Ш.Ням: Аргентин танго хүндэтгэл, мэдрэмжийн урлаг

2020-10-09 Ярилцлага 0

Энэ удаагийн “Өөр зочин” буландаа Аргентин танго бүжгийг эх орондоо дэлгэрүүлж буй “Танголия” клубын багш Ш.Нямыг урьж ярилцлаа.

-Манай оронд кизомба, салса, бачата гэсэн бүжиг бий. Гэтэл та яагаад аргентин тангог сонгон бүжиглэж сурах болов?

-Анх 2010 онд эх орондоо ирээд бизнес болон нийгмийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Гэхдээ хүн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх нь чухал байдаг. Тиймээс чөлөөт цагаа сонирхолтой өнгөрүүлэх сурч болмоор бүжиг хайж эхэлсэн. Тухайн үед Монголд салса, бачата, кизомба бүжиг газар авч байсан үе. Хосууд нь ойртон наалдаж бүжиглэдэг тэр бүжигнүүд надад таалагдаагүй. Харагдахын хувьд гоё харагддаг ч насны хувьд хурдан хөдлөөд сагсалзаад байх нь хэцүү байсан л даа. Тиймээс би өөр бүжиг хайж эхэлсэн. Харин манай нэг найз гоё бүжиг гэж зөвлөснөөр Youtube дуу хөгжмийн сувгаар аргентин танго бүжиглэж байгаа бичлэгийг үзсэн юм байна. Тэр бичлэгийг үзэхэд гайхалтай санагдсан. Тэгээд сурах хүсэлд автаж Монголд байдаг юм болов уу гэж судалж үзэхэд байх байтугай мэддэг хүнгүй байсан.

-Тэгээд юу болсон юм бэ?

-Монголчууд танго бүжиг гэхээр нөгөө толгойгоо хөдөлгөж бүжиглэдэг яг америк стильтэй стандарт тангоны ойлголттой байдаг. Харин аргентин танго нь эсрэгээрээ. Тэр төрөлтэйгөө адилхан боловч илүү өөр чиглэл жанрыг агуулсан бүжиг байсан. Тэгээд Youtube-ээс бичлэгүүд үзэж сураад зар тавьсан. Хүмүүс ирээд сурч бүжиглэсэн. Тэдэнтэйгээ хамт хөгжүүлж явсаар өдийг хүрлээ.

-Тэгэхээр энэ бүжгийг сурахад хэр хугацаа зарцуулсан бэ?

-Яг өөрөө бичлэгийг нь цахимаар үзээд дагаж хийгээд өөрийн болгож авахад бараг жилийн хугацаа шаардсан байх. Хүнд энэ бүжгийг заах хэмжээнд очтол тодорхой хугацаа шаардагддаг юм билээ. Анх бол аяа тоолж сонсоод баруун, зүүн хөлөө ингэж тавьж байна гэж аяндаа тохируулж алхаагаа тоолж бүжиглэж эхэлсэн дээ. Одоо бол тэмцээн гэхээсээ олон улсын уралдаан тэмцээнд оролцоход бусад бүжигчнээс ялгарах юм байхгүй. Яг үндсэн уламжлалт аргентин тангог сурсан.

-Сурч мэдсэнээ бусадтай хуваалцах, аргентин танго бүжгийг Монголд дэлгэрүүлэхийн тулд зар тавихад хэр их хүн сонирхож ирсэн бэ?

-Хүн их ирсэн. Учир нь аргентин танго харахад уян тансаг, ихэмсэг бүжиг. Өөрөө бүжиглэж сураагүй байхдаа Швейцарь, Аргентин улсын хосуудын бүжиглэж байгаа бичлэгийг тавиад ийм бүжиг зааж байна. Ирээрэй гэдэг байсан. Тухайн үед хүмүүс их дуртай ирж байсан.

-2011, 2012 онд анх хүмүүст зааж эхэлснээс хойш одоог хүртэл таниас өөр бүжиглээд явж байгаа хүн байгаа юу?

-Амьдралын шаардлагаар гэр бүл, үр хүүхэдтэй болоод эсвэл өөр хот, орон руу амьдрахаар явсан хүмүүс бий. Түүнээс хойш одоо тууштай хичээллэж байгаа хүмүүс байгаа. Одоо клубын хэмжээнд өргөжиж зохион байгуулалтад ороод санхүүч, нягтлан, маркетинг, аж ахуй, менежментийн албатай болсон. Мөн клубынхаа хэмжээнд дараа дараагийнхаа багш нарыг бэлдэж 6-7 туслах багштай болчихсон явж байна. Тэр хүмүүс өнөөдөр Аргентин танго бүжгийн хөгжлийг нуруун дээрээ үүрч авч явж байна.

