Дотуур байранд үйлчилж буй хөл хорионы дэглэмийг оюутнууд шоронтой зүйрлэв

2020-12-05 Нийгэм 0

Коронавирусийн халдвар дотоодод гарсантай холбоотой бүх нийтийн бэлэн байдалд шилжих шийдвэр гарсны дотор Улаанбаатар хотын хэмжээнд оюутнуудыг дотуур байрнаас огт гаргахгүй байхаар болсон.

Гэвч Засгийн газар, улсын болон нийслэлийн онцгой комиссын шийдвэрт оюутнуудыг дотуур байранд тусгаарлан хатуу хөл хорио тогтоох тухай тусаагүй байна. Харин МУИС-ийн удирдлага тушаал гаргаж, оюутнуудаа дотуур байранд амьдарч буй оюутнуудаа бүрэн тусгаарлажээ.

Ийнхүү “оюутан”-ыг иргэдээс ялган үзэж, ялгамжтай хязгаарлалт тогтоох эрх зүйн үндэслэл байхгүй тул энэ шийдвэр хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл хэмээн Нээлттэй нийгэм форум “КОВИД-19 ба Хүний эрх” судалгаандаа онцолжээ.

Нийслэлийн хэмжээнд хатуу хөл хорионд орсон 11,300 гаруй оюутан байна. Улаанбаатар хотоос орон нутаг руу буцах 86,000 иргэний 30,000 нь оюутан буюу орон нутаг руу буцах иргэдийн 40 хувийг эзэлж байгаа ч орон нутгаас ирсэн иргэдийг бүрэн буцаасны дараа оюутнуудыг буцаахаар Улсын онцгой комисс төлөвлөжээ. Харин орон нутагт гацсан оюутнуудыг тухайн аймгийн онцгой комиссын шийдвэрээр орон нутаг, нийслэл рүү буцаах боломжоор ханган ажиллаж байна.

Ийнхүү дотуур байранд хатуу хөл хорионд орсон оюутнуудын орон гэртээ харих, эрүүл хоол, хүнсээр хангагдах эрх нь зөрчигдөж байгаа бөгөөд судалгааны хүрээнд дотуур байрны одоогийн нөхцөл байдал, хөл хорионы талаар оюутнуудаас бодит байдлыг тодруулж, дараах зөрчлүүдийг жагсаажээ. Үүнд:

-Оюутнуудыг дотуур байрнаас гаргахгүй байх шийдвэрийг байрны зохион байгуулагч эсхүл жижүүр Засгийн газраас хөл хорио тогтоосон өдөр мэдэгджээ. Ингэхдээ амаар мэдэгдсэн бөгөөд МУИС-ийг эс тооцвол ямар нэг албан ёсны шийдвэр танилцуулаагүй байна. Хүний эрхийг хязгаарлах нь тодорхой шалгуурыг хангасан байх ёстой тул энэ нь ноцтой зөрчил юм.

-Хоол хүнс цуглуулах зорилгоор ч гарч болохгүй байгаа тул МУИС нэгдсэн байдлаар оюутнууддаа хоол хүнсийг Имарт сүлжээнээс нийлүүлж байна. Үүнээс илүү нэмэлт хэрэглээний тохиолдолд оюутнууд хамаатан садан, таньдаг хүмүүсээр зөөлгөх эсхүл ойролцоох дэлгүүрээс хүргэлтээр авч байна. Хүргэлтээр авах тохиолдолд борлуулалтын доод хэмжээ заасан байдгаас (судалгаанд хамрагдсан 2 оюутны хэлснээр 50 мянган төгрөг) тэр хэмжээний мөнгө гаргах боломжгүй оюутны хувьд хүнсээ авахад хүндрэл учирч байна. Түүнчлэн, оюутнууд өөрсдөө захиалан авахад барааны сонголт муу, хугацаа нь дууссан бүтээгдэхүүн ирүүлдэг, хүргэлт удаан, хүргэлтийн үнэ нэмэгддэг зэрэг хүндрэл тулгарч байгаагаа өгүүлжээ.

-Ихэнх өрөөнд оюутнууд дөрвүүлээ амьдарч байгаа бөгөөд оюутнуудыг сэлгүүцүүлэхгүй байх зорилгоор зарим оюутны байрны бие даах танхимыг хаасан нь үндсэндээ өрөөндөө сууж хичээл хийхээс өөр аргагүй байдалд оруулжээ. Сургалт цахимаар орж буй энэ үед видео хичээлийн чимээ өрөөний бусад оюутанд саад болох зэрэг хүндрэл үүсэж байна. Дийлэнх оюутны байр насжилт өндөртэй, жижиг өрөөнд олуулаа амьдардаг талаар судалгаанд дурджээ.

-МУИС-ийн I дотуур байрны оюутнуудыг 22:00 цаг гэхэд өрөөний гэрлээ унтрааж, унтсан байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа нь оюутнуудад бие даалтаа хийх, шалгалтдаа бэлтгэх боломж өгөхгүй байгааг онцолжээ. Мөн өглөө сэрээрэй гэж хаалга тогшдог зэрэг нь “шорон” шиг сэтгэгдэл төрүүлж байгаа тухай ч мөн хэлж байна. Энэ нь оюутнуудыг сэтгэл зүйн хүнд нөхцөлд оруулах эрсдэлтэй.

-Дотуур байранд амьдарч байгаа оюутны дийлэнх нь орон нутгийн харьяалалтай тул хөл хорио цуцлагдмагц гэр рүүгээ харихаар төлөвлөжээ. Аймаг бүр нийслэлээс ирэх оюутныг хүлээн авахаар төлөвлөсөн ч албан ёсоор оюутнууддаа мэдэгдсэн зүйлгүй байна.

-Оюутнуудыг орон нутаг руу явуулахын өмнө Ковид-19 цар тахлын шинжилгээ авахаар төлөвлөж байгаа хэдий ч хэзээ, ямар журмаар оюутнуудыг шинжилгээнд хамруулах нь тодорхойгүй хэвээр байна. Мөн гадуур байрлаж буй оюутнууд өөрсдөө очиж шинжилгээ өгсний дараа зорчих боломжтой ч шинжилгээний хариу 48 цагийн хугацаанд хүчинтэй тул зорчих боломжгүй байдалд хүрчээ. Учир нь оюутнуудын нийслэлээс гарах хугацааг бусад иргэдтэй харьцуулахад ялгамжтай тодорхойлсон.

Дээрх нөхцөл байдлыг дүгнэвэл, дотуур байранд үйлчилж буй хөл хорионы дэглэмийг “шорон”-той зүйрлэж буй оюутнуудын сэтгэгдлийг бүрэн үгүйсгэх аргагүй байна. Нөгөөтэйгүүр, Засгийн газар, УОКоос гарсан шийдвэрт оюутнуудыг тусгайлан хатуу хөл хорионд байлгах асуудал тусгагдаагүй байтал юуны учир ийм үр дүнд хүрсэн болохыг тодруулах шаардлагатай хэмээн Нээлттэй нийгэм форум үзсэн байна.

Их, дээд сургуульд сурч байгаа иргэдийг “оюутан” гэх ангилалд оруулснаар ялгавартай хандахад хүргэх ёсгүй. Тиймээс оюутнууд бусад иргэдийн адил тэгш боломжоор хангагдах ёстой. Хэдийгээр эрх нь хязгааргүй боломж биш ч хязгаарлалт нь зөвхөн хуульд заасан үндэслэл, журмаар явагдах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэнд, бусад хүний эрх чөлөөг хамгаалах зэрэг зүй ёсны зорилгод нийцэх, энэ зорилгод хүрэхэд зайлшгүй тохирсон байх, эрүү шүүлтээс ангид байх зэрэг туйлын эрхүүдийг хөндөөгүй байх, хүнийг аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхаагүй, нэр төрийг нь доромжлоогүй байх гэсэн 5 шалгуурт нийцэх учиртай.

Иймд дараах зөвлөмжийг гаргажээ.

Орон нутгийн иргэдийг буцаасны дараа оюутнуудыг буцаах тухай шийдвэрээ цуцалж, бусад иргэдийн адил 2020 оны 12 дугаар сарын 1-10-ны хооронд гэр рүү нь буцаах арга хэмжээ авах;

Оюутны дотуур байранд үлдэх хүсэлт гаргасан оюутнуудыг хатуу хөл хорионы нөхцөлд тусгаарлахгүй байх;

Оюутны дотуур байрны нэг хүнд ногдох агааржуулалтын нөхцөлийг сайжруулах, энэ үндсэн дээр нийтийн танхимыг ашиглах боломж бүрдүүлэх;

Оюутнуудад шаардлагатай хүнсээ цуглуулах, эм, эмнэлгийн тусламж авах нөхцөлийг бүрдүүлэх, гадаа агаарт гарах боломжоор хангах;

Дээрх шалтгаанаар гадуур гарах тохиолдолд технологи ашиглан явсан маршрутыг тогтоох, урьдчилан сэргийлэх боломж бүрдүүлэх;

Хичээл цахимаар орж буй тул сурч боловсрох эрхийг хангах үүднээс интернэт, суурин компьютер ашиглах нөхцөлөөр хангах;

Дотуур байранд амьдарч буй оюутнуудад хэрхэн, яаж шинжилгээнд хамруулах тухай нээлттэй, хүртээмжтэй мэдээлэл хүргэх;

Тусгаарлалын үед хэрэгжүүлж буй арга хэмжээний үргэлжлэх хугацаа болон шаардлагатай бусад мэдээллийг оюутнуудад нээлттэй, шуурхай, хүртээмжтэй өгөх;

Оюутнууд хүний эрхийн зөрчилтэй холбоотой асуудлаар эрх бүхий байгууллагад гомдол гаргах, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх бололцоогоор хангах.

Холбоотой мэдээ

Зочид буудлуудын өрөөнд хүн олноор оруулсан эсэхэд гэнэтийн шалгалт хийжээ

Нийслэлийн Онцгой комиссын нэгдүгээр сарын 25-ны цахим хурлаар Зочид буудлуудын үйл ажиллагааг нээсэ

2021-01-26

Үсчин, гоо сайханчдыг шинжилгээнд хамруулахыг УОК-оос үүрэг болгожээ

Улсын онцгой комиссын “Шуурхай” ажлын хэсгийн хурал өнөөдөр цахимаар хуралджээ. Улсын онцгой

2021-01-26

Т.Ням-Очир: Хоёрдугаар сарын 1-нээс хичээлийн шинэ улирал эхэлж, орон даяар теле хичээл орно

2020-2021 оны хийчээлийн жилийн хоёрдугаар улирал ирэх долоо хоногийн Даваа гараг буюу хоёрдугаар са

2021-01-26

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...