2021 онд СПОРТЫН салбарт өрнөсөн онцлох үйл явдлууд

2021-12-28 Дэд онцлох 1

Мэдээж олимп…

Японы нийслэл Токио хотод долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд зуны олимпын тоглолт зохиогдлоо. 2020 онд болох ёстой Токиогийн олимп ковид-19 цар тахлын улмаас нэг жилээр хойшлогдсон хэдий ч энэ онд амжилттай зохион байгуулагдлаа. Токиогийн олимпоос гадна 2021 онд спортын хөгжөөн дэмжигчдийн хүсэн хүлээсэн хэдэн тэмцээн болсон. Тухайлбал, 2020 онд зохиогдох ёстой байсан хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн цар тахлын улмаас нэг жилээр хойшилж энэ жил зохиогдсон. Монголын тамирчдын амжилт гаргадаг спортын төрлүүд болох чөлөөт бөх, жүдо, бокс, хүндийг өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ч мөн явагдлаа.

Токио 2020 -оос дөрвөн медаль хүртлээ

Монголын тамирчид “Токио-1964” олимпод анх оролцож байсан. Тэгвэл 57 жилийн дараа дахин Япон улсад дахин зохион байгуулсан “Токио-2020” олимпын наадамд спортын 10 төрөлд 43 тамирчин, хурд, хүч, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ. Монгол Улсын шигшээ баг энэ амжилтаараа Токиогийн олимпын наадамд оролцсон 206 орноос медалийн чанараар 71 дүгээр байрт, харин медалийн тоогоороо 47 дугаарт шалгарлаа.

Жүдо бөхийн тамирчид нэг мөнгө, хоёр хүрэл медаль, чөлөөтийнхөн нэг хүрэл медаль хүртэв. Монголын багийн эхний медалийг жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д хүч үзсэн дэлхийн аварга, ДАШТ-ий иж бүрэн медальтай, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Уранцэцэг хүртсэн бол эрэгтэйчүүдийн 73 кг-д зодоглосон Цэнд-Очирын Цогтбаатар Монголын багийн хоёр дахь хүрэл медалийг авчирсан юм.

Монголын багийн гурав дахь медалийг Азийн АШТ-ий нэг мөнгө, хоёр хүрэл медальт Саиед Моллай авчирсан. Тэрбээр Монгол Улсаас иргэншил авч олимпын дэвжээнд зодоглосон анхны тамирчин юм.

Дөрөв дэх медалийг чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд барилдсан ОУХМ Б.Болортуяа авчирсан.

Ингэснээр Монголын баг тамирчид тэртээх 1968 оны Мехикогийн олимпод үзүүлсэн нэг мөнгө, гурван хүрэл медалийнхаа амжилтыг 53 жилийн дараа Токиод дахин баталсан юм.

Зуны олимпод оролцсон бүх үеийн түүхэндээ манай тамирчид “Мехико-1968”, “Москва-1980”, “Бээжин-2008” олимпоос дөрвөн медаль хүртсэн бол “Лондон-2012” олимпоос таван медальтай ирж байсан билээ. Монгол Улс дэлхийн улс орнуудаас хүн амын тоогоор 135 дугаарт жагсдаг 3.4 сая шахам цөөхөн хүн амтай хэдий ч зуны олимпын 14 наадмаас хоёр алт, 11 мөнгө, 17 хүрэл, нийтдээ 30 медаль хүртсэн амжилт үзүүлээд байна.

Э.Содномпилжээ паралимпын аварга боллоо

Токиогийн паралимпын тоглолт наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-ны хооронд болсон. Паралимпын тоглолтод 160 гаруй улсын 4400 орчим тамирчин 22 спортын төрөлд 540 багц медалийн төлөө өрсөлдсөн. Монгол Улсаас зуны паралимпын 16 дахь удаагийн их наадамд пара жүдо, таеквондо, байт харваа, буудлага, хөнгөн атлетик, хүндийн өргөлт гэсэн спортын зургаан төрөлд 11 тамирчин эх орноо төлөөлөн оролцлоо. Монгол Улсын гавьяат тамирчин, Риогийн паралимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Азийн наадмын аварга Э.Содномпилжээ пауэрлифтингийн 107 кг-ын жинд өрсөлдөж аварга болов.

Тэрбээр эхний оролдлогоороо 241 кг-ыг өргөж паралимпын дээд амжилт тогтоосон бол хоёр дахь оролдлогоороо 245 кг-ыг өргөж тогтоосон амжилтаа ахиуллаа. Э.Содномпилжээ ийнүү паралимпын хоёр дахь алтан медалийг эх орондоо авчирлаа. 2008 оны Бээжингийн паралимпэээс Д.Баатаржав байт харвааны төрөлд Монгол Улсын анхны алтан медалийг авч байсан юм.