-Танго бүжиг нь монгол хүнд хэр тохирсон бүжиг вэ?

-Танго бүжгийн олон урсгал байдаг. Анх 1880-аад оны үед бий болсон түүхтэй энэ бүжгийн 10, 20 урсгал бий. Түүнээс хойш Латин америкийн орнууд, Америкт, Баруун Европт олон урсгалаар хөгжсөн байдаг. Харин Монголд тангог хөгжүүлээд авч явсанаас хойш монгол хүнд хэр наалдацтай тохирч болох бүжиг вэ гэдэг тал дээр нь би гайхалтай үр дүнг хүлээж байгаа. Тэр нь ямар учиртай вэ гэхээр сая олон урсгалын талаар ярьсан. Финляндад хүртэл өөрийн гэсэн урсгалтай болчихсон. Гэхдээ энэ нь уламжлалт аргентин тангоноос гажаад байгаа гэсэн үг биш. Өөр өөрийн гэсэн онцлогийг агуулж байгаа. Сүүлийн үед хэдэн залуу нева танго гээд хөгжүүлээд явж байна. Альтернатив танго гээд хөгжмийн төрөл бас бий. Би болохоор бүр эсрэгээрээ танго монголиа гэдгийг нэгтгэж танголиа гэдэг урсгалыг бий болгохыг сонирхож, хөгжүүлэхийн тулд их ажиллаж байна.

-Тухайлбал?

-Хөгжмийн зохиолч Б.Шарав гуайн “Сэтгэлийн эгшиг” гэсэн сайхан аялгуу байдаг. Энэ аялгууг танго стильд оруулан хувиргаж хөгжүүлэх.

Өөрөөр хэлбэл, дэлхийн тангоны хөгжилд монгол хөгжим, аялгууг оруулах боломжийг эрэлхийлж хөгжүүлж байгаа юм. Бид олон тангоны хөдөлгөөнийг үелзэл гэж нэрлэсэн. Энэ бүжгийн хөдөлгөөнүүд нь яалт ч үгүй үелзэл юм. Учир нь бид үелзлээс үелзлийн хооронд бүжиглэдэг. Нэршлийг хүртэл монголчлон нутагшуулж, шинэ хөдөлгөөн хүртэл зохиож байна.

Бидний хөгжүүлсэн нимгэн арьсны шүргээ гэх мэт нэлээд хөдөлгөөнийг бий болгосон. Ингэснээр бид өөрсдийн гэсэн урсгалыг бий болгосноор хөгжүүлэлт явагдаж байна. Хэзээ нэгэн цагт дэлхийн тавцанд эсвэл дэлхийд танигдсан монгол урсгал гарч ирнэ гэдэгт би итгэдэг. Өөрөөр хэлбэл, бидэнд сайн суурьшиж байна.

-Аргентин танго нь хүнд яаж эерэгээр нөлөөлөх вэ?

-Над дээр, манай клубт бүжиглэж сурахаар ирсэн хүмүүс “Би огт бүжиглэж чаддаггүй. Надад бүжиглэх эвсэл байхгүй” гэж хэлдэг. Би та алхаж чадна биз гэж асуудаг. Алхана гэдэг чинь бүжиг. Зөвхөн хөгжмөө сонсч сурах хэрэгтэй. Тэр мэдрэмжийг авч чадаж байвал та танго бүжгийг бусдаас дутахгүй бүжиглэж чадна. Би бүсгүйчүүдэд муухай эмэгтэй хүн гэж байдаггүй. Өөрийгөө муухай авч явж байгаа эмэгтэй хүн гэж байдаг гэж хэлдэг. Учир нь нуруугаа бөхийлгөчихсөн, гутранги, өөртөө итгэлгүй болчихсон, гэр бүл, нийгмийн дарамтад орчихсон бүсгүйчүүд байдаг. Тэдэнд бүжиг зааж өгөхөөр өөрийн гэсэн барилтай, хөдөлгөөнтэй, эвсэлтэй болж ирснээр өөртөө итгэлтэй болдог. Өөрөөр хэлбэл, нэг төрлийн бүжгэн эмчилгээ болдог гэсэн үг.

