Нэг урвасан хүн хоёр дахиа урвадаг

2017-08-29 Нийгэм 0

-ХЭНТИЙН СОНГУУЛИЙН ДҮН У.ХҮРЭЛСҮХИЙГ ХЭНД АЖИЛЛАСНЫГ НЬ БАТЛАХ ЮМ БИШ ҮҮ-

Шадар сайд У.Хүрэлсүх амьсгаа дээгүүр байна. Түүний багийнхан ч бас адилхан гэнэ. Өчигдөр өглөө өөрийнх нь ярилцлага хэвлэлд гарсан бол өдөрхөн нь Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг Шадар сайдаас чөлөөлөх тухай зөвшилцөх бичгийг нь Ерөнхий сайдад буцаалаа. Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг ишилсэн Ерөнхийлөгчийн хариу бичгийг хүмүүс янз бүрээр л тайлж уншиж байна.

“Таныг сонгуулиар намынхаа эсрэг ажилласан гэсэн яриаг зарим хүн гаргасан. Та намаасаа урвасан юм уу?” гэх сэтгүүлчийн асуултад У.Хүрэлсүх намд өнгөрүүлсэн 32 жилийн эерэг түүхээ зурвас дурдаад “…Ийм хүн намаасаа урвах уу? Үүнийг зарим хүн мэдэх ч үгүй, зарим нэг нь мартсан ч байж магад. Энэ сонгуулийн тухайд гэвэл намайг хаана хаана очиж, яаж ажилласныг манай намын гишүүд, олон түмэн, нэр дэвшигч ч өөрөө сайн мэдэж байгаа. Түүнийг дэмжиж хэлсэн үг, сурталчилж ярьсан яриа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжиж, олон нийтэд хангалттай хүрсэн. Энэ бүхэн баримттай. Харин сонгуулийн үеэр хуруугаа ч хөдөлгөөгүй, хаа явсан нь харагдаагүй зарим нэг хий үзэгдлүүд одоо их хошуу нэмэрлэж байгаа сурагтай” гэж хариулсан байна. Үнэхээр тэгж ажилласан бол МАН-ын мянга мянган жирийн гишүүд талархана. Харин У.Хүрэлсүхийн энэ тайлбар, бодит байдал хоёр тэс зөрж байгаа нь л сонин юм. Ганцхан баримт дурдъя. Тэр нь цахим сүлжээнд бэлэн байгаа Сонгуулийн ерөнхий хорооноос олон нийтэд танилцуулсан 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн.

У.Хүрэлсүх үнэхээр намынхаа төлөө зүтгэж, нэр дэвшигч М.Энхболдынхоо төлөө ажилласан уу. Аймаг, орон нутгаар ганц нэг удаа ёс болгож мэдээж явсан л байх. Тэрийгээ ч хэвлэлд өгсөн ярилцлагадаа тод томруунаар өгүүлсэн байна лээ. Тэгтэл сонгуулийн үр дүн яаж гарлаа. У.Хүрэлсүх “Би сонгуулийн үеэр сөрөг хүчний нэг ч хүнтэй утсаар ярьж, уулзаагүй. Надад тэгэх шаардлага ч байхгүй. Харин энэ ярианы бичлэгийг олон нийтэд ил болгосон нь намайг тагнаж, чагнаж байгаагийн бас нэг нотолгоо болж байна” гэж хэлсэн шигээ тэр сөрөг хүчнийхэнтэй холбоотой байгаагүй гэж үү. Ийм асуулт тавьж байгаа шалтгаан нь У.Хүрэлсүхийн УИХ-д сонгогдож байсан, өөрийнх нь нутаг, нэг ёсондоо “усалсан” тойрогт нь МАН-ын нэр дэвшигч М.Энхболдын авсан саналтай холбоотой. Тэр Хэнтий аймагт яаж ялагдсаныг саная.

Хэнтий аймгийг улс төрийн газрын зураг дээр үндсэндээ улаан өнгөөр тэмдэглэдэг. Тэндээс Д.Арвин, У.Хүрэлсүх, Б.Бат-Эрдэнэ, Н.Ганбямба гээд МАН-ынхан дандаа л багаараа сонгогдож удаатай. Намын нэр дэвшигч нь солигдохоос гишүүнчлэл нь өөрчлөгдөхгүй явсаар 2012 онд ганц л цэнхэртсэн. Гэхдээ энэ өнгө хэрхэн хувирсныг 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүн харуулдаг. Хамгийн сүүлд л гишүүн Б.Бат-Эрдэнэ болон 30 нас дөнгөж гарч яваа Л.Оюун-Эрдэнэ, 30 ч хүрээгүй Д.Гантулга нар Хэнтийгээс торохгүй л сонгогдоод УИХ-д гараад ирсэн. МАН-ын рейтинг ч өндөр байсан аймаг. Гэтэл УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд энэ аймагт хоёр шатны сонгуульд аль алинд нь амжилт үзүүлж чадсангүй. Эхний шатанд МАХН-ын С.Ганбаатар 12162 санал буюу 38.40 хувь, АН-ын Х.Баттулга 11253 санал буюу 35.53 хувийн санал авсан бол М.Энхболд ердөө 7804 санал буюу 24.64 хувь авсан. Хоёрдугаар шатанд МАН-тай нэг угшилтай нам болох МАХН-ын нэр дэвшигч хасагдчихаад байхад л М.Энхболд 21550 санал буюу 43.93, Х.Баттулга 24135 санал буюу 49.20 хувь санал авч ялалт байгуулсан. Хамгийн ноцтой нь МАН-ын нэр дэвшигч М.Энхболд Хэнтий аймгийн 18 сумаас ганцад нь ч бусад нэр дэвшигчээ ялж чадаагүй гэсэн дүн мэдээ бий. Бүр ганц ч суманд ялаагүй шүү!

Эндээс харахад У.Хүрэлсүх МАН-ын нэр дэвшигчийнхээ төлөө ярьсан шигээ зүтгэж ажилласан нь худлаа л болов уу. Аймагтаа ялуулж чаддаггүй юм гэхэд ядаж ганц суманд нэгээр гаргаагүй хүнээс зүтгэл хайж, итгэл өвөртлөх хэрэгтэй ч гэж үү. Иймээс л, энэ мэтчилэн шалтгаанаас улбаалан МАН-ын дотоодод 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлын шалтгааныг намын нэр хүнд, нэр дэвшигч хоёртой бус урвагч нартайгаа холбож ярьж байгаа юм байна. Яагаад гэвэл нэг урвасан хүн хоёр дахиа урвадаг гэдэг шүү дээ.

Холбоотой мэдээ

Гадаадад амьдардаг иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэхээ шийдэхэд хоёр хоногийн хугацаа үлдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал авах өдөр зургаадугаар сарын 9-нд товло

2021-05-07

“2.5 сая тун Pfizer вакцин авах гэрээ хэлцлүүд хийж буйг ГХ-ны сайд мэдэгдсэн. 7, 8 дугаар сард ирвэл хүүхдүүдээ вакцинжуулна”

Улсын хэмжээнд хийгдэж буй дархлаажуулалтын явц болон цаашдын төлөвлөгөөний талаар ХӨСҮТ-ийн ерөнхий

2021-05-07

Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад ваучер олгож, мөнгөжүүлэх ажлыг Даваа гарагаас эхлүүлэхээр болжээ

Монгол Улсын Их Хурлаас 2020 оны нэгдүгээр сард “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрө

2021-05-07

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль