Оросууд Монголд далан барьж байгааг дахин эсэргүүцэв

2020-10-19 Нийгэм 2

“Хил хязгааргүй гол мөрөн” олон улсын экологийн эвсэл Монголын нутаг дэвсгэр дээр баригдаж буй усны далан ЮНЕСКО -ийн Дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн “Даурын ландшафт”-д аюул заналхийлж байна гэж үзэн ЮНЕСКО-д гомдол гаргасан талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Экологичид Монгол Улс далан барьж байгааг эсэргүүцэн ЮНЕСКО-д ханджээ

Харин энэ удаад “Даурский” улсын байгалийн дархан цаазат газрын удирдлага дээрх асуудлаар ОХУ-ын Байгаль орчны яаманд ханджээ. Яам болон бусад төрийн байгууллагууд руу Өвөр Байгалын хязгаарын захиргаа хандсан гэж “Ритм Евразии” мэдээлсэн байна. Өмнө нь “Хил хязгааргүй гол мөрөн” олон улсын экологийн эвслийнхэн ЮНЕСКО-д хандсан ч одоогоор тодорхой хариулт өгөөгүй байгаа юм.

Хилийн ус гэж тооцогддог Улз гол дээр 700 метр урт, 9-12 метр өндөртэй, ус хадгалах зорилготой далан барих гэж байгаагаа Монгол Оросын талд мэдэгдээгүй гэж “Ритм Евразии” онцолсон байна. Энэ далан баригдвал Оросын талаас “Даурский” дархан цаазат газар, Өвөр Байгалын хязгаар дахь “Зээрийн хөндий” газрын зарим хэсэг, Монголын талаас “Монгол Дагуур” дархан цаазат газар багтдаг, ЮНЕСКО-ийн байгалийн өвд бүртгэгдсэн “Даурын ландшафт” -д ноцтой хохирол үзүүлнэ гэж Оросын экологичид үзэж байгаа аж.

“Улз гол болон Торейскийн нууруудын байгаль орчинд усан байгууламж хэрхэн нөлөөлөх талаарх хоёр талын нөлөөллийн үнэлгээ явуулалгүйгээр хилийн ус болох Улз гол дээр далан барьж эхэлсэн. Түүнчлэн төслийг хэрэгжүүлвэл эдгээр нууруудын ус гантай жилүүдэд 39 хувиас багагүй хэмжээгээр багасна. Торейскийн нуурын хувьд энэ нь туйлын чухал, учир нь эдгээр нуурын ус 30 жилийн мөчлөгтэйгээр дүүрч, татарч байдаг. Эндээс үзэхэд дархан цаазат бүсэд төдийгүй түүний ойр орчмын нутаг дэвсгэр дэх экологийн нөхцөл байдалд аюул дагуулах нь гарцаагүй” хэмээн дархан цаазат газрын захирал Алексей Черепицын мэдэгджээ.

Мөн ийм тоон баримтыг Өвөр Байгалын захиргаа мэдэгдэлдээ онцолсон бөгөөд энэхүү мэдэгдлээ Оросын Байгаль орчны яам төдийгүй Гадаад хэргийн яам руу илгээжээ. Өвөр Байгалын Засгийн газрын хэвлэлийн албаны дарга Ксения Гусенцова мэдэгдэл хийхдээ “Монгол улс Орос-Монголын хэлэлцээр, протоколоор хүрсэн тохиролцоог зөрчин далан барьж байна” хэмээн онцолсон байна.

“Ритм Евразии” сайт нийтлэлдээ экологийн хямралаас гадна угсаатан, нийгэм, улс төрийн хүчин зүйл ч үүсч болзошгүйг анхааруулсан байна. Мөн экологийн маргаантай нөхцөл байдал хоёр орны хоорондын улс төрийн сөргөлдөөн болон хувирч ч мэднэ хэмээжээ.

Оросуудын “дургүйг хүргэсэн” Улз голын далан гэж юу вэ?

Экологичдийн зүгээс маргаан дагуулсан далан “Улз голын урсацыг нэмэгдүүлэх Онон-Улз төсөл” гэсэн нэртэйгээр хэрэгжиж байгаа талаар Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам бидэнд мэдээлсэн юм. БОАЖЯ-ны өгсөн мэдээллээр энэ төсөл нь Улз голын урсацыг нэмэгдүүлэх зорилготой аж.

Улз гол нь Хэнтий болон Дорнод аймгийн хойд талын сумдууд болох Норовлин, Баян-Уул, Баяндун, Дашбалбар, Чулуунхороот нутгийг дамжин манай оронд 495км урсдаг.