Манай тамирчид тив, дэлхийн аваргад амжилттай оролцов

2021 онд Монголын баг тамирчид спортын хэд хэдэн төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо. Дөрөвдүгээр сард Польш улсад зохиогдсон боксын залуучуудын ДАШТ-д манай ширэн бээлийтнүүд хоёр хүрэл медаль хүртсэн. Эмэгтэйчүүдийн 51 кг-д өрсөлдсөн А.Хулан, эрэгтэйчүүдийн 52 кг-д хүч үзсэн Э.Сүхбат нар хүрэл медалийн болзол хангасан.

Мөн тавдугаар сарын сүүлээр Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо болсон боксын 2021 оны насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд хүчээ сорьсон Монголын баг тамирчид гурван алт, 5 хүрэл медаль хүртэв. Эрэгтэйчүүдийн 56 кг-д Х.Энх-Амар, 60 кг-д Э.Цэндбаатар, 64 кг-д Б.Чинзориг нар аварга болж, эрэгтэйчүүдийн 49 кг-д О.Өнөболд, 69 кг-д Б.Мишээлт, эмэгтэйчүүдийн 51 кг-д Л.Алтанцэцэг, 54 кг-д Э.Мичидмаа, 75 кг-д М.Мягмаржаргал нар хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлэв. Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2021 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгар улсын нийслэл Будапешт хотноо зохиогдсон аж.

Энэ удаагийн ДАШТ-д Монгол Улсаас 18 жүдоч хүчээ сорин барилдаж, эмэгтэйчүүдийн 48 кг-д Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Ё.Басхүү нар ДАШТ-ий хүрэл медалийн эзэд болов.  Норвегийн Осло хотод болсон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д Монголын баг маш амжилттай оролцсон. Манай 20 бөх Ослогийн дэвжээнд хүч үзсэнээс зургаан хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлэв. Тодруулбал, 65 кг-д Т.Тулга, 125 кг-д М.Лхагвагэрэл, эмэгтэйчүүдийн 50 кг-д Д.Отгонжаргал, 57 кг-д Э.Даваачимэг, 59 кг-д Б.Шоовдор, 62 кг-д Э.Гантуяа нар тус тус хүрэл медаль хүртсэн юм.

Эмэгтэй тамирчид дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаараа багийн дүнгээр гуравдугаар байрт орж, хүрэл цомын эзэд болов. Харин эрэгтэй тамирчид хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр зургадугаарт орсон аж. Чөлөөтийнхөн Азийн аварга шалгаруулах тэмцээнд бас амжилттай оролцлоо. Казахстаны Алматы хотод болсон 2021 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд манай бөхчүүд хоёр алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл, нийт долоон медаль хүртсэн. Ингэснээр манай эмэгтэйчүүд түүхэнд анх удаа тивийн аваргад багаараа тэргүүлсэн юм. Харин эрэгтэй бөхчүүд нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн аж.

Туйванч М.Анхцэцэг дэлхийн аварга боллоо

Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо арванхоёрдугаар сарын 7-17-нд хүндийг өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөв. Энэхүү тэмцээнд Монголын хүндийн өргөлтийн спортын түүхэнд тодоор бичигдэх амжилтыг тамгаллаа. Монгол Улсын гавьяат тамирчин М.Анхцэцэг эмэгтэйчүүдийн 87 кг-ын жинд алтан медаль хүртсэнээр хүндийг өргөлтийн спортын түүхэнд шинэ хуудас нээлээ. Тэрбээр огцомоор 109 кг-ыг өргөж, хоёрдугаар байрт бичигдсэн.

Харин түлхэлттэйгээр 141 кг-ыг амжилттай өргөснөөр нийлбэр дүнгээр өрсөлдөгчөөсөө зургаан кг-аар илүү гарч, алтан медалийн эзэн боллоо. Манай тамирчин нийлбэрээр 250 кг-ыг өргөсөн бол мөнгөн медаль хүртсэн Узбекистаны Т.Жабборова, хүрэл медальт Норвегийн С.Коанда нар ижил 244 кг-ыг өргөсөн байна. Хэдхэн сарын өмнө Токиогийн олимпын шагналт байрт шалгарсан М.Анхцэцэг ийнхүү хүндийг өргөлтийн спортын түүхэнд шинэ хуудас бичиж, дэлхийн аварга боллоо. Тэрбээр өмнө нь 2017 онд насанд хүрэгчдийн ДАШТ-ээс огцом өргөлтөөр хүрэл медаль хүртэж, анхдагч болж байв. Үүний дараа 2019 онд дахин хүрэл медаль хүртэж, медалиа ихэрлүүлж байсан түүхтэй.

