалгаанаас харахад гэмт хэрэг гаралтаараа Сонгино-Хайрхан, Баянзүрх дүүрэг тэргүүлж байна. Та төрийн түшээ хүний хувьд энэ асуудалд ямар арга хэмжээ авч ажиллах вэ?

Санаанд оромгүй хэргүүд гарч байгаад маш их эмзэглэж байгаа. Ер нь хүчирхийлэл гэлтгүй бусад гэмт хэргүүд нийгмийн орчин, хөгжилтэй холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл, ажилгүйдэл, архидалт, хороо дүүргийн тохижилт тааруу, гэрэлтүүлэг хангалтгүй байх гэх мэт олон хүчин зүйлс гэмт хэрэг гаралтад нөлөөлж байна гэсэн үг. Тэгэхээр дан ганц гэмт хэрэг, хүчирхийлэлтэй тэмцэнэ гээд тойрог дотроо л эргэлдээд байж болохгүй. Асуудлыг уг үндсээр нь шийдэх нь чухал. Хамгийн гол нь иргэдийн амьдрах орчин нөхцөл сайжрах хэрэгтэй байна. Энэ чиглэлээрээ ч хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын олон ажлуудыг хийнэ.

Холбоотой мэдээ

11-р сард ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурч, хүйтэрнэ

Цаг уурын байгууллагаас ирэх сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргажээ. Энэ сард Монгол

2020-10-28

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 он дуустал сунгалаа

- Засгийн газрын өнөөдрийн/2020.10.28/ хуралдаанаас гаргасан шийдвэр - Ковид-19 цар тахлаас у

2020-10-28

Нийтийн тээвэрт амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй байхыг үүрэг болголоо

Нийслэлийн Онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын За

2020-10-28

Санал асуулга

Автомашинуудыг ажлын таван өдөр тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахыг та дэмжих үү?

Үр дүн

Loading ... Loading ...