Улз голын урсац багассан шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлт болон хур тунадасны хэмжээ багасаж, сав газрын хуурайшил эрс нэмэгдэн, олон жил дараалсан ган гачигийн улмаас Дөрөө нуурын урсац зохицуулах чадавхи буурсан, цутгал жижиг голууд урсацгүй болсонтой холбоотой. Улз гол сүүлийн жилүүдийн ширгэсэн байдал. Үүнд:

2017 оны 10 сар урсаж байгаа хэсэг 432.1 км

2018.07.17 урсаж байгаа хэсэг 447.9 км

2018.10.10 урсаж байгаа хэсэг 465.9 км

2019.08.27 Дөрөө нуураас хойш 10 км орчимд

2019.06.13 урсаж байгаа хэсэг 462.3 км

2019.07.26 Дөрөө нуураас гармагц тус тус ширгэсэн гэж БОАЖЯ мэдээлсэн юм.

Улз гол дээр усан сан барьж урсцыг тохируулга хийх замаар Дашбалбар, Гурванзагал, Чулуун Хороот сумдын нутаг дах малчин айл өрхийн бэлчээрийн усан хангамжийг сайжруулах, экологийн тэнцвэртэй нөхцөлийг хангах, Хөх нуурын усны балансыг тогтвортой байлгах зорилготой аж.

Улз голын урсцыг нэмэгдүүлэх Тээг уулын 9 м-ийн өндөртэй шороон боомт баригдсанаар, 26.8 сая.м3-ийн эзлэхүүнтэй усан сан бий болох юм байна.

Төслийг амжилттай хэрэгжүүлэн, Улз гол байнгын урсацтай болсноор голын экосистемийн тогтвортой байдал хангагдаж, тэнд амьдрах биологийн төрөл зүйл өсч үржих, амьдрах таатай нөхцөл бүрдэнэ гэж үзжээ. Усан сан байгуулснаар орон нутагт гадаргын усны хүрэлцээ нэмэгдэж нуур цөөрөм, булаг шандын ойролцоох малчдын бөөгнөрөл багасч бэлчээрийн талхагдал багасахын дээр нийгэм эдийн засгийн олон эерэг дүн авчирна гэж БОАЖЯ мэдэгдсэн юм.

Харин Оросын экологичид буруутгаж байгаа шиг “хоёр талын үнэлгээгүй ажлыг эхлүүлсэн”, Оросын талд “заавал мэдэгдэх байсан” эсэх асуултын хариулт одоогоор үгүй, түүнчлэн ОХУ-ын Байгаль орчны яам болон Гадаад хэргийн яам, ЮНЕСКО өргөдөл, эсэргүүцэлд ямар хариулт өгөх нь ч одоогоор тодорхойгүй байна.

Г.Бямбасүрэн

Эх сурвалж: shuud.mn

  • Соц үеээс оросууд монголыг өөрийн колони маягаар хардаг Хөгжил хомс хөдөө аж ахуйн туслах аж ахуй хэмээн үздэг бодлого хэрэгжүүлсээр л бн. Гэвч цаг үе өөрчлөгдөөд 30 д жил бож бн. Дэлхийн улс орнуудтай муудалцаад хорио цээрэнд ороод түнш найзгүй болоод оросууд хаана бн? Өдрөөс өдөрт эдийн засаг улс төрийн уналтанд орж монголыг дагуулж уналтанд оруулах санаатай путины бодлогоо хэрэгжүүлсээр л байна. Бид олон улсын дунд нэр хүндтэй 70-80 сая малтай хүнс эд барааны хомсдолгүй чөлөөт улс болсон. Оросууд хорссондоо монголыг боох хар санааг дарахыг манай удирдлага бодох хэрэгтэй.Эрчим хүч нефтийн хувьд хойд хөршөөс хамааралгүй байх нь юуунаас өмнө чухал шүү. 

  • Оросууд дэндүү амиа бодоод байгаа юм бишүү. Тэд монголоос урсаж очсон усаар хүн. Байгалтайгаа сайхан амьдраад, бид хамаг усаа гадагш нь алдчихаад хүнтэй байгалтайгаа хатаж гандах ёстой гэж үү. Энэ эрх мэдэлтэнгүүд гэрээ хэлэлцээр хийхдээ эхнээс ньэх орон ард түмнээ гэсэн сэтгэлтэй, зүрхтэй хандмаар юм. Хүний бичсэн гэрээ нэртэй цаасан дээр нүдээ аньж очоод гарын үсэг зурдагаа больмоор юм. 

Холбоотой мэдээ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хашлага, ногоон байгууламж дайрчээ

Бүх нийтийн бэлэн байдал зарласан энэ цаг үед согтуугаар автомашин жолоодон ногоон байгууламжийн

2020-12-02

“Шүүхийн ерөнхий зөвлөлийн байрыг цагдаагийн хамгаалалтад оруулж, ажилтнуудаас нь шинжилгээ авч байна”

ШЕЗ-ийн байрыг цагдаагийн хамгаалалтад оруулж, ажилтнуудаас нь шинжилгээ авч байна. Эх сурвал

2020-12-02

Сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувиар хөнгөллөө

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар сайжруулсан шахмал түлшний үнийг 2021 оны 4 дүгээр сарын

2020-12-02

Санал асуулга

Арванхоёрдугаар сарын 01-нээс хөл хорио дахин сунгавал та дэмжих үү?

Үр дүн

Loading ... Loading ...