Монгол Улс “Токио-2020” олимпоос арвин ургац хураав

Цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон “Токио-2020” зуны олимпийг 2021 оны долоодугаар сард зохион байгуулсан. “Токио-2020” зуны олимпод Монгол Улсаас спортын 10 төрөлд 43 тамирчин өрсөлдөж, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн билээ. Энэхүү амжилтаар Монгол Улс 206 орноос медалийн чанараар 71, медалийн тоогоор 47 дугаар байрт шалгарав. Токиогийн олимпийн мөнгөн медалийг жудо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд барилдсан иран гаралтай Саид Моллай, хүрэл медалийг жудо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдсан М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн 73 кг-д Ц.Цогтбаатар, чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-д Б.Болортуяа нар хүртэж, төрийн далбаагаа Токиогийн тэнгэрт мандуулсан юм.

Геннисийн рекордыг эзэмшигч М.Уранцэцэг

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, жүдо бөхийн дэлхийн шилдэг тамирчин М.Уранцэцэг IJF World Tour тэмцээнүүдэд хамгийн олон медаль хүртсэн амжилтаараа дэлхийн дээд амжилт Гиннесийн рекордыг эзэмшив. Мөн Спортын салбарын шилдгүүдийг шалгаруулдаг “Бөртэ Чоно-2021” наадмын шилдгээр Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг тодорч, шилжин явах цомын эзэн боллоо. Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг Будапешт хотноо зохион байгуулсан ДАШТ-нээс хүрэл медаль, хүртэж сар гаруйхны дараа Токиогийн олимпын наадмаас Монголын багийн эхний медалийг эх орондоо авчирсан бахдам амжилтыг энд дурдахгүй өнгөрч боломгүй. Улмаар нэг жилийн дотор олимп болон дэлхийн дэвжээнээс медаль авсан анхны тамирчин болсон юм. Мөн Тбилиси, Ташкентын Их дуулгад дараалан түрүүлсэн хэмээн Монголын Үндэсний Олимпын хорооноос мэдэгдсэн билээ.

Э.Цэндбаатарыг ард түмэн алдаа, оноотой нь хүлээн авлаа

Монголын боксын холбооны удирдах зөвлөлөөс Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг Боксын шигшээ багаас хассан нь спортын салбарт шуугиан дэгдээсэн үйл явдал болсон юм. Түүнийг сахилга бат, ёс суртахууны алдаа удаа дараа гаргасан хэмээн ийнхүү хассан юм. Түүнийг залуу өсч яваа тамирчны хувьд иргэд өмөөрч, алдаа, оноотой нь хүлээн авч, цаашдынх нь амжилтад урам өгч байлаа. Ийнхүү Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар Дэлхийн аваргад оролцох эргүй болсон ч мэргэжлийн бокст хүчээ сорих сонголтыг сонгосон юм.

Допингтой бөхчүүдийн дуулиан энэ жил ч үргэлжиллээ

Монголын Үндэсний Бөхийн холбооны тэргүүлэгчид ээлжит хуралдаанаараа Монгол Улсын аварга цол хүртээд байсан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хасч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар аварга цолыг хураах шийдвэрийг гаргасан нь спортын салбарт өмнө нь гарч байгаагүй хар бараан үйл явдал болсон юм. Э.Оюунболдын хувьд 2019 оны баяр наадамд допинг хэрэглэсэн нь тогтоогдсон. Тэгвэл энэ жил Хүйн долоон худагт болсон 512 бөхийн барилдаанд зодоглохдоо мөн хэрэглэсэн байдаг.

Тиймээс Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7.3-д заасны дагуу давтан допингийн зөрчил гаргасан гэх үндэслэлээр дээрх шийдвэрийг гаргасан билээ. Мөн энэ жилийн хувьд допингийн зөрчил гаргасан аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын барилдах эрхийг дөрвөн жилээр хаслаа. Сайны хажуугаар саар гэгчээр олон тамирчин тив, дэлхийд улс орныхоо нэрийг цуурайтуулахын зэрэгцээ допингтой нэр холбогдсон бөхчүүдийн дуулиан ард олны сэтгэлийг гонсойлгосон билээ.

Холбоотой мэдээ

Шинээр 3,088 тохиолдол батлагджээ /2022.01.19/

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 3,088 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр ба

2022-01-19

Ч.Болортуяа: Өнөөгийн нөхцөл байдалд хөл хорио тавих шаардлагагүй гэж Засгийн газраас үзсэн

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулан Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халта

2022-01-19

Иргэд Цагаан сарын баярыг гэр гэртээ тэмдэглэж, цахимаар золгохыг Засгийн газраас уриаллаа

Энэ жил сар шинийн баяраар төрийн золголт болохгүй бөгөөд төрийн байгууллагуудыг золголт хийхийг хор

2022-01-19

Санал асуулга

Коронавирусийн Омикрон хувилбарын халдвар орж ирэх эрсдэл өндөр байгаа энэ үед монголчууд Цагаан сарын баяраа тэмдэглэх нь зөв үү? Таны санал...

Үр дүн

Loading ... Loading ...