Мөн биеийн зөв хөдөлгөөн, өөртөө итгэх байдал,сүнслэг чанар, бие сэтгэл, хөгжим гурвыг нэг цэгт авчирч байгаа үзэгдэл нь хүнийг дотроос нь эмчилдэг. Иогийн дасгалууд, бясалгал хийхийг бас давхар заадаг. Бүжиглэнэ гэдэг чинь өөрөө нэг төрлийн иог, бясалгал юм. Бүжиглэж сурснаар депресс дарамтнаасаа салдаг.

-Энэ бүжгийг нэг үгээр илэрхийлбэл?

-Эрэгтэй нь удирдаж эмэгтэй нь дагаж явдаг. Тиймээс хосуудын харилцаа, энерцийн зөв хуваарилалт, харилцан хөдөлгөөн, итгэлцэл дээр энэ бүжиг оршдог. Ер нь эмэгтэйгээ уян налархай гоё харагдуулах эрэгтэй хүний үүрэгт бүжиг юм. Бусад оронд энэ бүжгийг хайрын бүжиг гэж нэрлэдэг юм билээ. Аргентин танго бол хүндэтгэл, мэдрэмжийн урлаг. Учир нь бүжиглэх үеэр эрэгтэй нь хүлээцтэй, мэдрэмжтэй хандсанаар эмэгтэйгээ авч явсанаар хүндэтгэлийг нь хүлээдэг. Мөн эмэгтэй нь эрэгтэй хамтрагчийнхаа удирдлага дор нь хөдлөх чиглэлийн дагуу бүжиглэж байгаа нь хүндэтгэл юм. Ийм замаар хүмүүс нэгнийгээ хүндэтгэхээ больсон одоогийн нийгмийн энэ үзэгдлийг бүжгээр засч болно. Хосууд бүжиглэж байгаа үедээ ямар аян дээр ямар мэдрэмжийг хөгжүүлж ямар хөдөлгөөнөөр гаргах вэ гэдэг нь тухайн агшинд шийддэг учраас мэдрэмжийн урлаг гэж хэлнэ. Ер нь танго бүжиггүйгээр би өөрийгөө төсөөлөхгүй гэж боддог.

-Аргентин тангоны уралдааныг эх орондоо зохион байгуулахсан гэж боддог уу?

-Танго бол тэмцээн биш. Манай клубынхан Аргентин тангог хүмүүст сонирхуулж сурталчлахын тулд долоо хоногийн бямба, ням гаригийн аль нэг өдөр “Зайсан хилл”, “Асем Вилла” ресторанд очиж үзүүлбэрүүд хийдэг. Тэнд хүссэн хүмүүс нь очиж үзэх, хамт бүжиглэх боломжтой. Харин ажлын өдрүүдэд орой 18:00-20:00 цаг хүртэл танхимын сургалтаа явуулж хэрхэн бүжиглэх техник, арга зүй хөдөлгөөнийг заадаг. Түүнээс гадна ОХУ, БНХАУ-д болсон олон улсын танго наадамд оролцож уран гоё үзүүлбэрээр шагнал авч байсан. Харин хөл хорио тавигдсаны дараа Аргентин, Бразил, Турк руу явахаар төлөвлөж байна. Ингэснээр бид илүү зүйл сурна гэж бодож байгаа.

Х.Оюунболд

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Холбоотой мэдээ

19 настай төлөөлөгч Г.Гантулга: Хичээлээ цалгардуулалгүй, иргэдийнхээ итгэлийг хөсөрдүүлэлгүй ажиллана

Орон нутгийн 2020 оны ээлжит сонгуулиар Төв аймгийн Баяндэлгэр сумын Иргэдийн нийтийн хурлын төлөөлө

2020-10-21

Б.Марал: Монгол хүний бүтээсэн технологи дэлхийд түүчээлэх цагийг ойртуулмаар байна

Их Британийн шилдэг 10 залуу судлаачийн нэгээр шалгарсан Б.МАРАЛТАЙ ярилцлаа. -Их Британийн ш

2020-10-20

С.Амарсайхан: Нийслэл өөрийгөө санхүүжүүлдэг байх эрхийг олгох хэрэгтэй

УИХ-ын гишүүн С.Амарсайханаас зарим зүйлийг тодрууллаа. -Сангийн сайдын зүгээс хотыг төсвөөс салг

2020-10-20

Санал асуулга

Автомашинуудыг ажлын таван өдөр тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахыг та дэмжих үү?

Үр дүн

Loading ... Loading ...